| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2024/0194/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/221 |
| Огноо | 2024-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/221
2024 03 21 2024/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга О.Будмаа,
Иргэдийн төлөөлөгч П.Б,
Улсын яллагч Б.Баярчимэг,
Хохирогч Н.М /цахимаар/,
Шүүгдэгч И.М, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Мт холбогдох эрүүгийн 2411 00000 0004 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, И.М, 1999 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......” дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Дуут сумын 4 дүгээр баг, Босго гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны, Баруун тасганы ... тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар /.........../,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Мээс мэдүүлсэн: “..Тухайн өдөр би гэртээ байж байхад О надад хандан “Намайг зодоод байна, хүрээд ир” гээд дуудаад байхаар нь очсон чинь М, О нар хоорондоо маргалдаад байж байсан. Дараа нь бид согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад М бид хоёр хоорондоо маргалдсан гэсэн. Би согтууруулах ундааны зүйл уугаад өөрийн гэсэн ухаангүй байсан. Би хутга авахдаа Мг ална гэж бодоогүй. Түүнийг гэмтээе гэсэн бодолтой байсан байх...” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч И.Мээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Ховд аймгийн Дуут суманд төрсөн Дуут суманд манай охин Аялгуу 2-р ангид сурдаг. Улаанбаатарт түр оршин сууж амьдарч байна, одоогийн оршин суух хаяг Чингэлтэй дүүргийн 8 дугаар ...... тоот бөгөөд 2023 оны 11 сарын 05-ны өдрөөс энэ хаягт cap болгон 350,000 төгрөгийн төлбөрийг төлөөд амьдарч байна. Гандангийн ард байрлах “......” хүнсний дэлгүүр 15 хоног ажиллаад 15 хоног амарч байгаа өдрийн 70,000 төгрөгийн цалинтай байна. Манай төрсөн ээж И.Ж Ховд аймагт амьдардаг, төрсөн ах И.М Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Би нөхөр Тоос тусдаа амьдраад 6 сарын хугацаа өнгөрч байна одоогоор манай том охины сургууль амраад ирсэн 3 хүүхдийн хамт амьдарч байна. Том охин сургууль нь цуглахаар буцаад Ховд аймгийн Дуут сум руу сургуульдаа явах болно. Манай том 7 настай М.А, 3 настай Т.А, 1 настай М.А нарын хамт байна.. гэсэн мэдүүлэг /хх-68/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Мгээс мэдүүлсэн: “..Би Улаанбаатар хотод эгчтэйгээ хамт байр хөлсөлж амьдардаг байсан. Тухайн өдөр С /И.М/, У нар манай гэрт ирсэн. С /И.М/-г би дуудаагүй. Харин манай хажуугийн байрны Отай холбогдож ирсэн байсан. Бид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр үед би хамтран амьдардаг нэг залуу, өөр бусад хүмүүс гээд нийт 5 хүнтэй хамт байр түрээслээд амьдардаг байсан. Хамтран амьдардаг байсан залуу миний гар утсыг ломбарданд тавьсан учраас тухайн үед бид хоёр хоорондоо муудалцсан байсан. Тухайн өдөр манай гэрт С /И.М/, У, О, Ма, хамт амьдардаг байсан эгч нар бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглээд хамт байцгааж байсан. Хажуугийн байрны эгч манай гэрийн хаалгыг чанга нүдтэл У, С /И.М/ хоёр гараад тэд маргалдаад байхаар нь би араас нь гараад оруулж ирсэн. С /И.М/ бид хоёр дараа нь үсдэлцээд, зодолдож байхад У ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би гоожуурын хажууд зогсож байхад С /И.М/ миний араар гараад хутга авч байхыг нь харсан. С /И.М/-г барьж байсан хутгаараа намайг гэмтээнэ гэж бодоогүй байсан боловч гэнэт миний доошоо бүлээн зүйл гоожиж эхэлсэн. Дараа нь “Намайг хутгалчихлаа” гэж хэлээд баруун талынхаа хөхийг гараараа дарсан. Үүний дараа С /И.М/ гараад явсан байсан. Хажуугийн байрны эгч гар утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Би шүүгдэгч И.Мээс 400,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ямар нэг баримт байхгүй..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Н.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний бие Ховд аймгийн Жаргалант суманд амьдардаг бөгөөд Улаанбаатар хотод ажил хийхээр ирээд 17 хонож байгаа, одоогоор самшилаар холбогдож цагийн ажил хийж байгаа юм. Одоо Чингэлтэй дүүргийн 8-р хороо, ...........нийтийн байрны ... тоотод найз Дтэй хамт амьдарч байгаа юм. Болсон асуудлын талаар гэвэл өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус нийтийн байрны ... тоотод түрээсэлж амьдардаг манай найз О /85532801/, Д, Ма бид дөрөв 11 цагийн үед манай гэрт 1 том пиво хувааж уугаад байж байтал манай нийтийн байранд өмнө нь амьдарч байсан манай нутгийн охин болох танил /М гэдэг нэртэй/ С, У 2 Отай холбогдож байгаад манайд 13 цагийн орчимд ирсэн тэгээд тэр хэд дахин 75 литрийн хараа архи, пиво аваад уусан. Би тэр үед хамт архи уугаагүй орон дээр унтчихсан юм. Тэгээд 16-17 цагийн орчимд сэрээд тэр хэдийн ууж байсан пивоноос нь нэг аягыг уусан тэгэхэд тэр хэд ер нь нэлээн согтчихсон байсан. Тэгээд ... тоотын эгч орж ирээд чимээ шуугианаа болиорой гэхэд С тэр эгчтэй хэрэлдээд энэ байрныхыг самарна гээд араас нь Утай хамт гарсан тэгээд С тэр эгчийн гэр рүү ороод тэр эгчтэй хэрэлдээд тэр эгчийг үсдээд байсан тэгэхээр нь би гараад Сг салгаад У 2-г гэр рүү оруулсан. Тэгсэн чинь тэр эгчийг өмгөөлж хамгааллаа гээд над руу хэрүүл хийгээд намайг ирээд шууд үсдсэн тэгэхээр нь би зөрүүлээд үсдсэн тэгээд бид 2 нэлээн үсдэлцэж зууралдаж байгаад салсан. Тэгээд би угаалтуурын хажууд эргэж хараад үсээ боож байсан чинь хөргөгчний дээд талд байсан хутгыг С авч байхаар нь чи хутгаар яах гэж байгаа юм гэхэд би чамайг дүрнэ, ална гээд нурууныхаа ард барьчихсан байсан. Тэгээд намайг эргээд хартал нүд ирмэхийн зуур л баруун хөхний дээд талд хүрэх шиг болсон. Би хутга орсныг ч мэдээгүй байхад хутгаар дүрсэн байсан. Хутгалсан газраас цус гарсан тэгээд хамт байсан Д, Ма 2 Сг орон дээр дараад хутгыг нь булааж авсан. Тэгээд би 17 номерын өрөөний хүний утсаар цагдаад дуудлага өгчхөөд ороход С гараад явчихсан байсан. Хамт ирсэн У нь араас нь гараад явсан. Хаашаа явсаныг нь мэдээгүй..” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч Л.Магаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Ховд аймагт амьдардаг бөгөөд хотод ажил хийхээр 6 сард ирсэн. Энд эгч Бгийнд амьдарч байгаа юм. 2 хоногийн найз Оын гэр болох Чингэлтэй дүүрийн 8-р хороо, ...........нийтийн байрны ... тоотод ирсэн юм. Болсон асуудлын талаар гэвэл өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр О, М, Ма бид хэд ... тоотод Мгийнд пиво ууж байхад С, У 2 Отай холбогдож байгаад ирсэн. Тэгээд бид хэд Оын утсыг дэлгүүрт тавиад архи авч уусан. Тэр үед М архи уугаагүй унтаад өгсөн. 15 цагийн үед Д гэрт ирсэн бөгөөд У гэх залуу бас ирсэн тэгээд бид хэд архиа ууж байхад М сэрээд пивоноос нэг аягыг уусан тэгээд миний ойлгосноор М.У Стой хардаад тэр 2 хоорондоо муудалцаад үсдэлцсэн С Мг алнаа гээд байсан. Тэгээд байж байсан чинь М намайг С хутгалчихлаа гэсэн. Би тэр үед Сг хутга авахыг нь Мг хутгалхыг нь хараагүй тэр 2 ямартай ч гэр дотор муудалцаад байсан тэгсэн чинь С гартаа хутгатай М рүү дахиад дайрах гээд байхаар нь Д, У бид 3 салгаж хутгыг гарнаас нь салгаж авсан. Тэгээд Мгийн баруун мөөмний дээд талд хутгалсан байсан. Тэр үед У, О, Ма нар байхгүй бид 4 байсан. Тэгээд байж байтал С, У 2 явчихсан байсан хаашаа явсныг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-16/,
Гэрч Л.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Ховд аймгийн Жаргалант суманд амьдардаг бөгөөд хотод ажил хийхээр ирээд сар гаран болж байна. Одоогоор ажилгүй Чингэлтэй дүүргийн 8-р хороо, ...........нийтийн байрны ... тоотод найз Мгийн хамт түрээсэлж амьдарч байгаа бид 2 нэг нутгийн хүмүүс. Болсон асуудлын талаар гэвэл өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн орчимд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчихөөд гэрт очиход нийтийн байрны ... тоотод байдаг О, Ма, өмнө нь энэ байранд байхдаа танилцсан С, У нар манай гэрт Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Харин надтай хамт байдаг М орон дээр унтаж байсан тэгээд би тэр хэдтэй хамт уусан. М сүүлд босож ирээд пивоноос дахиж уусан тэгээд бид хэдтэй хамт бас Мгийн найз залуу нь гэх У гэх залуу байсан. Тэгээд С Мд найз залуу чинь намайг дагаж явна гээд байна шдээ гээд ёжлоод өдөөд байсан. Тэгээд М тэр хоёр хоорондоо маргалдаад үсдэлцээд байсан. Би нойл орчхоод ирэхэд С манай гэрт байсан хөргөгчин дээр байсан хар бариултай хутгыг барьчихсан У нь орон дээр дарчихсан байсан тэгээд найз нь эгчээ хутгыг нь аваарай гэхээр нь Ма бид 2 гарнаас нь салгаж авсан. Тэгэхэд намайг орж ирэхээс өмнө Мтэй маргалдаад Мг хутгаараа дүрсэн байсан тухайн үедээ М юм хэлээгүй, дараа нь намайг хутгалчихлаа гээд баруун мөөмнийх нь дээр хэсэгт хутгалж цус гарсан байсан. Тэгээд байж байтал С, У нар явчихсан байсан хаашаа явсныг нь мэдээгүй..” гэсэн мэдүүлэг /хх-18/,
Гэрч Ү.Уаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Мтэй найзын холбоотой болоод 3-н жил болж байна. М бид хоёр хамт байр түрээсэлж амьдарч эхлээд 3 cap болж байна. М бид хоёр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд амьдарч байгаад 7 хоногийн өмнө Баруун тасганы ... тоотод хашаа байшин түрээслэн амьдарч байгаа юм. 2023 оны 11 сарын 25-ны өдрийн өглөө О гэх найз М бид хоёрыг хуучин амьдарч байсан нийтийн байранд хүрээд ирээч гээд дуудаад байсан. М бид хоёрыг нийтийн байранд очиход М, Ма, Ма, Д, О гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй надаас бусад нь бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн. Би бол хоол хийж өгөөд хамт байж байсан. Үдээс хойш оройхон болж байтал Мийн хажууд сууж байсан П гэх залуу би чамд сайн гэж хэлэхэд нь М юу яриад байгаа юм бэ би нөхөр хүүхэдтэй гэж ярьж байсан. П дахиад пиво авахаар гарсан М, М хоёр юм яриад сууж байгаад гэнэт М, Мийг үсдээд дараад авсан тэгэхээр нь би очоод салгасан. Тэгсэн М, М нар нэгнийгээ ална гээд хоорондоо хэрэлдээд байсан нэг харсан чинь М хутга барьсан Мгийн цээж хэсэгт хатгаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан. Тухайн үед хутга арай дүрээгүй байх гэж бодоод Мг очоод харахад бага зэрэг хутгаар дүрсэн зүсэгдсэн харагдаж байсан. Би цус гарсан хэсэгт Мгийн цамцыг нь доошлуулаад алчуураар дарах гэсэн цус гараагүй байсан. Би цусыг нь арчиж өгөх гэсэн үгүй гээд цамцнаасаа татаад байсан..” гэсэн мэдүүлэг /хх-25/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 сарын 30-ны өдөр 14866 дугаартай дүгнэлтэд: “..Н.Мгийн биед цээжний баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй..” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-35-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 сарын 05-ны өдөр 5896 дугаартай дүгнэлт, /хх-30-32/, Шүүгдэгч И.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-54/, шүүгдэгч И.Мийн 3 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-44-46/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.М нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 21 цаг 10 минутын үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, дунд тасганы 6 дугаар гудамжны ... тоотод байх нийтийн байрны ... тоотод хохирогч Н.Мтэй маргалдаж, түүний цээжний баруун талд нь хутгалж “цээжний баруун талд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгч И.Мийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн үйлдэл, гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч И.М нь хохирогч Н.Мг алах сэдэл, санаа зорилготой байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй гэж үзлээ. Хохирогч Н.М, шүүгдэгч И.М нар өмнө нь ямар нэгэн өс хонзон, өр авлагын харилцаа байхгүй, таньдаг найз нөхдийн холбоотой хүмүүс байсан бөгөөд тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо маргалдан нэг нэгнийхээ үснээс зуурч үсдэлцээд салсан, хэсэг хугацааны дараа шүүгдэгч И.М хөргөгч дээрээс хутга авч хохирогчийн цээжин тус газарт хутгалсан байна. Хутгалагдсан шарх нь 1.5 см урттай, цээжний хөндийрүү нэвтээгүй өнгөц шарх байжээ.
Дээр дурдсан хохирогч, шүүгдэгч нарын хоорондын маргаан юунаас болж эхэлсэн, яг юун талаар маргалдсан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт авандсан нотлох баримтуудаас үзэхэд тодорхойгүй байна. Тухайлбал хохирогч Н.Мгээс “И.М нь тухайн нийтийн байрны ... тоот өрөөний эмэгтэйтэй “..чимээ шуугиан гаргалаа, болиорой..” гэж хэлснээс шалтгаалан түүнтэй үсдэлцэж, түүнийг нь болиулсан хохирогч Н.Мтэй тэр хүнийг өмөөрлөө гэх шалтгаанаар хоорондоо маргалдан үсдэлцэж улмаар хөргөгчин дээр байсан хутгыг авч “..чамайг дүрнэ, ална..” гэж хэлэн гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн бол, гэрч Л.Магаас “..Тэгээд бид хэд архиа ууж байхад М сэрээд пивоноос нэг аягыг уусан тэгээд миний ойлгосноор М Уийг Стой хардаад тэр 2 хоорондоо муудалцаад үсдэлцсэн С Мг алнаа гээд байсан..”, гэрч Л.Даас “..М сүүлд босож ирээд пивоноос дахиж уусан тэгээд бид хэдтэй хамт бас Мгийн найз залуу У гэх залуу байсан. С Мд найз залуу чинь намайг дагаж явна гээд байна шдээ гээд ёжлоод өдөөд байсан. Тэгээд М тэр хоёр хоорондоо маргалдаад үсдэлцээд байсан..” гэж тус тус мэдүүлсэн байна. Харин шүүгдэгч М нь хохирогчийг хутгалах үед согтсоны улмаас болж өнгөрсөн үйл явдлыг эргэж санахгүй байгаа талаараа мэдүүлжээ. Эдгээр мэдүүлгүүдээс үзэхэд ... тоотын хөрш эмэгтэйтэй маргалдсанаас эсхүл хохирогчийн найз залуу У гэгчтэй шүүгдэгчийг хардсанаас болж шүүгдэгч, хохирогч нарын хоорондын хэрүүл маргаан үүссэн мэт. Үүнийг мөрдөгч бүрэн шалгаж тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч нарыг дахин асууж болсон үйл явдлыг сэргээн тогтоогоогүй, маргалдсан гэх хажуу айлын эмэгтэй, найз залуу У гэгчийг гэрчээр асуугаагүй байна.
Мөн түүнчлэн шүүх хуралдаанд цахимаар оролцсон хохирогч Н.Мгээс мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс шүүгдэгч нь хохирогчийг алах санаа зорилготой хутгалсан гэж мэдүүлээгүй, болсон үйл явдлыг бүрэн санахгүй байгаа, өмнө ямар нэг өс хонзон, өглөг, авлага байхгүй хоорондоо муудалцах ямар нэг шалтгаангүй байсан, тухайн өдөр архи, пиво ууж согтуурсанаас дээрх үйлдэл хийгдсэн талаар мэдүүлсэн. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч И.М, хохирогч Н.М нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үнэлэж дүгнэхэд шүүгдэгч И.М нь хүнийг алах санаа сэдэлтэй байсан гэх хөтөлбөргүй тогтоосон баримт байхгүй гэж үзсэн болно. Энэ тохиолдолд болж өнгөрсөн үйл ялдлаас үүссэн үр дагавраар Эрүүгийн хуулийг хэрэглэн зүйлчлэх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр П.Б оролцож шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндээрээ хохирсон, цаашлаад амь насанд хүрэх боломжтой байсан тул гэм буруутай гэж үзэж байна” гэсэн байна. Иргэдийн төлөөлөгч П.Б нь “буруутай” гэсэн дүгнэлт гаргасан боловч хүнийг алахыг завдах гэмт хэрэг, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт буруутай эсэхийг ялгаж салгаагүй байна. Энэ нь эрх зүйн мэдлэгээс хамааралтай бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтыг үндэслэж хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иймд шүүгдэгч И.Мийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө 21 цаг 10 минутын үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 6 дугаар гудамжны ... тоотод байх нийтийн байрны ... тоотод хохирогч Н.Мтэй маргалдаж, цээжний баруун талд хутгалж “цээжний баруун талд шарх” гэмтэл учруулсан үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, шүүгдэгч И.Мт прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алахыг завдах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бага насны 3 хүүхэдтэй нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, холбогдсон хэргийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогч Н.М нь гомдол саналгүй гэсэн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.Мт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогч Н.М нь шүүх хуралдаанд биечлэн оролцож шүүгдэгч И.Мээс 400.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ямар нэг баримтгүй гэсэн тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч И.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч И.Мээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч И.М нь хохирогч Н.Мгийн энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 48.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан баримтаа шүүхийн шатанд ирүүлсэн тул шүүгдэгч И.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хар өнгийн хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч И.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч И.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч И.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч И.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шүүгдэгч И.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч И.Мээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН
ШҮҮГЧ П.АРИУНБОЛД