| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0081/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/86 |
| Огноо | 2024-02-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/86
2024 02 28 2024/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Д,
хохирогч Н.Н,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” дугаартай танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мод холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ж.Лтай үүрэн холбооны ******** дугаараас Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан байна “танай ах Батсүмбэр нь суллагдах гэж байх тул цагны мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 285,000 төгрөгийг Д.Хын эзэмшлийн Хаан банкны ******** тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,
Мөн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи 2 багт оршин суух хохирогч Ж.Отой үүрэн холбооны ******** дугаар утаснаас холбогдож “...Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дарга нь байна гэж байсан танай хүүхэд ойрд ажил ихтэй байгаад дэлгүүр орж чадахгүй байна дэлгүүр нь 5-аас 10 минутын дараа хаах гээд байна яаралтай мөнгө шилжүүл” гэж хуурч 40,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкны ******** дугаартай Лхагвасүрэн Цэрэннадмид гэх дансаар, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дахин хохирогч Ж.О, Л.Б нартай холбогдож “...Прокурорын газраас ярьж байна суллагдах гэж байна хорих ялын үлдсэн хугацааг тэнсэж байгаа учир цагны мөнгө 420,000 төгрөгийг шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 420,000 төгрөгийг Доржпалам Д.Х гэх эзэмшигчтэй Хаан банкны ******** дугаартай харилцах дансаар тус тус шилжүүлэн нийт 460.000 төгрөг авсан,
2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд үүрэн холбооны *****дугаараас хохирогч Н.Нийн эзэмшлийн үүрэн холбооны ***** дугаарын утас руу залгаж “...танай хүү Т.Үүрцайх нь гав зүүхээр боллоо" гэж хуурч, 480,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардаж, улмаар Жигдванчигийн Цагаанчулууны эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансаар 480,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 01-25 тоотод оршин суух хаягтай хохирогч Б.Стай *****дугаарын утсаар холбогдон "Хөвсгөл аймагт... бид наймуулаа болчихлоо, одоо хүнсээ аваад гарлаа, хотод мах үнэтэй байна уу, манай энд хямд мах байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 462,250 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч М.Хтай утсаар холбогдон "Баатаржий байна, 35 тооны хонь зарна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2 удаагийн үйлдлээр нийт 3.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ***** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Надежда ***тоотод оршин суух хаягтай хохирогч А.Н-тай үүрэн холбооны ***** дугаараас Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор байна “танай хүү Б.Бат-Эрдэнэ нь суллагдах гэж байгаа тул цагны мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 486,000 төгрөгийг Э.Бгийн эзэмшлийн Хаан банкны *****тоот харилцах дансаар шилжүүлэн авч нийт 5.673.250 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна...” гэв.
Хохирогч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гомдолтой байна, хүүхдийг минь ашиглаж мөнгө авсан. Уг нь залуу хүн байх юм, ажил хөдөлмөр хийж аав ээжээ асарч, дүү нартаа үлгэр жишээ явах хүн ингэж явах хэцүү л байна. Би өөрөө хүүтэй, хүү маань хэрэг хийсэнд надад хэцүү л байдаг юм. Одоо хүү маань хорих ангиас гарсан, ажил хөдөлмөрөө хийгээд явж байгаа. Харахад сайхан залуу байна, яагаад хүнд ийм их хохирол учруулдаг юм бэ, ээж аав нь өдий болгож өсгөж өндийлгөсөн байхад ээж, аавынхаа ачийг хариулахын оронд ийм муухай бодож хийж явдаг, энэ хүүхдэд хэцүү л байх, би гомдолтой гэж бодож байна. Залуу хүүхэд алдаж эндэж болно, үүнийгээ яагаад дахин дахин давтаад байдаг юм бэ, ажил хийж хөдөлмөрлөх нас шүү дээ. Би одоо 57 настай, тэтгэвэрт гараад 3 жил болж байна, би үр хүүхдийнхээ төлөө явж одоо хүртэл зүгээр суулгүй, ажил хийдэг. Би 3 хүүхэдтэй, ганц хүү хоёр охинтой, аав нь үйлдвэрт ажиллаад тэтгэвэрт гарсан. Тухайн өдөр бид их гайхсан, хагас сайн өдөр байсан. Шүүхээс яриад байна, хүүхэд тань цаг зүүх гээд байна, 480.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би хүнээс хүүтэй мөнгө аваад энэ хүүхдэд шилжүүлж өгсөн. Яагаад гэхээр хүүхдээ их хурдан гарч ирэх нь байна гээд аймар их баярлаад тэр өдрөө ёстой шоконд орсон. Тэгээд би шүүх дээр очсон, шүүхийн дарга нартай нь уулзахад худлаа байсан гэдгийг мэдсэн. Энэ залуу Хөвсгөл аймагт оччихоод хэрэг тариад яваад байсан юм билээ. Ийм сайхан залуу байж яагаад ийм муухай үйлдэл хийж хүмүүсийг залилаад ажил хөдөлмөр хийхгүй байгаа юм бэ, Боломжоороо хохирлоо барагдуулж өг, би тэр өдөр шоконд ороод даралт ихсээд харваж үхэхээ шахсан, хүүгээ хугацаанаасаа өмнө суллагдаж байна гэж бодоод маш их баярласан...” гэв.
Улсын яллагч Т.Д яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр сууриа тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүхээс хохирогч Ж.Л, Ж.О, Л.Б, Б.С, М.Х, А.Ннарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд заавал оролцуулах хүсэлтийг талууд гаргаагүй тул тэдний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,
- Хохирогч Ж.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг **-**тоот гэртээ байж байсан чинь ******** гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “шүүхийн шийдвэрээс ярьж байна, танай ах Батсүмбэр нь суллагдах гэж байна. Цагны мөнгө гэж 285,000 төгрөг шилжүүл” гэхээр нь Хаан банкны ******** гэсэн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд ******** гэсэн дугаараас дахиж залгаад “2 цагт шүүх дээр ирээд ахтайгаа уулзаарай” гэж хэлсэн. Батсүмбэр нь манай төрсөн ах байгаа юм. 2023 оны 04 дүгээр сард Шүүхийн шийдвэрийн 437 дугаар хорих ангид хоригдсон юм. Надтай ярьсан хүн эрэгтэй, Увс маягийн аялагтай хүн байсан. Надад 285,000 төгрөгийн хохирол учраад байна. Манай бэр эгч ********нь хорих анги руу орж ах Батсүмбэртэй уулзсан бөгөөд тэгтэл Б.М гэх залуутай хамт хориход байсан. Тэгээд тэр залууг 2023.09-р сард суллагдсан гэж хэлсэн. Хориход байгаа хүмүүс дарааллаж зогсож байгаад ар гэр рүүгээ утсаар ярьдаг бөгөөд тэгэхэд хэнтэй, хэд гэсэн дугаараар ярьснаа хэлж тэмдэглүүлдэг гэсэн. Тэрийг нь л Б.М гэх залуу мэдэж авсан байх гэж ах маань хэлсэн юм. Тэрнээс өөрөөр ах маань хүнд бид нарын дугаарыг хэлээгүй, энд тэнд бичээгүй гэсэн юм. Сэтгэцтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31, 33 дугаар тал/,
- Гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мөрөнд таксинд явдаг юм. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө 00 цаг өнгөрч байхад “Ану худалдаа үйлчилгээний төв”-ийн гадаа үйлчлүүлэгч зогсож байхад 2 залуу ирээд 1 нь яваад нөгөө нь миний машинд суусан. Тэгээд “Эрдэнэс баар” оръё гэхээр нь очтол тэр баар хааж байсан болохоор ах “Аянчин баар” оръё тэгээд баарны гадаа очсон. Тэгтэл “манай нутгийн хүн явж байна” гээд машинаас бууж нэг залуутай уулзаад машинд тэр нөхөртэй орж ирээд захын хойд талын “Оч” дэн буудал оръё гэхээр нь хүргэж өгсөн. Тэгээд төлбөр тооцоогоо хийгээд буухдаа миний утасны дугаарыг аваад такси хэрэг болбол тань руу ярина гээд үлдсэн. Тэгээд шөнийн 02 цаг болж байхад над руу залгаад “манай аав, ээж 2 хөдөөгөөс орж ирж байгаа юм надад эрт такси хэрэгтэй байна, та явах уу” гэхээр нь хэдэн цагт тосох юм гэсэн чинь “07 цагийн үед” гэхээр нь би “за тэгье” гэж хэлсэн. Тэгээд өглөөний 07 цагийн үед над руу залгаад “та хүрээд ирээч” гэхээр нь “чи хаана байна” гэсэн чинь “би захын баруун талын Хаан банкны энд байна” гэсэн тэгээд очиж аваад 7 дугаар хороо орсон хаягийг нь сайн санахгүй байна. Тэгээд “энэ манай хамаатных байгаа юм та түр хүлээж байх уу” гэхээр нь би хүлээсэн тэгтэл 10 гаран минутын дараа гарч ирэхдээ 5-6 ангийн нэг эрэгтэй хүүхэд дагуулж гарч ирээд “төв Хаан банк оръё” гэсэн явж байх замдаа “таны данс руу мөнгө хийгээд авъя тэгэх үү дүүд нь карт алга” гэхээр нь би “тэг тэг” гээд дансны дугаар өгсөн. Тэгээд хаан банкны гадаа очоод мөнгө орж ирэхийг нь хүлээж 10 гаран минут болж байтал 285,000 төгрөг удалгүй 420,000 төгрөг миний дансанд орж ирсэн тэгээд таксины мөнгө гээд 5,000 төгрөг авч үлдээд 700,000 төгрөгийг нь би АТМ-с бэлнээр авч өгсөн чинь “захын урд талын “Оч” буудалд би юм аа мартсан байна” гээд тийшээ очоод урд шөнө таарсан залуутайгаа дахиж таараад буцаад 13 дугаар хороо ороод “та хэсэг хүлээж байгаарай” гэхээр нь хүлээж байтал ганцаараа гарч ирээд “зах оръё” гэсэн тэгээд захын Хаан банкны тэнд буулгаад үлдсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
- Гэрч Т.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 сарын 15-ны орой 22 цагийн үед Хөвсгөл аймгийн мөрөн суманд Б.Мтой таарсан. Би Б.Мыг хар багаас нь мэддэг юм тэгээд удаан уулзаагүй болохоор нутгийн найзтайгаа ойр зуурын юм ярьсан. Тэгээд бид хоёр мөрөн суманд "Оч" нэртэй буудалд цуг хоносон юм. Бид хоёр хамт Оч нэртэй буудалд Б.Мтой цуг хонож байхад Б.М надад хандаж найз нь шоронд ороод сая суллагдаад одоо сум руугаа явж байна надад утсаа өгөөч аав, ээжтэйгээ ярих гэсэн юм гэж хэлхээр нь би утсаа өгч яриулсан. Миний хажууд утсаар хүнтэй ярихгүй надаас холдож ярьж байсан. Маргааш өглөө нь би буудлын гадаа тамхи татаад өрөө лүүгээ буцаад ороод ирэхэд Б.М миний утсыг аваад явсан байсан. Би гадуур явж байгаад буцаад өдөр ирэхэд Б.М буудалдаа ирсэн байсан. Тухайн үед Б.М бас л хүмүүстэй утсаар ярьж байсан тэгээд бид хоёр буудлаас гараад миний таньдаг айл Бат гэдэг айлд очоод тэр айлд бид хоёр 2.5 л Боргио нэртэй пиво уусан. Пиво ууж байхад Б.М хармаанаасаа мөнгө гаргаж ирээд буцаагаад далд хийж байсан. Би хальт харахад дан арван мянгантын дэвсгэрүүд байсан. Б.М намайг хоол хий гэхээр нь би хоол хийж байхад Б.М нэг эмэгтэй хүнтэй утсаар ярьж байгаад хоол ч идэлгүй миний утсыг өгөөд банк орох ажилтай байна гээд яваад өгсөн. Удалгүй ирэхдээ 10 орчим насны хүүхэдтэй цуг ирээд ахын маань хүүхэд гэж ярьж сууж байгаад яваад өгсөн. Б.М явснаас 10 минутын дараа миний утас руу Б.Мыг асууж эмэгтэй хүн залгасан тэхээр нь би гадуур гарсан байна гэж хэлэхэд тэр хүн утсаа тасалсан. Хэсэг хугацааны дараа дахиж тэр хүн над руу залгаад та хаанаас ярьж байна гэхээр нь би Хөвсгөл аймгаас ярьж байна гэхэд тэр хүн Б.Мыг асууж байгаад утсаа тасалсан. Тэгээд би унтаж байтал Б.Мтой цуг сүүлд ирсэн хүүхэдтэй хамт цагдаа орж ирсэн. ******** утасны дугаар миний дугаар, би нөгөө хоёр дугаарыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/,
- Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан “... миний ******** дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн хүн 1 дугаарын хүн мөн байна. ...” гэсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 144-146 дугаар тал/,
- Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Д.Хын эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай харилцах дансны “... 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 14 минутад “Батсүмбэр” гэсэн утгатай Ж.Лын эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай данснаас 285,000 төгрөг шилжүүлсэн. ...” талаарх лавлагаа,
- Хохирогч Ж.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны орой хадлангаас гэртэй ирсэн манай ********* дугаарын утас руу ******** дугаарын утсаар 21 цаг 50 минутын үед залгахаар нь авсан чинь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дарга нь байна гэж байсан танай хүүхэд ойрд ажил ихтэй байгаад дэлгүүр орж чадахгүй байна дэлгүүр нь 5-аас 10 минутын дараа хаах гээд байна яаралтай мөнгө шилжүүл гэхээр нь манай хүү дансандаа мөнгөтэй байгаа гээд утсаа салгасан. Би Орхон аймагт байдаг охин Халиунаа руу залгах гэсэн утас руу буцаад ******** дугаар залгаад ороод ирэхээр нь авсан намайг та яг юу нь вэ гэхээр нь би ээж нь байна гэсэн заа хурдан 40.000 төгрөг хий би дансаа мессежээр явуулъя гээд утсаа салгасан хэдэн минутын дараа манай утас руу хаан банкны ******** дугаарын данс ирэхээр нь утсаараа тухайн данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Нөгөө ******** дугаар залгаад мөнгө орчлоо гээд цаана нь манай хүүгийн нэрийг дуудаад та нар ар араасаа зогс Б.Б түрүүлж орж ирээд дэлгүүрээс юмаа ав гэж сонсогдож байсан би хүүтэйгээ ярьж болох уу даргаа гэсэн чинь болохгүй энэ албан байгууллагын утас гэхээр нь мэнд хүргээрэй аав ээж хоёр нь сайн байгаа гэж хэлсэн тасалсан. 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 07 цаг 39 минутад ******** дугаарын утсаар манай утас руу залгахаар нь авсан чинь Орхон аймгийн Прокурорын газраас ярьж байна та юу нь вэ гэж асуухаар нь би ээж нь байна гэсэн над руу танай хүүхэд чинь хүүхдийн колонд байж байгаад Орхон аймгийн хорих анги руу шилжиж ирсэн юм байна хоригдож байгаа хуулийн зүйл ангийг нь хэлээд танай хүү Ерөнхийлөгчийн зарлигаар гарах боллоо Орхон аймгийн Прокурорын газраас ирж авах хүн байна уу 09 цагт гэхээр нь бид хоёр Хөвсгөл аймгийн Тариалан суманд хөдөө байдаг хүмүүс гэсэн чинь тасалсан. Тэгээд бид хоёр баярлаад байж байсан манай утас руу 08 цаг 02 минутад ******** дугаарын утас залгахаар нь авсан чинь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ярьж байна танай хүүхдийн бичиг баримт дутаад байна бусад нь машиндаа суусан гээд салгасан би Орхон аймаг руу дүү Баасандорж руу залгаад дүү Б.Быг чинь ирж ав гэж байна гээд тухайн залгасан дугаарыг нь Баасандоржид өгсөн чинь яриад цагны мөнгө шилжүүл гээд 420.000 төгрөг манай дүү Баасандорж шилжүүлсэн дараа нь манай дүү Баасандорж өнөөдөр амралтын өдөр Д.Бын хорих анги дээр очиж жижүүртэй нь уулзлаа ажлаа хийж байгаа гэнэ суллагдах талаар ямар ч зүйл байхгүй гэж байна гэхээр нь л худлаа байсан талаар нь ойлгосон. Эхлээд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны орой ******** залгасан дугаараас Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь байна гэж ярьсан. 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө ********* дугаарын утсаар Орхон аймгийн Прокуророос ярьж байна гэж хэлсэн, дараа ******** дугаарын утсаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ярьж байна гээд манай хүү Б.Бын ял эдлэлтийн талаарх мэдээллийг бүгдийг нь ярьж байсан ямар ч овог нэрээ хэлсэн хүн байгаагүй. Би Орхон аймаг орж хавтаст хэргийн материалтай танилцахгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 159-160 дугаар тал/
- Хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд ах ******** гэсэн дугаар өгөхөөр нь залгасан чинь шүүхээс ярьж байна танай дүү Б.Б суллагдах гэж байна гэж хэлээд өмнө хүүхдийн хорих ангиас шилжиж ирсэн байна. Үлдсэн хугацааг тэнсэн ялаар шийтгүүлэн бугуйн цаг зүүх болохоор та Хаан банкны ******** гэсэн дугаарын данс руу 420,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд 09 цаг 30 минутад шүүх дээр ирж дүүгээ аваарай гэж хэлсэн юм. Тэгээд миний регистрийн дугаар гэрийн хаягийг тодруулж байна гэж миний мэдээллийг авсан юм...Надтай ярьсан эрэгтэй хүн дархад маягийн аялгатай хүн байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 150-151 дүгээр тал/,
- Гэрч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би ажлын байран дээрээ байж байтал 20 гаран насны хоёр залуу манай байгууллагаар үйлчлүүлсэн. Тэгээд тооцоо хийх болсон чинь нэг залуу нь утас унтарчихлаа би хүнтэй яриад мөнгө шилжүүлээд авчихъя. Тооцоогоо хүнээс мөнгө авч хийх юм гэж хэлсэн. Тэгээд би дансаа өгсөн чинь миний дансанд тухайн өдөр 40000 төгрөг шилжиж орсон. Тухайн залуу тооцоогоо эхлээд бэлнээр хийгээд 20-од мянган төгрөг дутчихсан. Тэгээд 40000 төгрөг дансанд орсны дараа зөрүү 20000 төгрөгөө аваад гарсан. Тэр залуу миний дугаараас нэлээн олон хүн рүү залгаад утсаа авахгүй байна гээд байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168-169-р тал/
- Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Д.Хын эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай харилцах дансны “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 14 минутад “Б.Б” гэсэн утгатай Л.Бийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай данснаас 420,000 төгрөг шилжүүлсэн...” талаарх лавлагаа /1-р хавтаст хэргийн 142-143 дугаар тал/,
- Иргэн Н.Энхбаяраас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /1-р хавтаст хэргийн 186 дугаар тал/,
- Хохирогч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр намайг Даваат баг Манханы *********тоотод гэртээ байхад 08 цаг 30 минутын үед миний ашигладаг ***** дугаарын утас руу *****дугаарын утаснаас залгаад Үүрцайхын ээж мөн үү шүүхээс залгаж байна би буцаад залгая... гээд утсаа салгачихсан юм. Тэгсэн 10:00 цагийн үед надруу *****дугаарын утаснаас дахин залгаад ...Үүрцайх гав зүүхээр боллоо, та 480,000 төгрөг яаралтай шилжүүл гэж ярьсан бөгөөд өөрийгөө шүүхийн ажилтан гэж хэлсэн юм. Тэгээд нэрийг нь асуусан нэрээ хэлэхгүй байсан бөгөөд би өөрийн төрсөн хүү болох Үүрцайхыг суллагдах гэж байгаа юм байна гэж бодоод баярлаад 480,000 төгрөгийг өөрийн ашигладаг Хаан банкны ********* дугаартай данснаас тухайн хүнээс мессежээр явуулсан Хаан банкны ********* дугаартай Цагаанчулуун Жигдванчиг эзэмшигчтэй данс руу Согоот багт байрлах төв Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн юм. Тэгээд мөнгө шилжүүлснийхээ дараа Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих анги дээр очсон чинь манай хүү гарах болоогүй, манайхаас тийм зүйл яриагүй гэж хэлсэн юм. Тэгээд өөрийгөө залилуулсан гэдгийг мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 202 дугаар тал/,
- Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг толгод 35-04 тоот гэртээ байж байсан чинь 08 цаг 30 минутанд ******** дугаараас над руу нэг эрэгтэй хүн Үүрцайхын ар гэр мөн үү прокурорын газраас ярьж байна гэж хэлээд өөрөө хаана оршин суудаг вэ гэхээр нь Эрдэнэтэд гэсэн чинь ээжтэйн холбоо барих дугаар хэрэгтэй байна гэхээр нь өгсөн юм. Тэгээд ээж Н.Нтэй холбогдож хүү чинь суллагдах гэж байгаа цагны мөнгө гэж 480,000 төгрөг яаралтай Хаан банкны ********* дугаарын данс руу шилжүүл гэхээр нь ээж шилжүүлсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн юм ... ” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 206 дугаар тал/,
- Гэрч Ж.Ц-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би ажил дээрээ байж байтал 30 орчим настай залуу орж ирээд бичиг баримтаа хаячихлаа би дүүгээсээ мөнгө авах гэсэн юм. Таны дансаар авчих уу гэхээр нь би өөрийн ашигладаг ********* дугаартай дансаа өгтөл удалгүй миний дансанд 480,000 төгрөг орсон байсан. Тэр үед тухайн залуу та АТМ-с аваад өгөөч гэхээр нь би Товчооны АТМ ортол тэр үед АТМ ажиллахгүй байсан. Эргээд гараад иртэл Эрдэнэт явах нэг жолооч нөгөө залууг явъя хөөе гэсэн. Тэгээд би нөгөө мөнгөнөөсөө 475,000 төгрөгийг жолооч руу нь шилжүүлсэн. Тухайн жолоочийг Оюунбаатар гэдэг. Тэр жолооч Эрдэнэт Мөрөн хоёрын хооронд хүн тээвэрт явдаг жолооч байгаа юм. Утасны дугаар нь ********* гэсэн дугаартай дансыг одоогоор санахгүй байна. Тэр залуу тухайн үед зузаан хөдөөний хүмүүс барьдаг гар утастай байсан мөн утасны дугаар ******** гэсэн дугаартай явж байсан. Намайг гал тогоонд хоол хийж байхад зааланд хүнтэй утсаар яриад байсан, хоол хийж байгаа чимээнд хальт сонсоход өмгөөлөгчийн мөнгө гэж яриад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 210-211 дүгээр тал/,
- Гэрч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө Хөвсгөл аймгийн Мөрөн сум буюу аймгийн төвийн Авто тээврийн вокзал дээр өөрийн 39-45 ОРБ улсын дугаартай, цагаан өнгийн Соната-8 загварын машинтайгаа Орхон аймаг руу явахаар 3 хүн суулгачихсан зогсож байсан юм. Тэгтэл тус авто вокзал дээр хоолны үйлчилгээ эрхэлдэг зүс таних нэг тогооч эгч нь нэг танихгүй залуугийн хамт гарч ирээд надад хандан "энэ залуу Эрдэнэт явна гэнэ, миний данс руу мөнгө хийчихсэн чинь би дотроос авч өгөх гэтэл мөнгөгүй байна, чи авч яваад Оргил худалдааны төв ороод АТМ-ээс мөнгийг нь аваад өгчихөөрэй, би чиний данс руу мөнгийг нь шилжүүлчихье, наад залуу чинь Тосонцэнгэл сум орохоос арай наах нь хүнд мөнгө өгнө гэсэн шүү" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууг дотогш ороод билетээ бичүүлчих гэж хэлсэн. Мөн би тэр эгчид өөрийн Хаан банкны ********* дугаарын дансаа хэлтэл 475,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэр залуу удалгүй билетээ бичүүлчихээд гарч ирсэн бөгөөд тэгээд бид нар хөдөлсөн. Би Оргил худалдааны төвийн АТМ ганцаараа ороод 475,000 төгрөгийг бэлнээр авч тэр залууд өгсөн юм. Ингээд явсаар Орхон аймагт ирсэн бөгөөд тэр залуу замдаа хэн нэгэнд мөнгө өгөөгүй, хэнтэй ч уулзаагүй юм. Тийм ээ, надад гэрэл зургийг нь харуулж буй Б.М гэх залуу нь мөн байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 213 дугаар тал/,
- Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23/877 дугаартай "...********* тоот дансны эзэмшигч Жигдванчигийн Цагаанчулуун..." гэсэн албан бичиг, тус дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 192-194 дүгээр тал/,
- Хохирогч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Хаан банкны ********* тоот дансны хуулгаар 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 14 минутад ********* тоот данс руу 480,000 төгрөг шилжүүлсэн " дансны хуулга /1-р хавтаст хэргийн 197-198 дугаар тал/,
- Хохирогч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Хохирогч Б.Сгийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Зүүнхараад түлээний мод бэлтгэх ажил гараад манай нөхөр Дашцэрэн нь өөрийн фейсбүүк дээрээ түлээний мод бэлтгэх хүн ажилд авна гэж зар тавьсан чинь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр *****гэсэн дугаараас "Хөвсгөл аймагт 5 хүн байна, маргааш хүнсээ цуглуулаад гарлаа гэсэн. Маргааш өглөө нь бид наймуулаа болчихлоо, одоо хүнсээ аваад гарлаа гээд хотод мах үнэтэй байна уу, манай энд хямд мах байна" гэхээр нь би үхрийн өрөөлийг нь өвчүүтэй нь авъя гээд ***** Б.М гэсэн дансанд 362,500 төгрөг шилжүүлсэн. Орой нь Эрдэнэт дээр ирчихлээ, машины бензин дуусчихлаа гээд байхаар нь тус дансанд 100,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр ор тас алга болоод маргааш нь болох 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баруунхараа өнгөрөөд машин эвдэрчихлээ, одоо Дарханд сэлбэг авах гээд байж байна, та 135,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь сэжиглээд манай ах Дарханд байгаа надад одоо мөнгө алга, манай ахаас очоод авчих гээд ахын дугаарыг өгсөн чинь гар утсаа салгаад алга болохоор нь би цагдаагийн байгууллагад хандах болсон... би нийт 462,500 төгрөг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
- Хаан банк дахь Б.Сгийн эзэмшлийн ********* дугаартай данснаас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 362,250 төгрөг, 100,000 төгрөг нийт 462,250 төгрөгийг ***** дугаартай данс руу шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 19 дүгээр тал/,
- 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23/1079 дугаартай албан бичиг “Батсүхийн Б.Мын эзэмшлийн ***** тоот дансны хуулга, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 03 минутад mahni mungu 89117122 гэсэн утгаар ********* тоот данснаас 362,250 төгрөг, мөн өдрийн 15 цаг 40 минутад тухайн данснаас 89117100 zeel гэсэн утгаар 100,000 төгрөг тус тус орлого болон орж ирсэн” дансны хуулга /2-р хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,
- Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед над руу хүн утсаар залгаад та мал авч байгаа юу? Би мал өгөх гэсэн юм гэж надад хэлсэн. Би хэн гэдэг хүнийг нь тодруулж асуухад Ренчинлхүмбэ сумын 3-р багийн иргэн Баатаржий гэдэг хүн байна гэсэн. Тэгэхээр нь би хэдэн тооны мал зарах гэж байгаа юм гэж асуухад "би 35 тооны эр хонь өгөх гэсэн юм, та авах юм уу гэж асуусан. Би мал авч байгаа, авъя гэхэд тэгүүл урьдчилгаа 1.200.000 мянган төгрөг хийчих, би 35 хонио туугаад ирье гэхээр нь би итгээд хэлсэн урьдчилгаа мөнгийг нь ********* гэх данс руу шилжүүлсэн. Дараа нь буюу 2 цагийн дараа дахиж над руу утсаар залгаад "би малаа туугаад явж байна та үлдэгдэл мөнгөө хийчих би найдвартай аваачаад өгнө" гэхээр нь би үлдэгдэл 2.300.000 мянган төгрөгийг шилжүүлсэн. Би орой болтол тэр хүнийг хонио тууж ирэхийг нь харсан болов ч тэр хүн хонийг минь тууж ирээгүй. Тэгээд би утас руу нь залгахад тэр хүн утсаа аваад "би ажилтай болоод буцчихлаа хэд хоногоос хонийг чинь туугаад аваачаад өгий" гэхээр нь итгээд 3 хоног хүлээгээд байж байтал тэр хүн над руу залгаад би танд монгол шарнууд өгье та надад 10.000.000 төгрөг шилжүүлчих би машин авахаар боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би сэжиг аваад чи яг Баатаржий гэдэг хүн мөн байна уу гэж асуухад би мөн байна гэхээр нь утсаа тасалсан. Би Баатаржий гэж ямар хүн гэдгийг нь тодруулах зорилгоор тэр айлын утсыг хүнээс олж аваад залгахад Баатаржий гэдэг хүн утсаа авахаар нь та надаас өмнө нь хонь зарна гээд 3.500.000 мянган төгрөг авсан сая яриад машин авах гэсэн юм танд 10.000.000 сая төгрөг хэрэгтэй байгаа юм уу гэхэд Баатаржий гэдэг хүн би биш шүү мал зарна гэж би огт хүнтэй яриагүй гэсэн. Тэгээд би цагдаад хандаж ийм утасны дугаараас мал зарна хүний нэр ашиглаад 3.500.000 мянган төгрөг залилууллаа гэхэд надад хандаж сумын цагдаа Батсүх овогтой Б.М гэж хүн байгаа наад хүн чинь залилан үйлддэг саяхан залилан үйлдээд тухайн хүнийхээ хохирлыг барагдуулсан гэж хэлэхээр нь би миний асуудлыг хуулийн дагуу шалгаж мөрдөж өгөөч гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 85-87 дугаар тал/,
- Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *********дугаартай албан бичиг “...2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутад ********* тоот данснаас ”hishigbayraas гэх утгаар 1,200,000 төгрөг, 15 цаг 02 минутад тухайн данснаас hishigbayr ********* гэх утгаар 2,300,000 төгрөг орлого болон орж ирсэн” дансны хуулга /2-р хавтаст хэргийн 109-111 дүгээр тал/,
- Хохирогч А.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Надежда ***тоот гэртээ байж байх үед над руу ***** дугаарын утаснаас прокуророос ярьж байна Дэнжийн хорих 437 дугаар ангид хоригдож байгаа хүү Б.Бат-Эрдэнэ суллагдах гэж байна. Үлдсэн хугацааг цаг зүүж гэрээс гарахгүй байна гэж хэлээд хаан банкны *****дугаарын данс руу 486.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд би мөнгөө хийчхээд буцаад ***** дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан Тэгээд би дахиж холбогдож чадаагүй залгах болгонд холбогдохгүй байсан юм. Эрэгтэй аялагатай хөгшивтөр яриатай байсан. Би Прокуророос ярьж байна гэж бодсон юм. Надад 486.000 төгрөгийн хохирол учраад байна. *****дугаарын дансны эзэмшигч нь Баасанхүүгийн Эрдэнэбат гэж гарч ирж байсан юм. Би Улаанбаатар хотод өвчтэй дүүгээ эмнэлэгт харж байсан болохоор цагдаа дээр ирж чадаагүй юм. Тэгээд би өчигдөр Улаанбаатар хотоос ирсэн юм” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 137-138 дугаар тал/,
- Гэрч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр Амартүвшин, Б.М хоёртой уулзаад нэг пабад суусан. Тэгээд сууж байхад Б.М утсаар яриад гараад явсан. Тэгээд удаагүй байж байтал орж ирээд гэрээсээ хувцас авах мөнгө авахаар боллоо гээд миний дансыг авч хүн рүү явуулсан. Удаагүй миний дансанд 480.000 төгрөг орж ирсэн санаж байна. би хамт гарч АТМ-с картаараа бэлнээр 400.000 төгрөг авч өгсөн. Б.М пабаас гарахдаа миний картыг уншуулж тооцоо хийсэн. Тэгээд мөнгийг нь авч өгчихөөд би ажилтай болоод Амартүвшин Б.М 2-с салаад явсан. Тэр өдрөөс хойш би тэр хоёртой уулзаагүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 143-146 дугаар тал/,
- Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Э.Бгийн эзэмшлийн Хаан банкны *****дугаартай харилцах дансны “... 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутад “Б.Б” гэсэн утгатай Б.А-ийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаартай данснаас 486.000 төгрөг шилжүүлсэн. ...” талаарх лавлагаа /2-р хавтаст хэргийн 148-151-р тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.М нь хохирогч Ж.Лыг хуурч 285.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
- хохирогч Ж.Оыг хуурч 40.000 төгрөгийг авсан, мөн хохирогч Ж.О, Л.Б нартай холбогдож тэднийг хуурч 420.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
- хохирогч Н.Нийг хуурч 480.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
- хохирогч Б.Сг хуурч 2 удаагийн гүйлгээгээр нийт 462.250 төгрөгийг шилжүүлэн авсан,
- хохирогч М.Хыг хуурч 2 удаагийн үйлдлээр нийт 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
- хохирогч А.Н-г хуурч 486.000 төгрөгийг шилжүүлэн авч ашигласан үйл баримтууд тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Б.М нь хохирогч Ж.Лыг хуурч, залилсан болох нь:
- Хохирогч Ж.Лын “... 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг **-**тоот гэртээ байж байсан чинь ******** гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “шүүхийн шийдвэрээс ярьж байна, танай ах Батсүмбэр нь суллагдах гэж байна. Цагны мөнгө гэж 285,000 төгрөг шилжүүл” гэхээр нь Хаан банкны ******** гэсэн данс руу шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Хын “...Тэгээд хаан банкны гадаа очоод мөнгө орж ирэхийг нь хүлээж 10 гаран минут болж байтал 285,000 төгрөг удалгүй 420,000 төгрөг миний дансанд орж ирсэн тэгээд таксины мөнгө гээд 5,000 төгрөг авч үлдээд 700,000 төгрөгийг нь би АТМ-с бэлнээр авч өгсөн” гэх мэдүүлэг,
- Гэрч Т.Г-ын “...Миний хажууд утсаар хүнтэй ярихгүй надаас холдож ярьж байсан. ...Пиво ууж байхад Б.М хармаанаасаа мөнгө гаргаж ирээд буцаагаад далд хийж байсан...” гэх мэдүүлэг,
- Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,
- Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Д.Хын эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай харилцах дансны лавлагаа зэрэг нотлох баримтуудаар,
Хохирогч Ж.О, Л.Б нарыг хуурч, залилсан болох нь:
- Хохирогч Ж.Оы “...та яг юу нь вэ гэхээр нь би ээж нь байна гэсэн заа хурдан 40.000 төгрөг хий би дансаа мессежээр явуулъя гээд утсаа салгасан хэдэн минутын дараа манай утас руу хаан банкны ******** дугаарын данс ирэхээр нь утсаараа тухайн данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд бид хоёр баярлаад байж байсан манай утас руу 08 цаг 02 минутад ******** дугаарын утас залгахаар нь авсан чинь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ярьж байна танай хүүхдийн бичиг баримт дутаад байна бусад нь машиндаа суусан гээд салгасан би Орхон аймаг руу дүү Баасандорж руу залгаад дүү Б.Быг чинь ирж ав гэж байна гээд тухайн залгасан дугаарыг нь Баасандоржид өгсөн чинь яриад цагны мөнгө шилжүүл гээд 420.000 төгрөг манай дүү Б шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
- Хохирогч Л.Бийн “...Тэгээд ах ******** гэсэн дугаар өгөхөөр нь залгасан чинь шүүхээс ярьж байна танай дүү Б.Б суллагдах гэж байна гэж хэлээд өмнө хүүхдийн хорих ангиас шилжиж ирсэн байна. Үлдсэн хугацааг тэнсэн ялаар шийтгүүлэн бугуйн цаг зүүх болохоор та Хаан банкны ******** гэсэн дугаарын данс руу 420.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Хын “...Тэгээд хаан банкны гадаа очоод мөнгө орж ирэхийг нь хүлээж 10 гаран минут болж байтал 285.000 төгрөг удалгүй 420.000 төгрөг миний дансанд орж ирсэн тэгээд таксины мөнгө гээд 5.000 төгрөг авч үлдээд 700.000 төгрөгийг нь би АТМ-с бэлнээр авч өгсөн чинь “захын урд талын “Оч” буудалд би юм аа мартсан байна” гээд тийшээ очоод урд шөнө таарсан залуутайгаа дахиж таараад буцаад 13 дугаар хороо ороод “та хэсэг хүлээж байгаарай” гэхээр нь хүлээж байтал ганцаараа гарч ирээд “зах оръё” гэсэн тэгээд захын Хаан банкны тэнд буулгаад үлдсэн” гэх мэдүүлэг,
- Гэрч Л.Ц-ын “...Тэгээд би дансаа өгсөн чинь миний дансанд тухайн өдөр 40000 төгрөг шилжиж орсон. Тухайн залуу тооцоогоо эхлээд бэлнээр хийгээд 20-од мянган төгрөг дутчихсан. Тэгээд 40.000 төгрөг дансанд орсны дараа зөрүү 20.000 төгрөгөө аваад гарсан.” гэх мэдүүлэг,
- Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Д.Хын эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай харилцах дансны лавлагаа зэрэг нотлох баримтуудаар,
Хохирогч Н.Нийг хуурч, залилсан болох нь:
- Иргэн Н.Э-аас цагдаагийн байууллагад хандаж гаргасан өргөдөл,
- Хохирогч Н.Нийн "...Тэгсэн 10:00 цагийн үед надруу *****дугаарын утаснаас дахин залгаад ...Үүрцайх гав зүүхээр боллоо, та 480.000 төгрөг яаралтай шилжүүл гэж ярьсан бөгөөд өөрийгөө шүүхийн ажилтан гэж хэлсэн юм. ...480.000 төгрөгийг өөрийн ашигладаг Хаан банкны ********* дугаартай данснаас тухайн хүнээс мессежээр явуулсан Хаан банкны ********* дугаартай Ц.Ж эзэмшигчтэй данс руу Согоот багт байрлах төв Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Н.Э-ын “...Тэгээд ээж Н.Нтэй холбогдож хүү чинь суллагдах гэж байгаа цагны мөнгө гэж 480.000 төгрөг яаралтай Хаан банкны ********* дугаарын данс руу шилжүүл гэхээр нь ээж шилжүүлсэн байсан... ” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ж.Ц-ы “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би ажил дээрээ байж байтал 30 орчим настай залуу орж ирээд бичиг баримтаа хаячихлаа би дүүгээсээ мөнгө авах гэсэн юм. Таны дансаар авчих уу гэхээр нь би өөрийн ашигладаг ********* дугаартай дансаа өгтөл удалгүй миний дансанд 480.000 төгрөг орсон байсан. Тэр үед тухайн залуу та АТМ-с аваад өгөөч гэхээр нь би Товчооны АТМ ортол тэр үед АТМ ажиллахгүй байсан. Эргээд гараад иртэл Эрдэнэт явах нэг жолооч нөгөө залууг явъя хөөе гэсэн. Тэгээд би нөгөө мөнгөнөөсөө 475.000 төгрөгийг жолооч руу нь шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Х.О-ын "... Тэгтэл тус авто вокзал дээр хоолны үйлчилгээ эрхэлдэг зүс таних нэг тогооч эгч нь нэг танихгүй залуугийн хамт гарч ирээд надад хандан "энэ залуу Эрдэнэт явна гэнэ, миний данс руу мөнгө хийчихсэн чинь би дотроос авч өгөх гэтэл мөнгөгүй байна, чи авч яваад Оргил худалдааны төв ороод АТМ-ээс мөнгийг нь аваад өгчхөөрэй, би чиний данс руу мөнгийг нь шилжүүлчихье, наад залуу чинь Тосонцэнгэл сум орохоос арай наах нь хүнд мөнгө өгнө гэсэн шүү" гэж хэлсэн. ...Мөн би тэр эгчид өөрийн Хаан банкны ********* дугаарын дансаа хэлтэл 475.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэр залуу удалгүй билетээ бичүүлчхээд гарч ирсэн бөгөөд тэгээд бид нар хөдөлсөн. Би Оргил худалдааны төвийн АТМ ганцаараа ороод 475.000 төгрөгийг бэлнээр авч тэр залууд өгсөн юм...” гэх мэдүүлэг,
- Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23/877 дугаартай албан бичиг, тус дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,
Хохирогч Б.Сг хуурч, залилсан болох нь:
- Хохирогч Б.Сгийн "... Хохирогч Б.Сгийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Зүүнхараад түлээний мод бэлтгэх ажил гараад манай нөхөр Д нь өөрийн фейсбүүк дээрээ түлээний мод бэлтгэх хүн ажилд авна гэж зар тавьсан чинь 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр *****гэсэн дугаараас "Хөвсгөл аймагт 5 хүн байна, маргааш хүнсээ цуглуулаад гарлаа гэсэн. Маргааш өглөө нь бид наймуулаа болчихлоо, одоо хүнсээ аваад гарлаа гээд хотод мах үнэтэй байна уу, манай энд хямд мах байна" гэхээр нь би үхрийн өрөөлийг нь өвчүүтэй нь авъя гээд ***** Б.М гэсэн дансанд 362.500 төгрөг шилжүүлсэн. Орой нь Эрдэнэт дээр ирчихлээ, машины бензин дуусчихлаа гээд байхаар нь тус дансанд 100,000 төгрөг шилжүүлсэн... би нийт 462.500 төгрөг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг,
- Хаан банк дахь Б.Сгийн эзэмшлийн ********* дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
- 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23/1079 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар,
Хохирогч М.Хыг хуурч, залилсан болох нь:
- Хохирогч М.Хын "...2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11 цагийн үед над руу хүн утсаар залгаад та мал авч байгаа юу? Би мал өгөх гэсэн юм гэж надад хэлсэн. Би хэн гэдэг хүнийг нь тодруулж асуухад Ренчинлхүмбэ сумын 3-р багийн иргэн Баатаржий гэдэг хүн байна гэсэн. Тэгэхээр нь би хэдэн тооны мал зарах гэж байгаа юм гэж асуухад "би 35 тооны эр хонь өгөх гэсэн юм, та авах юм уу гэж асуусан. Би мал авч байгаа, авъя гэхэд тэгүүл урьдчилгаа 1.200.000 мянган төгрөг хийчих, би 35 хонио туугаад ирье гэхээр нь би итгээд хэлсэн урьдчилгаа мөнгийг нь ********* гэх данс руу шилжүүлсэн. Дараа нь буюу 2 цагийн дараа дахиж над руу утсаар залгаад "би малаа туугаад явж байна та үлдэгдэл мөнгөө хийчих би найдвартай аваачаад өгнө" гэхээр нь би үлдэгдэл 2.300.000 мянган төгрөгийг шилжүүлсэн. Би орой болтол тэр хүнийг хонио тууж ирэхийг нь харсан болов ч тэр хүн хонийг минь тууж ирээгүй...” гэх мэдүүлэг,
- Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *********дугаартай албан бичиг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,
Хохирогч А.Нг хуурч, залилсан болох нь:
- Хохирогч А.Нгийн “..Үлдсэн хугацааг цаг зүүж гэрээс гарахгүй байна гэж хэлээд хаан банкны *****дугаарын дан руу 486.000 төгрөг шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг
- Гэрч Э.Бгийн “...Тэгээд удаагүй байж байтал орж ирээд гэрээсээ хувцас авах мөнгө авахаар боллоо гээд миний дансыг авч хүн рүү явуулсан. Удаагүй миний дансанд 480.000 төгрөг орж ирсэн санаж байна. Би хамт гарч АТМ-с картаараа бэлнээр 400.000 төгрөг авч өгсөн. Б.М пабаас гарахдаа миний картыг уншуулж тооцоо хийсэн. Тэгээд мөнгийг нь авч өгчхөөд би ажилтай болоод Амартүвшин, Б.М 2-с салаад явсан.” гэх мэдүүлэг,
- Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Э.Бгийн эзэмшлийн Хаан банкны *****дугаартай харилцах дансны лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.М нь хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Ж.Л, Ж.О, Л.Б, Н.Н, Б.С, М.Х, А.Ннарыг хуурч залилан, мөнгийг нь өөртөө авч ашигласан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь өмчлөгч нарын эрхийг зөрчиж, тэдний хөрөнгө буюу мөнгийг буцаан төлөхгүй, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор шилжүүлэн авахдаа “танай хүүхэд, ах суллагдах гэж байна, хонь зарна” зэрэг аргаар хуурч үйлдсэн байгаа нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулгууд, шүүгдэгчийн өөрийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд энэ нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М нь дээрх хууль бус аргаар хохирогч нарыг хуурч мөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирогч Ж.Лд 285.000 төгрөгийн, хохирогч Ж.О, Л.Б нарт 460.000 төгрөгийн, хохирогч Н.Нд 480.000 төгрөгийн, хохирогч Б.Сд 462.250 төгрөгийн, хохирогч М.Хт 3.500.000 төгрөгийн, хохирогч А.Нд 486.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Б.М тодорхой цаг хугацаанд, нийт 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, нийт 5.673.250 төгрөгийг авч хувьдаа ашигласан байдлыг “өөрийн болон гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол үүсвэр болгосон” гэж үзэх үндэслэлгүй юм.
Хэргийн шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь шууд шалтгаант холбоотой байна.
Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 5.673.250 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгчээс 5.673.250 төгрөг гаргуулан хохирогч Ж.Лд 285.000 төгрөгийг, хохирогч Ж.О, Л.Б нарт 460.000 төгрөгийг, хохирогч Н.Нд 480.000 төгрөгийг, хохирогч Б.Сд 462.250 төгрөгийг, хохирогч М.Хт 3.500.000 төгрөгийг, хохирогч А.Нд 486.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, урьд ял шийтгүүлж байсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, өмнө нь гэмт хэрэгт шийтгүүлсэн боловч гэмшээгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч Б.М нь “...хохирлоо төлж барагдуулна, оногдуулах ялыг багасгаж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгүүлсэн боловч өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшилгүй, дахин гэмт хэрэг үйлдэх санаа зорилго бий болгож бусдын хувийн мэдээллийг нууцаар авч, дахин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, төрийн байгууллага, хууль шүүх прокурорын байгууллагын нэрийг барьж бусдад худал хэлж, гэмт хэрэг үйлдсэн, хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхний сэтгэл санаа эд хөрөнгөнд давхар хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 135 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон нийт 135 /нэг зуун гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Моос 5.673.250 төгрөг гаргуулан хохирогч Ж.Лд 285.000 төгрөгийг, хохирогч Ж.О, Л.Б нарт 460.000 төгрөгийг, хохирогч Н.Нд 480,000 төгрөгийг, хохирогч Б.Сд 462.250 төгрөгийг, хохирогч М.Хт 3.500.000 төгрөгийг, хохирогч А.Нд 486.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Шүүгдэгч Б.Мын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР