Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 110/ШШ2022/0028

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Н.Е,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарын хоорондын  төрийн албаны  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар /цахимаар/, хариуцагч  аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч Н.Е нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Еыг ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож,Толбо сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалин  хөлстэй тэнцэх олговрыг  олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт нь  зохих журмаар нөхөн бичилт хийхийг  хариуцагчид  даалгах”-аар маргаж байна.

           2. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн   шийдвэрийг үл биелүүлсэн Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга  Н.Еыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх мэдэгдлийг  хүргүүлснээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Толбо сумын Засаг дарга Н.Еыг 2021 оны  08 дугаар сарын 13-ны  өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

           3.Уг Б/30 дугаар захирамжийг  аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/36 дугаар захирамжаар  байгуулсан ажлын хэсэг тухайн өдөр  нэхэмжлэгч Н.Ед танилцуулж мэдэгдсэн байх ба  нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч  тус шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Хариуцагч Засаг даргын маргаан бүхий захиргааны актаар намайг “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг болон хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 65.6, 76.4, 76.5, 76.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Толбо сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тус захирамж нь дараах байдлаар хууль бус хэмээн үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан. Үүний дагуу улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн байдал нь тухайлсан хуулиар зохицуулагдана. Гагцхүү тухайлсан хуулийн зохицуулалт байхгүй бол Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт үйлчлэх юм. Засаг даргын хувьд хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн байдлыг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тухайлсан зохицуулсан. Тус хуулийн 32.2 дахь хэсэгт сумын Засаг даргыг огцруулах үндэслэл болон журмыг заасан. Үүнд “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад ... хүргүүлнэ" гэж заасан. Үүний дагуу Засаг даргыг огцруулах журам нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал гаргах, тус саналын дагуу Засаг дарга захирамж гаргах явдал юм. Ийнхүү Төрийн албаны тухай хуулийн 4.1 дэх хэсэгт улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох, гагцхүү хуульд өөрөө заагаагүй бол Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөхөөр заасан. Мөн сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан тул Засаг даргыг огцруулах харилцаанд Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй. Иймд аймгийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгож намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн, аймгийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар Мэдэгдэл болон Төрийн албаны тухай хуулийн 76.4 дэх заалтыг үндэслэл болгосон байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн дээрх Мэдэгдэл нь Төрийн албаны тухай хуулийн 76.4 дэх заалтын дагуу намайг ажлаас чөлөөлөх үр дагавар үүсгэсэн захиргааны акт байна. Гэвч дээр дурдсан үндэслэлийн дагуу Төрийн албаны зөвлөл нь улс төрийн албан хаагчийг буюу сумын Засаг даргыг огцруулах тухай мэдэгдэл өгөх эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 76.4 дэх хэсэгт заасан "буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдэл өгөх” зохицуулалт нь улс төрийн албан хаагчид хамаарахгүй юм. Хэрэв үүнийг улс төрийн албан хаагчид хамааруулан тайлбарлавал бүхий л улс төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, иргэдийн улс төрийн сонголтыг үгүйсгэх үр дагаварт хүргэх болно. Тодруулбал, Ерөнхий сайд, бусад сайдууд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй бол Төрийн албаны зөвлөл түүнийг ажлаас нь чөлөөлөх мэдэгдэл өгөх, тийнхүү Мэдэгдэл ирсэн тул тэдгээрийг шууд ажлаас нь чөлөөлөх нь утгагүй бөгөөд бусад хуулиар тогтоосон тухайлсан зохицуулалтыг үгүйсгэсэн хэрэг болно. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар Мэдэгдэл нь хууль бус юм.

Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 67.1 дэх хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна" гэж, 68.1 дэх хэсэгт “Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна" гэж тус тус заасан. Хуулийн тус заалтуудын дагуу Зөвлөл нь хамтын удирдлагын Pбайгууллага тул Зөвлөлийн дарга, аль нэг гишүүн нь Зөвлөлийг дангаар төлөөлөхгүй, түүний өмнөөс шийдвэр гаргахгүй билээ. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 6.2 дахь хэсэгт “Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар  гаргахгүй" гэж тодорхой заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дээрх Мэдэгдлийг Зөвлөлийн нэг гишүүн дангаар гаргасан байна. Иймд тус Мэдэгдэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр болж чадахгүй бөгөөд дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байна. Мөн нэгэнт Зөвлөлийн хуралдаанаар Мэдэгдэл гараагүй учир Төрийн албаны тухай хуулийн 76.4 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэх үндэслэлтэй юм

Иймд аймгийн Засаг даргын хууль бус маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоохыг Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлтдээ:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж заажээ. Төрийн албаны тухай хуульд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан төрийн албан хаагчид ажилгүй байсан хугацаанд ямар цалин хөлс, нөхөн олговор олгох тухай зохицуулаагүй. Иймд тус асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно” гэх зохицуулалт үйлчлэх юм. Иймд үүний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага гаргалаа.

Иймд шүүхийн шийдвэр гарах үе хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлсийг дээрх дүнгээр бодож хариуцагчаас хуульд заасан олговрыг гаргуулж өгнө үү. 2021 оны 8 дугаар сард 746 110 төгрөгийн цалин авсан/ 12 хоногийн цалин/,  9, 10, 11 дүгээр саруудад цалин аваагүй байна.

Нийгмийн даатгалын тухай хууль,Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хэмжээгээр бодож нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөх учиртай. Иймд хуульд заасан журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд, тухайн Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл нь шууд нэхэмжлэгчид чиглээгүй гэж байгаа учраас захиргааны актын шинжийг хангахгүй. Төрийн албаны зөвлөлийн 93 дугаар тогтоолоор М.Хыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгосон болохоос М.Хыг ажилд томилохоос татгалзсан тухай захирамжийг хүчингүй болгоогүй. Төрийн албаны тухай хуулийн дагуу нэр дэвшүүлсэн этгээдийг сумын Засаг дарга буюу тухайн орон тооны захиалагч этгээд өөрөө нэг удаа татгалзах эрхтэй. Тухайн эрхийн дагуу М.Хыг ажилд томилохоос татгалзсан. Энэ нь  хууль бус эс үйлдэхүй биш гэж үзэж байна. Н.Еыг огцруулахдаа Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийг үндэслэсэн гэж байна. Нарийвчилсан хууль байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ямар нэгэн санал авалгүйгээр шууд огцруулсан нь үндэслэлгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна”  гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Аймгийн Засаг даргын зүгээс Төрийн албаны зөвлөлийн мэдэгдлийг үндэслэж маргаан бүхий актыг гаргасан гэж тайлбарлаж байна. Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл гэж байхгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлага бүхий байгууллага, хуралдаж олонхын саналаар тодорхой шийдвэр гаргана гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн гишүүн эсвэл даргын явуулсан албан бичиг Төрийн албаны зөвлөл гэдэг байгууллагын шийдвэр болохгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судлуулахад, Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвлөл хуралдаагүй гэдгийг тодорхой тайлбарласан. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа түүнд хамааралтай нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл ирсэн гэдэг үндэслэлээр захирамж гаргах гэж байгаа бол энэ нь Төрийн албаны зөвлөлийн хурлаас гарсан уу, эрх бүхий этгээдийн мэдэгдэл үү, бид үүнийг биелүүлэх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг тодруулах шаардлагатай байсан.

Төрийн албаны зөвлөлд холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон гэдэг баримт хэрэгт авагдсан. Шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар бид дахин дүгнэлт хийхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл Н.Ед чиглэгдээгүй, зохицуулалт агуулаагүй байна гэсэн. Н.Ед чиглээгүй гэдэгт төвлөрч ярихгүй. Харин эрх зүйн зохицуулалт агуулаагүй буюу захиргааны акт биш байна гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанд үндэслэл болгож байна. Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл зохицуулалт агуулсан зүйл биш учраас түүнийг дагаж мөрдөх үүрэг хэн нэгэн этгээдэд үүсэхгүй. Тиймээс аймгийн Засаг даргаас Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэл ирсэн юм чинь би биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарлах байгаа  нь үндэслэлгүй.

Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэл ирсэн гэж үзсэн ч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахгүйгээр сумын Засаг даргыг чөлөөлөх үндэслэл болохгүй. Яагаад гэвэл Засаг даргыг огцруулах журмыг заавал баримтлах ёстой. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай хуульд зааснаар Хурлаас санал авна гэсэн зохицуулалт байна. Улс төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай хууль үйлчилнэ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй гэдэг талаар баримт хэрэгт байна. Тийм учраас аймгийн Засаг даргын зүгээс нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийг үгүйсгээд шууд өөрөө шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Ийм учраас аймгийн Засаг даргын шийдвэр хууль бус учраас хүчингүй болгох үндэслэлтэй” гэв.

5. Хариуцагч  аймгийн Засаг дарга  хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ш.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаартай захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, төрийн жинхэнэ албан хаагч М.Хыг үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн байна. Иргэн М.Хыгаас уг Б/10 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 93 дугаартай тогтоолоор уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн  2021 оны 93 дугаартай тогтоол гараад  6 сарын хугацаа өнгөрсөн боловч Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга асан  Н.Е нь захиргааны байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй юм. Энэ хооронд Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг  дарга миний нэр дээр  удаа дараа албан бичиг, мэдэгдэл ирж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 93 дугаартай тогтоолыг биелүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгосон. Аймгийн Засаг дарга миний зүгээс Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 93 дугаартай тогтоолын биелэлтийг хангуулан ажиллах талаар аймгийн Засаг дарга нарын  орлогчоор ахлуулсан ажлын хэсэг томилон Толбо суманд ажиллуулсан боловч Н.Е нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан. Түүний дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамедаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар  Н.Еыг аймгийн төвд дуудан аймгийн Засаг даргын Тамгын газрын  даргын өрөөнд  ярилцаж байсан боловч хүлээж аваагүй. Хамгийн сүүлд Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 04/1562 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 93 дугаартай тогтоолын биелэлтийг ханган ажиллах тухай мэдэгдлийг аймгийн Засаг дарга миний нэр дээр ирүүлсэн. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 93 дугаартай тогтоолыг Толбо сумын Засаг дарга Н.Е нь ажлаас чөлөөлөгдөх хүртэл биелүүлээгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “Төрийн албаны  төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ...албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”  гэж заасан.

Иймд Н.Е нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 76 дугаар зүйлийн 76.4, 76.5, 76.6 дахь заалтуудыг зөрчсөн тул түүнийг аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар Толбо сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн учраас энэхүү үйл ажиллагаа хууль зөрчөөгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 Уг захирамж нь одоо хүртэл хүчингүй болоогүй буюу сумын Засаг даргын бүрэн эрхийг сумын Засаг даргын орлогч Т.Досымбек гүйцэтгэж байна. Иймд аймгийн Засаг даргын 2021 оны Б/30 дугаартай захирамж хүчингүй болоогүй, одоо амьдралд хэрэгжиж байгаа учраас Н.Еы “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах, ажил олгогчоос гаргуулах олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой. Н.Е нь Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд М.Хыг үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Энэ нь Н.Еы гаргасан зөрчил ба энэхүү гаргасан зөрчлийн төлөө түүнд хариуцлага ногдуулах ёстой. Н.Е нь хэчнээн төрийн улс төрийн албан тушаалтан байлаа ч Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх ёстой. Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас халсан, үүнийг хууль бус байсан гэдгийг Төрийн албаны зөвлөл тогтоосон байдаг. Үүнээс үзэхэд Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар мэдэгдэл заавал биелэгдэхээр хуульчилсан байна. Иймд Н.Ед оногдуулсан хариуцлага нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөл хуралдаагүй гэж байна. Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6-д “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж заасан. Үүнээс үзэхэд 93 дугаар тогтоол нь өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэж гаргасан шийдвэр юм. Төрийн албаны зөвлөлөөс гарсан тогтоол болон удаа дараа өгсөн албан даалгавар, мэдэгдлүүдийг Н.Е биелүүлээгүй учраас түүнийг томилох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д заасны дагуу ажлаас халсан юм. Иймд аймгийн Засаг дарга хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Төрийн албаны тухай хууль нь 2017 онд батлагдсан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль ба энэ хууль нь өөрөө шинэ нөхцөл байдлыг зохицуулж байгаа, сүүлд батлагдсан хууль учраас шүүх энэхүү хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийг баримтлахыг хүсэж байна. Хурал нь өөрөө улс төрийн байгууллага. Хэрэв Хурлаас санал хүргүүлэхээр бол мэдээж  өөрийн намын хүнээ хамгаалж үлдэх нь тодорхой. Аймгийн Засаг даргын хууль тогтоомжийг биелүүлэх, Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзэхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Еыг ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож,Толбо сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  цалин  хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт нь  зохих журмаар нөхөн бичилт хийхийг  хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлтэй байна.

        2. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны  01 дүгээр сарын 15-ны өдрийн  “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаар захирамжаар М.Хыг Толбо сумын Засаг  даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байх ба уг захирамжийг М.Хын гомдлын шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93  дугаар тогтоолоор Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгож,  М.Хыг өмнө нь ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус сумын Засаг даргад  даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасны дагуу  Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд  буруутай албан тушаалтныг  үүрэгт ажлаас  нь чөлөөлөх мэдэгдлийг  эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдсэн байна.

        Улмаар  Төрийн албаны зөвлөлийн 2021  оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлсэн Баян-Өлгий аймгийн Толбо  сумын Засаг дарга  Н.Еыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх мэдэгдлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

        Уг мэдэгдлийг үндэслэн  Баян-Өлгий аймгийн  Засаг даргын  2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар  “Төрийн албаны зөвлөлийн  шийдвэрийг болон   хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ  үл биелүүлсэн”  гэсэн үндэслэлээр  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 76 дугаар зүйлийн 76.4,76.5,76.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тус тус баримтлан Толбо сумын Засаг дарга Н.Еыг 2021 оны  08 дугаар сарын 13-ны  өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, дараагийн Засаг дарга томилогдох хүртэл  бүрэн эрхийг сумын Засаг даргын орлогчид шилжүүлсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 85-86, 91,92 дах тал, 2 дах хавтаст хэргийн 100 дах тал/ тус тус  тогтоогдож байна.

3.Нэхэмжлэгчээс  уг захирамжийг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Засаг даргын хувьд хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн байдлыг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тухайлсан зохицуулсан.Тус хуулийн 32.2 дахь хэсэгт “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүний бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад ...хүргүүлнэ" гэж заасан. Үүний дагуу Засаг даргыг огцруулах журам нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал гаргах, тус саналын дагуу Засаг дарга захирамж гаргах явдал юм. Иймд аймгийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгож намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Аймгийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар Мэдэгдэл болон Төрийн албаны тухай хуулийн 76.4 дэх заалтыг үндэслэл болгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 76.4 дэх хэсэгт заасан "буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдэл өгөх” зохицуулалт нь улс төрийн албан хаагчид хамаарахгүй юм. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар Мэдэгдэл нь хууль бус юм.

Төрийн албаны тухай хуулийн 67.1, 68.1 дэх хэсэгт заасны дагуу Зөвлөл нь хамтын удирдлагын байгууллага тул Зөвлөлийн дарга, аль нэг гишүүн нь Зөвлөлийг дангаар төлөөлөхгүй, түүний өмнөөс шийдвэр гаргахгүй билээ. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн дээрх Мэдэгдлийг Зөвлөлийн нэг гишүүн дангаар гаргасан байна. Иймд тус Мэдэгдэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр болж чадахгүй бөгөөд дээрх хуулийн заалтуудыг зөрчиж байна. Мөн нэгэнт Зөвлөлийн хуралдаанаар Мэдэгдэл гараагүй учир Төрийн албаны тухай хуулийн 76.4 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэх үндэслэлтэй” гэж тодорхойлон маргасан.

          4.Төрийн албаны тухай хууль / Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: 11.1.9.бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогчгэж тус тус зохицуулснаас үзэхэд төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бүх шатны Засаг даргын эрх зүйн байдлыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох хуулиар  тогтоох бөгөөд уг  тухайлсан хуульд өөрөөр заагаагүй бол  Төрийн албаны  тухай хуулийн  холбогдох заалтыг мөрдөхөөр хуульчилжээ.

5.Бүх шатны Засаг даргын  бүрэн эрх, баталгаа,  Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах зэрэг асуудал  буюу эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцааг  зохицуулсан, маргаан бүхий захиргааны актыг гаргах үед  хүчин төгөлдөр  мөрдөгдөж  байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд /2006 он/ Засаг даргыг чөлөөлөх, огцруулах  үндэслэл, журам, чөлөөлөх, огцруулах санал болон шийдвэр гаргах асуудлын талаар  дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.

            Уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.1.Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар: г /Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”,  32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ”,  32.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө”, 32.8-д “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй бөгөөд энэ заалт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй”  гэж тус тус  заасан.

        6. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болон хариуцагчийн тайлбараас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар албан бичгээр хүргүүлсэн “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Еыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх” тухай мэдэгдлийг үндэслэн, Төрийн албаны зөвлөлийн  2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93  дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” тогтоолыг биелүүлээгүй  буюу Төрийн албаны тухай  хуулийн 76 дугаар зүйлийн 76.4,76.5,76.6 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Толбо сумын Засаг дарга Н.Еыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

        Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 75  дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно”,76.4-т “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 76.5-д “Энэ хуулийн 76.4-д заасан эрх бүхий этгээд нь мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 7 хоногийн дотор хариу мэдэгдэнэ”, 76.6-д “Энэ хуулийн 76.4, 76.5-д заасныг зөрчсөн эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас хална” гэж тус тус зохицуулжээ.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд  томилох эрх бүхий этгээдээс гаргасан төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэрийн талаарх маргааныг Төрийн албаны төв байгууллагаас хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг  биелүүлээгүй  албан тушаалтанд   арга хэмжээ авхуулахаар дээд шатны албан  тушаалтанд хүргүүлэх хуульд заасан арга хэмжээ  нь мэдэгдэл бөгөөд  энэхүү төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэрийг гаргах  томилох эрх бүхий этгээд болон түүний дээд шатны албан  тушаалтан нь  хуульд заасан тохиолдолд улс төрийн албан тушаалтан байх боломжтой тул нэхэмжлэгчийн “Төрийн албаны тухай хуулийн 76.4 дэх хэсэгт заасан "буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэх” зохицуулалт нь улс төрийн албан хаагчид хамаарахгүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн дээр дурдсанаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг  даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн тус сумын Засаг даргын шийдвэрийг М.Хын гомдлоор Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 93  дугаар тогтоолоор хүчингүй болгож, М.Хыг өмнө нь ажиллаж байсан Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус сумын Засаг даргад  даалгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл төрийн албаны төв байгууллагаас хуралдаанаараа хамтын удирдлагын зарчмаар тухайн шийдвэрийг  гаргасан тул  уг  шийдвэрийг биелүүлээгүйтэй  холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн гишүүний гарын үсэг зурж, хүргүүлсэн мэдэгдлийг  Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх заалттай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

        7. Дээрх байдлаар Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т зааснаар төрийн албаны төв байгууллагаас “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Н.Еыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх” тухай мэдэгдлийг тус   аймгийн Засаг даргад хүргүүлсэн байгаа боловч  Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.4, 32.8-д тус тус зааснаар Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн бол дээд  шатны Засаг даргаас түүнийг огцруулах  тухай саналаа зохих шатны Хуралд хүргүүлж, Хурлаас 15 хоногийн дотор уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж,санал хураалт явуулж хариу өгснөөр уг саналыг үндэслэн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг  шийдвэрлэхээр  хуульчилсан байна.

         Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын хувьд  хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр Толбо сумын Засаг дарга Н.Еыг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргахдаа  түүнийг чөлөөлөх, огцруулах асуудлаар Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  санал хүргүүлээгүй, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Засаг дарга Н.Еыг чөлөөлөх, огцруулах санал аймгийн Засаг даргад хүргүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 109,110 дах тал/  тус тус  тогтоогдсон болно.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн г/-д зааснаар  Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах нь сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах тул Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар  сумын Засаг дарга Н.Еыг  ажлаас чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцээгүй,  чөлөөлөх, огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлээгүй байхад  Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Н.Еыг  Толбо сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй, хууль бус байна гэж дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга нь томилох, чөлөөлөх, огцруулах эрхтэй боловч  тухайн шатны Хурлаас Засаг даргыг томилох,чөлөөлөх, огцруулах  асуудлыг хэлэлцээд санал хүргүүлсэн тохиолдолд  аймгийн Засаг даргаас уг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхаар  хуульчилсан бөгөөд тухайн шатны Хурлаас Засаг даргыг огцруулах, чөлөөлөх саналыг  хүргүүлээгүй байхад Засаг даргыг чөлөөлөхгүй, огцруулахгүй байхыг хуульд зохицуулсан нь төрийн  улс  төрийн албан хаагчийн баталгаа юм.

Иймд Толбо сумын Засаг дарга Н.Еыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн   аймгийн Засаг даргын захирамж  хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Н.Е нь  сумын Засаг даргын албан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж төрийн алба хаах,хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Н.Еыг Толбо сумын Засаг даргын албан тушаалд  эгүүлэн  тогтоож шийдвэрлэлээ.

Мөн нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс  шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны  цалин  хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт нь  зохих журмаар нөхөн бичилт хийхийг  хариуцагч аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/  18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсгийн г/, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.4, 32.8, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Н.Еы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Еыг ажлаас чөлөөлөх тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н.Еыг  Толбо сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс  шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны  цалин  хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт нь  зохих журмаар нөхөн бичилт хийхийг  хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ