Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2021/00441

 

 

 

 

2021           02            26                                                   184/ШШ2021/00441

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Н /регистрийн дугаар:НЛ87090962/ холбогдох

 

 “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие Б.Нтэй 2007 онд танилцаж 2008 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас охин Б.С 2009 оны 03 сарын 24 өдөр хүү Эрхэс 2013 оны 06 сарын 15-ны өдөр төрсөн. Ингээд бид зан харьцааны хувьд таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдарч байгаад улмаар Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн 2015 оны 10 сарын 20-ны өдрийн №537 дугаар шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, охин Б. Саранчимэг, хүү Б.Э нарыг эхийн асрамжид үлдээн, эцэг Б.Б надаас охин Б.С, хүү Б.Э нарт cap бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүх охин Б.Сийг эхийн асрамжид байхаар шийдвэрлэсэн боловч миний асрамжид байсан. Ингээд би СХД-н Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж охин Саранчимэгийн асрамжийг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2017 оны 08 сарын 28-ны өдрийн №01880 дугаар шийдвэрээр охин Б.Сийн асрамжийг өөрчлөн төрсөн эцэг Б.Б надад үлдээж шийдвэрлэсэн болно.

Гэтэл Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ерөнхий газраас Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 20-ны өдрийн №537 дугаар шийдвэрийн дагуу 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар надаас удаа

дараа шаардаж, миний цалин болон дансанд халдаж байна. Миний бие ШШГЕГазарт асрамж өөрчлөгдсөн шүүхийн шийдвэрийг үзүүлж тайлбарлаад ч хүлээж авахгүй дээрх шүүхийн №537 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул бид шаардаж байна гээд хүлээж авдаггүй. Мөн хариуцагч Наранцэцэгийг хоёулаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж тохиролцож шийдвэрлүүлье гэж гуйхад зөвшөөрөхгүй байгаа тул Саранчимэгийн асрамж өөрчлөгдсөнтэй холбогдуулж эх Наранцэцэгээс охин Б.Ст хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас цалин болон данснаас суутгал хийж байгаа нь харагдаж байна.Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б нь Эрхэсийн тэтгэлгийг төлдөг. Энэ хүн хариуцагчаас шаардах эрх нь нээлттэй байгаа асрамж өөрчлөгдсөн учраас  Наранцэцэгээс охин Б.Сийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү .Б.Эт тэтгэлэг төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Шийдвэрийн дагуу төлнө. Үндсэн Хуульд зааснаар хүүхэд төрснөөр хүүхдийн эрх, үүрэг үүсдэг. Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжилж байгаа. Б.Б нь хүүхдээ тэжээн тэтгэх боломжтой гэж хэлсэн учраас хүүхдээ асрамжид авсан учраас төлөхгүй гэсэн зүйл хэлж байна. Тэжээн тэтгэх боломж байсан ч гэсэн Б.Ст эх нь тэтгэлэг төлөх үүрэгтэй юм. Нэмж хэлэхэд Монгол Улсын иргэн бүр үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар тэтгэлэг нэхээд тэтгэлэг авч чадахгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. Б.Н нь 2 хүүхдийнхээ нэгийг өөртөө аваад, нөгөөд нь эцэгт өгөөд  тэтгэлэг төлөхгүй гэж байгаа нь хүүхдийг ялгаварлан гадуурхаж байна. Бага насны хүүхдээ эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй гэв.

 

Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нэхэмжлэгч Б.Бтай 2015 оны 10 дугаар сарын 20-нд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд шүүх охин Б.С, хүү Б.Э нарыг миний асрамжид үлдээсэн. 2017 оны 04 дүгээр сарын 05-нд нэхэмжлэгч Б.Б охин Б.Сийг өөрийн асрамжид авахыг хүссэн нэхэмжлэл гарган 2017 оны 8 сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/01880 дугаар шийдвэрээр охин Б.Сийг өөрийнхөө  асрамжид авсан. 2017 оны 04 сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ “манай гэр бүлийн орлого 1,650,000 төгрөг Төв аймаг Мөнгөн морьт суманд 13*8 метрийн хэмжээтэй хувийн орон сууц барьж байгаа бөгөөд охин Б.Сийг ямар ч зүйлээр дутаахгүй өсгөх бүрэн боломжтой” гэж нэхэмжлэлдээ дурдсан. Тухайн үед “би тэтгэлгийн асуудлаар ярихгүй, би санхүүгийн боломжтой” гэж хэлж байсан ч охин Б.Сийг асрамжид аваад 2 сарын дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 26-нд охин Б.Ст тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00036 дугаар шүүхийн шийдвэрээр охин Б.Ст тэтгэлэг гаргах нэхэмжлэлийг цуцалж нэхэмжлэгч Б.Быг хүү Б.Эт өгч байсан тэтгэмжийг үргэлжлүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Миний бие өөрийн асрамжид байдаг хүү Б.Эийг 5 сартай байхаас нь ганцаараа өсгөсөн. Одоо хүү маань 7 настай. Эцэг болох Б.Б хүүг маань  7 нас хүртэл буюу 7 жилийн хугацаанд 1 ч удаа ирж уулзаж, утсаар ч асуухгүй, эцгийн үүрэг хариуцлагаа биелүүлж байгаагүй. Бидний  салах болсон шалтгаан нь эцэг Б.Бын буруутай үйлдлээс болсон билээ. Нэхэмжлэгч Б.Б нь хүү Эрхэст сар бүр өгдөг тэтгэмжээ байнга нэхүүлдэг. Шийдвэр гүйцэтгэгч байнга араас нь ярьж нэхэж байж авдаг. Сүүлд над руу утсаар ярихдаа би хүүд сар бүр төлдөг тэтгэмжийн мөнгийг төлмөөргүй байна. Тохиролцъё, хэрэв тохиролцохгүй гэвэл би шүүхээр охиндоо тэтгэмж чамаас тогтоолгуулна гэж хэлсэн. Энэ бүгдээс үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь удаа даараа тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гарган санаатайгаар хүү Б.Эт сар бүр өгдөг мөнгөн тэтгэмжээс зайлсхийх үйлдэл гаргаж байна. Нэхэмжлэлд хавсаргасан байгаа, нэхэмжлэгч хэд хэдэн өрөө хаустай гээд хүүхдээ асрах боломжтой, хүүхдийн тэтгэлэг надаас авахгүй гэж хэлээд охиныг маань авчхаад одоо болохоор тэтгэлэг авна гэж  нэхээд байгаа юм бэ. Батбаяр хүүтэйгээ энэ 7 жилийн хугацаанд нэг ч удаа ирж уулзаж  байгаагүй.Хүүтэйгээ ирж уулз гэхэд боломжгүй гээд байдаг. Гэтэл охиндоо надаас тэтгэлэг нэхээд байгааг ойлгохгүй байна. 2 хүүхдийн нэгийг хайхраад нөгөөг огт хайхрахгүй ирж ч уулздаггүй, хэлүүлэн байж тэтгэлэг өгдөг.Өөрөө охиндоо тэтгэлэг авахгүй цалин өндөр, хувийн хаустай тэжээж чадна гээд авсан байж одоо надаас юу гэж нэхээд байгаа юм бэ. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, нэхэмжлэгч нь би боломжтой хүн гэж хэлээд өөрөө охиноо авсан.  Нэг хүүхэдтэйгээ огт уулзахгүй байгаад гомдолтой байгаа учраас тэтгэлэг төлөхгүй. Иймд миний бие Б.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Нт холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Н нар нь гэр бүл болж гэрлэлтээ батлуулан амьдарч байх хугацаанд 2009 оны 03 сарын 24-ний өдөр охин Б.С, 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  хүү Б.Э нар төрсөн болох нь талуудын тайлбар, охин Б.Сийн төрсний гэрчилгээ, эрүүл өсөн бойжиж буй тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт зэргээр нотлогдов.

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр Б.Б, Б.Н нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.С, 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Э нарыг эх Б.Нийн асрамжид үлдээж, Б.С, Б.Э нарыг эцэг Б.Баар  сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу  гүйцэтгэх хуудас бичигдэж, Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж  хүү Б.Эт тэтгэлэг төлж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх51-52/

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  “2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/01880 дугаар  шийдвэрээр Б.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Нт холбогдох “ Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай”  нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Хатгин овогт Батбаярын Саранчимэгийн /регистрийн дугаар: УК09232420/  эхийн асрамжид байсанг өөрчилж, төрсөн эцэг Хатгин овогт Баянжаргалын Батбаярын /регистрийн дугаар: ЦА86071279/ асрамжид үлдээн шийдвэрлэсэн ба тус шийдвэрт зохигчид гомдол гаргаагүй./32-35/

 

Тус шүүхэд Б.Б нь  Б.Нт холбогдуулан “ Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-оор 2017 оны 10 дугаар сарын 26-нд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00036 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ...нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ өөрийн асрамжид авсан охин Б.Ст тэтгэлэг шаардлагатай бус харин охиноо өөрийн асрамжид авсантай холбогдуулан эхийн асрамжид үлдсэн хүү Б.Эт тогтоосон тэтгэлгийг төлөхгүй байх зорилготой гэж

шүүх дүгнэсэн, шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хх 27-32/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба дээрх шүүхийн шийдвэрүүд  хуулийн хүчин төгөлдөр болно.   

 Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”  гэж, энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2,  Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон  хэдий ч эцэг,эх нь хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

            Түүнчлэн эх Б.Нийг хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь эцэг  Б.Баас саад болохгүй байхыг даалгав.

          Мөн  эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэдтэй хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “ Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж,

 энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж,

 38.3 дах хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Нээс охин Б.Ст тэтгэлэг төлөхгүй гэх үндэслэлээ ” Өөрөө охиндоо тэтгэлэг авахгүй цалин өндөр, хувийн хаустай тэжээж чадна гээд авсан, нэг хүүхэдтэйгээ огт уулзахгүй байгаад гомдолтой байгаа учраас тэтгэлэг төлөхгүй” хэмээн тайлбарлах боловч түүний энэ татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Учир нь дээрх хуулийн зохицуулалтаар эх Б.Н нь эцэг Б.Бын асрамжид хүмүүжиж байгаа охин Б.Ст хуульд заасны дагуу тэтгэлэг төлөх үүрэгтэй ба энэ тэтгэлэг гагцхүү охинд нь зарцуулагдах болохоос нэхэмжлэгчийн хувийн хэрэгцээнд зарцуулагдах мөнгө биш юм.

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/00036 дугаар шийдвэрээр Б.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Нт холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх боловч Б.Бын 2020.12.02-нд тус шүүхэд гаргасан Б.Нт холбогдох “Охин Б.Ст тэтгэлэг тогтоолгох “тухай  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2017.12.28-ны өдрийн 00036 дугаар шийдвэрээр дүгнэсэн үндэслэл хамаарахгүй гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл   Б.Б 2020.12.02-нд тус шүүхэд  нэхэмжлэл гаргахдаа 

Эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэсэн үндэслэлээр  

шаардлага гаргажээ.

Иймд хуульд зааснаар хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

Харин энэ шүүхийн шийдвэрээр  хариуцагч Б.Нээс охин Б.Ст тэтгэлэг төлүүлэхээр шийдвэрлэж боловч энэ нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 537 дугаартай шийдвэрээр 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Эт сар бүр эцэг Б.Баар  тэжээн тэтгүүлэхээр  шийдвэрлэсэн шийдвэрт нөлөөлөхгүй буюу саад болохгүй юм.

Хариуцагч Б.Нээс ”охиноо буцааж авмаар байна “ гэх тайлбар гаргасан боловч энэ талаар шаардлага гаргаагүй  болохыг дурдав.        

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Бын хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад төлсөн 36.000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж түүнд олгов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлгийг  гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор  заасан.

Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Б.Нээс нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар  зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

            1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн  40.1.1,

40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Сийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх  Боржигон овогт Б.Н /регистрийн / сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Нээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.       

           

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан

төлсөн  36,000 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж түүнд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн

63.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг Б.Б эх Б.Н нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх Б.Нийг хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь эцэг  Б.Баас  саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                          

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОЮУНЖАРГАЛ