Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 56

 

Н.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0188/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Г.Уянга

Шүүгдэгч                                       Н.Д-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Золзаяа

Нарийн бичгийн дарга                 Т.Төмөрчөдөр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолтой, Н-ийн Д-д холбогдох, 2018000000129 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд:

2019 оны 2 дугаар зарын 13-нд Эрүүгийн хуулийн тусгай агийн 11.6 дугаар зүйлийн 1., 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар 1 жил 10 хоног хорих ял шийтгүүлж 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан. ********** регистрийн дугаартай, Б- овогт Н-ийн Д-.

Шүүгдэгч Н.Д- нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрийн ** дугаар гудамж ** тоотод оршин суух иргэн Х.С-гийн гэрийн ханыг хугалан гэрт нь орж “Шарп” загварын 32 инчийн зурагтыг авч 80,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Н-ийн Д-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Н.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч Н.Д-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Н.Д-ын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9.т зааснаар шүүгдэгч Н.Д- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шүүгдэгч Н.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах гомдолдоо:

Н.Д- нь мөрдөн байцаалтад саад учруулахгүйгээр хэргээ хүлээсэн хийсэн хэргийнхээ хохирлыг биет байдлаар барагдуулсан бөгөөд хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж байна.

Н.Д- нь тэтгэврийн насны аавын хамт амьдардаг ба аавыг нь асрах хүн байхгүй, ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгаж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байна., Хуульд заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа ойлгож  гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, хохирогч  гомдолгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 1.3.д заасныг баримтлан ялаас хасаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Д- тайлбартаа:

Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна., ялаас хасаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

           Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв. Анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан., Давж заалдах шатны шүүх  хуульд заасны эрхийн дагуу  ялаас хасахад татгалзахгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.Д-ыг  архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрийн ** дугаар гудамж ** тоот иргэн Х.С-гийн гэрийн ханыг хугалан гэрт нь орж “Шарп” загварын 32 инчийн зурагтыг авч, бусдын орон байранд нэвтэрч, 80,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Н.Д-ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  2 жил хорих ял оногдуулсан байна. 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон гэрч Т.Д-, хохирогч Х.С- нарын   мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэг тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт  мөн  тухайн үед болсон үйл баримтаар шүүгдэгч Н.Д-ын  үйлдэл  нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэргийн талаар  үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулжээ.

Мөн хулгайлагдсан эд зүйлд үнэлгээний эрх бүхий байгууллага болох  “Капитал зууч” ХХК-ний шинжээч хуульд заасан үндэслэл, журмын дагуу  үнэлгээ хийсэн байна.

Гэвч шүүгдэгч Н.Д- нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг байдал, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан  мөн хуулийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан  ялын  доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял  буюу 1 жил хорих ял оногдуулж, энэ талаар  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт  оруулах боломжтой.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн гаргасан ...хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хэр хэмжээ, түүний гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг  харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан оногдуулсан ялаас хасаж өгнө үү... гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3  дугаар заалтыг:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Б- овогт Н-ийн Д-ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй гэж.,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч Н.Д-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэж

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяагийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                  Ц.ТУЯА