Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/89

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Баяндун сумын ** дүгээр баг, “******* *******” гэх *******т оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж,

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар хүчингүй болгож хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэж байсан, ******* овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, “Тариа” гэх газраас 2022 оны 03 дугаар сарын сүүлээс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд иргэн М.******* өмчлөлийн 1 тооны хар халзан зүсмийн бяруу, мөн иргэн Ч. эзэмшлийн хар халзан зүсмийн 1 тооны бяруу нийт 2 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс нь шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулан хулгайлж 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган төгрөг/-ний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг, “Тариа” гэх газраас 2022 оны 03 дугаар сарын сүүлээс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хохирогч М.******* өмчлөлийн 1 тооны хар халзан зүсмийн бяруу, хохирогч Ч. эзэмшлийн хар халзан зүсмийн 1 тооны бяруу нийт 2 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг бэлчээр дээрээс хулгайлж 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган төгрөг/-ний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.*******ын шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М.*******:  “...2022 оны 03 дугаар сарын сүүлээр би үхрээ тоолоход 1 тооны хар халзан зүсмийн, зүүн чих нь урдаасаа хөндлөн, баруун чих нь араасаа ганзага имтэй, охин бяруу байхгүй байсан. ... 2022 оны 07 дугаар сарын эхээр манай гэрээс баруун зүгт 10 км зайд байх Уугий гэх залуу жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна Болорхүү гэдэг байх, уг залуутай уулзаад уг бярууныхаа талаар ярихад нөгөө залуу би олдохгүй байсан нэг бяруугаа олсон, та бяруугаа олсон уу гэж асуухад би олоогүй гэхэд өө тийм үү миний нэг бярууг танай тэнд байдаг гэх хүн Цагаан-Овоо суманд байх гэх айлд зарчихсан байна лээ гэж хэлсэн. Улмаар Цагаан-Овоо суманд байх гэх айлын малчингийнд очоод нөгөө бярууг нь үзэхэд миний хар халзан зүсмийн бяруу мөн байсан. Авчраад өгчихвөл цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 17 тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.ын: “.. ах ******* гэх хүнд дуран зарсан өрөө авах гээд явж байгаад шаварт машинаа суулгачихсан юм байна лээ. Тэр үед ******* тэр халзан бярууг бариад ав гээд нэг халзан бярууг заасан тэгэхээр нь тэр бярууг нь бариад ахын Портер дээр ачаад тэгээд уг газраас бүгд явцгаасан. Анх ах ийм дуран байна зарна гээд зар тавиад өгөөч гэсэн тэгэхлээр нь зар тавьсан чинь Баяндун сумын нэг хүн авъя гээд авсан боловч өртөг тохирохоо болиод буцаагаад аваад явж байтал гэх хүн таараад уг дуранг би авъя гэж хэлсэн ... ав ав гэж хэлээд та өртгийг нь гэдэг хүнд өгнө шүү нэг бяруугаар өгч байгаа гэж хэлэхэд за за гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ж.ын: “...Би ******* ******* гэх хүнийг зүс танина... Манай хүргэн дүү Г. 2022 оны 3, 4 сар хавьцаа миний дуранг зарж өгөх гээд фейсбүүкт зар тавьж байсан. Зарын дагуу П.******* гэх хүн холбогдоод дуранг маань бяруугаар сольж авахаар болсон.  Тэгээд тухайн үедээ *******т дуранг маань аваачиж өгөөд дараа нь бяруугаа авахаар болсон. 2022 оны 6 сарын нь би өөрийн эзэмшлийн ДОУ портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Баяндун суманд байх хөдөө гэрт нь очиход өөрөө сумын төвд байсан. Намайг ирлээ гэхээр сумын төвөөс хөдөө бэлчээр дээрээс нь үхрээ ачихаар болоод ******* 2 км-ын зайнаас үхэр лүүгээ дурандаад “Тэр нэг хар бараан бяруу байна тэрийг бариад ав” гэсэн. Улмаар манай дүү нар тэр бярууг нь очоод ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал хуудас/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ч.: “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны орчимд малаа тоолж үзэхэд хар халзан зүсмийн зүүн чих нь урдаасаа догол, баруун чих нь хойноосоо ухам имтэй эм бяруу 1 ширхэг, нүүр эрээн халтар зүсмийн зүүн чих нь дэвхэр, баруун чих нь бүтэн бяруу 1 ширхэг нийт 2 ширхэг эм бяруу дутсан. ...2022 оны 05 сарын сүүлээр би өөрийн биеэр Цагаан-Овоо сумын төв орж тай уулзаад” танай мал хаагуур байгаа вэ би ирсэн дээрээ бяруу үзэх гэсэн юмаа” гэсэн чинь мал байгаа газраа зааж өгөхөөр нь би явж очоод харсан чинь “миний хар халзан зүсмийн бяруу мөн байна” гэсэн чинь “за за очоод тэй уулзаарай” гэхээр нь би буцаж ирээд 2 хоногийн дараа тэй уулзахад “ах нь архины халуунд андуурсан байна” гэж хэлсэн. ...Би утсаар ярихдаа ямар имтэй, ямар зүсмийн гэх талаар тодорхой хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-147 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6, 141 тал/

“DAMNO” хөрөнгийн үнэлгээний ХХК-ний үнэлгээ /хх-ийн 40-43, 168-171 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч П.*******ыг бусдын олон тооны малыг хулгайлсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч П.******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М. 700,000 төгрөгийн, хохирогч Ч. 700,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй  гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч П.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Иймд шүүгдэгч П.*******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.*******ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч П.*******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.БАТЖАРГАЛ