Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/27

 

Э.Бд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Н.Энхнаран   

Прокурор                                                                Т.Ууганбаатар

Өмгөөлөгч                                                              М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     З.Нямсүрэн

                                                                                  Т.Энхболд

Шүүгдэгч                                                                 Э.Б нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн ........................... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, Ш овогт Э.Б. Урьд:

- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Шүүгдэгч Э.Б нь хохирогч С.О, Н.Ж нарыг 2019 оны 8 дугаар сарын 02-оос 8 дугаар сарын 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн 23 дугаар байрны гадна унтаж байхад нь өшиглөж зодсоны улмаас хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Хохирогч Н.Ж нь гавал тархины битүү гэмтлийн улмаас Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 18-13 тоот гэртээ 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Э.Бийг хохирогч С.О-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, хохирогч Н.Ж-г алсан гэж дүгнэн мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар цагаатгах тогтоолоор:

- Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас шүүгдэгч Ш овогт Э.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-д зааснаар түүнд холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Бийг цагаатгаж,

- Шүүгдэгч Э.Бийг яллагдагчаар татсан тогтоол болон 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/50 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн даавуун цамц 1 ширхэгийг хэргийн хамт Дорнод аймгийн прокурорын газар хүргүүлж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Э.Бий ...................... тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 267 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

- Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдаж,

- Шүүгдэгч Э.Б нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

- Шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүингүй болгож, шүүх танхимаас суллаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “... Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох хохирогч С.О-ийн “...бид нарыг унтаж байхад 02 цагийн орчим миний нүүр хэсэг рүү гараараа нэг хүн цохиод байхаар нь харахад миний толгойг өөр рүүгээ харуулахгүй миний дээр гараад хоёр гарыг минь хөлөөрөө хавчаад Ө чамайг ална гэж хашгираад миний дээрээс босоод хажуу талд унтаж байсан Жгийн дээр гарч чи Ө байна гээд Жг дээрээс нь маш олон удаа хөл гараараа цохиод байхаар нь би болиоч ээ гэж хашгирахад тэр залуу хашаанаас гүйгээд гараад явсан. ...тэр 20-25 орчим насны туранхай, хар өнгийн даавуун цамцтай, байсан бөгөөд би харвал таньж магадгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Ө-ийн “...би цонхоороо харахад СМУ-ийн хороололд архи уугаад гадуур унтдаг хүмүүсийг нэг хүн өшиглөөд байхаар нь би “чи болиоч” гэхэд тухайн хүн цаашаа эргээд алхахаар нь би буцаад хэвтээд унтсан ...тухайн үед харанхуй байсан тул би сайн харж чадаагүй 160-165 см орчим өндөр туранхай эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ц.Г-ын “би Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 23 дугаар байрны 1 тоотод ах Б, бэр Б болон хүүхдүүдийнх нь хамт амьдардаг бөгөөд яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Улаанаа, Чиканаа хоёр зодуулдаг өдрөөс 2 хоногийн өмнө өглөө 06 цагийн үед байх намайг байрныхаа коридорт унтаж байхад хүмүүс дугараад байхад хэн бэ гээд босоход үл таних шардуу царайтай залуу хөгшин төгцөг минь гэж хэлээд миний цээж рүү цохихоор нь би яаж байнаа банди минь гэж хэлэхэд дахиад миний гэдэс рүү өшиглөөд коридороор гарч орцны хаалганы цаана намайг гараад ир гэхэд нь би өөрөө ороод ир хүүхэд минь гэж маргалдаж муудалцаж байгаад сүүлд хоёулаа гар бариад салсан. Э.Бий зургийг хараад мөн байна, хараад шууд тавьлаа” гэх мэдүүлэг, гэрч Э.Б-ийн “ ...манай байшингийн хойд талын СМУ-ийн 23 дугаар байрны гадаа ирэхэд баруун талын хашаан дотор Ц ах, Чикаанаа, Улаанаа, орос Ч нар байсан. Би тэгээд Ц ахаар нуруугаа даруулж жоохон бөөлжиж байгаад жоохон архиа гаргачихъя гээд Ц ахын хажуугаар ороод хэвтсэн. Гэтэл нэг их удаагүй хүн ирээд хажуугаар орж хэвтээд нуруу илэх шиг болоход эргээд харахад Бээ байсан тэгэхээр нь би давраад байгаарай чи гээд нүүр рүү нь цохиод босоод гэртээ орсон. Сүүлд сонсоход миний оронд Чикаанааг зодсон байсан.” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар Э.Бий гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоодсон гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч Э.Бээс эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Э, ахлах дэслэгч Б.Б нар зодоод ингэж хэл, тэгж хэл гэж зааж өгсөн эрүүдэн шүүж мэдүүлэг авсан, надаар уншуулахгүй гарын үсэг зуруулсан гэх асуудал нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Э.Бийг 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр тооцож тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б хуульд зааснаар гэрчийн эрх үүргийг тайлбарлан мэдүүлэг авсан, мөн 2019 оны 8 дугаар сарын 08-ы өдөр Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, хошууч Э.А Э.Бийг сэжигтнээр тооцож өмгөөлөгч З.Нямсүрэнг оролцуулан мэдүүлэг авсан харин тус аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн нэр бүхий Эрүүгийн мөрдөгч нар Э.Бээс мэдүүлэг, тайлбар огт аваагүй байна.

Харин Э.Б болон түүний ээж П.Т нараас 2019 оны 9 сарын 20-ны өдөр “Дорнод аймгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахмад Э, Э нар ямар ч үндэслэлгүй “чи энэ хэргийг үйлдсэн муу хулгайч минь, харах царайны хулгайч пизда, ялтан минь “ гэж цохиж, зодож өрөөндөө 2-3 хоног гавтай байлгаж, айлган сүрдүүлж хэрэг тулгасан. 2019 оны 8 сарын 5-аас 6-ны өдрүүдэд өрөөндөө ээлжлэн байцааж удаа дараа өшиглөж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон” гэх гомдлыг Аймгийн прокурорын газарт хандан гаргасныг хяналтын прокурор Ч.Мөнхзул хүлээн авч харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж улмаар 2019 оны 10 сарын 12-ны өдөр комиссар М.Батмөнх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэг бүртгэлтийн 192100701 дугаартай хэрэг нээж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “тус Аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч нарын зүгээс Э.Бийг эрүүдэн шүүсэн, шүүхийн тогтоолгүй хоригдсон болох нь тогтоогдохгүй өөрөөр хэлбэл ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж хяналтын прокурор Э.Идэрбат хэргийг 2020 оны 01 сарын 20-ны өдөр 4/21 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч Э.Б нь дээрх хэргийг хааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Улсын Ерөнхий прокурорын газарт хандан гаргасан гомдлын дагуу 2020 оны 02 сарын 07-ны өдөр 4/155 дугаартай албан бичгээр эрүүгийн ............. дугаартай хэргийг Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн.

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гомдлын дагуу эрүүгийн 192100701 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1/367 дугаартай тогтоолоор “Дорнод аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Э, цагдаагийн ахлах дэслэгч Б.Э, цагдаагийн ахлах дэслэгч Б.Б нар 2019 оны 8 сарын 04-ний өдрөөс 08-ны өдрүүдэд эрүүгийн 192100528 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Э.Бд хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, прокуророос хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж 2020 оны 3 сарын 30-ны өдөр 4/1801 дугаартай албан бичгээр хэргийг буцаан хүргүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар саналдаа: Хохирогч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргана гэж ярьж байсан боловч прокурорын эсэргүүцэлтэй танилцаад “...бидний гаргах санал хүсэлтийг прокурор гаргасан байна. Үүнийг та шүүх хуралдаан дээр дэмжиж оролцож өгөөч...” гэсэн байр суурь илэрхийлсэн. Өмгөөлөгчийн хувьд цагаатгасан асуудал нь үндэслэл муутай гэж үзэж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчийг эрүүдэн шүүх замаар мэдүүлэг авсан эсэхийг шалгаж тогтоосон хуулийн байгууллагуудын албан ёсны шийдвэрүүд байгаа. Үүнийг яаж үнэлэх ёстой вэ. Сэжигтэн яллагдагч “...өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэж байхад нэн даруй мэдүүлэг авахгүй бүхэл бүтэн 8 хоногийн дараа мэдүүлэг авахад бүх зүйлийг өөрчилсөн байдаг. Энэ асуудал дээр манай хуулийн байгууллагуудын, мөрдөгчийн хариуцлагагүй хандсан асуудал ч байна. Өмгөөлөгч нарын оролцоо ч байгаа. Өмгөөлөгч нар прокурорын дэргэд гэрч, хохирогчтой уулзаж ятгасан асуудал яригддаг. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийх, мэдүүлгийн зөрүүнүүдийг арилгах шаардлагатай гэж үзэж байна. Харин миний үйлчлүүлэгч нар “...прокурорын саналыг дэмжиж байна. Орос Ч бүх байдлыг мэдэж байх ёстой. Энэ хүн зориуд ярихгүй байна. Ажил явдлын үеэр хүмүүсийн хэлсэн ярьсан үгнүүд байгаа. Биднийг тоож мэдүүлэг аваагүй...” гэсэн асуудлыг хэлдэг гэв.

Шүүх хуралдаанд оролцсон аймгийн ерөнхий прокурор Т.Ууганбаатар гаргасан дүгнэлтдээ: “Э.Б нь 2019 оны 08 сарын 02-оос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, 23-р байрны гадна талд хохирогч О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн хохирогч Жг зодож амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчүүд мэдүүлгээсээ буцсан байдал тогтоогдсон. Гэхдээ 100 хувь буцсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Түүнчлэн прокуророос дээд шатны прокурорт танилцуулснаар зарим гэрчийг эрүүл оруулаагүй, үүдэнд унтуулж байгаад нэг нэгээр нь оруулсан асуудал танилцуулагдсан. Шүүхийн шатанд мэдүүлгээ үнэн зөв өгч чадсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна гэж миний хувьд дүгнэж үзсэн. “...Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор хэт нэг талыг барьж ажилласан...” гэдэг дээр миний хувьд санал нийлэхгүй байгаа. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа учир нэг ч эрүүгийн мөрдөгч оролцохыг хориглосон.  Энэ цаг хугацаатай давхцаж Бээс “...намайг эрүүдэн шүүгээд байна...” гэж гомдол гаргасан. Энэ гомдлыг нь дээд шатны прокурор тусгай хяналт тавьж, Авилгатай тэмцэх газраар нилээн нарийн шалгуулсан. Улсын Ерөнхий прокурор хүртэл 3 шат дамжуулж гомдлыг нь шийдвэрлэн, хариу өгсөн. “...Эрүүдэн шүүсэн асуудал тогтоогдохгүй байна...” гэдэг нь тогтоогдсон учир шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Энэ хэрэг дээр прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн. Түүнээс биш хэн нэгэн мөрдөгчийн зохиосон, хэн нэгнийг хилс хэрэгт гүтгэж, зохиомол хэрэг үүсгэж ялласан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрэгт авагдсан тэр олон мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаагаа цагаатгах тогтоол дээр дурдаж өгөөгүй. Мөн шүүх “...эрүүдэн шүүсэн байна...” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх санал дүгнэлтийг гаргаж байна. Хэрэв шүүхээс энэ хэргийг дахин гэм буруугийн хурлаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзвэл мөрдөн байцаалтад буцаах асуудал яригдаж болно. Учир нь, энэ хэрэг дээр маш олон шалгах шаардлагатай зүйлүүд бий болж байгаа. Эргэлзээтэй хэрэг дээр холбогдогчийг шууд цагаатгаж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна.” гэв.  

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбар, саналдаа: “Эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж яллах дүгнэлт үйлдсэн нь буруу. Гэрчүүд бүгд шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Ингэхдээ “...энэ хүнийг танихгүй...” гэдгээ хэлж байсан. Харин ч эсрэгээрээ хохирогч О-д Бий зургийг харуулсан. Энэ хүн 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа хавтаст хэрэгт огт байдаггүй. Харин үйлдсэн гэх 4 хүний цаг хугацааг тогтоочихсон байдаг шүү дээ. Гэтэл энэ хүний хохирогчтой уулзсан гэх цаг хугацааг тогтоогоогүй. Мөн шүүх шинжилгээний дүгнэлтээр “...ир үзүүртэй буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн...” гэсэн байхад энэ нь яг юугаар үүссэн гэдэг баримт нь хэрэгт байхгүй. Түүнчлэн прокурор өөрөө “...гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй байна...” гэж яриад байна. Гэтэл Мөнхзул прокурор яллах дүгнэлт үйлдчихээд, шүүх рүү шилжүүлнэ гэж байхад нь бид аймгийн прокурорт хүсэлт гаргасан. Тэгэхэд аймгийн прокурор “...энэ эргэлзээтэй байна...” гээд шилжүүлсэн. Шилжүүлээд ороод ирэхдээ  таньж олуулах ажиллагааг хууль зөрчиж хийсэн. Иймд эсэргүүцэл хуульд нийцээгүй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Анхан шатны шүүхийн бодит байдлыг зөв дүгнэж шийдвэрлэсэн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд гаргасан тайлбар саналдаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Прокуророос “...шүүх үндэслэлээ гаргахдаа мөрдөн шалгах ажиллагаагаар авсан нотлох баримтыг хэрхэн үгүйсгэснээ цагаатгах тогтоолдоо зааж өгөөгүй...” гэж байна. Гэтэл шүүх цагаатгах тогтоолдоо “...нотлох баримтуудыг өөрсдийнх нь мэдүүлгээр үгүйсгэж байгаа...” талаар тайлбарлаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасны дагуу бэхжүүлж авсан нотлох баримтыг шүүх дээр үнэлж үзэхэд өөрсдийнх нь хэлсэн мэдүүлгүүд болон гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа гэдэг нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад эргэлзээтэй зүйлүүд маш их байдаг. Харин миний үйлчлүүлэгчийн тухайн өдөр хаана очсон, хэнтэй уулзсан талаарх явсан маршрут тогтоогдсон. Шүүх хуралдааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Наранцэцэгийн өгсөн мэдүүлгийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Б гаргасан тайлбартаа: Би хийгээгүй хэргийн төлөө хилс хэрэгт гүтгүүлж, нэр төр, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Намайг эрүүгийн мөрдөгч нар айлган сүрдүүлж, хууран мэхэлж, ээлжлэн байцааж, эрүүгийн төлөөлөгчийн өрөөндөө хонуулж, зодож хэрэг тулгасан. Би цагдан хоригдсон өдрөөсөө эхлэн Мөнхзул прокурорт бичгээр болон биечлэн уулзаж “...энэ хэргийг хийгээгүй...” гэдгээ байнга хэлсэн. Гэтэл Мөнхзул прокурор хэт нэг талыг барьж, цагдаа нараа хамгаалан ажиллаж байсан. Хийгээгүй хэргийн төлөө хүчээр хэрэг хүлээлгэх гэж тулгаад байгааг гайхаж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Прокуророос,  “яллагдагч Э.Б 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн ................. байрны гадна, хохирогч С.О, Н.Ж нарыг унтаж байхад өшиглөж зодсоны улмаас хохирогч С.Оюунсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Н.Ж гавал тархины битүү гэмтэл авч нас барсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч нар энэ дүгнэлтийг үгүйсгэж, “Э.Б энэ хэргийг үйлдээгүй” гэж маргажээ.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Бий гэм бурууг нотолж, яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад, эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэхүйц хэмжээнд нотлох чадвар нь буурсан байна. Тухайлбал, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.О-ийн мэдүүлэг нь “...биднийг унтаж байхад нэг залуу ирээд, Ө чамайг ална гээд, эхлээд намайг, дараа нь Жг зодсон” гэж тэмдэглэгдсэн бол, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Мустанг баарнаас гараад СМУ-гийн 23 дугаар байшин орох гэж яваад 4-5 бацаанд зодуулсан. Б 4-5 хүнтэй явж байсан. Орцны гадаа унтаж байхад зодсон гэж хэлээгүй. Мөрдөн байцаагч худлаа бичсэн байна” гэжээ. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ө.М-ийн мэдүүлэг “...манай байрны гадаа хүмүүс, туслаач, болиоч гээд орилоод байхаар нь би цонхоороо цаашаа харахад СМУ-ийн хороололд архи уугаад гадуур унтдаг хүмүүсийг нэг хүн өшиглөөд байхаар нь би, “чи болиоч гэхэд тухайн хүн нь цаашаа эргээд алхахаар нь би буцаад хэвтсэн” гэж тэмдэглэгдсэн бол, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй. Би хүмүүсийн бахиралдах чимээнээр сэрсэн. Тэгээд, -та нар чимээгүй байгаач! гэж хэлсэн. Намайг тэгж хэлэх үед нэг хүн зогсож байсан. Өөрсдийнх нь ч нэг байсан уу гэдгийг мэдэхгүй байна. Тэгж хэлээд би буцаад унтсан...Би өшиглөж байсан гэж хэлээгүй...өшиглөх шиг чимээ сонссон гэж мэдүүлсэн. Би өшиглөхтэй адилхан пүд пад хийх чимээ сонссон ” гэж мэдүүлсэн байна. Эдгээр гол  баримтууд нотолгооны шинж чанараа алдсанаар, яллах дүгнэлт болон дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдагдсан бусад нотлох баримтууд дагаад ач холбогдол муутай болсон байна.

Хэрэв хэргийн нотлох баримтуудын үнэн зөв байдал дээр үүссэн энэ нөхцөл байдал нь  хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгыг яллагдагч Э.Бий гэм бурууг нотлоход чиглүүлэн хөтөлсөн, гуйвуулан тэмдэглэсэн зэрэг мөрдөн байцаалтын буруу үйл ажиллагаатай холбоотой бол,   цагдаагийн байгууллагын нэр бүхий албан хаагчид хууран мэхлэх, дарамтлах замаар хэрэг хүлээлгэсэн, мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг баримтлан явуулсан тухай шүүгдэгч Э.Бий гомдол үндэслэлтэй байх магадлалтай байна. Техникийн нөхцөл, хүрэлцээ болон хууль эрх зүйн орчны хувьд бүхий л боломж байсаар атал дор хаяж яллагдагч, голлох гэрч, хохирогч нарын мэдүүлгийг дуу дүрсний бичлэгээр буулган авч ирүүлэхгүй байгаа нь энэ мэт байдлаар мөрдөн байцаалтын ажиллагааны хууль ёсны байдалд эргэлзэх эргэлзээг лавшруулж байгааг мөрдөгч, прокурорууд цаашид анхаарах шаардлагатай.

Хэргийн нотлох баримтууд дээр үүссэн дээрх нөхцөл байдлыг бүх талаас харгалзан үзээд, шүүгдэгч Э.Бийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн:

- 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх,...-д оршино” гэх заалт;

- 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх заалт;

- 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсгийн “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэх заалт;

- 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэх заалт;

- мөн зүйлийн 9 дэх хэсгийн “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэх заалт;

- 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалтуудын агуулгад нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

 Түүнчлэн шүүхийн дүгнэлтийг бодит байдалд нийцээгүй гэж үзэхэд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд “анхан шатны шүүх илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Цагаатгагдсан хүн гэм буруутай болохыг нотлох, шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасны дагуу урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Дорнод аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                   Л.НАРАНБАЯР