Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1137

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00520 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Л” ХХК-д холбогдох

 

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, учирсан хохиролд нийт 330 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь “Л” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан уг гэрээгээр Ховд аймгийн Цэцэг суманд байрлах Барлагийн гол нэртэй 9061A тоот Ашигт малтмалын газраас 2007 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт, төмрийн олборлолтыг явуулах, нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэх чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу “Л” ХХК нь 9061A тоот тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хамгаалсан Нөөцийн тайлан, хурлын шийдвэр, хурлын протокол, ТЭЗҮ-г баталсан хурлын шийдвэр, Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Тусгай зөвшөөрөл бүхий талбайн шав тэмдэг тавьсан тайлан, Технологийн туршилтын тайланг бүрэн эх хувиар нь гаргах үүргийг хүлээж нэхэмжлэгч миний зүгээс алт болон төмөр олборлолтын үйл ажиллагаа явуулахтай холбоотой зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, шаардлагатай бэлэн мөнгө үйл ажиллагааны зардлыг болон олборлолтын зардлыг хариуцан гаргах үүрэгтэй байсан. Техникүүдээ зөөвөрлөж очсон даруйдаа “Л” ХХК-ийн захирал З.Ундрамаас гэрээнд заасны дагуу баримт бичгийг шаардсан боловч манай ТЭЗҮ-ийн хугацаа дууссан байна сунгуулахад мөнгө шаардлагатай гэсэн тул түүнд 30 000 000 төгрөг өгсөн. Бичиг баримт гартал биднийг үйл ажиллагааг явуулж бай гэсний дагуу би олборлолтын ажлыг эхлүүлсэн боловч анх үзүүлж байсан баримт бичиг, дүгнэлт тайланд заасан нөөц байхгүй нь тогтоогдсон байдаг.

Б.Б- 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр уг гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж өөрийн оруулсан хөрөнгө энэ хугацаанд гаргасан зардлаа нөхөн төлүүлэхийг мэдэгдсэн. Иймд анхны хөрөнгө оруулалт хэлбэрээр өгсөн 100 000 000 төгрөг, ТЭЗҮ сунгуулах нэрийдлээр зээлсэн 30 000 000 төгрөг, Ховд аймгийн Цэцэг сум руу, Ховд аймгийн Цэцэг сумаас буцааж техник хэрэгсэл зөөвөрлөсний зардал 100 000 000 төгрөг, уг уурхайд ажиллах хугацаанд ашигласан түлшний зардал 40 000 000 төгрөг, тухайн хугацаанд ажилчдын цалингийн зардал 50 000 000 төгрөг, хоол хүнс болон холбогдох бусад зардал 10 000 000 төгрөг, нийт 330 000 000 төгрөгийн хохирол учирсан. “Л” ХХК нь ашигт малтмалын нөөц байхгүй газарт Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр хуурамч дүгнэлт гаргуулж, ашигт малтмалын газрын тайлан дүгнэлт, нөөцийн зураг зэргийг хуурамчаар бүрдүүлэн, ашиглалтын лицензтэй холбоотой зайлшгүй бүрдүүлбэл зохих баримт бичгүүд дутуу тухайлбал 2010 оны Техник эдийн засгийн үндэслэл байхгүй, мөн уулын ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай дээр нийт 31 төрлийн баримт бичгийг бүрдүүлсэн байх атал эдгээр баримт бичгүүд байхгүй, Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн кахиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн аваагүй, уг уурхайг ажиллуулах зөвшөөрөл олгоогүй байхад олборлолтын үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн нь Иргэний хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн байна. Иймд Б.Б-, “Л” ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байх тул мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу “Л” ХХК-аас учирсан хохирол 330 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Л” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийн эзэмшдэг 9061А лицензийн талбайд хамтран ажиллахаар тохиролцсон Б.Болдбаатар, н.Даваацогт, Б.Б- нартай хамтран ажиллах гэрээ хийсэн ба эхний ээлжинд тэд бидэнд 100 000 ам.доллар төлөх дараа нь үйл ажиллагаа жигдэрсэн үедээ дахин 100 000 ам.доллар өгөх, мөн үүний дараа олсон цэвэр ашгаа тодорхой харьцаагаар хуваах гэрээ байсан. “Л” ХХК нь өөрийн эзэмшлийн 9061А лицензийг худалдаагүй бөгөөд зөвхөн хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш тэд 100 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба удахгүй үлдэгдлийг нь өгнө гээд өгөхгүй байсан. Гэрээний дагуу талуудын хариуцаж ажиллах үүргүүдийн нэг бол Б.Б-ын талаас үйл ажиллагаатай холбоотой бүхий л зардлыг гаргах, үүнийгээ компанийн 70 хувийг шилжүүлж авах хүртлээ надаар дамжуулж хийхээр тохиролцсоны үндсэн дээр техник тоног төхөөрөмж, ажиллах хүчин зэргээ түүний талаас Даваацогт хариуцах, төрийн байгууллагуудтай харилцах ажлыг З.Ундрам, би хариуцахаар болсон. Хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т А тал нь 9061A тоот тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой Эрдэс баялагийн зөвлөлийн хурлаар хамгаалсан Нөөцийн тайлан, хурлын шийдвэр, хурлын протокол, ТЭЗҮ-г баталсан хурлын шийдвэр, ТЭЗҮ, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчны нарийвчилсан тайлан, Тусгай зөвшөөрөл бүхий талбайн шав тэмдэг тавьсан тайлан, Технологийн туршилтын талбайг бүрэн эх хувиар нь гаргах гэсний дагуу бүгдийг нь гаргаж гэрээний үүргээ биелүүлсэн.

Хамтарч ажилласнаас хойших үйл ажиллагааны зардлыг Б тал хариуцах гэсний дагуу Б.Б-той хамтарч ажиллахаар болсон цаг үеийн өөрчлөлттэй холбоотой ТЭЗҮ-д орсон нэмэлт өөрчлөлтийг Б тал хариуцах ёстой. ТЭЗҮ-ний өөрчлөлтийг уул уурхай зураг төсөл, судалгааны “Сенот консалтинг” ХХК ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн, мөн БОНБҮ-ний өөрчлөлт тодотголыг Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний эрх бүхий мэргэжлийн байгууллага “И Эйч Эс Эм” ХХК хийсэн. Эдгээр ажлуудыг гэрээгээр хийж гүйцэтгэсэн зардал нь 30 000 000 төгрөг болсон. Гэрээнд заасан баримт бичгүүдтэй бүгдтэй нь танилцсан ба Б.Б-ын зүгээс нөөц тогтоох геологийн хайгуул хийсэн ажлын үр дүнгийн тайланг эх хувиар нь аваад өөрөө хадгалж байгаа. Бусад бичиг баримтуудыг хувилж авсан. Нөөцийн тайлан талбай дээр эх хувиараа байх ёстой гэсэн АМХ-ийн дагуу н.Даваацогтод хүлээлгэж өгсөн. Баримт бичгүүд нь АМГ, ЭБЭХ яам, БОАЖ яам зэрэг Монгол Улсын эрх бүхий байгууллагуудаас гаргаж өгсөн. “Л” ХХК-ийн хувь эзэмшигч геологич Руслан Горбунов нь мэргэжлийн нэг ч хүн байхгүй, алт угаах тоног төхөөрөмж нь технологийн зааврын дагуу бус манай талбайн онцлогт тохирохгүй маш энгийн техник байна гэж дүгнээд яаж өөрчлөх талаар юу хийх хэрэгтэйг зөвлөж ярьсныг Б.Б-ын талаас эсэргүүцсэн.

Газарзүйн байрлал болоод геологийн бүтцийн хувьд газар нутгууд бүгд өөр өөрийн онцлогтой тул ижилгүй байдаг. Уг талбайд хамаарах материалуудыг Эрдэс баялагийн яам болоод Ашигт малтмалын газрын Эрдэс баялагийн зөвлөлөөр тухайн талбайн хайгуулын тайланг хийж гүйцэтгэсэн геологийн мэргэжлийн инженерүүд батлуулсан. Талбайд агуулагдах металл нь геологийн хувьд онцлог бүтэцтэй бөгөөд уг онцлогийг тусгаж нийцүүлсэн тоног төхөөрөмж ашиглах ёстойг 2011 онд уул уурхайн төсөл судалгааны “Конрес” ХХК-иар хийлгэсэн тухайн шороон ордыг ашиглах Технологийн туршилтын тайланд заасан. Энэхүү туршилтын тайлангийн хувийг Б.Б-од өгсөн боловч тэрээр тоног төхөөрөмж захиалахдаа тэрхүү тайланд тусгагдсан зөвлөгөө, зааврыг дагаж мөрдөлгүй, манай компанитай зөвшилцөлгүй дур мэдэн захиалж хийлгэсэн байдаг. Энэхүү талбай нь технологийн нарийн шийдэлтэй, онцлогтой талбай тул нэн түрүүнд технологи болоод тоног төхөөрөмжөө зөв сонгож тохируулах нь чухал гэдгийг олон удаа давтаж ойлгуулсан. Манай талбай дээр мэргэжлийн бус хандаж 100000 м.куб шороог ухаж ил гаргасан. Байгаль орчны нөхөн сэргээлт хийх зардал нь манай компаний үүрэг болоод байгаагаар тогтохгүй нөхөн сэргээлтийн зардал төгрөг болсон байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний 3.2-д төлбөрийн 100 000 ам.долларыг энэхүү гэрээг байгуулах үед Б тал нь А талд төлөх... гэж заасан бөгөөд Б.Б- гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөг шилжүүлснээс өөрөө урьдчилгаа төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Энэхүү төлсөн урьдчилгаа төлбөр нь Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 48 847 ам.доллартай тэнцэж байна. Мөн гэрээний 6.3-т Энэ гэрээний 3.2-т заасан төлбөрийг Б тал нь А талд хугацаандаа төлөөгүйгээс энэхүү гэрээ цуцлагдахад хүртэл А тал нь гэрээ байгуулах үед төлсөн 100 000 ам.долларын 50 хувь буюу 50 000 ам.долларыг Б талд буцаан өгөхгүй гэж заасны дагуу суутган үлдэх 50 000 ам.долларын зөрүү нь 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг болж байх тул хамтран ажиллах гэрээг цуцалж, хариуцагчаас 2 360 387 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн зохицуулалтаар гэрээнээс татгалзаж байгаа буюу гэрээ цуцалж байгаа тохиолдолд талууд өгсөн авснаа буцаадаг ерөнхий зохицуулалт байдаг. Гэтэл энэхүү гэрээнд гэрээг цуцалснаар талууд урьдчилгаа төлбөрийн 50 хувийг буцаан олгохгүй гэсэн зохицуулалт нь хуулийн ямар зүйл заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй. Мөн нэг талын эрх ашгийг ихээхэн сөрөг нөлөөтэйгээр хөндсөн гэж үзэж байна. Гэрээний 3.2-т заасан төлбөрийг Б тал нь А талдаа хугацаандаа төлөөгүйгээс А тал нь гэрээ байгуулах үед төлсөн 100 000 ам.долларын 50 хувийг буцаан өгөхгүй гэж заасан нь яг үүргийн гүйцэтгэл үү, гэм хор уу гэдэг нь тодорхойгүй. Гэрээ цуцлах үед үүсдэг хууль эрх зүйд нийцэхгүй байна. Б тал үүргээ зөрчсөнөөс гэж байгаа нь Б талын талаар А талд мэдэгдсэн мэдэгдэл байхгүй. А тал өөрөө гэрээнээс татгалзаад гэм хор шаардаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6-д заасныг баримтлан Б.Б-, Л ХХК нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Л ХХК-иас 145 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 184 400 000 төгрөгийг, мөн хариуцагч Л ХХК-ийн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 807 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 720 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 884 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 02430 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давах, хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Л ХХК-иас гарах мөнгөн дүнг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00520 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.4, Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтуудыг зөрчиж байгуулагдсан хэлцэл гэж үзсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Л” ХХК-ийг хэлцэл хийсэн буруутай тал гэж үзэж хохирол гаргуулж шийдвэрлэсэн. “Л” ХХК болон Б.Б- нарын байгуулсан хамтран ажиллах гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан хэлцэл биш. Зөвхөн хамтын ажиллагаа хэрэгжиж эхлэх болон үйл ажиллагаа жигдэрсний үед талуудын харилцан хүлээх үүргийг тодорхойлсон тохиролцоо байгаа. Талууд гэрээг 4 жилийн хугацаагаар байгуулсан. Хариуцагч гэрээнд заасан үүргийнхээ дагуу холбогдох бичиг баримтын хугацаа сунгуулах, зарим нэг зөвшөөрөл нэмж авах ажиллагаа хийж байх үед нэхэмжлэгч тал өөрсдөө олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд уурхайн үйл ажиллагаа эхлүүлэх тухай тохиролцоо байхгүй. Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, уурхай ажиллуулах зөвшөөрлийг гэрээгээр бус төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр зохицуулдаг учир талууд энэ талаар тохирсон гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч 2016 оны 05, 06 саруудад алт олборлох үйл ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч байгууллагын удирдлага энэ үед Улаанбаатар хотод хугацаа дууссан бичиг баримтынхаа асуудлыг хөөцөлдөөд явж байсан. Хэрэгт 2016 оны 07, 08 саруудад эрх бүхий байгууллагуудаас гарсан тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой нотлох баримтууд авагдсан.

Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь хамтын үйл ажиллагааг зохицуулсан, талуудын эрх үүргийг тодорхойлсон хэлцэл болохоос төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөөр олгодог үйлдэлийг зохицуулсан хэлцэл биш юм.

Нэхэмжлэгчийн алтны олборлолт хийсэн үйлдэл нь хэлцлийн дагуу хийсэн үйлдэл биш бөгөөд өөрсдөө дур мэдэн зохих зөвшөөрөлгүй явуулсан үйл ажиллагаа. Энэ үйлдлийн үр дагаврыг хариуцагч байгууллага хариуцах ёсгүй. “Л” ХХК-ийн удирдлага зохих зөвшөөрлийн хугацааг сунгуулж, уурхай ажиллуулах зөвшөөрөл авсны дараа нэхэмжлэгч тухайн орд газарт тохирсон технологийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол хамтын үйл ажиллагаанд ямар нэг эрсдэл гарах ёсгүй байсан.

Талууд харилцан тохиролцож байгуулсан хэлцлийн хувьд аль нэг талыг буруутай байсан гэж дүгнэх нь буруу. Хариуцагч байгууллагын зүгээс алт олборлох үйл ажиллагаа эхлүүлэх ямар нэг зөвшөөрөл олгоогүй бөгөөд анхнаасаа хамтран ажиллах гэрээг хариуцагч биш нэхэмжлэгч санаачилсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулахаас өмнө тухайн орд газарт тохирох технологи бүхий техникийг БНХАУ-д захиалан хийлгэсэн гэж хариуцагч талд шахалт үзүүлж тухайн хэлцлийг байгуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Б.Б- 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, учирсан хохиролд нийт 330 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг гаргуулахыг  сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай дээр нийт 31 төрлийн баримт бичгийг бүрдүүлсэн байх атал эдгээр баримт бичгүүд байхгүй, Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн аваагүй, уг уурхайг ажиллуулах зөвшөөрөл олгоогүй байхад олборлолтын ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн болон анх үзүүлсэн дүгнэлт тайланд тусгагдсан хэмжээний нөөц байгаагүй гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл” гэж тайлбарлажээ.

 

Талууд 2007 онд Ашигт малтмалын газраас олгосон Ховд аймгийн Цэцэг сумын Барлагийн гол нэртэй газар байрлах хариуцагчийн эзэмшлийн ашиглалтын 9061А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт, төмрийн олборлолт явуулах, нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэх чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар харилцан тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, хариуцагч “Л” ХХК нь бүтээгдэхүүн олборлох ашиглалтын ажиллагаа явуулахтай холбоотой ТЭЗҮ болон бусад бичиг баримтыг бэлэн болгох, нэхэмжлэгч нь олборлолт болон ажиллагааны зардлыг 100 хувь гаргахаар тус тус тохиролцжээ. /хэргийн 1 дэх хавтас 59-61 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газрын эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ХХ-05-08, мөн 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 10-17 тоот дүгнэлтүүд, Ашигт малтмалын газрын даргын /Нөөц хүлээн авч, бүртгэх тухай/ 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаар тушаал, мөн газрын даргын /Техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах тухай/ 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 443 дугаар тушаалуудаар Барлагийн голын алтны шороон ордны нөөцийг бүртгэж, техник эдийн засгийн үндэслэлийг тус тус хэлэлцсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 79-88 дугаар тал/

 

Хариуцагч “Л” ХХК нь Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Барлагийн гол нэртэй 9061А тоот тусгай зөвшөөрлийг “Монгол Алт” ХК-аас шилжүүлж авсан болох нь Ашигт малтмал ашиглах 9061А тоот лицензийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралтаар тогтоогдсон байх ба талууд энэ талаар маргаагүй бөгөөд энэхүү талбайд зохигчид хамтран олборлолтын ажиллагаа явуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасантай нийцжээ. Нөгөө талаар хэрэгт авагдсан баримт талуудын тайлбар уг гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нь бүтээгдэхүүн олборлох ашиглалтын ажиллагаа явуулахтай холбогдолтой бичиг баримт бэлэн болгох, нэхэмжлэгч нь холбогдох ажиллагааны зардлыг гаргах үүргийг тус тус хүлээж, хамтран ажиллахаар тохиролцсон талаар маргаагүй байх ба гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй талаар зохицуулсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Мөн талууд гэрээгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайд алт, төмрийн олборлолт явуулах, нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэж, ашигаа хуваахаар тохиролцсон нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон хууль зөрчөөгүй байна. Харин гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бичиг баримтыг эрх бүхий байгууллагаас авах, бүрдүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй болон олборлолт явуулсан боловч гэрээгээр тохиролцсон үр дүнд хүрээгүй, ашиг олоогүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдалд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд тооцогдохгүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасан үр дагаврыг шаардах эрхийг үүсгэхгүй.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4-т “Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхлэнэ.” гэж, Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана.” гэж тус тус заасан нь талууд гэрээгээр тохиролцсон ажиллагаагаа хэрэгжүүлэх явц дахь харилцаанд хамаарахаас бус гэрээ байгуулах буюу гэрээ хүчин төгөлдөр болохтой холбоотой зохицуулалт болох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно.”, 189.3 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно.” гэж тус тус заасанд хамаарахгүй.

 

Тодруулбал, хариуцагч “Л” ХХК нь Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Барлагийн гол нэртэй 9061А тоот өөрийн нэр дээр бүртгэлтэй, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайд бусадтай хамтран ажиллахаар тохиролцож гэрээ байгуулахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах талаар хуулиар зохицуулаагүй байна.

 

Иймээс шүүх талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн аваагүй, уурхайг ажиллуулах зөвшөөрлийг олгоогүй байхад байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, комисс уурхайг хүлээн авсны дараа, ажиллуулах зөвшөөрөл олгохоос өмнө хамтран ажиллах гэрээ байгуулж болохгүй буюу гэрээ хүчин төгөлдөр болох эсэх талаар зохицуулаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө, хохирлыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин уг гэрээ нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй болон цаашид үргэлжлэх боломжгүй болсноос цуцлагдсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа болон хамтран ажиллах гэрээний 6.3-т “Энэхүү гэрээний 3.2-т заасан төлбөрийг “Б” тал нь “А” талд хугацаандаа төлөөгүйгээс энэхүү гэрээ цуцлагдахад хүрвэл “А” тал нь гэрээ байгуулах үед төлсөн 100 000 ам.долларын 50 хувь буюу 50 000 ам.долларыг “Б” талд буцаан төлөхгүй” гэж заасан нь гэрээний үүрэг, гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлага эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс хамтран ажиллах гэрээг цуцлаж, 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, учирсан хохиролд нийт 330 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэл 1 153 ам.доллар буюу 2 360 387 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Л” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 886 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                      С.ЭНХТӨР