| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/98 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 117.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/98
2024 03 05 2024/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
Улсын яллагч Т.Д,
Шүүгдэгч Р.Ө нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Р.Ө-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Р.Ө,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Р.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” караокед зөөгч ажилтай хохирогч М.Б-ийн текэн дээр тавьсан байсан самсунг галакси А-33 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1,046,465 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Р.Ө нь хохирогч М.Б-ийн эзэмшлийн Самсунг галакси А-33 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1,046,465 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9-13 дугаар тал/,
Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би өөрийн гар утсыг тек буюу кассын тавцан дээр тавиад үйлчлүүлэгч дээр очсон. Намайг үйлчлүүлэгч дээр захиалга авч байх үед караокед 5 залуу орж ирсэн. Тус таван залуу тек рүү шууд яваад очсон. Би үйлчлүүлэгчийнхээ захиалгыг аваад тек дээр очих үед тус 5 залуугийн 2 залуу нь караокеноос гараад явсан. Би гар утсаа хайгаад текны ар хэсэгт үзэхэд утас байгаагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн гар утасруугаа залгах үед дуудлагыг салгаад байсан. Би караокед үлдсэн 3 залуугийн нэгнийх нь утсаар өөрийн гар утас руу залгуулсан. Тухайн залууг залгах үед миний гар утсыг авсан бололтой тус залуу нь “чи утсыг нь авсан юм уу, хурдан аваад ир” гэж хэлсэн. Тэгээд гаднаас нэг залуу орж ирээд миний гар утсыг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
- Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Буудлаас гараад “Эрхэс” нэртэй караокед орсон. Тухайн газарт үйлчлүүлж байхад караокены зөөгч охин “гар утсаа алга болгочихлоо, тантай цуг явж байсан залуу аваад явчих шиг боллоо” гэсэн. Би Мөнхсүлдийг Р.Ө руу яриулж утсыг нь авчруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
- Гэрч У.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гаднаас 5 залуу орж ирсэн...Болор-Эрдэнэ үйлчлүүлэгч нараас захиалга аваад хүрч ирээд тек дээр байсан миний гар утас хаана байгаа юм бэ, та авчихсан юм уу, гар утсаа авъя гэж хэлсэн... Би Болор-Эрдэнийн гар утас руу залгах үед авахгүй байсан. Тэгээд үлдсэн залуучуудын нэгнийх нь гар утсаар Болор-Эрдэнийн гар утас руу залгуулаад буцаагаад гар утсыг авчруулсан. Тэр үед цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
- Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хумарзакийг “хүний гар утас авсан юм уу” гэхэд “би аваагүй, караокены гадаа зогсож байхад Р.Ө ах хүний гар утас андуураад авчихжээ гэж хэлсэн” гэсэн. Удаагүй Хумарзак “Эрхэс’ караокед орж ирээд гар утсыг өгсөн. Би Р.Өын хаана байгаа талаар Хумарзакаас асуухад “Р.Ө ах унаанд суух гээд үлдсэн, чи гар утсыг аваачаад өгчих гэж надад хэлсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
- Гэрч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Р.Ө ах гар утсаар ярьж байгаад энэ утсыг “Эрхэс” караоке руу оруулаад өгчих ах нь андуураад аваад гараад ирсэн байна гэж хэлсэн. Би “Эрхэс” караоке руу оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
- “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1********* дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-36 дугаар тал/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон түүний хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Р.Ө нь хохирогч М.Б-ийн эзэмшлийн Самсунг галакси А-33 загварын гар утсыг “Эрхэс” нэртэй караокены текэн дээр байхад нь авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Р.Ө нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Р.Ө нь хохирогч М.Б-ийн эзэмшлийн Самсунг галакси А-33 загварын гар утсыг биет байдлаар хохирогчид буцаан олгосон байх ба хохирогч М.Б нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. Гар утсаа буцаан авсан” гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Р.Өыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Р.Өын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлиийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Р.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлиийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өод хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлиийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Ө нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Р.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР