Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2021/00143

 

 

 

 

 

 

 

           2021           01            19

                                          184/ШШ2021/00143

         

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Ж.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.А холбогдох

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.А нь Шар овогтой Атэй 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр албан ёсны гэр бүл болсон. 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр том охин А.А, 2009  оны 5 дугаар сарын 18-ны өдөр дунд хүү А.Ариу төрсөн. Үүнээс хойш 2013 оны 4 сард нөхөр маань Өвөрхангай аймаг руу ажлаар явсан. Явах үед би 1 сартай жирэмсэн байсан. Нөхөр маань уг оны 11 сард ирсэн. Тухайн үед би 7 сартай жирэмсэн том хоёр хүүхэдтэйгээ ээжийндээ амьдарч байсан. Энэ хугацаанд Ш.А нь гэр бүлээс гадуур харилцаанд орж улмаар салах үйл явц өрнөсөн... явахдаа Өвөрхангайд танилцсан хүүхэнтэйгээ цуг амьдарна гээд намайг болон хүүхдүүдээ хаяж явсан... Үүнээс хойш 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бага хүү А.Ар төрсөн. 3 хүүхэдтэйгээ ээжийндээ амьдрах болсон. Одоо 5 настай хүүхэдтэй. Хаяж явснаас 1 жилийн дараа тэр хүнээсээ хүүхэдтэй болсон байсан. Үүнээс хойш 7 жилийн хугацаанд Ш.Агээс тэтгэмж аваагүй. Хааяа нэг ойр зуурын мөнгө өгч байсан. Одоогийн байдлаар миний бие эрхэлсэн ажилгүй хувиараа оёдол хийж 3 хүүхдээ тэжээж байна. Иймд Ш.Агээс 3 хүүхдийн сар бүрийн тэтгэлэг авах хүсэлтэй байна. Манай өрхийн орлого ээжийн тэтгэвэр 340,000 төгрөг, хүүхдийн мөнгө 300,000 төгрөг, хувиараа 300,000-400,000 төгрөг буюу нийтдээ 900,000 төгрөгийн орлоготой амьдардаг. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсэж байна. Ж.А миний бие хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд Ш.Агээс хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү...гэв.

Хариуцагч Ш.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хөхөө овогт Шарын А нь 2002 оны 05 сарын 03-ны өдөр Ж.Атэй албан ёсны гэр бүл болж гэрлэлтээ батлуулснаас хойш 2 хүүхдийн эцэг эх болж амьдарч байсан болно. 2014 онд бага хүү А.Арыг төрөхөд чиний хүүхэд биш гэж хэлснээс хойш гэр бүлийн хэрүүл маргаан эхэлсэн... Хамт амьдрах хугацаандаа хардаж сэрдэж хэрүүл хийж...байсан удаатай. Ингээд тэсч тэвчилгүй хоёр хүүхдээ орхиод торонд 2 ширхэг өмдөө хийгээд ээжийндээ очсон. Одоог хүртэл би настай эхтэйгээ амьдардаг. Бид нар бага хүүгээ төрөхөд нь очиход Алтанцэцэгийн ээж загнаж хашгирч эвлэрүүлэх бодолгүй, тэгээд ч миний хүүхэд биш чи замаа бод гэж ах эгч нарт хэлсэн байсан. Тусдаа амьдарснаас хойш 3 хүүхдэдээ хичээлийн шинэ жил баяр ёслолоор идэш, хоолны цагаар боломжит хэрээрээ мөнгөн тусламж хувцас хунарыг авч өгдөг байсан. Охин А.Адаа утас сургалтын төлбөр бас бус мөнгийг дансаар өгдөг байсан. Миний өгч явуулсан мөнгийг Ж.А нь өөрийн төрсөн ах Ж.Бямбатогтохын дансанд авдаг байсан. Хариуцагч Ш.А миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 3 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнээ. Хүүхдүүд миний хүүхэд мөн тул тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаангүй ...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Ш.Ад холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  тус тус гаргажээ.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: гэрлэгч Ш.А, Ж.А нар нь 2002 онд гэр бүл болж, 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн ИГБББ-д гэрлэлтээ батлуулсан ба 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин А.А, 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү А.Ариу, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүү А.Ар нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигч нарын тайлбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт, цэцэрлэг болон хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна. /хх-2-14/

 

Хэрэгт авагдсан баримтаар бол Ш.А, Ж.А нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд эхнэр Ж.А нь  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тул гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ./хх-15/

 

Гэрлэгчид нь цаашид эвлэрч амьдрах боломжгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  132 дугаар зүйлийн 132.6-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх  үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар талууд хүүхдүүдийнхээ  асрамжийн асуудлаар харилцан тохиролцон эхийнх нь асрамжид  хэвээр үлдээх,  эцэг Ш.А  хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.       

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.

 

            Иймд охин А.А, хүү А.Ариу, А.Ар нарыг эхийн асрамжид хэвээр үлдээсэн ба  эцэг Ш.Агээс хуульд зааснаар тэтгэлэг гаргуулахаар тогтов.

             Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн эцэг ,эхийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд эцэг Ш.Агийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ уулзахад нь эх Ж.А саад учруулахгүй байхыг даалгав.

 

  Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэд хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглох бөгөөд  талууд эд хөрөнгийн талаар маргаагүй болно. 

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Аийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлгийг  гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор  зохицуулсан тул  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ш.Аийн нэг жилийн хугацаанд 3 хүүхдэд  төлвөл зохих  төгрөгт  улсын тэмдэгтийн хураамж тооцож 133,170  төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгч Ж.Аийн гэрлэлт цуцлуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

  

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,119, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх зааснаар Хөхөө овогт Шарын А /регистрийн дугаар: 0478/, Боржигон овогт Э.А /регистрийн дугаар: 09/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар охин А.А /регистрийн дугаар: УЖ03310809/, хүү А.Ариу /регистрийн дугаар: УЖ09251819/,  хүү А.Ар /регистрийн дугаар: УЖ14210819/ нарыг эх Ж.Аийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн  40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 08-ндтөрсөн А.Арыг  /регистрийн дугаар: УЖ14210819/ 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,

2009 оны 5 дугаар сарын 18-нд төрсөн А.Ариу /регистрийн дугаар: УЖ09251819/ нарыг 11-16 нас,

 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин А.А /регистрийн дугаар: УЖ03310809/ нарыг суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хөхөө овогт Шарын Агээр /регистрийн дугаар:ЙР82010478/ сар бүр тэжээн  тэтгүүлсүгэй.

 

          4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ш.Агээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах  ба гэрлэгч нар эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэгт гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 133,170 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар  Ш.А, Ж.А нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг Ш.Аг  хуулиар хүлээсэн  үүргээ хэрэгжүүлэх болон хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг эх Ж.Ат даалгасугай.

 

             8. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ат олгосугай.     

            9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Улсын   бүртгэлийн хэлтэс  хүргүүлсүгэй.

           

10. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар уг шийдвэрийн 5 дах заалтаас бусад хэсгийг эс зөвшөөрвөл  шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОЮУНЖАРГАЛ