Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2021/00349

 

 

 

 

 

 

 

 

 

  2021          02              05                                                   184/ШШ2021/00349

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Г.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Б холбогдох

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А миний бие 2018 оны 03 сарын сүүлээр танилцаж, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ хугацаанд бид хоёр тусдаа гарч хамтран амьдраагүй, цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оны 01 сараас эхлэн уулзалгүй тус тусдаа амьдрах болсон. А.Б нь жирэмсэн болсноо  надад салснаас хойш 1 сарын дараа хэлж энэ хүүхдийг төрүүлээд чамд өгнө гэж хэд хэдэн удаа хэлсэн. А.Б нь эх нялхаст 12 хоног хэвтэж эмчлүүлж байх хугацаанд миний бие болон миний эцэг А.Гантулга нь асран халамжилж байсан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин А.Бү нь эх  нялхаст төрсөн. А.Б нь 2019.10.23-нд эх нялхасаас гарахад нь миний бие ажлаар орон нутагт байсан юм. Энэ өдөр А.Б нь эмнэлгээс гараад  охин Бүжинлхамыг ээж аавд минь үлдээж явсан. Одоо охин А.Бү 1 нас 1 сар гарантай энэ хугацаанд А.Б нь охинтойгоо 9 удаа уулзсан билээ. 2019.10.23-ны өдрөөс хойш охин А.Бү миний асрамжид өсөн торниж байна. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Цаашид охин А.Бүыг өөрийн асрамжид хэвээр үлдээхийг хүсэж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. А.Баас хүүхдийн тэтгэлэг авахгүй  гэв.

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Б би 2018 оны 3 сард Г.Атэй танилцсан. Г.А нь 5 жил цуг амьдарч байсан эмэгтэйгээсээ гэрлэлтийн баталгаагаа салгаад удаагүй байхдаа  надтай танилцсан... гэрлэлтийн баталгаа хийлгэсэн. 2018-2019 он хүртэл Аийнд амьдарч байх хугацаанд Аийн зан хувирч бага зэргийн маргаанаас болж яв зайл чи аавгүй би бол чамайг бодуул аав ээжтэй гэж хэл амаар доромжилж хөөдөг болсон. А.Б би энэ байдлыг тэвчихгүй уурлаж чи яагаад гэрээсээ хөөгөөд байгаа юм бэ гэж асуухад А би чамтай амьдрах сонирхолгүй  байна гэсэн....Одоо ингээд хоёулаа салъя гэж хэлээд явсан. 2019 оны 10 сард А.Б би охин Бүжинлхамыг эх нялхасын эмнэлэгт эрүүл саруул төрүүлж өөрийн биеийн байдал тааруу 2 хагалгаанд орсон тул охиноо асарч чадахгүй байсан. Эх баригч эгч уурлаж чи зовж зүдэрч төрж байхад аавыг нь дуудаж охиныг нь асруул гэж хэлэхэд Г.А рүү утсаар ярихад сургууль дээр чөлөө өгөхгүй байна гээд аавыгаа явуулж байсан. Ингээд миний биеийн цааш эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул охиноо аргагүй эрхэнд Аэд харуулах талаар ярихад аав ээж хоёр орцны үүдэнд хүлээж байгаа, өгчих гээд аав нь машин дотроос охиныг минь аваад гэр лүүгээ орсон. Охинтойгоо хэд хэдэн удаа уулзсан.Цаашдаа бид хоёр цуг амьдрах боломжгүй тул гэрлэлтийн баталгаа салгаж өгнө үү. Би охиноо эрүүл мэндийн шалтгаанаар эцэг Аэд түр хараад өгөөч гэж харуулсан. Түүнээс биш бүр мөсөн өгөөгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй  гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч А.Бд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  тус тус гаргажээ.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: гэрлэгч А.Б, Г.А нар нь 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ИГБББ-д гэрлэлтээ батлуулсан ба 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин А.Бүыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигч нарын тайлбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна. /хх-5-7/

 

Гэрлэгч А.Б, Г.А нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхөр Г.А нь  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тул гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ./хх-8/

 

Талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, одоо нэхэмжлэгч, хариуцагч тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулах шаардлагад хариуцагч А.Б маргаагүй, хэн аль нь шүүхээс эвлэрүүлэх хугацаа авах хүсэлт гаргаагүй, цаашид эвлэрч амьдрах боломжгүй тул хуульд зааснаар дахин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж шүүх үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх  үзлээ.        

     

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар  талууд хүүхдийнхээ асрамжийн асуудлаар харилцан тохиролцон эцгийнх  нь асрамжид  хэвээр үлдээхээр тохиролцсон ба нэхэмжлэгч Г.А хариуцагч А.Баас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй байна.

              Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийн

тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн эцэг ,эхийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч эх А.Быг хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь эцэг Г.А саад учруулахгүй байхыг даалгав.

  Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэд хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглох бөгөөд  талууд эд хөрөнгийн талаар маргаагүй болно. 

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлэв.

       

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгч Г.Аийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

  

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,119, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх зааснаар Хулуут овогт Гантулгын Аийн /регистрийн дугаар:УП92020710/, Олхонууд овогт Алтансавхын Булган /регистрийн дугаар:УШ93031340/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.Бүыг /регистрийн дугаар:УН19301120/ эцэг Г.Аийн асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

3. Нэхэмжэгч Г.А хариуцагч Г.Бүжинлхамаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй  ба гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар  А.Б, Г.А нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан ч эх А.Быг  хуулиар хүлээсэн  үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг эцэг Г.Аэд даалгасугай.

 

             5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 140,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Баас улсын тэмдэгтийн хураамжид 140,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Аэд олгосугай. 

   

            6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Улсын   бүртгэлийн хэлтэс  хүргүүлсүгэй.

           

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар уг шийдвэрийн 5 дах заалтаас бусад хэсгийг эс зөвшөөрвөл  шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОЮУНЖАРГАЛ