Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2024/0221/Э |
Дугаар | 2024/ШЦТ/217 |
Огноо | 2024-03-20 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Г.Гармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүгдэгч Л.Г,
нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,
улсын яллагч Г.Гармаа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Л Гт холбогдох эрүүгийн “2311 02390 0147” дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Л Г, /РД: /,
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах эгчи5-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19/77 дугаар тогтоолоор дуусгавар болсон.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнийн 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Дотно” зочид буудалд Б.Этай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Б.Эыг унтаж байхад “самсунг А-30” загварын гар утас, гутал 274,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүний Хаан банкны 5845259730 дугаарын данснаас 600,000 төгрөгийг Хаан банкны 5020829969 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 874,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 123 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Л.Г нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнийн 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Дотно” зочид буудалд Б.Этай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Б.Эыг унтаж байхад самсунг А-30 загварын гар утас, гутал 274,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүний Хаан банкны 5845259730 дугаарын данснаас 600,000 төгрөгийг Хаан банкны 5020829969 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 874,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4-р хороо “Дотно” зочид буудалд нутгийн найз Г гэх хүнтэй хамт архи уухаар буудалд орсон юм. Бид хоёр нийлээд нэг шил архи уусан бөгөөд юм ярьж байгаад би өдрийн 16-17 цагийн хооронд тасраад унасан байсан миний хажууд Г суугаад үлдсэн. Би шөнө 04 цагийн үед ганцаараа нөгөө буудалдаа сэрээд Туяа 99134827 дуудсан чинь Туяа намайг тухайн буудлаас ирж авсан. Тэгээд би юмнуудаа шалгатал миний утас гутал байхгүй алга болсон байсан. Гэртээ харьж амраад маргааш нь Туяа Гтой холбогдоод хорооллоос миний утас, гутлыг Гоос очиж надад авчирч өгсөн. Би өөрийн “А-30” маркийн утас мөн өөрийн гутлаа олж авсан. Тэгээд утсаа шалгаад өөрийн Хаан банкны аппликейшн рүү ороод шалгатал миний 5845259730 дугаарын данснаас “Ganzo” гэх гүйлгээний утгатай 5020829969 тоот данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн байсан. Би гайхаад бодоод байтал өглөө нь Гтой хамт архи уух гээд сууж байтал миний Хаан банкны код блоклогдоод би Гтой хамт сууж байгаад нууц үгээ өөрчлөөд данс руу орж байсан юм. Тэгээд миний дансны кодыг Г мэддэг болохоор миний данснаас 600,000 төгрөг шилжүүлж авсан байсан. Би Гтой тэр орой нь холбогдтол “тиймээ мөнгийг чинь авсан, надад 480,000 төгрөгийн пүүз байна энийг оронд нь авчих эсвэл 580,000 төгрөгийн “S-12” гэх утас байна энийг ирээд авчих модны 2-т байна гэж надад хэлсэн тэгээд би яваад очих гээд утас руу нь залгатал холбогдох боломжгүй болсон. Маргааш нь дахин залгатал мөнгөө авмаар байна гэтэл Г чи надаас авах юмаа аваарай ихэдлээ гэхэд 1 жил сууна биз цагдаадаа өгөөрэй гэж надад хэлэхээр нь цагдаад хандахаар болсон...” гэх /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
Гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э бид 2 манай гэрт байж байгаад өглөө 10 цагийн үед найзтайгаа утсаар ярьж байгаад уулзахаар боллоо гээд гараад явсан, тэгээд өдрийн 12 цагийн үед Э над руу залгаад чи “Дотно” зочид буудлын 3 давхар 406 тоот өрөөнд хүрээд ирээ би нэг найзтайгаа байна" гэж хэлэхээр нь явж орсон чинь нэг шил архи голдоо тавиад уугаад сууж байсан. Би тухайн үед тэр хоёртой нийлж архи уугаагүй, удаагүй 12 цаг 30 минутын үед гарч яваад эргэж 2 ширхэг хоол оруулж өгчхөөд архи дарс бага уугаарай гэж хэлээд гараад явсан. Оройны 19 цагийн үед би ажлаа тараад дахин буудал руу нь явж ортол Э орон дээр тасарсан байдалтай унтаж байсан хажууд анх уулзсан Г нь архи уугаад сууж байсан тэр үед би Г гэх найзад нь наадхаа унтуулчих, утас нь энэ байна хувцас нь энэ байна гэж өгчхөөд даатгаад гараад явсан Тэгсэн чинь шөнийн 04 цагийн үед Э залгаад "миний утас ч алга гутал ч алга чи хаана байна вэ гэж хэлэхээр нь би тус буудалд ирээд Эын гутал утаснуудыг хайгаад ерөөсөө олоогүй бид 2 тухайн үед гараад гэртээ очиж амарсан. Өглөөний 9 цагийн үед Гтой холбогдоод Эын гутал утас хаана байна гэж асуутал эхэндээ би аваагүй гэж гүрийж байснаа “за за энд байна байна, гутал утас байна ирээд авчихаа хорооллын өргөө кино театрын ард талын буудалд байна” гэж надад хэлэхээр нь би тэр газар нь очоод Г гэх найзаас нь Эын гутал, утас 2-г аваад ирсэн гэтэл орой болоод Э Хаан банкны дансны аппликейшн рүүгээ ортол Эын данснаас Г гэх хүн өөрийн данс руугаа 600,000 төгрөг зөвшөөрөлгүйгээр, нууцаар авсан байсныг бид 2 мэдээд цагдаад өргөдөл өгсөн” гэх /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
Хаан банкны 5845259730 дугаарын дансны хуулга, /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЧД1-2-24-146 дугаартай “Самсунг АЗО загварын гар утас, хавар намрын гутал ” 274,000 /хоёр зуун далан дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 77-79 дүгээр тал/,
Хохирогч Б.Эын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Улсын яллагчаас шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Л.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад самбунг А-30 загварын гар утас, гутал зэргийг биет байдлаар буцааж, 600,000 төгрөг шилжүүлсэн байх тул цаашид бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар: Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт ЛГийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД