Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 110/ШШ2022/0026

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: “К” ХХК, захирал Х.М

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Х,

              Хариуцагч: Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо,

              Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ж

              Гуравдагч этгээд: “В.К” ХХК,

              Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Көкенайн Нурболат нарын хоорондох тендерийн  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагч Тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Нт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

             1. Нэхэмжлэгч “К” ХХК-аас тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан “БШУЯ/202212016 дугаартай тендерт “К” ХХК-ийг шаардлага хангаагүй гэж үнэлсэн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох (1), “В.К” ХХК-ийн тендерийг шалгаруулсан тухай аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаар шийдвэрийг хүчингүй болгох (2), “В.К” ХХК-ийн захиалагч аймгийн Засаг даргатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгох” (3), “К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж өгөхийг Үнэлгээний хороонд даалгах (4)” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

2. Захиалагч болон гуравдагч этгээд нь “Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/ БШУЯ/202212016 дугаартай ажлын гэрээнд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Манай компани анх 1996 онд барилга угсралтын чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 27 жил үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд юм. Бид хамгийн сүүлд 2020 онд Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум, Цагааннуур тосгоны 240 суудлын хүчин чадалтай сургууль, спорт заалны барилгыг барьж дуусган ашиглалтад оруулж ажилласан бөгөөд өөр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Сургуулийн барилга 320 суудал /Баян- Өлгий, Цэнгэл сум/ барилгын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212016 дугаар тендерийн урилгыг 2022 оны 02 сарын 01-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn  сайтад байршуулсан байсан.

Манай компани тус тендерт оролцохоор болж тендерийн баримт бичиг, ТЭЗҮ бүрдүүлэн өгсөн. Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагаас өмнө хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад нээсэн. Уг багцад манай компани болон “В.К” ХХК “ гэсэн 2 аж ахуйн нэгж оролцсон.

3.2.  Гэвч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2022 оны 03 сарын 18-ний өдөр 1- 01/340 дугаар албан бичгээр тус байгууллагын БШУЯ/202212016 дугаар бүхий Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/-ын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт танай ирүүлсэн материал нь “Тендер шалгаруулалтын зааварчилгаа”-ны 17.6.2-д заасан ерөнхий инженер нь тухайн компанийн үндсэн ажилтан байх, мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх” гэсэн шаардлагад нийцээгүй тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг хангаагүй гэж үзэж үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн танай тендер нь шалгараагүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн татгалзсан хариу ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

3.3. Бид БШУЯ/202212016 дугаар бүхий тендерийн ТШЗ 17.6.2 шаардсан инженерүүдийг компанийн захирлын 2022.03.01-ний өдрийн А/03 тоот тушаалаар томилон хүргүүлсэн. Ерөнхий инженер Х. овогтой С нь иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, тус компанид 10-аас дээш ажилласан, мэргэшсэн төсөвчний зэрэгтэй. Сабидолда Ержан нь иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, барилгын салбарт 10-аас дээш жил ажилласан мэргэшсэн инженер /Хөдөлмөрийн тухай хуулийн 41, 42, 43, 47, 48, 49, 50, 56, 57 дугаар зүйлүүдийг удирдлага болгон байгуулсан хөдөлмөрийн гэрээг тендерийн бичиг баримтаар хүргүүлсэн/.  Цэвээний        Баттөмөр нь Барилгын сантехникч инженер мэргэжилтэй барилгын салбарт 27 жил ажилласан зөвлөх инженер зэрэгтэй /Хөдөлмөрийн тухай хуулийн 41, 42, 43, 47, 48, 49, 50, 56, 57 дугаар зүйлүүдийг удирдлага болгон байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь тендерийн бичиг баримтаар хүргүүлсэн/.

3.4.  Бид ТШЗ 17.6.2-т заасан шаардлагыг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд бүрэн хангасан болно. Учир нь, Барилга хот байгуулалтын сайдын “Дүрэм шинэчлэн батлах тухай” 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн 217 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын хоёрт зааснаар барилгын байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд тавигдах суурь нөхцөл, шаардлагыг манай компани бүрэн ханган тендерт оролцсон. Тухайлбал: БА-3.1-т “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэл”-ийн ажилд сайдын баталсан /2018.12.31 №217/ дүрмээр байвал зохих инженер техникийн ажилтан Барилгын инженер-2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан-1, Барилгын инженерийн аль нэг нь барилга байгууламжийн угсралтын мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагыг манай компани бүрэн хангасан. Тусгай зөвшөөрөл: БУ42-1962/17 2017 оны 11-р сарын 29-ний өдрөөс 5 жилийн хугацаанд хүчинтэй/.

3.5.  Барилга хот байгуулалтын сайдын 2018.12.31 №217 тушаалаар батлагдсан дүрэм, 2017 оны 11-р сарын 29-ний өдрөөс 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн эрхийг зөрчин ерөнхий инженер нь шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1.1-т заасан  тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварын шаардлагыг тогтоохдоо захиргааны хэм хэмжээний актыг дараах байдлаар зөрчсөн болно.

            3.6. Үүнд, Монгол улсын үндсэн хууль, Захиргааны хууль болон бусад хуульд нийцсэн байх. Тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх. Шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх гэсэн Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг зөрчсөн болно. Мөн төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар эрх олгоогүй байхад хэм хэмжээний актыг гаргаж тогтоон мөрдүүлэх, давхардуулан журамлах, хуулиас давсан зохицуулалт тусгах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхгүй байх мөн хүчин төгөлдөр бус шийдвэрийг мөрдүүлснээс үүдэн гарах сөрөг үр дагавар, хохирлыг хариуцах ёстой.

            3.7. Тендерийн үнэлгээний хороо нь /Барилга хот байгуулалтын сайдын 2018.12.31 №217 тоот тушаал, "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1 дүгээр хавсралтаар заасан захиргааны актыг зөрчсөн/. Манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан шаардлагад нийцсэн тендер хүргүүлсэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэсэн заалтыг бүрэн хангасан болно.

      3.8.  Захиалагчийн зүгээс Тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварын шаардлагыг тогтоохдоо ажил гүйцэтгэх инженер, техникийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг харгалзаж үзээгүй, үнэлгээг мушгин гуйвуулж буруу тогтоосон тендерийн бичиг баримтад мэдээлсэн чадварын шаардлагад  нийцсэн инженерүүдийн чадварт буруу үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

      3.9. Ийнхүү БШУЯ2022/12016 Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт холбогдох хууль, дүрэм, журмын шаардлагыг хангасан манай компанийн хууль ёсны эрхийг зөрчсөн  байх тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 тоот албан бичгийг хүчингүй болгосноор тендерт оролцогчийн хувьд  гэрээ байгуулах эрхээ хэрэгжүүлэх болон бусад хууль зүйн үр дагавруудыг хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэж эрх сэргэх юм.

4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

4.1.  Сангийн сайдын 145 дугаар тушаалаар баталсан тендерийн өгөгдлийн хүснэгтийг хэн ч өөрчлөх эрх байхгүй. Тендерийн бичиг баримтыг энэ хүснэгтийн дагуу бэлдэнэ. Гэтэл “шаардана”, “шаардахгүй” гэсэн тэмдэглэгээ тавихгүйгээр мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.2-д “Дор дурдсан ажилтнууд дараах шаардлагыг хангасан байна. Ерөнхий инженер нь 10-аас дээш барилгын инженер, иргэний ба үйлдвэрийн барилгын” гэж бичсэн. Тиймээс бид нар зөвхөн хүснэгтийг баримтална. Мөр нэмэхгүй, мөр хасахгүй гэсэн Сангийн сайдын журам байна. Уг журмыг захиалагч болон тендерт оролцогчид бүгд мөрдөх ёстой. Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж болно гэдэгт Барилга хот байгуулалтын сайдын 217 дугаар тушаалаар барилгын аль нэг инженер мэргэшсэн зэрэгтэй байх гэдгийг үндэслэн Сабидолдагийн Ержантай Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гэрээ байгуулсан. Захиалагч зөвхөн тухайн төсөл арга хэмжээнд дурдсан учраас мэргэшсэн инженер С.Е, мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин Х.С, зөвлөх инженер Ц.Б нар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж энэ заалтыг хангаж байна. Тендерийн бичиг баримтад бүгд нотлох баримтаар байна. Манай ерөнхий инженер мэргэшсэн зэрэгтэй байсан. Мэргэшсэн төсөвчин гэдэг маань барилгын бүх төрлийн үйл ажиллагаа буюу төсөв, график зохион байгуулах, барилгын үйл ажиллагааг удирдан хяналт тавих хүн учраас бүх ажлын төрлөөр мэргэшсэн зэрэгтэй хүн. Үүнийг тендерийг үнэлэхдээ харгалзан үзээгүй. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16-д заасны дагуу магадлах үүргээ хангалтгүй биелүүлсэн. Миний бие Монгол Улсын гавьяат барилгачин цолтой, иргэний ба үйлдвэрийн барилгын чиглэлээр 36 жил ажилласан миний чадварыг үнэлээгүй.

4.2.  Хоёрдугаарт, “В.К” ХХК-ийг шалгаруулсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага” гэж заасныг манай компани хангасан. Тендерийг үнэлэх дэс дараалал нь хамгийн бага үнийн саналаас эхэлж эрэмбэлэгдэх ёстой байхад захиалагч манай тендерийг нээнгүүт ерөнхий инженер нь мэргэшсэн зэрэггүй юм байна гэж манай тендерийг үнэлгээнд оруулахгүйгээр татгалзсан нь буруу гэж үзэж байна. Хоёр компанийг зэрэгцүүлэн өрсөлдөөнийг хангах тендерийг үнэлгээ хангалтгүй хийгдсэн. Хамгийн бага үнийн саналтай байх хуулийн шаардлагыг хангаагүй компанийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.3. Гуравдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн 16.1.1, 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4-д зааснаар шаардлага хангасан манай компанитай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулах эрх олгохыг Баян-Өлгий аймгийн БШУЯ/202212016 дугаартай тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.4. Дөрөвдүгээрт, тендерийн маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад тендерт шалгарсан гэх “В.К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Хавтаст хэрэгт шаардлагатай бүх нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил эхлээгүй. Манай ерөнхий инженер мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдсан байсан. Захиалагчаас  тавьсан шаардлагыг манай инженер бүрэн хангасан. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.3.2-д тендерт оролцогчдыг төөрөгдүүлэх хэд хэдэн зүйлийн заалтыг оруулсан. Дор дурдсан ажилтнууд дараах шаардлагыг хангана гэж хүснэгтээр өгсөн мөртлөө зааварчилгааны урьд талд янз бүрийн нэмэлт бичилт оруулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

            5. Хариуцагч Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаас шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:  

     5.1. Аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/52 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь тус тендерийг 2022 оны 02 дугаар сарын сарын 01-ны өдөр зарлаж 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээхэд “В.К” ХХК, “К” ХХК-ууд тендерийн материал илгээсэн. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж “К” ХХК-аад хэд хэдэн зөрчилтэй шаардлага хангахгүй байсан тул тус компанийн тендерээс татгалзах шийдвэр гаргасан.

      5.2 Үүнд, Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.1 дэх заалтад Барилга хот байгуулалтын яамны барилга барих болон зураг төсөв боловсруулах ЗТ-3.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-6.3, ЗТ-6.4 тусгай зөвшөөрлүүдийг шаардсан “К” ХХК-ний хувьд “Руснур” ХХК, “Уран үзэг” ХХК-тай зураг төсвийн туслан гүйцэтгэгчийн гэрээ ирүүлсэн боловч энэ хоёр компанийн хоёуланд нь ЗТ-6.3 тусгай зөвшөөрөл байхгүй байсан.  Барилга хот байгуулалтын яамны ЗТ-6.3 тусгай зөвшөөрөлтэй компани нь барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл. Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төслийг боловсруулах эрх үүсдэг.

5.3. Тус ажлын зураг төсөв нь хийгдээгүй бэлэн болоогүй  учраас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас авсан "Нэг маягийн зураг, төсөл"-өөр тендер зарласан. "Нэг маягийн зураг, төсөл"- нь магадлалаас батлагдсан зургийг тухайн барилга баригдах газар зүйн байрлал геодези хөрсний шинжилгээ, бусад техникийн нөхцөлүүдээс шалтгаалаад суурийн холболт хийж зурагт өөрчлөлт оруулдаг. Өөрчлөлт оруулсан хэсгийг дахин магадлалд оруулдаг журамтай. Тийм учраас тухайн тендерийн баримт бичигт зураг төсөв боловсруулдаг тусгай зөвшөөрлүүдийг шаардсан. Барилга хот байгуулалтын яамны зураг төсвийн ЗТ-6.3 заалт байхгүй бол цахилгаан дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн системийн хэсэгт өөрчлөлт оруулж зураг төсвийг хийдэг тул дээрх тусгай зөвшөөрөл байхгүй компани нь гүйцэтгэх боломжгүй юм.

5.4. Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т “Ерөнхий инженер нь тухайн компанийн үндсэн ажилтан, иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 10- аас дээш жил байх. Мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх” гэж шаардсан.  Энэ нь зөвхөн ерөнхий инженертэй холбоотой заалт бөгөөд дээрх шаардлагыг 100 хувь хангах ёстой юм.

5.5.  “К” ХХК-ны 2022 оны 03-р сарын 01-ний өдрийн 03 дугаар захирлын тушаалаар тухайн төсөл арга хэмжээнд ажиллах инженер техникийн ажилтнуудыг томилсон. Дээрх тушаалд ерөнхий инженерээр Х.ы Сыг томилсон.  Х.ы Сыг тухайн компанийн үндсэн ажилтан, 10-аас дээш жил ажилласан гэж үзсэн. Гэхдээ тухайн хүнийг барилгын инженер гэж тооцсон боловч /Барилгын инженер гэдэг маргаантай яагаад гэвэл диплом дээр нь Барилга гэсэн үг байснаас инженер гэдэг нэг ч үг байхгүй байсан/  барилгын мэргэшсэн зэрэгтэй инженер хүн биш байсан. Энэ нь Барилга хот байгуулалтын яамны мэргэшсэн инженерийн гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй тул мэргэшсэн инженер биш гэдэг нь нотлогдож байгаа юм. “К” ХХК нэхэмжлэлдээ Х.ы С мэргэшсэн төсөвчин гэж дурдсан байгаа боловч гэрчилгээг ирүүлээгүй. Мөн мэргэшсэн төсөвчин, мэргэшсэн инженер нь өөр өөр үйл ажиллагааны чиглэлтэй хороонд холбоогүй зэрэг юм.  Сабидолда Ержан нь барилгын мэргэшсэн инженер боловч “К” ХХК-ний ерөнхий инженер нь биш юм. Энэ нь “К” ХХК-ны 2022 оны 03-р сарын 01-ний өдрийн 03 захирлын тушаалаар мөн тухайн компанийн үндсэн ажилтан биш гэдэг нь нийгэм даатгалын лавлагаагаар тус тус нотлогдож байсан. Цэвээний Баттөмөр нь сантехникийн зөвлөх инженер боловч “К” ХХК-ний ерөнхий инженер нь биш юм. Энэ нь “К” ХХК-ны 2022 оны 03-р сарын 01-ний өдрийн 03 захирлын тушаалаар мөн тухайн компанийн үндсэн ажилтан биш гэдэг нь нийгэм даатгалын лавлагаагаар тус тус нотлогдож байсан. Тийм учраас тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т  заасан шаардлагыг хангаагүй байсан.

 5.6.  “К” ХХК нь нэхэмжлэлдээ Барилга хот байгуулалтын сайдын “Дүрэм шинэчлэн батлах тухай” 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн 217 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын хоёрт зааснаар барилгын байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд тавигдах суурь нөхцөл, шаардлагыг манай компани бүрэн ханган тендерт оролцсон. Тухайлбал БА-3.1-т “ Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэл”-ийн ажилд сайдын баталсан журмын дагуу манай компанийн инженерүүд бүрэн хангасан. /Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа БУ42-1962/17 2017 оны 11-р сарын 29-ний өдрөөс 5 жилийн хугацаанд хүчинтэй/ гэсэн байна.

   5.7. Дээрх журмын дагуу зохих инженер техникийн ажилтан  Барилгын инженер-2, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан -1, Барилгын инженерийн аль нэг нь барилга байгууламжийн угсралтын мэргэшсэн зэрэгтэй байна гэж суурь нөхцөл шаардлагыг хангасан компанид олгодог нь тус зарласан тендерээс өөр асуудал юм. Энэ нь зөвхөн Барилга хот байгуулалтын яамны БА-3.1 тусгай зөвшөөрлийн хүрээнд тавигдах асуудал. Дээрх тусгай зөвшөөрөл авсны дараа барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил гүйцэтгэх, барилга угсралтын тендер оролцох эрх үүсдэг. Харин тендер зарлахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хүрээнд, тус хуулийн дагуу Сангийн сайдын баталсан холбогдох журмуудын хүрээнд тендер шалгаруулалт явуулдаг.

Иймд тусгай зөвшөөрөл олгох тендер шалгаруулалт явуулах хоёр нь өөр өөр хууль журмын дагуу явуулдаг тус тусдаа асуудал юм.

   5.8. Үүнийг санаатай санамсаргүй мушгин гуйвуулж нэг асуудал хэлбэрээр, нэг ойлголтоор тайлбарлаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Харин Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/ БШУЯ/202212016 дугаартай ажлын тендерийн баримт бичиг нь тухай төсөл арга хэмжээнд зориулж захиалагч баталсан баримт бичиг. Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т тухайн төсөл арга хэмжээнд зориулж ерөнхий инженер болон бусад инженерүүдэд тавьсан  шаардлагыг “К” ХХК хангаагүй.  Гагцхүү тендер шалгаруулахад захиалагчаар батлуулан тендерийн баримт бичгийг үндэслэн тухайн төсөл арга хэмжээг үнэлдэг юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “ энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасны дагуу “К” ХХК-ийг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт, 27 дугаар зүйлийн  27.1.3 дахь заалтыг тус тус хангаагүй гэж үзэж шалгаруулаагүй юм.

 Иймд “К” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.

6. Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

6.1. Захиалагч талын байгуулсан үнэлгээний хороо сургуулийн барилга, 320 /Баян-Өлгий, Цэнгэл сум/ БШУЯ/202212016 дугаартай нээлттэй тендерийг зарлаж, үнэлгээний хороо хуралдаж дүгнэлтийг захиалагчид ирүүлсэн ба үнэлгээний хороон шийдвэрийн дагуу хуулийн хугацаандаа “В.К” ХХК-тай гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2022 оны 1-01/340 тоот албан бичгээр хүргүүлж гэрээг байгуулсан болно.

Иймд “К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   7. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1. Аймгийн Засаг дарга буюу захиалагч 2022 оны А/52 дугаар захирамжаар үнэлгээний хороо байгуулсан. Уг үнэлгээний хороо тендерийн бичиг баримтад заасан өгөгдөл болон хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тендер зарлаж, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тухайн тендерт бичиг баримтаа ирүүлсэн компаниудын материалтай танилцаж дүгнэлтээ гаргаж, дүгнэлтээ захиалагчид ирүүлсэн. Захиалагч үнэлгээний хорооноос ирүүлсэн дүгнэлт болон мэдэгдэлтэй танилцаад, үүний дагуу эрх хэмжээний хүрээнд тухайн шалгарсан компани болох “В.К” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн. “В.К” ХХК мэдэгдлийг хүлээн авсны дагуу хуулийн хугацаанд захиалагчтай гэрээ байгуулсан. Захиалагчаас ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

8. Гуравдагч этгээд “В.К” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

8.1. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тайлбар хүргүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагын 2-т манай компанийг  тендерт шалгаруулсан тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 тоот албан бичгийг хүчингүй болгуулах гэсэн байна. Манай компани нь Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын ажил гүйцэтгэх БШУЯ/202212016 тоот тендерт оролцон шалгарч, гэрээ байгуулсан. Бид шаардлага хангасан тендерийн материалыг хүргүүлсэн учир Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаартай албан тоот гарч, гэрээ байгуулагдсан. Үнэлгээний хорооны дотоод ажилд манай компани оролцох боломжгүй бөгөөд тус хороо нь хууль, журамд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулсан гэж үзэж байгаа.

Иймд “К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

9.1. “В.К” ХХК хотод үйл ажиллагаа явуулдаг болохоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр би оролцож байна. “В.К” ХХК тухайн тендерт оролцоод шалгарсан мэдэгдэл ирсний дагуу захиалагчтай гэрээ хийсэн. “В.К” ХХК болон захиалагчийн гэрээ хуулийн дагуу хийгдсэн. “В.К” ХХК тендерээс шалгарсны дараа нэхэмжлэгчийн Сангийн яаманд гомдол гаргах хугацааг хүлээсэн. Дараа нь хуулийн хугацаа болсон учраас гэрээ хийсэн. Нэхэмжлэгч тал гомдол гаргасан учраас өнөөдрийн байдлаар барилгын ажлыг эхлээгүй гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон сургуулийн барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум /БШУЯ/202212016 дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “БШУЯ/202212016 дугаартай тендерт “К” ХХК-ийг тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т заасан шаардлага, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг хангаагүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлтийг (1), “В.К” ХХК-ийг тендерт шалгаруулсан тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаартай шийдвэрийг (2), “В.К” ХХК-тай байгуулсан захиалагч, гүйцэтгэгч хоорондын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн гэрээг (3) тус тус хүчингүй болгож,  “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохыг үнэлгээний хороонд даалгах (4) “ шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... тус компанийн ерөнхий инженер Х.С нь иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, тус компанид 10-аас дээш ажилласан, мэргэшсэн төсөвчний зэрэгтэй, барилгын инженер С.Е нь мэргэшсэн инженер зэрэгтэй тул сургуулийн барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум /БШУЯ/ 202212016 дугаартай тендерийн ТШЗ-ны 17.6.2-т заасан шаардлагыг манай компани хангасан байхад үнэлгээний хорооноос уг шаардлагыг хангаагүй үндэслэлээр тендерээс татгалзсан нь хууль бус, манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагад нийцсэн тендерийг хүргүүлсэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэсэн заалтыг бүрэн хангасан” гэж маргасан, хариуцагч үнэлгээний хорооноос “...тухайн ажлыг гүйцэтгэхэд ерөнхий инженерийн “мэргэшсэн инженер” байх  гол шалгуурыг нэхэмжлэгч нь  хангаагүйгээс гадна ТШЗ-ны 17.6.1-т заасан Барилга, хот байгуулалтын яамны барилга барих болон зураг төсөв боловсруулах ЗТ-6.3 тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг нэхэмжлэгч болон нэхэмжлэгч компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан “Руснур” ХХК, “Уран үзэг” ХХК-ууд нь хангаагүй, энэ талаар  үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлд тусгагдсан” гэж тайлбарлажээ.

4. Сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/ ажлын тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/52 дугаартай захирамжаар  байгуулсан байх ба үнэлгээний хороо нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, тухайн тендерт оролцсон 2 компани буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерийн бичиг баримтуудыг хянан үзэж,  үнэлгээ хийж, нэхэмжлэгчийн тендерээс “... ерөнхий инженер нь “ мэргэшсэн  инженер” зэрэгтэй байх,  зураг төсвийн ЗТ-6.3 тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг тус тус  хангаагүй” үндэслэлээр  татгалзаж, “бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан” үндэслэлээр гуравдагч этгээдийг ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, энэ тухай захиалагчид 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдэж, улмаар захиалагч нь тендерт шалгараагүй үндэслэлийг зааж, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгчид, шалгарсан тухай  1-01/339 дугаартай мэдэгдлийг гуравдагч этгээдэд тус тус хүргүүлсэн, уг мэдэгдлийг үндэслэн захиалагч болон гуравдагч этгээд нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр  №БШУЯ/202212016 дугаартай “ XIII.1.1.291, сургуулийн барилга, 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/ ажлын гэрээ” байгуулсан зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.1-т “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.1-т “тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар” гэж тус тус заажээ.

6. Хуулийн дээрх заалтуудаар захиалагч нь маргаан бүхий  320 суудалтай сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх   тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон   бичиг баримтыг боловсруулж, өгөгдлийн хүснэгтийн 17.6.2-т “Ерөнхий инженер нь тухайн компанийн үндсэн ажилтан, иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 10-аас дээш жил байх. Мэргэшсэнээс дээш зэрэгтэй байх” гэсэн шаардлагыг заасан байх ба нэхэмжлэгчийн  тендерт ирүүлсэн  “инженер техникийн ажилтнуудын тодорхойлолт, диплом, цахим үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх” гэх бичиг баримтуудаас үзэхэд,   ерөнхий инженер Х.ы С нь  тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан “ тухайн компанийн үндсэн ажилтан, барилгын инженер, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх хугацаа 10-аас дээш жил” шаардлагуудыг хангасан боловч “барилгын инженерийн мэргэшсэн зэрэгтэй байх” шаардлагыг хангаагүй  байна.

7. Тодруулбал, нэхэмжлэгч талаас ерөнхий инженер Х.Сыг “... барилгын инженерийн мэргэшсэн зэрэгтэй байх шаардлагыг хангаж шалгалтыг нь өгсөн, гэрчилгээг нь авч амжаагүй,  компанийн барилгын инженер С.Е нь мэргэшсэн инженер зэрэгтэй тул тус компани нь шаардлага хангаж байна” гэж тайлбарласан, гэхдээ тендерийн бичиг баримтад тусгасан “мэргэшсэн инженер зэрэгтэй байх”  шаардлага нь зөвхөн ерөнхий инженерт тавигдах тусгай  шаардлага, нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерт уг  шаардлагыг хангасныг нотлох баримт байхгүйгээс гадна тухайн компанитай гэрээгээр ажиллахаар тохирсон  барилгын инженер С.Еы “мэргэшсэн инженер” зэрэгтэй байдал нь  ерөнхий инженерийн  “мэргэшсэн зэрэгтэй инженер” байх шаардлагыг  хангасан  гэж үзэх үндэслэл болохгүй юм.

8. Тендерт шалгаруулалтын  өгөгдлийн хүснэгтийн 17.7-д заасан “...Түншлэлийн гишүүд нь дараах нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой” гэж заасан, энэ заалтын агуулгаас үзэхэд,   энэхүү тендерийн бичиг баримтад заасан шалгуур үзүүлэлтүүд нь түншлэлийн гэрээний дагуу  уг тендерт оролцож буй этгээдэд  нэгэн адил хамаарна гэж ойлгохоор байна.

             9.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 17.6.1-д уг барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах 10 төрлийн  тусгай зөвшөөрлүүдийг тусгасан байх ба 9-т   ЗТ-6.3 “Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн зураг төсөл. Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл”  гэж заажээ.

10.  Нэхэмжлэгчид болон нэхэмжлэгчтэй 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А-01/22 дугаартай “Сургуулийн барилга 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/ Барилгын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч талуудын хооронд байгуулсан гэрээ”-ээр  хамтран ажиллах “Руснур” ХХК-ийн ЗТ42-508/18 дугаартай тусгай зөвшөөрөлд, мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А-01/22 дугаартай “Сургуулийн барилга 320 суудал /Баян-Өлгий, Цэнгэл сум/ Барилгын зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч талуудын хооронд байгуулсан гэрээ”-ээр хамтран ажиллах “Уран-Үзэг” ХХК-ийн ЗТ16-36/22 дугаартай тусгай зөвшөөрөлд тус тус уг барилгын  ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ЗТ-6.3 тусгай зөвшөөрөл байхгүй байх тул  “... нэхэмжлэгч нь ЗТ-6.3 гэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй “ гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

            11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-т “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заажээ.

            12. Дээрх байдлаар  дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч нь  захиалагчийн тогтоосон хүний нөөцийн чадавхийг болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага буюу тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй тул түүний тендерийг “шаардлагад нийцээгүй тендер” гэж үзэн тендерээс татгалзсан хариуцагч үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтийг болон   захиалагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 18-ны  өдрийн 1-01/340 дугаартай мэдэгдлийг тус тус   хууль бус гэж үзэх, хүчингүй болгох  үндэслэлгүй, эдгээр захиргааны актууд нь нэхэмжлэгчийн тендерт шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

            13. Захиалагч нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”,  29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж  заасан байх ба захиалагч нь  хариуцагч  үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэж, “хамгийн сайн” тендер ирүүлсэн гуравдагч этгээдэд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/339 дугаартай мэдэгдлийг хүргүүлж,  ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь хуулийн дээрх заалтуудтай нийцжээ.

            14. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “БШУЯ/202212016 дугаартай тендерт “К” ХХК-ийг тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т заасан шаардлага, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг хангаагүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлтийг (1), “В.К” ХХК-ийг тендерт шалгаруулсан тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаартай шийдвэрийг (2), “В.К” ХХК-тай байгуулсан захиалагч, гүйцэтгэгч хоорондын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн гэрээг (3) тус тус хүчингүй болгож,  “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохыг үнэлгээний хороонд даалгах (4) “ шаардлага” бүхий нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж дүгнэлээ.

            15. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...Барилга, хот байгуулалтын яамны  сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар  “Журам шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтын 3-т “дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил. Ажлын төрөл БА-3.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил”, байвал зохих инженер техникийн ажилтан “Барилгын инженер-2, ХАБЭА-н ажилтан-1”, ИТА ажлын туршлага “барилгын инженерийн аль нэг нь барилга байгууламжийн угсралт, засварын мэргэшсэн зэрэгтэй байх “ шаардлагыг  манай компани хангаж байгаа, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд дунд төвөгшилтэй барилга барихад шаардагдах барилгын инженер нь энэ тушаалд заасны дагуу байх ёстой” гэж тайлбарлан маргажээ.

            16. Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлийн талаар буюу тендерийн бичиг баримтад заасан инженер техникийн ажилтнуудад тавих шаардлага  нь холбогдох журмыг зөрчсөн эсэх талаар  гомдлоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, ... гаргана” гэж заасны дагуу тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж, хуульд заасан эрхээ эдлэх боломжтой байсан  боловч энэ эрхээ эдлэхгүйгээр тендерээ ирүүлснийг нэхэмжлэгчийг захиалагчийн тухайн “ерөнхий инженер”-тэй холбогдох  шаардлагыг хүлээн зөвшөөрч оролцсон гэж үзэх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, , 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т  заасныг тус тус баримтлан “К” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад болон Сургуулийн барилга /Баян-Өлгий, Цэнгэл сум /БШУЯ/202212016 дугаартай тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “БШУЯ/202212016 дугаартай тендерт “К” ХХК-ийг тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.2-т заасан шаардлага, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг хангаагүй гэж үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлтийг , “В.К” ХХК-ийг тендерт шалгаруулсан тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-01/340 дугаартай шийдвэрийг, “В.К” ХХК-тай байгуулсан захиалагч, гүйцэтгэгч хоорондын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн гэрээг  тус тус хүчингүй болгож,  “К” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгохыг үнэлгээний хороонд даалгах “ шаардлага бүхий нэхэмжлэлийн   шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                      

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГҮЛБАРША