Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/213

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч О.Нандинцэцэг,

         шүүгдэгч Т.У, Г.Б, Б.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б Х, Б овогт Т У, Х овогт Г Б нарт холбогдох эрүүгийн 2211 01885 1418 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б ургийн овогтой Т У /РД: ХИ/,

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт ..........хороо, Тахилтын 1-123 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Х ургийн овогтой Г Б, /РД: ТЕ/,

Монгол улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .............. хороо, 27 дугаар байрны 99 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Мургийн овогтой Б Х,/РД: УЙ/,

Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 3, эмээ, ээжийн хамт ................ хороо Дако ......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.У, Г.Б, Б.Х нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Улсын Их дэлгүүрт үйл ажиллагаа явуулах “............” ХХК-ийн “T.........d” гутлын тасагт худалдааны зөвлөх хийж байх үедээ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 34,780,849.90 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 676 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.У, Г.Б, Б.Х нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Улсын Их дэлгүүрт үйл ажиллагаа явуулах ................” ХХК-ийн “............” гутлын тасагт худалдааны зөвлөх хийж байх үедээ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 34,780,849.90 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар тал/,    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Улсын их дэлгүүрийн ......... гутлын тасагт шоп менежер хийдэг бөгөөд манай дэлгүүр сарын сүүлээр нэгдсэн тооллого хийдэг бөгөөд шаардлагатай зарим үед гэнэтийн тооллого хийдэг. 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд 2,707,000 төгрөгийн алдагдал гарч ирсэн учраас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр захирлын тушаалаар нэгдсэн тооллого хийхээр болж тооллогын комисс ажиллахад 34,221,000 төгрөгийн бараа дутсан бөгөөд захирлын зөвлөгөөний хурал хийж ажиллахад манай дэлгүүрийн худалдааны зөвлөх У, Б, Х нар нь дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээс хувьдаа хэрэглэж, өр дутагдал үүсгэснээ хүлээн зөвшөөрч өөрсдийн хувьдаа авсан бараа бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн хэлж тооцоо гаргуулсан ба манай тооллогын комиссын зүгээс зарлагын баримт болон бүртгэл судалгаанд үндэслэн У, Х, Билгүүн нарын хувьдаа авсан бараа бүтээгдэхүүн нэг бүрийг тус бүрээр нь гаргаж У, Х, Б нар нь өөрсдөө хүлээн өр төлбөрөө барагдуулах талаараа баталгаа бичиж өгсөн. Үүний дараа Х өөрийн өр болох зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгууллагын хохирлыг 5,069,999 төгрөгийг төлж барагдуулсан Б өөрийн өр болох 10,276,502 төгрөгийг байгууллагад цаг тухай бүр төлөөд явж байгаа. Харин У нь өөрт оногдсон төлбөр болох 18,874,499 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй мөн утсаа авахгүй холбоо барихгүй алга болсон юм. Манай байгууллага гэнэтийн тооллого хийх үеэр бараа бүтээгдэхүүний дутагдал гарч ирсэн учраас манай удирдлагын зүгээс тооллогын комисс томилж дахин тооллого хийх үед кассын баримт болон гар бүртгэлийн дэвтэр бараа бүтээгдэхүүн дутсан нь тодорхой гарч ирж байсан бөгөөд манай тооллогын комисст манай байгууллагын менежер болон нягтлангууд байсан ба ерөнхий нягтлан Б. удирдаж тооцоог гаргасан. Мөн байгууллагын хурлын үеэр У өөрийн авсан бараа бүтээгдэхүүнээ хэлээд байгууллагад учруулсан өөрийн өр зээлээ хүлээн зөвшөөрч байсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа юм, ...2022 оны 01 дүгээр сарын 05-ны дотор “Наран групп” компани санхүүгийн албанаас бүх салбаруудыг хөндлөнгийн тооллого орж шалгадаг болохоор үнэн бодитой явагддаг. Т.У, Б.Х, Г.Б нар нь 2022 оны 02 дугаар сараас эхлэн бараа материал хувьдаа авдаг болсон байх гэж бодож байна. Cap болгоны бараагаа тоолуулах үедээ байгаа гэж хэлээд бараагаа нэмээд тоогоо хэлээд өр төлбөргүй гардаг байсан, Б.Х, Г.Б хоёр манай байгууллагаас авсан өр төлбөрөө төлж барагдуулсан, Т.У бол нэг ч мөнгө төгрөг төлж барагдуулаагүй байгаа...” гэх /хавтаст хэргийн 139-141 дүгээр тал/,

Гэрч А.Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “.................. ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч хийдэг бөгөөд манай байгууллага cap бүрийн төлөвлөгөөт болон гэнэтийн тооллого гэж хийдэг юм. Харин 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр манай тооллогын комисс томилж Улсын Их дэлгүүрийн 3 дугаар давхарт байрлах .д тасагт гэнэтийн тооллого хийхэд 2,700,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан учраас манайхаас дахин тооллого хийхээр болж 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нийт 5 салбарын .д тасагт зэрэг тооллого хийсэн. Тухайн үед Т.У гэх худалдааны зөвлөх нь .н 3 дугаар давхарт байрлах .д тасагт худалдааны зөвлөх хийж байсан бөгөөд тухайн тасгаас 3,542,000 төгрөгийн бараа дутагдал гарч ирсэн. Тухайн үед У Ш. салбарт ......../-ны хамтаар ажилладаг байсан. Мөн Улсын Их дэлгүүрийн тасагт 19,769,000 төгрөгийн бараа дутагдал гарч ирсэн бөгөөд тооллогын үеэр У нь 7,560,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг касс дээр борлуулж зарсан гэсэн бичилт хийсэн байсан бөгөөд мөнгө нь байхгүй байсан юм. Ингээд нийт 34,221,000 төгрөгийн бараа дутагдал гарсан учраас бид нар тухайн үед тус тасагт худалдааны зөвлөх хийж байсан Х, Б, У нарыг дуудаж хурал хийсэн. У гэх эмэгтэй нь манай байгууллагад худалдааны зөвлөх хийгээд нэлээн удаж буй туршлагатай ажилтан байсан мөн 2021 оноос эхлэн Улсын Их дэлгүүрийн .д тасагт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан ба 2022 оны 05 дугаар сарын эхээр салбараа сольж .а салбарт ажиллаж байсан юм. Ингээд хурлын үеэр Х энэ бараа бүтээгдэхүүнийг У эгч авсан гэж хэлсэн ба касс дээр бичилт хийсэн 7,500,000 төгрөгийг гурвуулаа хувааж өгөхөөр болж үүн дээр тухайн гурван худалдааны зөвлөх нь өөр өөрсдийн авсан бараа бүтээгдэхүүнээ хэлж тооцоогоо гаргасан ба 18,874,499 төгрөг, Х 5,069,999 төгрөг, Б 10,276,502 төгрөгийн өр тооцоо гарч өөр өөрсдөө гарын үсэг зурж авсан мөнгөө төлж барагдуулж байгууллагыг хохиролгүй болгоно гэсэн гар бичвэр хийж өгсөн. Үүнээс Х өөрийн авсан мөнгө болох 5,068,999 төгрөгийг байгууллагад төлж барагдуулсан ба Б 2,000,000-3,000,000 орчим төгрөгийг төлж барагдуулсан ба бага багаар хийгээд байгаа юм, Харин Т.У өөрийн дутаасан бараа бүтээгдэхүүний мөнгөнөөс огт төлөөгүй байгаа юм, Үүний дараа Т.У 2022 оны 08 дугаар сард манай байгууллагын гүйцэтгэх захирал С. болон захиргаа хүний нөөцийн мэргэжилтэн Энх-Н.н нар дээр ирж уулзаад надад нэг газар байгаа газраа зараад мөнгөө өгье гэж хэлсэн байсан ба түүнээс хойш утсаа авахгүй гэрт нь очиход гарч ирэхгүй байсан юм. Тэрээр өнөөдрийг хүртэл манай байгууллагын хохирлыг барагдуулаагүй алга болсон юм...” гэх /хавтаст хэргийн 21-23 дугаар тал/,

Шүүгдэгч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2013 оны 09 сараас эхлэн Улсын их дэлгүүрийн “Наран .........” салбарт ажилд орж эхэлсэн. Манай байгууллага нэг салбар дээр 2-3 cap болоод солигдоод өөр салбарт очиж ажилладаг. 2022 оны 08 сард Улсын их дэлгүүрийн салбарт Хтай хамт ажиллаж эхэлсэн, 2023 оны 02 сараас эхлэн Б манай Салбарт ажилд ороод хамт бид гурав хамт ажиллаж эхэлсэн. 2023 оны 04 сарын 04-нд Наран........... салбарт тооллого хийчхээд Б, Х хоёрт тасгаа хүлээлгэж өгөөд .... очиж ажилласан. 2023 оны 05 сарын 17-нд Улсын их дэлгүүрийн Наран .......... гэнэтийн тооллого ороод бараа материал дутсан Б, Х бид гурвыг эд хариуцагч болохоор бараа материалын хохирлыг төлж барагдуулах ёстой гэж хэлээд бид гурав мөнгө гурав хуваагаад төлөх хуудсанд гарын үсэг зурж авсан. Би одоогоор төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа. Би 2023 оны 04 сард зарим барааг аваад тооллого болохоос өмнө өгнө буцаагаад мөнгө төлнө гэж бодоод авдаг байсан, .......... салбарт очоод ажиллаж байхад өмнө авсан бараагаа төлж чадаагүй байхад гэнэтийн тооллого ороод бараа дутсан асуудал гарсан. Наран л......... 8-9 жил ажиллаж байх хугацаанд ийм их хэмжээний ор төлбөр гарч байгаагүй бас хувьдаа бараа материал авч байгаагүй. 2023 оны 04 сард 11 бараа материал аваад тэрийгээ төлж барагдуулж чадаагүй байсан. Б гэх залуу ажилд ороод мэдэгдэхгүй бараа материал их дутдаг болсон...” гэх /хавтаст хэргийн 151 дүгээр тал/,

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би 2021 оны 01 сарын 16-ны өдөр “..........” худалдааны төвд байрлах “........” худалдагчаар анх ажилд орсон. ........... салбарт 3 cap ажиллаад 2021 оны 04 сараас 2022 оны 02 cap хүртэл ......... салбарт ажиллаж байгаад 2022 оны 02 сард Улсын их дэлгүүрийн салбарт ажиллахаар ирж ажиллаа хүлээж авах үед 8,000,000-9,000,000 төгрөгийн бараа дутсан байхаар нь У, Х эгч хоёр их хэмжээний бараа дутуу байна би хүлээж авахгүй гэж хэлсэн чинь У эгч би мөнгө хүүлэгчээс мөнгө зээлсэн байгаа манай гэрт ирж дарамтлаад байна би удахгүй цалингийн зээл бүтэхээр төлнө гэж надад хэлээд гуйсан. Х эгч давхар цалингийн зээл хөөцөлдөж байгаа болохоор төлнө энэ 2 сардаа багтаад төлнө У эгч намайг ойлгооч гээд гуйгаад байхаар нь дарга нарт хэлэхгүй шууд хүлээж авсан. Ажиллаж байх хугацаанд У эгч над руу залгаад “...Мөнгө хүүлэгч нар ирээд намайг дарамтлаад байна манай хүүгийн бие өвдөөд байгаа бараа орж ирэхээр нь данс руугаа аваад над руу шилжүүлээрэй гэж удаа дараа гэж гуйдаг үгүй гэж хэлэхээр байн байн залгаад байдаг байсан. Би 2-3 удаа бараа зараад мөнгө өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5700861253 дугаарын данс руу аваад У эгчийн голомт банкны данс руу хийдэг байсан. Би 2022 оны 04 сараас эхлэн бараа аваад буцаагаад төлдөг байсан. 2022 оны 06 сард Улсын их дэлгүүрийн салбар дээр гэнэтийн тооллого орж ирээд тооллого У эгч хийлгүүлсэн болохоор бусад салбараас бараа авч ирж тоолуулаад өр төлбөргүй гарсан. Тэгээд 2022 оны 07 сарын 01-15-ны хооронд дахин тооллого орж ирэхэд бараа материал дутаад нягтлан шүүгээд дахин тооллого оруулна гээд 08 сардаа бараагаа би өөрөө тоолуулахад барааны дутагдал гэж 30,000,000 гаран сая төгрөгийн бараа дутаж байсан. Шуурхай хурал зарлаад У Х бид гурвыг төв салбар дээр дуудаад өөрсдийнхөө авсан бараагаа тэмдэглээд хүлээн зөвшөөрсөн минийх 5,500,000 төгрөг болсон дээрээс мэдэхгүй бараа гарж ирээд бид гурвыг хуваан төл гээд нэмж 5,000,000 төлөхөөр болсон. Би тухайн мөнгөнөөс 9,000,000 төгрөг төлсөн байгаа...” гэх /хавтаст хэргийн 160 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би 2018 оны 06 дугаар сард анх “Наран молл” салбарт ажилд орсон 2 сар болоод салбар солигдсон. Нэг салбар дээр удаан хугацаанд ажилладаггүй юм. 2020 оны 6 дугаар сард Улсын Их дэлгүүрийн салбар солихгүй 8-9 сар гаран У эгч болон Б нартай хамтарч ажиллаж байсан. 2022 оны 06 дугаар сард Улсын Их дэлгүүрийн салбар дээр гэнэтийн тооллого орж ирээд бараа материал дутсан У, Б бид 3-ыг байгууллагын барааг төлж барагдуул гээд байсан. Би өмнө авсан байсан барааны төлбөр тооцоог төлөөд барагдуулсан. Нягтлан Б, У нар баталгаажуулж харуулсан нэмж дээрээс нь нэмж 7,000,000 гаран төгрөг төлж барагдуулахыг шаардаад миний амралтын мөнгө, 1 сарын цалин эрсдэлийн санд цуглуулж байсан мөнгө авсан. Би бүх төлбөр тооцоог төлж барагдуулсан...” гэх /хавтаст хэргийн 169 дүгээр тал/,

“........” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тусгайлсан гүйлгээнд санхүүгийн аудит хийсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-35 дугаар тал/,

Т.Уянгын хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт, /хавтаст хэргийн 44-53 дугаар тал/, тооллого хийсэн тухай баримтууд /хавтаст хэргийн 54-78 дугаар тал/,

Б.Хг ажилд томилсон тухай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 85-93 дугаар тал/,

Г.Бг ажилд томилсон тушаалын хуулбар /хавтаст хэргийн 94 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах шаардлага байхгүй” гэх,

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах шаардлага байхгүй” гэх,

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах шаардлага байхгүй” гэх,

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт үйлдэж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч М. овогт Б. Х, Боржигон овогт Т. У, Х.овогт Г. Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож, зорчих эрх хязгаарлах ялын хүрээг шүүгдэгчийн оршин суух дүүрэг буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Б, Б.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Т.Уд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх боловч хэрхэн төлөх талаар шүүхэд баримт ирүүлээгүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хугацаа болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Г.Б, Б.Х нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.   

Шүүгдэгч Г.Б, Б.Х нарт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

            Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Б, Б.Х нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө барагдуулсан байх тул цаашид бусдад төлөх төлбөргүй,

            Шүүгдэгч Т.Уас нийт 18,874,500 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянгол дүүргийн 6-р хороо, 55-р байр 21 тоотод оршин суух хаягтай, С.А. /РД:./-д гаргуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Т.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж,

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарыг иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.У, Г.Б, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Б, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Т.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4. Шүүгдэгч Т.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Х нарт оршин суух газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.Х нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Уас нийт 18,874,500 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянгол дүүргийн 6-р хороо, 55-р байр 21 тоотод оршин суух хаягтай, С............../-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

         10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Уд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.АРИУНБОЛД