Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/90

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Ч.Батхишигийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Пүрэвсүрэнгийн Наадамхүү, Боржигон овогт Чулуунбатын Батхишиг нарт холбогдох эрүүгийн 2421000000063 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ахын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын *-р баг “Хошуу” гэх газарт оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор тус сумын *-р баг “Хайлантын ар” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Пүрэвсүрэнгийн Наадамхүү /РД: ЖВ94711110/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын *-р баг “Өвөр Эрээн”-нд оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор тус сумын *-р баг “Хайлантын ар” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Чулуунбаатарын Батхишиг /РД: ЖВ90101851/

Шүүгдэгч Ч.Батхишиг,  П.Наадамхүү нар нь бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Ар хөндлөнгийн ар” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг ургаа нарс модыг тайрч бэлтгэн Портер маркийн 71-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 2285611,4 (хоёр сая хоёр зуун наян таван мянга зургаан зуун арван нэгэн төгрөг дөрвөн мөнгө)-ийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Батхишиг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч П.Наадамхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Бодонгууд овогт Пүрэвсүрэнгийн Наадамхүү, Боржигон овогт Чулуунбаатарын Батхишиг нар нь бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Ар хөндлөнгийн ар” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг ургаа нарс модыг тайрч бэлтгэн Портер маркийн 71-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 2285,611.4 (хоёр сая хоёр зуун наян таван мянга зургаан зуун арван нэгэн төгрөг дөрвөн мөнгө)-ийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.Мишээлийн “Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цагаас шөнийн 02 цаг хүртэлх хугацаанд экологийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Батбаяр, байгаль хамгаалагч Р.Бямбадорж, Ц.Анхбаяр нарын хамт сумын төвөөс хойш 7 км зайтай газарт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 2024 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчимд сумын төвийн баруун хойд талаас сум руу ирж яваа бололтой нэг тээврийн хэрэгслийн гэрэл гарсан. Тэгэхэд нь тухайн тээврийн хэрэгслийг өөдөөс нь амдаж очоод зогсоогоод шалгахад тус сумын иргэн П.Наадамхүү нь цагаан өнгийн Портер маркийн 71-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон түүний хажууд Ч.Батхишиг гэх залуу суучихсан тэвшин дээрээ 2-4 метр орчим урттай 9 ширхэг бөөрөнхий модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэн тээвэрлэн явж байсныг зогсоон хаанаас мод тайрч бэлтгэсэн талаар асууж тодруулахад тус сумын 1 дүгээр баг “Ар хөндлөнгийн ар” гэх нэртэй ой мод бүхий газраас мод тайрч бэлтгэсэн талаараа өөрөө хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч Р.Бямбадоржийн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цагаас 02 цаг хүртэлх хугацаанд экологийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Батбаяр, цагдаа М.Мишээл, Ц.Анхбаяр нарын хамт сумын төвөөс 7 км зайтай газарт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 2024 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчимд сумын төвийн баруун хойд талаас сум руу ирж яваа бололтой нэг тээврийн хэрэгслийн гэрэл гарсан. Тэгэхэд нь тухайн тээврийн хэрэгслийг өөдөөс нь амдаж очоод зогсоогоод шалгахад тус сумын иргэн П.Наадамхүү нь цагаан өнгийн Портер маркийн 71-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон түүний хажууд Ч.Батхишиг гэх залуу суучихсан тэвшин дээрээ 2-4 метр орчим урттай 9 ширхэг бөөрөнхий модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй бэлтгэн тээвэрлэн явж байсныг зогсоон хаанаас мод тайрч бэлтгэсэн талаар асууж тодруулахад тус сумын 1 дүгээр баг “Ар хөндлөнгийн ар” гэх нэртэй ой мод бүхий газраас мод тайрч бэлтгэсэн талаараа өөрөө хэлж байсан ... Баян-Уул сумын 3 дугаар багийн иргэн П.Наадамхүү нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 2285,611.4 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25 тал/

Байгаль экологийн үнэлгээ /хх-ийн 54-56/

DAMNO үнэлгээний ХХК-ний үнэлгээ /хх-ийн 68-73 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нар нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хөндлөнгийн ар” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн хэрэглээний нойтон нарс мод 7 ширхэг буюу 2,5224м3х1,8х460456=2,090,286 төгрөгийн хохирол, түлээний нойтон нарс мод 2 ширхэг буюу 0,303м3х1,4х460456=195,325 төгрөг, нийт 2,090,286+195,325= 2285,611 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болох нь шинжээчийн /хх-ийн 54-56/ дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нар нарын ойн санд учруулсан хохирлыг нийт 6,856,834 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.

 

 Шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн 71-16 УАХ улсын дугаартай 4,488,749 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч П.Наадамхүүгийн эзэмшлийнх болох нь түүний “...Портер маркийн 71-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн авто машин байгаа юм...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээх, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 7 ширхэг нойтон нарс, 2 ширхэг түлээний нойтон нарс нийт 9 ширхэг буюу 2,285,611 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 168,200 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, дээрх эд зүйлсийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 6,856,834 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 9 ширхэг нойтон нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Портер маркийн 71-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг нь Баян-Уул сумын 2 дугаар багийн иргэн Л.Бямбадоржид тус тус хадгалагдаж байгаа болно.

 

Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 Иймд шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нарыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч нарт тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч П.Наадамхүүгийн эзэмшлийн ““Портер” маркийн 71-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 9 ширхэг нойтон нарс мод зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг уяаг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Пүрэвсүрэнгийн Наадамхүү, Боржигон овогт Чулуунбатын Батхишиг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нарт тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нараас ойн санд учруулсан хохиролд 6,856,834 /зургаан сая найман зуун тавин зургаан мянга найман зуун гучин дөрөв/  төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Портер” маркийн 71-16 УАХ улсын дугаартай 4,488,749 үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,285,611 төгрөгийн үнэлгээ бүхий 9 ширхэг нойтон нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 168,200 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээг тус тус авч, ойн экологид учруулсан 6,856,834 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн 7 ширхэг нойтон нарс, түлээний нойтон нарс мод 2 ширхэг нийт 9 ширхэг нарс мод, шүүгдэгч П.Наадамхүүгийн эзэмшлийн “Портер” маркийн 71-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг нь иргэн Л.Бямбадоржийн эзэмшилд хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч П.Наадамхүүгийн эзэмшлийн ““Портер” маркийн 71-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 9 ширхэг нойтон нарс мод зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг уяаг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Наадамхүү, Ч.Батхишиг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Л.БАТЖАРГАЛ