Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/214

 

   

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Э.Э,

нарийн бичгийн дарга М.Энхмаа,

улсын яллагч А.Дэлгэрмөнх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э Эд холбогдох эрүүгийн “2311 02338 0056” дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бовогтой Э Э /РД:РХ 6/

Монгол Улсын иргэн, 19 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт .......хороо, 62-1 тоотод орших суух хаягтай,

урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний ........... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 cap 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 40-8 тоотод Б.Тийн “эзэнгүй айлд юу хийж байгаа юм гар гэж хэлсэн” үгэнд нь уурлаж маргалдан түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж, 1 удаа өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.Э нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 40-8 тоотод Б.Тийн “эзэнгүй айлд юу хийж байгаа юм гар гэж хэлсэн” үгэнд нь уурлаж маргалдан түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж, 1 удааг өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний орой Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 40-7 тоотод байх гэртээ байж байсан. Тэр үед манай хөрш 40-8-н тоотод оршин суух Билэгт гэх залуу манай хаалгыг тошсон ба хаалга нээхэд Билэгт “Манай гэрт дүү ирэх гэж байгаа, та Энхүүшийг явуулаад өгчих” гэж хэлээд өөрөө яваад өгсөн. Тэдний гэр нь яг манай өөдөөс харсан хаалга юм. Тэгээд би тэдний хаалгыг харахад онгорхой байхаар нь би орсон чинь Энхүүш буюу Э эхнэрийнхээ хамт хоёулаа байж байсан. Би тэр Эг “Эзэнгүй айлд юу хийж байгаа юм, одоо гар” гэж хэлсэн чинь “Би найз Билэгтийндээ байна” гээд миний нүүр лүү шууд цохисон. Тэгэхээр нь би тухайн залууг барьж аваад явуулахгүй гээд зуураад байсан чинь миний зүүн гарын долоовор хурууг мушгиад миний цээж рүү өшиглөсөн. Тэр үед нь би өшиглүүлээд унасан. Э гэх залуу миний нүүр лүү баруун гараараа хүчтэй цохисон, цээж рүү өшиглөсөн. Одоо миний зүүн нүд хөхөрсөн, хамранд хумсны ором орчихсон байсан, үүдэн 2 шүд унасан, баруун өвдөг шалбарсан, баруун гарын тохой шалбарсан бас зүүн гарын долоовор хавдсан байна...” гэх /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Гэрч Т.А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Билэгтийнд орчхоод тухайн архиа бид 3 ууж байгаад Билэгт гараад ирий гээд гарсан. Удалгүй Т гаднаас орж ирээд янз бүрийн юм яриад уйлж унжаад Эгээс салахгүй байсан. Э тэр үед Тийг нэг түлхэх шиг болсон яг сайн хараагүй. Тэгээд би Эг гэрээс гарж бай гээд гаргасан. Тэгээд бид 2 тэднийхээс гараад явсан. Т, Э хоёр хоорондоо зууралдаад байсан яг Э Тийг цохисон үгүйг бол мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг түлхэж байгаа харагдсан. Би тэр үед утсаараа оролдож байсан болохоор сайн анзаараагүй...” гэх /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Гэрч Э.Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э болон эхнэрийнх нь хамт өөрийн гэр болох Чингэлтэй дүүрэг 9-р хороо Дэнжийн мянгын 9-р хороо 40-8 тоотод орж ирсэн. Хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 15 цаг өнгөрчихсөн байсан байх манай дүү ирэх дөхчихсөн байсан. Гэрт ороод 75 граммын хэмжээтэй “экс” нэртэй архи тал хүртэл нь уучихсан байсан. Удалгүй би Т эгчийнд ороод манай дүү ирэх дөхчихсөн байна би өөрөө хөөж чадахгүй байна та хэлээд явуулаад өгчих гэж хэлээд гэрт нь ороод унтсан. Тэгээд би орой нь сэрээд гарах гэж байсан чинь Т эгч надад Э намайг зодчихлоо гэж хэлсэн. Би яг тэр үед нь Т эгчийн гэрт байж байсан болохоор юу болсныг нь мэдэхгүй байна. ” гэх /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14125 дугаар дүгнэлтэд:

Б.Тийн биед зүүн нүдний доод зовхи, дотор булан, буйл, зүүн бугалга, баруун өвдөгт цус хуралт, хоёр шүдний хугарал, уруулд язарсан шарх, баруун тохой, зүүн сарвууны долоовор хуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

Хохирогч Б.Тийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.   

Хохирол, хор уршгийн талаар.

Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.овогтой Э. Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хохирогч Б.Т цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      П.АРИУНБОЛД