| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0103/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/100 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/100
2024 03 05 2024/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Л.Ө, С.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.Ө, С.Э нарт холбогдох эрүүгийн 2425000290*** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол улсын иргэн, Л.Ө С.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Этэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдаа үйлчилгээний төвийн 5 дугаар давхарт хохирогч Э.Ттай цахилгаан шат булаацалдсаны улмаас маргалдаж хохирогчийн нүүрэн тус газарт нь удаа дараа гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, доод уруул, нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Өтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдаа үйлчилгээний төвийн 5 дугаар давхарт хохирогч Э.Ттай цахилгаан шат булаацалдсаны улмаас маргалдаж хохирогчийн нүүрэн тус газарт нь удаа дараа гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, доод уруул, нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Ө, С.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдаа үйлчилгээний төвийн 5 дугаар давхарт хохирогч Э.Ттай цахилгаан шат булаацалдсаны улмаас маргалдаж хохирогчийн нүүрэн тус газарт нь удаа дараа гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, доод уруул, нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;
- С.Эийн яллагдагчаар мэдүүлсэн “...Нэг үл таних залуу намайг цохиод авсан. Би гайхаад зөрүүлж цохиод бид хоёр маргалдсан. Намайг тухайн хүнтэй маргалдаж байх үед Л.Ө цаанаас гүйж ирээд тухайн үл таних залууг цохисон. Тэр үед манай ажлын газрын хүмүүс салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
- Л.Өын яллагдагчаар мэдүүлсэн “...Тухайн залуу намайг заамдаж аваад цохисон. Би зөрүүлээд цохисон... С.Э тухайн үл таних залуутай зодолдоод эхэлсэн. Би зодолдож байхыг нь хараад тухайн үл таних залуугийн араас нь очоод цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар тал/,
- Хохирогч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орхон молл худалдааны төвийн караоке орж суусан... цахилгаан шатан дээр хэсэг бүлэг хүмүүстэй тааралдсан. Тэгээд бид хэд түрүүлж ороод бууя гэж хэлснээс болоод маргалдаж эхэлсэн. Яг юу гэж хэлээд маргалдсанаа санахгүй байна... миний уруул сэтэрсэн. Нүд хөхөрсөн өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,
“...Надад гомдол санал байхгүй, миний хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Миний сэтгэл санаанд хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/
- Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орхон моллын 5 дугаар давхарт лифтээр гарч ирэхэд үл таних хоёр залуу манай ажлын Н гэх залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд би тэд нар дээр очиж яасан, юу болсон бэ гэж хэлэхэд саарал куртиктай үл таних залуу намайг шууд цохиод авсан... манай ажлын Л.Ө гэх залууг саарал куртиктай залуу заамдаад авчихсан зогсож байсан. Тэгээд би салгаж орхичихоод цаашаа гараад гэртээ харьчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
- Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орхон моллын 5 дугаар давхрын лифт хүлээгээд байж байтал нэг залуу бид нар энд байгууллагаараа шинэ жил тэмдэглэсэн юм, одоо бөөнөөрөө лифтээр буух гэж байна гэж хэлсэн. Бид нар түрүүлээд цөөхүүлээ юм чинь буучихъя гэж хэлтэл тэр хүмүүс яахаараа тэгдэг юм гэж хэлээд тухайн хүмүүстэй маргалдаж би А-г нөхрөө аваад явчих гэж хэлсэн. Нэг мэдсэн тойроод баахан залуучууд хүрээд ирсэн байсан. Тэгээд зодоон болоод би нөхрийнхөө урдуур ороод болиулах гэсэн боловч чадаагүй. Манай нөхрийг 2 залуу цохиод тэднийг зөрүүлээд манай нөхөр цохисон. Тухайн зодолдсон хүмүүсийг би огт харж байгаагүй хүмүүс байсан. Тэгээд нөхрөө аваад гэр рүүгээ явсан... Манай нөхрийн уруул хэсэг нь хавдсан, язарсан, гар нуруу хэсэгт хөхөрсөн. Зүүн нүд хэсэг нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
- Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Тын гэрт очих үед Э.Тын уруул хэсэг нь хавдчихсан. Зүүн нүд хэсэг нь хавдчихсан. Хүнд зодуулчихсан юм шиг болчихсон байсан. Юу болсон талаар асуухад өчигдөр орой Орхон моллын 5 дугаар давхрын караокеноос гарах гэж байхдаа хүнтэй маргалдаад зодуулчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,
- Гэрч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орхон моллын 5 дугаар давхрын лифтний хажууд үл таних нэг залуу манай Отгончулуун даргыг заамдчихсан байсан. Манай ажлын оператор Л.Ө нь “даргыг чи яахаараа мөргөдөг, цохидог юм” гэх байдлаар өмөөрөөд тухайн үл таних залуу руу дайраад байсан... Тухайн залуу манай ажлынхантай маргалдаад явахгүй байсан. Тухайн үед засварчин С.Э хувцсаа өмчихсөн хүрч ирээд тухайн үл таних залууг цохиод авсан. Нөгөө залуу нь зөрүүлээд цохилцоод хоорондоо 3-4 удаа цохилцсон. Би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
- Гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Э, Л.Ө нар нь үл таних залуутай маргалдаж зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
- Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Э тухайн залууг шууд цохиод авсан. Тухайн үл таних залуу зөрүүлж цохиод хоорондоо 3-4 удаа цохилцоод хүмүүс тэд нарыг салгах гэж байтал цаанаас лифтнээс Л.Ө гүйж ирээд тухайн залуугийн араас цохиод үл таних залуутай зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
- Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26-29 дүгээр тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай “...1. Э.Тын биед дээд уруулд шарх, доод уруул, нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх дээд урууланд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л.Ө, С.Э нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.Т нь “ямар нэгэн гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Ө, С.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дүрс бичлэг бүхий хуурцгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурьдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Ө, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өад зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Эт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Ө, С.Э нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө, С.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Ө, С.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дүрс бичлэг бүхий хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт тэдгээрийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ө, С.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР