| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0317/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/86 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа
Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн ******* ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг байрны * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* //
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлох 19 дүгээр талбайд байрлах “Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцын гадна хохирогч Д.*******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь 11, 21, 22, 31, 32, 33, 41-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Тухайн үед хэрэлдэх шаардлага байхгүй байсан. Бид нар явах гэхэд Д.******* хоргоогоод явуулахгүй байсан. Д.******* юм бүхнийг мөнгөөр харж болохгүй шүү гэж хэлмээр байна. Би олон жил 10 гаран хүмүүсийг цалинжуулаад амьдарч байна...гэв.
Хохирогч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орой 23 цагийн орчимд Л. зориулалтын бус саванд шатахуун худалдаж авна гэж хэлэхээр нь “онцгой байдлын газраас гал түймэр ихээр гарч байгаа болохоор саванд шатахуун худалдаалахгүй байх талаар мэдэгдсэн” гэж хэлэхэд шатахуун авах гэж байсан саваа машиныхаа хойд тал руу шидээд намайг цохих гээд байсан. Тэр үед Ц.******* автомашинаас шууд бууж ирээд намайг цохиж зодсон... *******чийн хажууд сууж байсан хүн бууж ирээд намайг саванд бензин хийж өгдөггүй яадаг пизда вэ гэж хэлээд үсдэж дараад толгой хэсэг рүү гараараа цохиж байгаад өвдгөөрөө нүүр рүү өвдөглөхөд миний шүд хөдөлсөн. ... миний үүдэн 6 шүд хөдөлсөн байдалтай байна. Толгой өвдөж байна. Өөрөөр миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй байна. Миний биед учруулсан хохирлыг *******чийн хажууд сууж байсан залуу учруулсан. Миний эрүүл мэндэд болон шатахууны зардалд 2,193,914 төгрөгийг, цаашид гэмтсэн шүдэндээ имплант хийлгэх төлбөрт 22,090,000 төгрөгийг нийт 24,283,914 төгрөгийг нэхэмжилжилнэ. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ...” гэв. /хх-ийн 11, 13-14 тал/,
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнийн 23 цагийн орчимд манай шатахуун түгээгүүр дээр үл таних 2 залуу “Ниссан Патрол” маркийн хар өнгийн ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирж шатахуун авахаар зогссон. Тухайн үед манай нөхөр ******* гарч тухайн машинд шатахуун өгөхөөр болсон ба тэр 3 хоорондоо чанга дуугаар ярилцаад байхаар нь би хувцасаа өмсөөд гарсан чинь *******ч залуу нь сүртэй пизда вэ суманд өгч байхад танайх яагаад өгдөггүй юм гэсэн чинь манай нөхөр түүнд хандаж саванд бензин хийж өгч болохгүй гэж хэлсэн чинь тэр *******ч залуутай хамт явж байсан нөгөө залуу нь машинаасаа бууж тойрч ирээд шууд л манай нөхрийг заамдаж нүүр хэсэгт гараараа цохиж зууралдаж авсан. Би буцаж ороод гар утсаа авч гар утсаараа бичлэг хийсэн бөгөөд намайг бичлэг хийж байх явцад манай нөхрийг зуурч авсан залуу нь манай нөхрийн үснээс нь зулгааж байгаад доош нь дараад нүүр хэсэгт өвдөглөж байсан. ... манай нөхөр хамар болон амнаас нь цус гарсан байсан. ... түүний үүдэн шүдний доод талын нэг шүд нь дээшээ ёрдойгоод гараад ирсэн байсан...” гэжээ. /хх-ийн 22-25 тал/
Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* түгээгч залуу хоёр хоорондоо маргалдаж улмаар зууралдсан. ... ******* тэр залуутай зууралдаж дууссаны дараа түгээгч залуугийн хамраас цус гарч байсан...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 486 тоот дүгнэлтэд:
1. Д. биед 11, 21, 22, 31, 32, 33, 41-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. 11, 21, 22, 31, 32, 33, 41-р шүдний сулрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулын дотор салстын язрал, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 40-41 тал/
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 тоот нэмэлт дүгнэлтэд:
1. Д. биед 11, 21, 22, 31, 32, 33, 41-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарал, духанд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх 7 шүдний сулрал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаарай гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /2-р хх-ийн 41-45 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал
- Шийтгэлийн хуудас /2-р хх-ийн 30 тал/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 32-38 тал/
- Ц.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлох 19 дүгээр талбайд байрлах “Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцын гадна хохирогч Д.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь 11, 21, 22, 31, 32, 33, 41-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.*******, гэрч Д., Л. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 486 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 тоот нэмэлт дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс эрүүл мэндэд болон шатахууны зардалд 2,193,914 төгрөгийг, цаашид гэмтсэн шүдэндээ имплант хийлгэх төлбөрт 22,090,000 төгрөгийг нийт 24,283,914 төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн эрүүл мэнд болон шатахууны зардлын 2,193,914 төгрөгийг шинжлэн судалж үзэхэд 6,200 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хасаж, мөн шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээнд төлсөн 500,000 төгрөгийг тус тус хасаж тооцон шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нийт 1,687,714 төгрөгийг гаргуулж, Улаанбаатарт хот Баянзүрх дүүрэг 11-р хороо Дэнж тоотод оршин суух Д.******* /РД: /-д олгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.******* нь цаашид хийгдэх эмчилгээ болон имплантны мэс ажилбараа хийлгэсний дараа 22,090,000 төгрөгийн төлбөрөө шүүгдэгч Ц.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Харин Д. сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосон ба шүүгдэгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлөхөө илэрхийлж байхаас гадна хохирогчийн “хэл яриад өөрчлөлт орсон, гоо сайхан алдагдсан” зэргийг үндэслэн шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******аас сэтгэцэд учирсан хор уршигт 5,500,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц.*******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зууун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******аас эрүүл мэнд учирсан болон бусад зардалд 1,687,714 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 5,500,000 төгрөгийг нийт 7,187,714 төгрөгийг гаргуулж, Улаанбаатарт хот Баянзүрх дүүрэг 11-р хороо Дэнж тоотод оршин суух хохирогч Д.******* /РД: /-д олгосугай.
5. Хохирогч Д.******* нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц.*******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ