| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 181/2018/00113/и |
| Дугаар | 1136 |
| Огноо | 2018-05-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 1136
Б.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00475 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ЭМЯ-анд холбогдох
Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, А.З,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт оролцож, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/151 дугаар Албан үүргийн түр орлон гүйцэтгэгч томилох тухай тушаалаар Б.Н- намайг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн томилсон ба хөдөлмөрийн гэрээг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал томилогдох хүртэл хугацаагаар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЭМЯ-ны сайдын 1а/4768 дугаартай ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирсэн ба ямар үндэслэлээр, ямар зөрчлөөр ажлаас чөлөөлж байгаа талаар байгаагүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдсэн ба Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн байсан. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас хүлээлгэн өгсөн. Ажлаас чөлөөлөх тушаал гарах үед Эрүүл хөгжлийн төвийн ерөнхий захирал томилогдоогүй байсан.
Ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг. Хариуцагч чиг үүрэг зорилгыг зөрчсөн гэж чиг үүрэг зорилгыг нотлох баримтаар шинжлэн судлуулж байна. Гэрээгээр үүрэг болгосон зохицуулалтыг тухайн байгууллагын эрхэмлэвэл зохих зорилго чиг үүрэгтэй харьцуулж үзэж ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Яг ямар ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг байхгүй байхад зөрчил гаргасан гэж үзэх, зөрчлийг хууль ёсны дагуу шалгаад хариуцлага хүлээлгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Ажил олгогчийн тушаал нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх ёстой. Иймд Б.Н-г хугацаанаас нь өмнө ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн сайдын тушаал хүчингүй. Б.Н-г ноцтой зөрчил гаргаагүй байхад хугацаанаас нь өмнө чөлөөлсөн тул ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд эрхэлж байсан цалин олговорт сард 1 617 021 төгрөг цалин авч байсан ба 10, 11, 12 дугаар сарын 3 234 042 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Иймд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н- нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/151 дугаартай тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаагаар тухайн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан. Б.Н- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон Эрүүл мэндийн сайдын баталсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журамд Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/472 тоот хамтарсан тушаалын 1.5-д заасан өдөр тутмын үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв буюу цаашид удирдан зохион байгуулж хийнэ. Энэхүү ажлын алба нь тус журмын 3.2-т заасан төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтад элсэгч, төгсөгчдөд улсын нэгдсэн сургалтыг зохион байгуулах, сургалт дүүргэснийг гэрчлэх мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэхүү баталгаажуулах хүртэлх ажлыг хийх чиг үүргээ Эрүүл мэндийн хөгжлийн төв хангалтгүй биелүүлж байсан. Өөрөөр хэлбэл, Б.Н-г Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд буюу Эрүүл мэндийн дэд сайд, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг, түүнээс хойш хүргүүлсэн 10 гаруй удаагийн зөвлөмж, чиглэл хүргүүлсэн боловч ажилд нь алдаа зөрчил гарсан хэвээр, зөвлөмж чиглэлийн хэрэгжилтийн тайланг огт ирүүлээгүй, Эрүүл мэндийн байгууллагаас өргөдөл, гомдол ирсээр байсан тул ноцтой зөрчил гаргасан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлыг томилох хүртэл ажил албан тушаалд нь ажиллуулах боломжгүй гэж үзэж Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ныөдрийн А/529 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн ажилтныг томилсон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзвэл ноцтой зөрчил гэж үзнэ гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-г эрхэлж байсан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шаардлагаас Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, олговорт шаардсан дүнгээс үлдэх 654 744,8 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ЭМЯ-наас олговорт 2 579 297,2 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 2 579 297,2 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч ЭМЯ-анд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭМЯ-наас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 56 219 төгрөг бүгд 126 419 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00475 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Ажилтныг анх ажилд авсан болон халсан тушаал эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан үндэслэлтэй нь тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.
Б.Н-г анх ажилд авахдаа түр орлон гүйцэтгэгчээр Хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаагүй байгуулан ажилд авсан нь ажил олгогчтой байгуулсан гэрээнээс харагдах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан үндэслэлээр хугацаатай гэрээ байгуулж болох бөгөөд бусад тохиолдолд түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй гэж үздэг.
ЭМЯ- Б.Н-тай хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр түүний хийж гүйцэтгэх ажил үүргийн талаар тодорхой тохиролцсон гэж үзэхээр байгаа ба гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй, гэрээний агуулгыг ажлын чиг үүргийг уялдуулан тодорхойлсон гэж үзэж байна.
Б.Н- нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан Ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон Эрүүл мэндийн сайдын баталсан холбогдох тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлэх нь ноцтой зөрчил болох заалтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хөдөлмөрийн хуульд заасан ноцтой зөрчил нь ажил хэргийн нэр хүнд, түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгох, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгоно гэж тайлбарладаг. Гэрээний талууд ажил үүргийн онцлогтой холбогдуулан дээрх үүрэг, шийдвэрийг хангалтгүй биелүүлэх нь ноцтой зөрчил болох талаар тохиролцон тогтоосон, хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заасан байна гэж үзэхээр байна.
Шүүх “...хариуцагчийн тайлбарт буруутган дурдаж буй ажлууд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н-гийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын яг ямар заалтаар хүлээсэн үүрэг болохыг заасан тодорхойлсон баримтгүй”, “... тушаал шийдвэрийн хэрэгжилтийг дутуу биелүүлсэн, эсвэл огт биелүүлээгүй, эсвэл алдаа гаргасан үйлдэл эс үйлдэхүйгээр Б.Н-г буруутгах зүйл тогтоогдохгүй байна” гэснийг үндэслэлгүй гэж үзнэ.
Шүүх ИХШХШТ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотлох баримтыг бүрдүүлээгүй гэж үзэн үнэлээгүй гэснийг зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан баримтын талаар ямар нэг тайлбар хийгээгүй хүлээн авсан бөгөөд шүүх жинхэнэ эхийг шаардан авах хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, ИХШХШТ хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хуралдааныг хойшлуулах, эсвэл хуульд заасан үндэслэлээр захирамж гаргаж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, мөн нотлох баримтын шаардлага хангах боломжийг зохигчид олгоогүйгээр үнэлэх үндэсгүй, шүүхэд ирүүлсэн баримтаа үнлэх боломж бүрдүүлээгүй гэх нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Хариуцагчийн гаргасан нотлох баримтуудад зааснаар Б.Н- нь дээр дурьдсан Ажлын албаны ажил үүргийг хариуцлагагүй гүйцэтгэдэг болохыг нотлох бөгөөд 10 албан бичиг бүрт өөрчлөлт, залруулга хийж алдаа зөрчил гаргахгүй байх, баримт бичгийг сайтар хянаж, тушаалын төслийг хариуцлагатай боловсруулах зөвлөмж өгч, удаа дараа хожимдуулдаг, дутагдлаа засдаггүй, бичиг техникийн алдаа гаргадаг, нэр регистрийг буруу бичдэг,гадаадын мэргэжилтнүүдэд чирэгдэл учруулдаг, бичиг баримтыг дутуу бүрдүүлдэг, зөвлөлийн хуралд ирж оролцдоггүй гэх баримтыг албан ёсоор хуульд зааснаар үнэлүүлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохыг хүссэн. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод үүрэг болгосон хүмүүсийн өргөдөл гомдолд хайнга ханддаг, тэр нь УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдаж, ажлын албаны нэр хүнд унасан зэргийг үнэлүүлэхийг хүсч байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ гэх бөгөөд нэхэмжлэгч Б.Н- нь шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байх ба хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, хариуцагчийн гаргасан үнэлэгдээгүй гэх баримт нь хууль бус аргаар цутлуулсан баримт биш, хуулийн шаардлага хангаагүй, хангах боломжтой баримт гэдгийг анхаарч мэтгэлцэх зарчмын үндсэн дээр маргааныг шийдвэрлээгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Хариуцагч ЭМЯ-анд холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Н- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б.Н- нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад хариуцагч ЭМЯ-ны сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хэргийн 4-10 дугаар тал/
Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Н- нь дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнийн 5.1.3-т “Ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон Эрүүл мэндийн сайдын баталсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлэх” гэж заасан нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах ноцтой зөрчилд тооцогдохоор зохицуулсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 4-10 дугаар тал/
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Б.Н- нь Эрүүл мэндийн дэд сайд, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг, түүнээс хойш хүргүүлсэн 10 гаруй удаагийн зөвлөмж, чиглэлд заасан ажлын алдаа зөрчлийг арилгаж хэрэгжилтийн тайланг огт ирүүлээгүй, Эрүүл мэндийн байгууллагаас өргөдөл, гомдол ирсээр байсан, 10 удаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн” зэрэг ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлаар өөр хүн томилогдон ажиллаж байгаа тул эгүүлэн томилох үндэслэлгүй” гэж тайлбарласан байна.
Ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хариуцсан албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь түүний хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт хамаарах бөгөөд гагцхүү уг үүргийг хэрхэн биелүүлээгүй буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасны улмаас ямар үр дагавар, хор уршиг үүссэн тохиолдолд ажил олгогч дангаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар талууд гэрээгээр тухайлан тохиролцсон байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т шаарджээ. Өөрөөр хэлбэл, тухайн ажилтны ажлын байрны чиг үүрэг, онцлогоос шалтгаалж, түүний гаргасан зөрчлийн хэр хэмжээг талууд гэрээгээр хэрхэн тохиролцсон байдлаас хамаарч ажил олгогч түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан аль тохирох сахилгын шийтгэлийг ногдуулах эрх хэмжээ үүсэх учиртай. Үүн дотроос ноцтой зөрчилд хамаарах нөхцөл байдлыг талууд нарийвчлан гэрээгээр тухайлан тохиролцоогүй тохиолдолд түүнд ажлаас шууд халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй юм. Гэтэл нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарах ноцтой зөрчлийг талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т тухайлан заагаагүй байна.
Иймээс нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай буюу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Н-гийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан тушаалд өөр хүн томилогдон ажиллаж байгаа нь нэхэмжлэгчийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүй юм.
Мөн хариуцагчийн шүүхэд гаргасан баримтуудад тус яамны хуулбар үнэн тэмдэг дарагдсан байгаа нь зохигч өөрөө гаргах боломжгүйгээс шүүх бүрдүүлэх баримтад хамаарахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Тодруулбал, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг зохигчдод танилцуулсан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарын үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм. Хэргийн оролцогч нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх боломжгүй тохиолдолд шүүх нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг тэдгээрийн хүсэлтээр хийж, хуулийн шаардлага хангасан баримтыг холбогдох байгууллагаас шаардан авах үүрэг үүснэ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХТӨР