Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 110/ШШ2022/0027

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох, “Алтанцөгц сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх болон захирамжийг хүчингүй болгох тухай” А/34 дугаартай захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“Алтанцөгц сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх болон захирамжийг хүчингүй болгох тухай” А/34 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Алтанцөгц сумын Засаг даргаас  маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх болох захирамжийг хүчингүй болгох тухай” А/34 дугаартай захирамжийг хүчингүй болгосон 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/66 дугаар захирамжийг тус шүүхэд гаргаж өгсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн  байна гэж үзсэн болно.  

            Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “ Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Монгол Улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж  тус тус зааснаар хариуцагч Алтанцөгц сумын Засаг дарга  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгчБ” ХХК-ийн “Алтанцөгц сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх болон захирамжийг хүчингүй болгох тухай” А/34 дугаартай захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Алтанцөгц сумын Засаг дарга  хүлээн зөвшөөрснийг баталж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 69  дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд   шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

                                            ШҮҮГЧ                                         С.ЕРКЕШ