Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

2024         01             30                                 2024/ШЦТ/46

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Ж.Б,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Бт холбогдох эрүүгийн 24250000000** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.Б

 

Холбогдсон  хэргийн талаар:

 

Яллагдагч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг *****тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Уийг хүүхэд өгч гаргасангүй гэх зүйлээр шалтаглан нүүр хэсэгт алгадаж, үүргэвчтэй цүнхээр толгой хэсэгт цохиж, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт *****улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор цагдаад барьж өгсөн гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гар утсаараа хамар хэсэгт цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Б нь хохирогч Э.Уьтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

   Хохирогч Э.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...2023 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим гэртээ орж ирэхэд манай нөхөр М.Б гэрийн үүдэнд согтуу гутлаа тайлчихсан сууж байсан... Манай нөхөр М.Б согтуу өөрийг авч явж чадахгүй байж 4 настай хүүхэд авч гарах гээд хувцсыг нь өмсүүлж байсан. Тэгэхээр нь би М.Бт харанхуй шөнө хүүхэд авч гарч яах гээд байгаа юм гэж хэлээд хүүхдийнхээ хувцсыг тайлж байхад манай нөхөр чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд эргэж хараад миний нүүр хэсэг рүү 1 удаа гараараа алгадсан. Тэгэхээр нь би хүүхдээ аваад нөхрөөсөө холдоход манай нөхөр гэрт зассан гацуур модыг буулгаж орилж хашхираад, уйлаад байсан... М.Б над дээр ирж үүргэвчтэй цүнхээр миний толгой хэсэг рүү 1 удаа цохисон тэгэхээр нь би гар утсаа аваад холдоод зугтах гэхэд манай нөхөр миний хоолойноос багалзуурдаж барьсан... Машин дотор суугаад явж байхад хадам аав, ээж хоёр та хоёр яагаад хэрүүл маргаан хийгээд байдаг юм гэж яриад явж байхад манай нөхөр арын суудлаас урагшаа болоод өөрийнхөө гар утсаар миний хамар хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхэд миний хамарнаас цус гарч хамар хавдсан. Тухайн үед би жолоожийн хажуу талд сууж явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

М.Бын сэжигтнээр мэдүүлсэн ...Урангоо эгч ирээд чи эхнэр Э.У-ийн хамар руу нь цохиод хамрыг нь хугалчихсан байна гэх үед би эхнэрийнхээ хамрыг  гэмтээснээ мэдсэн. Гэхдээ яаж гэмтээснээ санахгүй байна... Би эхнэртээ эмчилгээ хийлгээрэй гэж хэлээд 500,000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** “ 1.Э.Уийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч М.Бын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

Хохирогч Э.Уь нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүх шүүгдэгч М.Быг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан ялыг хуульд заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор  тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Бт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОРХОНТАМИР