Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 111

 

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2021/00111

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01346/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****оотод оршин суугаа, утас ** регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *** тоотод оршин суугаа, утас *** регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******д холбогдох

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* миний бие Б.*******тэй 2017 оноос 2020 оны 05 сар хүртэл хамт амьдарсан. Б.******* анх надтай танилцаад надад маш их хайр халамжтай байсан учир би итгэж түүнд хөөрхөн охин төрүүлж өгсөн. Бидний охин *******ий ******* 2018 оны 08 дугаар сарын 02-нд төрсөн. Одоо 2 ой 3 сартай. Намайг охиноо төрүүлээд нялх биетэй байхаас эхлэн Б.*******ий зан өөрчлөгдөж маш их уур уцаартай байх болсон. Өдөр нь элдвээр загнана, доромжилно, нялх биетэй бие маань сайн тэнхрээгүй, хүүхэд төрүүлсэн оёдол бүрэн эдгэрээгүй байхад хөлөө бариулмаар байна гээд шөнө намайг сэрээж унтуулдаггүй, хөл барьсангүй гэж хөнжил дотор өшиглөж зоддог байснаас эхлэн би гомдож эхэлсэн. Миний ээж аавыг дорд үзэж муу муухай үгээр харааж, хүндэлдэггүй. Намайг 2019 оны 07 дугаар сарын 15-нд зодож цохиод байхаар нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргахад өргөдлийг шалгаж байсан байцаагч нь ажил төрлийн хамт ажилладаг хүнийг баривчлуулмааргүй байна өргөдлөө авчих, та 2 угаасаа салах гэж байсан юм байна ш дээ гээд байхлаар нь ажил төрөлд нь хүндэтгэлтэй хандаад ажилгүй болгочих байх гэж бодоод өргөдлөө авч байсан тохиолдол бий. Тухайн үед тэр Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албадан ажилладаг байсан. Түүний дараа буцаж нэг гэртээ эвлэрч орсон боловч би нөхрөөсөө айгаад байдаг болсон. Бусад хүмүүсийн адил хэрэлдэж муудалцаад эргээд сайхан эвлэрэх сайн харьцах тийм зүйл байхгүй нөгөө дарамттай уур амьсгалтай байгаад байсан. Нөгөө талаар зүгээр байсан бие маань өвддөг болсон учир энэ хүнтэй цаашид хамт амьдрах хүсэлгүй болсон. Бидний дунд гэрлэлтийн баталгаа байхгүй. 2020 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч ******* хот руу шилжээд явсан. Би Дархандаа хүүхдээ харж байна. Иймд миний асрамжид байгаа охин Б.*******ийг эх Д.******* миний асрамжид албан ёсоор үлдээж, эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.******* би охин Б.*******т хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Д.*******, Б.******* нар 2017 онд танилцаж, улмаар тэдний дундаас ***г төрсөн болох нь дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Дээр дурдсан төрсний гэрчилгээнд *** эцэг нь Б.******* мөн болох талаар бичигдсэн байх тул охины эцгийг захиргааны журмаар тогтоосон байна гэж үзнэ.

 

Хариуцагч Б.******* нь охин Б.*******т хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

 

Зохигчид нь 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Б.******* нь эхийн асрамжид байгаа, хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан охин Б.*******ийн өссөн төрсөн орчин нөхцлийг өөрчлөхгүйгээр эх Д.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар охин Б.*******т сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.*******гөөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Хариуцагч Б.******* нь цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар *** эх Д.*******гийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эх Д.*******, эцэг Б.******* нарт даалгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 34 416 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА