| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/105 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/105
2024 03 11 2024/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,
Улсын яллагч Т.Т,
Хохирогч А.Б,
Шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Гт холбогдох эрүүгийн 232500************ дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн урд талд хохирогч А.Бтэй таарч, улмаар хохирогчийн авч явсан архинаас ууя гэхэд нь хохирогчийг татгалзахад түүнийг зодож, газарт унаган iphone-8 загварын гар утас, "Хос хас" ХХК-ийн ажлын хувцас, түрийвч, тэлээ зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч 435,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Гийг хохирогч А.Бийн гар утас, ажлын хувцас, түрийвч, тэлээ зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч 435,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Эрдэнэчулуунаас ажлын хөлс 750.000 төгрөгийг аваад хүүхдүүддээ хувцас аваад өөртөө утас авсан, тэгээд эгчийндээ хоносон. Маргааш нь Эрдэнэчулууныг ажил дээр дуудахаар нь очоод хамт ажилладаг 2 дүүтэйгээ нэг шил архи хувааж уугаад харьж яваад А.Бтэй 15 дугаар сургуулийн тэнд явган хүний зам дээр таарсан. Маргаашнаас нь би Сэлэнгэ аймаг руу хүмүүстэй самранд явах гэж байсан юм. Энэ залуутай таараад тамхи байна уу гэхэд архи гаргаж ирсэн. А.Б бас согтуу байсан. Тэгээд миний утсыг авч ярьсан шиг санагдаад байгаа юм. Намайг утсаа нэхэхэд өгөхгүй байхаар нь би ноцолдсон. Тэгээд надад утсаа өгөөд явсан. Гэртээ очтол эхнэр уурлаж цагдаа дуудсан. Цагдаа дээр ирээд энэ хүний утсыг гаргаж өгсөн. Маргааш нь энэ хүний надад байсан бичиг баримтнаас утасны дугаарыг нь олж миний утсыг өг гэж Эрдэнэчулууны утсаар ярьсан. Тэгээд Эрдэнэчулуунтай ноцолдсон газраа утсаа хаячихаж уу гээд очиж үзэхэд миний утас байхгүй, А.Бийг өмсөж явсан бомбэрт байсан. Удалгүй би Эрдэнэчулуунд энэ хүний бичиг баримтыг үлдээгээд самранд яваад ирсэн” гэх агуулга бүхий мэдүүлгийг,
Хохирогч А.Б “тухайн үед би ажлаасаа буугаад ажлынхаа хүмүүстэй архи уусан. Тэгээд замд явж байгаад энэ хүнтэй таарсан. Бид уулзаад ярилцаж байхдаа архи уух уухгүй талаар ярилцаж маргалдахад энэ хүн намайг барьж аваад тэлээ авч, бомбэрнаас татаж газар унагаж дарж байгаад ам руу архи цутгасан. Арай хийж бостол миний утсыг өг гээд намайг дарж аваад явуулахгүй, боогоод байсан учир өөрийнхөө утсыг өгөөд зугтаж яваад ойролцоо дэлгүүрээс цагдаад дуудлага өгсөн. Энэ хүн миний хөл рүү өшиглөсөн нь үнэн, би энэ хүний утсаар яриагүй, утсыг нь ч хараагүй. Архи хамт уух гэж гаргаж ирснээ уухаа болиод явах гэтэл маргалдсан” гэх агуулга бүхий мэдүүлгийг,
Улсын яллагч Т.Т: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э “хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Ш.Гийн гар утас алга болсон эсэхийг шалган тогтоогоогүй, хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй, шүүгдэгч нь довтолж, заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс:
- Хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 21-нд би Булган аймгийн Бүрэгхангай суманд уурхайд ажилладаг. Ажлаасаа буугаад Орхон аймагт орой орж ирсэн. тэгээд цуг ирсэн ажлынхантайгаа ганц шил архи уучихаад харих гээд Орхон аймгийн Баян- Өндөр сум, Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах Хабитатаас уруудаад явж байсан. Тэгсэн би замын хойд талд явж байтал намайг танихгүй эрэгтэй хүн замын нөгөө талаас дуудсан. Тэгээд би юун хүн намайг дуудсан юм бол гээд яваад очтол надад байсан ганц шил архи харчихаад цуг архинаас ууя гэхээр нь би үгүй гээд явах гэтэл намайг шууд барьж аваад баруун талын хөл рүү хоёр гурван удаа өшиглөсөн. Би газар уначихсан. Унасан хойно дээрээс дараад миний түрүүвчтэй бичиг баримт, гадуур өмсдөг хос хас гэсэн бичигтэй шар өнгийн бомбор, бор өнгийн өмдний тэлээ зэргийг авсан. Би босоод зугтаах гэтэл ардаас барьж авч газар унагааснаа гар утас аваад, ам руу архи цутгасан. Би тэр үед манарсан. Ойролцоох дэлгүүр орж худалдагчийн дугаараар цагдаагийн байгууллага дээр ирсэн. Тэгээд сууж байтал хэсэг хугацааны дараа намайг зодож дээрэмдсэн залуу цагдаа дээр ороод ирсэн. Би орж ирэхээр нь би цагдаагийн алба хаагчид энэ намайг дээрэмдсэн залуу байна гэж хэлсэн... Баруун талын гуяны булчин руу гутлаараа хоёр, гурван удаа өшиглөсөн. Дээрээс хоёр гарыг цээжин дээр барьж дарсан... Билэгт хүнсний дэлгүүрээс дуудлага мэдээлэл өгсөн байгаа. Хөдөлгөөнтийн хоёр цагдаа намайг аваад цагдаа дээр ирсэн... Надад Хараа нэртэй 0.75 нэг шил архи бол байсан. Гэхдээ би тэр Ш.Г гэх хүнтэй хувааж уугаагүй миний хажууд утас гаргаж хүмүүс рүү залгаж яриагүй... Би тэр хүний утсыг авч хүнтэй ярих нь битгий хэл тэр хүний утасны барааг нь ч хараагүй. Миний авч явсан архийг хамт ууя гэхээр нь би уухгүй гээд яваад өгсөн чинь араас ирээд шууд өшиглөж унагаагаад, намайг дарж байгаад миний ам руу архи цутгасан. Тэгээд миний тэлээг сугалаад хэтэвчтэй бичиг баримтыг авсан. Тэгээд миний өмсөж явсан шар өнгийн боомборыг тайлж аваад үлдсэн. Тэгэхээр нь би зутгах гэтэл ахиж барьж аваад миний утсыг өг гээд нэхээд байхаар нь би өөрийхөө утсыг тэр хүнд өгчихөөд ойр байсан дэлгүүрт орж, дэлгүүрийн хүний дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний боомбор, тэлээ, шүүх эмнэлэгийн төлбөр, үнэлгээний төлбөр зэргийг надад өгчих юм бол гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 16, 18, 22-23 дугаар тал/,
- Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Г бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаагүй. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Бид хоёр салаад 5 жил гаран болж байна... Манайд үе үе ирж хүүхдүүдтэйгээ уулздаг. Тэгээд тэр орой ирсэн. Ирэхээрээ дандаа согтуу ирдэг болохоор төвөгшөөсөн байр байдал үзүүлчихээр агсам согтуу тавьчихдаг. Тэрний дагуу тэр манайд агсан согтуу тавьж хаалга үүд тогшоод түгжээг нь эвдээд ороод ирсэн. Орж ирсэн хойноо манай том охин руу дайраад, хаалга үүд тайлсангүй гэж чанга яриад айлгаж ичээгээд байсан. Тэгээд цагдаа ирээд аваад явснаас хойш унтаж өгөхгүй хар дарж, зүүдэлж орилж хашхирч босож ирээд ламаар явж байж зүгээр болсон. Манай хашаанд миний дүү охин ганцаараа монгол гэрт байгаа. Тэгээд Ш.Гийг муухай орилж хашхираад хаалга үүд нүдэхээр нь цагдаа дуудсан байсан юм шиг байсан... Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Богино ажлын эрээн цоохор хувцас дээгүүрээ өмссөн байсан... Надтай юу ч яриагүй. Охиныг минь хаалгаа тайлсангүй гэж уурласан. Миний хажуугаар ширдгэн дээр хэвтээд өгсөн. Тэгсэн цагдаа нар орж ирээд аваад явсан... Би тэр орой гар утсаар ярих нь битгий хэл ирнэ гэж бодоогүй. Тэгээд ч би очно гэхээр нь ирээд хэрэггүй гэж хэлдэг. Би тэр орой ирж байна уу гэж огт залгаагүй... Надад 200,000 төгрөгөөр гар утас авсан гэж ярьж байсан. Түүнээс би тэр гар утасны марк төрлийг нь сонирхож тоож хараагүй. Тэгсэн надад гар утсаа дээрэмдүүлсэн гэж ярьсан. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хэд хонгийн өмнө хэлж байсан санагдаад байна...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө би дунд хүү А-д биеийн тамирын цагаан өмд хэрэгтэй байна гэхээр нь өдөр хичээлийг нь орохоос өмнө авч өгөх гээд гарах үед гаднаас Ш.Г согтуу орж ирсэн. Тэгсэн надад сим аваад өг, би утастай болсон гэж хэлсэн. Надад иргэний үнэмлэх байхгүй гээд 20,000 төгрөг дугаар аваад өг гэж хэлж өгсөн. Тэгээд би согтуу хүн дагуулж явахгүй гээд үлдээгээд гарсан. Тэгээд юнителын гадаа зарж байсан 3,000 төгрөгөөр дугаар авсан. Уг дугаарыг би өөрийн нэр дээр авсан. 88248980 гэсэн дугаар авч Ш.Гт өгсөн...“ гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26, 35-38 дугаар тал/,
- Гэрч Д.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ш.Г нь хүнтэй архи уугаад гар утсаа дээрэмдүүлсэн оронд нь бичиг баримтыг нь авчихлаа гэж хэлсэн. Тэгснээ надад найз нь Сэлэнгэ аймаг руу явлаа. Цуг явах хүн залгаад байна гэж хэлээд надад энэ хар өнгийн түрүүвчтэй бичиг баримт үлдээгээд явсан. Тэр өдрөө тухайн гар утсыг минь авсан хүн гээд нэг хүнтэй утсаар яриад маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
- Гэрч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Билэгт хүнсний дэлгүүрт худалдагч ажил хийж байсан, манайх хоёр худалдагчтай. Тухайн өдөр бид хоёр хоёулаа байсан. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр намайг ажил дээрээ байхад 21 цагийн үед гаднаас үл таних залуу орж ирээд ахдаа цагдаа дуудаад өгөөч, би сая хүнд дээрэмдүүлчихлээ. Арай гэж нэг зугтлаа, хүнд зодуулсан, дээрэмдүүлсэн гэж хэлж байсан. Тэр хүн айсан сандарсан байдалтай гүйж орж ирсэн. Тэгээд манайх дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа иртэл тэр эрэгтэй манай ажил дээр байж байгаад явсан... Оранж өнгийн хувцастай явсан. Уурхайн ажлаасаа бууж ирээд хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан, бас дээрэмдүүлчихлээ гэж хэлж байсан... Гар утас, бичиг баримт бүх юмаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн... Намхан нуруутай, бор царайтай, нүд хөмсөг болсон 30-35 орчим насны ажлын хувцастай, харахад дан цамцтай гүйж орж ирсэн...Тухайн үед хяналтын камертай байсан ч алдаа заагаад бичигдээгүй байсан... Нэмж ярихад тэлээ барьсан өндөр нуруутай, бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн манай дэлгүүрийн урдуур гараад явсан. Би тухайн үед дээрэмдүүлсэн гэх залуугаас асуухад ах нь царайг нь санахгүй байна гэж байсан. Тухайн эрэгтэй хүн туранхай өндөр хүн харагдсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 30-33 дугаар тал/,
- Гэрч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 21-ний орой манайд орж ирээгүй, хаалга татсан. Тэр үед би дотроосоо түгжчихсэн байсан... Би гэртээ ор гэж хэлээгүй, миний урдаас хүүхдүүд унтахаар орно гэж хэлээгүй. Би хаалга татаад байхаар нь яв гэж хэлсэн. Дахиад хаалга татахаар нь цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 40-42 дугаар тал/,
- Гэрч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хорооллын нутаг дэвсгэрт Орхон аймаг Цагдаагийн газар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.И-ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлага, мэдээллийн дагуу тус дэлгүүрт очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай намхан нуруутай эрэгтэй хүн гудманд бусдад дээрэмдүүлсэн гэчихсэн зогсож байсан. Тэгээд тухайн залууг жижүүрийн оффицер С.Ц-д хүлээлгэж өгсөн... Ай пойне 8 маркийн гар утсаа дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэгж байтал Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт хөтлийн 10-14 тоотод нөхөр хэл үгээр доромжлоод байна гэсэн дуудлага, мэдээллийн дагуу очиж шалгахад иргэн Ш.Г нь гэрт согтуу газар унтаж байсныг 102 дээр авч ирж шалгахад халааснаас нь ай пойне 8 загварын гар утас гарч ирэхэд дээрэмдүүлсэн гэх залуу миний гар утас байна гэснээ кодыг нь тайлаад таниад авсан. Тэгээд энэ залуу намайг гудманд дээрэмдсэн гэж хэлсэн. Тэр үед Ш.Г юу ч дугараагүй. Тэгээд дараагийн дуудлага руу явж байхад 102-оос авчирсан хүн чинь алга болчихлоо гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,
- Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... *********** дугаар миний дугаар. ------------- манай дүү Ш.Гийн дугаар байна... 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр над руу манай төрсөн дүү Ш.Г *************дугаараас согтуу залгасан. Над руу ярихдаа би гар утастай болчихлоо ийм дугаартай шүү гэж хэлсэн. Тэрнээс хойш над руу яриагүй...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 46 дугаар тал/,
- Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр орой ээлжинд гарч байхад танихгүй дугаараас залгаад би дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Би урдаас нь надад хэлээд яах вэ дээ, цагдаад хэл гэж хэлсэн. Тухайн дэлгүүрийн эзэн нь цагдаа дуудсан гэж байсан. Тэгээд би завгүй байсан учраас гар утсаа салгасан... Би нөхрөөсөө чи юу дээрэмдүүлсэн юм гэж асуухад өмсөж явсан хувцас, гар утас, түрүүвч, бичиг баримт гэж хэлсэн. Ай поне-8 маркийн гар утас, үнийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 42 дугаар тал/,
- Ш.Гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Би уг тогтоолтой танилцлаа. Энэхүү тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би мэдүүлэг өгмөөргүй байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 76 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 825 дугаартай “1.А.Бийн биед баруун, зүүн шуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,
- Монгол улсын Мэргэшсэн үнэлгээчин Дашдэлгэрийн Мягмарсүрэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн **** дугаартай " 2023 оны 09-р сарын 29-ны өдрийн байдлаар iphone-8 маркийн утсыг 320,000 мянган төгрөг, Хос хас ХХК-ийн ажлын хувцас бомборыг 60,000 мянган төгрөг, өмдний суран тэлээг 15,000 мянган төгрөг, түрийвчийг 40,000 мянган төгрөг нийт 435,000 /дөрвөн зуун гучин таван мянга/-н төгрөг болж байна” гэсэн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 57-61 дүгээр тал/,
- “Юнител” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ************ дугаартай албан бичгээр ирүүлсэн “8*********** дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа” /хавтаст хэргийн 99-100 дугаар тал/,
- “Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай”, “хавтаст хэрэгт тусгах тухай”, “эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай” мөрдөгчийн тэмдэглэлүүд, /хавтаст хэргийн 101-108, 115-119 дүгээр тал/,
- Орхон аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн *********** дугаартай “Д- гаргаж өгсөн үүрэн холбооны **********дугаарын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дуудлага хийсэн талаарх лавлагаа, /хавтаст хэргийн 113-114 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Ш.Г нь хохирогч А.Бийг өшиглөж газарт унаган, дарж гар утас, ажлын хувцас, түрийвч, тэлээ зэрэг эд зүйлсийг авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Ш.Г нь хохирогч А.Бийн эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч 435,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр хүний утсыг авч хүнтэй ярих нь битгий хэл тэр хүний утасны барааг нь ч хараагүй. Миний авч явсан архийг хамт ууя гэхээр нь би уухгүй гээд яваад өгсөн чинь араас ирээд шууд өшиглөж унагаагаад, намайг дарж байгаад миний ам руу архи цутгасан. Тэгээд миний тэлээг сугалаад хэтэвчтэй бичиг баримтыг авсан. Тэгээд миний өмсөж явсан шар өнгийн боомборыг тайлж аваад үлдсэн. Тэгэхээр нь би зутгах гэтэл ахиж барьж аваад миний утсыг өг гээд нэхээд байхаар нь би өөрийхөө утсыг тэр хүнд өгчихөөд ойр байсан дэлгүүрт орж, дэлгүүрийн хүний дугаараас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Бийн шүүх хуралдаанд өгсөн “...архи уух уухгүй талаар ярилцаж маргалдахад энэ хүн намайг барьж аваад тэлээ авч, бөөмбэрнээс татаж газар унагаж дарж байгаад ам руу архи цутгасан. Арай хийж бостол миний утсыг өг гээд намайг дарж аваад хүчрэхгүй явуулахгүй боогдоод байсан учир өөрийнхөө утсыг өгөөд зугтааж явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Эр-ны “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ш.Г нь хүнтэй архи уугаад гар утсаа дээрэмдүүлсэн оронд нь бичиг баримтыг нь авчихлаа гэж хэлсэн. ...Тэр өдрөө тухайн гар утсыг минь авсан хүн гээд нэг хүнтэй утсаар яриад маргалдаад байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Р.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дуудлага, мэдээллийн дагуу тус дэлгүүрт очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай намхан нуруутай эрэгтэй хүн гудамжинд бусдад дээрэмдүүлсэн гэчихсэн зогсож байсан. ...Ай пойне 8 маркийн гар утсаа дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэгж байтал Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт хөтлийн 10-14 тоотод нөхөр хэл үгээр доромжлоод байна гэсэн дуудлага, мэдээллийн дагуу очиж шалгахад иргэн Ш.Г нь гэрт согтуу газар унтаж байсныг 102 дээр авч ирж шалгахад халааснаас нь ай пойне 8 загварын гар утас гарч ирэхэд дээрэмдүүлсэн гэх залуу миний гар утас байна гэснээ кодыг нь тайлаад таниад авсан. Тэгээд энэ залуу намайг гудманд дээрэмдсэн гэж хэлсэн. Тэр үед Ш.Г юу ч дугараагүй” гэх мэдүүлэг,
Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр орой ээлжинд гарч байхад танихгүй дугаараас залгаад би дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. ...Би нөхрөөсөө чи юу дээрэмдүүлсэн юм гэж асуухад өмсөж явсан хувцас, гар утас, түрүүвч, бичиг баримт гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 825 дугаартай “А.Бийн биед баруун, зүүн шуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт,
- Монгол улсын Мэргэшсэн үнэлгээчин Дашдэлгэрийн Мягмарсүрэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ********* үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.” гэж,
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдэл байдаг.
Шүүгдэгч Ш.Г хохирогч А.Бийн эд зүйл буюу утас, бичиг баримтыг авсан болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгчиийн хохирогчийн эд зүйлийг авч байгаа идэвхитэй үйлдлийг хохирогчийн өмчлөх эрхэд халдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ш.Г эдгээр эд зүйлсийг хохирогчоос авахын тулд татаж чангааж, дарж боомилж газарт унагасан үйлдлийг хохирогчид хүч хэрэглэсэн гэж үзэх бөгөөд энэ хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун, зүүн шуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байдал нь шүүгдэгчийг хохирогчид хүч хэрэглээгүй байна гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар “өөрийнхөө утсыг авахаар шаардсан, дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилго байгаагүй” гэж тус тус тайлбар гаргаж мэтгэлцдэг. Шүүгдэгч Ш.Г нь хэрэг учрал болох үед гар утастай байсан эсэх нь тодорхойгүй, гэрчүүд түүнийг 2 хоногийн өмнө утастай болсныг гэрчилдэг ба шүүгдэгч өөрийн эд зүйлээ хохирогчийг авсан гэж ойлгож, түүнээс шаардахдаа хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэн авах эрх хуульд зааснаар үүсэхгүй.
Шүүгдэгч Ш.Гийн хүч хэрэглэн бусдын эд зүйлийг авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэхээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э хэлэлцүүлэгт “гэмт хэргийн санаа зорилго байхгүй, шунахайн сэдэлт байхгүй, хүч хэрэглээгүй” гэж мэтгэлцсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байх тул хүлээн авах боломжгүй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Ш.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Бөд 435.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч А.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ш.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э “хөнгөрүүлэн үзэх нөхцлүүд байгаа, хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй. Иймд хуульд заасан хамгийн бага ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлтийг,
Хохирогч А.Б “одоо энэ хүнд гомдол санал байхгүй, бага ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбарыг,
шүүгдэгч Ш.Г нь “ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ш.Г нь “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ш.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоодсныг харгалзан үзсэн болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Ш.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ш.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ш.Г нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР