Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2022/0029

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.М,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс  хоорондын  нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэртэй холбоотой  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч   аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1.Нэхэмжлэгч Х.М нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “А.Шд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” -аар маргаж байна.

              Нэхэмжлэгчээс анх “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс тэтгэвэр тогтоохыг хариуцагчид  даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба  шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

           2. Нэхэмжлэгч Х.Маас үрчилж авсан хүүхэд А.Шд тэжээгчээ алдсаны  тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан өргөдөлд тус хэлтсийн байцаагч  “тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж татгалзсан хариу өгсөн байна.

           3. Уг тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Х.Маас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гомдолд аймгийн Нийгмийн  даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр  тогтоолоор “Холбогдох баримтыг судлан үзэж,материалын үндэслэлийг шалгаж,   дараагийн хуралд дахин оруулах”-аар шийдвэрлэсэн, улмаар Гомдлын шаардлагын зөвлөлийн  даргын үүргийг гүйцэтгэдэг  аймгийн Нийгмийн  даатгалын хэлтсийн даргаас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 121 дүгээр албан бичгээр “тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоох боломжгүй” гэсэн хариу өгснөөр тус шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Миний бие Х.М нь 1964 онд төрсөн, 57 настай, эмэгтэй. Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суудаг. Би талийгаач нөхөр Д.Аийн хамт нөхрийн дүү Зын охин Шг үрчилж авахаар хоорондоо харилцан тохиролцож, холбогдох материалыг бүрдүүлэн Дэлүүн сумын Засаг даргад өргөдөл гаргасан. Дэлүүн сумын Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар Зын Шг Д.А, Х.М бид хоёрт үрчлүүлэх шийдвэр гаргасан. Тухайн үед нөхөр Д.А  Булган сумын хөдөлмөр, халамжийн байцаагчаар ажиллаж байсан учир газар нутаг хол, ажил төрлийн байдал зэрэг шалтгаануудаас болж улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй явж байсан. Гэтэл нөхөр Д.А гэнэт Ковид-19 өвчнөөр өвдөж, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан. Нөхрийн оршуулгын ажил, бусад ажил төрөл гэж явсаар байгаад 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгүүлж, үрчилсний гэрчилгээ авсан. Үүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үрчилж авсан охин А.Шд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж холбогдох материалуудыг бүрдүүлж өгсөн. Бидний тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох материалыг тэтгэврийн байцаагч К.Замира хүлээн авч хянаад үрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн огноо зөрүүтэй учир тэтгэвэр тогтоох боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөл миний гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцээд тухайн өдрийн 34 дүгээр тогтоолоор дараагийн хуралд дахин оруулахаар тогтоосон. Тэрнээс хойш 3 сар өнгөрсөн боловч тодорхой шийдвэр гаргахгүй байж байгаад Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 121 дугаартай албан бичгээр “...Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11.4, 11.5, 11.6-г үндэслэн бүртгэл зөв хийгдээгүй тул танд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоох боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Улсын бүртгэл зөв хийгдээгүй гэдэг нь үндэслэлгүй. А.Шг үрчлүүлсэн шийдвэрийг улсын бүртгэгч хүлээн авч улсын бүртгэлд бүртгэж, мэдээллийн санд оруулсан. Одоо тухайн бүртгэл нь хуулийн хүчин төгөлдөр байгаа ба түүнийг хүчингүй болгосон, зөв хийгдээгүй гэдгийг тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй байна. Нийгмийн даатгалын хэлтсийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус учир эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Дэлүүн сумын Засаг даргаас холбогдох баримт бичгүүдийг хянан үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр А/31 дүгээр захирамжаар Зын Шг Д.А, Х.М нарт үрчлүүлсэн байгаа. Энэ хүүхдийг нэхэмжлэгч нар үрчлэн авах болсон шалтгаан нь Зын эхнэр Шгийн эх Ж.Ө гэдэг хүн 2010 оноос бөөр нь өвдөөд, сүүлд бөөрний дутагдалд орсон. 2018 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоод ажлаа хийхгүй байгаа. Байнга диализийн аппаратад ордог, бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж донор хүлээж байгаа хүн юм. Энэ хооронд нөхөр З нь донор болох гээд шинжилгээ өгсөн ба тэрээр бөөрний хорт хавдартай болж оношлогдоод 2020 онд нэг  бөөрөө авхуулсан байгаа. Иймээс Ш нь бага наснаас эхлээд эмээ, өвөө дээр байсан. Шгийн эцэг эх нь байнга Улаанбаатар хотод эмчилгээнд явдаг, энд байдаггүй юм. Энэхүү хүүхдийн эрх ашгийн үүднээс түүнийг үрчлэн авах тухай хүсэлтийг гаргасан байгаа.

Хүүхэд үрчлүүлсэн захирамж 4 дүгээр сард гарсан. Д.Аийн хувьд өөрөө Дэлүүн сумд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч амьдралын шаардлагаар Булган сумын хөдөлмөр, халамжийн байцаагчаар ажилладаг хүн байсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сард Д.А нь Ковид-19 өвчний улмаас нас барсан. Нөхрийн оршуулгын ажил, бусад ажил төрөл гэж явсаар байгаад 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үрчлэлтийг бүртгүүлэхээр Дэлүүн сумын улсын байцаагч С.Рд хандсан байгаа. Тэрээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчтай зөвлөлдсөний үндсэн дээр захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байгаа учраас үрчлэлтийг бүртгэсэн. Үүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор хандсан. Нийгмийн даатгалын  байгууллага нь үрчлэлт хэзээ хийгдсэн, бүртгэл нь яагаад зөрүүтэй байгаа зэргийг тогтоох байгууллага биш юм. Улсын бүртгэлийн байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудал байгаа. Үрчлэлт хууль бус хийгдсэн талаар ямар нэгэн баримт байхгүй, үрчлэлт хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр байгаа. Нийгмийн даатгалын хэлтэс нь нас барсан иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байсан эсэх, мөн тэтгэвэр авах гэж байгаа хүүхэд нь тэжээгчээ алдсан тэтгэвэр авах насны хүүхэд үү зэрэг асуудлуудыг шалгасны үндсэн дээр тэтгэвэр тогтоох ёстой. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтэс улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах үндэслэлүүдийг заасан байгаа. Хуулийн энэ шаардлагыг хангаж байхад тэтгэвэр тогтоохгүй байгаа нь өөрөө хууль бус юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хариу тайлбартаа:

“Дэлүүн сумын 9 дүгээр багийн иргэн Х.М нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандаж өргөдөл гаргасан. Тус зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцээд нэмэлтээр материал бүрдүүлээд дахин хуралд оруулахаар тогтоосон. Үүний дагуу бүрдүүлсэн материалыг нь үзэхэд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хүүхэд үрчлүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг талийгаач Д.А нас барсны дараа бүрдүүлж бүртгэл хийлгэсэн байна.

Иймд тус үрчлэлт нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хүүхдийн ашиг сонирхлын үүднээс хийгдээгүй, хүүхдийг талийгаач нас барсны дараа үрчлүүлсэн. Хүүхдийг амьд сэрүүн хүнд үрчлүүлдэг болохоос нас барсан хүнд хүүхэд үрчлүүлдэггүй. Тиймээс энэхүү ашиг сонирхлын зөрчилтэй, илт хууль зөрчсөн үрчлэлтээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Энэхүү хүүхэд үрчлэх тухай захирамж нь 04 дүгээр сард гарсан, талийгаач Д.А нь 6 дугаар сард нас барсан, үрчлэлтийн бүртгэл 10 дугаар сард хийгдсэн байгаа. Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бол захирамж гарсан бол улсын бүртгэгч шууд бүртгэхээр хуульчлагдсан байдаг. 4 дүгээр сард гарсан захирамжаар 6 сарын даруу буюу 10 дугаар сард бүртгэл хийж байгаа нь өөрөө эргэлзээ төрүүлж байгаа. Иргэн нас барсны дараа захирамжийг нөхөж гаргасан байх магадлалтай. Тийм учраас Нийгмийн даатгалын хэлтсээс энэхүү тэтгэврийг тогтоох боломжгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

1. Нэхэмжлэгчийн “А.Шд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”  шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлтэй байна.

2. Хариуцагчаас “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хүүхэд үрчлүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг талийгаач Д.А нас барсны дараа бүрдүүлж бүртгэл хийлгэсэн байна. Иймд тус үрчлэлт нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хүүхдийн ашиг сонирхлын үүднээс хийгдээгүй, хүүхдийг талийгаач нас барсны дараа үрчлүүлсэн. Тиймээс энэхүү ашиг сонирхлын зөрчилтэй, илт хууль зөрчсөн үрчлэлтээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ  тайлбарласан.

3. Дэлүүн сумын  Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/31 дүгээр “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар  Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1, 55 дугаар зүйл, 57 дугаар зүйлийн 57.1, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дах заалтыг тус тус  үндэслэн З овогтой Шг Д.А, Х.М нарт үрчлүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 6,7,8,9,51-59,63-64,68-69,70-71,75-77,81-82, 105-107 дах тал/ үрчлэн авагч тал  болох Дэлүүн  сумын 9 дүгээр багийн иргэн Дын  А, Хы Х нар нь 2021 оны 03 дугаар сард З.Шг үрчлэн авах тухай хүсэлтээ  Шгийн  эцэг Дын З, эх Жн Ө нарын  хүүхдээ үрчлүүлэх тухай зөвшөөрөл  болон хуульд заасан  холбогдох баримт бичгүүдийн хамт Дэлүүн сумын Засаг даргад  гаргасан, улмаар Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнаас “Д.А, Х.М нарт З.Шг үрчлүүлэхэд харшлах зүйлгүй” гэсэн  дүгнэлт гаргаснаар сумын Засаг даргаас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр З.Шг үрчлүүлэх тухай  дээрх захирамжийг гаргасан.

Үүнээс  хойш 2 сар гаруй хугацааны дараа 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үрчлэн авагч Д.А нь  өвчний улмаас эмнэлэгт нас барсан байх ба түүний эхнэр, үрчлэн авагч Х.Маас  уг үрчлэлтийг бүртгүүлэх тухай хүсэлт гаргаснаар Дэлүүн сумын улсын бүртгэгчээс З овогтой Шг  Д.А, Х.М нарт  үрчилснийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үрчилсний улсын бүртгэлд бүртгэж, Шг Д.Аээр овоглосон төрсний гэрчилгээ шинээр олгосон  болох нь тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчийн маргаж буй   “хүүхэд үрчлүүлэхэд  шаардлагатай баримт бичгүүдийг Д.А нас барсны дараа  бүрдүүлсэн,...хүүхдийг талийгаач нас барсны дараа  үрчлүүлсэн” гэсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа, мөн хариуцагч талаас энэ  талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

4.Түүнчлэн үрчлүүлэгч болох Шгийн эх Ж.Ө нь бөөрний архаг дутмагшил, төгсгөлийн шат оноштой, 7 хоногт 3 удаа гемодиализийн эмчилгээнд ордог, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг  хөдөлмөрийн магадлах комиссын  2021 оны шийдвэрээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож, 2 жилээр сунгасан, эцэг Д.З  нь С 64 оноштой, Эмнэлэг  хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны шийдвэрээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож,  1 жилээр сунгасан,  З.Шг 2018 оноос Д.А, Х.М нар өөрсдийн асрамжид өсгөн хүмүүжүүлж, хамт амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 100-104,112 дах тал/ тогтоогдож байгаа тул дээрх А/31 дүгээр захирамжаар З.Шг Д.А, Х.М нарт үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д   Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ” гэж заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Үрчлэн авагч  Д.А  нь 2021 оны 6 дугаар сард нас барсны дараа түүний эхнэр Х.Маас  үрчлэн авсан хүүхэд болох Шг үрчилсний бүртгэлд бүртгүүлэхээр 2021 оны 10 дугаар сард  Дэлүүн сумын улсын бүртгэгчид өргөдөл гаргасан байх ба улсын бүртгэгчээс  “үрчлэлтийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй” гэж үзэж, Дэлүүн сумын  Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр А/31 дүгээр захирамжийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үрчлэлтийг бүртгэсэн, уг үрчлэлтийн бүртгэл хүчинтэй байгаа  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 47,75-77,105-107,111  дэх тал/ тогтоогдсон болно.

6. Иргэний  улсын  бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалын хавсралтаар  баталсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 12.1-т “Үрчилсний бүртгэлийг хөтлөхөд Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий  этгээдийн шийдвэрт үндэслэнэ”, 12.2-т “Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна”  гэж тус тус заасан ба хүчин төгөлдөр байгаа Дэлүүн сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр А/31 дүгээр захирамжийг үндэслэн үрчлэн авч байгаа эцэг, эхийн  нэг болох эх Х.Мыг  байлцуулан  уг үрчлэлтийг бүртгэснийг   хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, үүний  1 дэх заалтад  “Хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр   төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй  хүүхэд” гэж, 15 дугаар зүйлд “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно” гэж  тус тус зохицуулжээ.

Дээрх нотлох баримтуудаар З. Шг  Д.А, Х.М нар 2021 оны 04 дүгээр сард үрчлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа, үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, үрчлэлтийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тэжээгч  Д.А нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан шимтгэл төлөх хугацааг хангасан талаар хариуцагч маргахгүй байгаа, Д.Аийг нас барахад түүний асрамжид байсан үрчлэн авсан хүүхэд Ш нь 6 настай байсан буюу хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1-т заасан тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах  эрх бүхий этгээдэд хамаарч байх тул хариуцагчийн А.Шд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь  хуулийн дээрх заалтуудад нийцээгүй бөгөөд хүүхдийн тэтгэвэр тогтоолгон авах  хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            8.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө: 3/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол З сарын дотор” гэж заасан.

            Гэхдээ үрчлэн авагч Х.Маас А.Шд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох тухай  өргөдлийг  2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  үрчлэлтийг  улсын бүртгэлд бүртгэснээс хойш 14 хоногийн дотор буюу  2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байгаагаас гадна нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тогтоолгохтой холбоотой  өргөдөл, гомдлыг хүлээн аваад  дээр дурдсанаар “үрчлэлт, үрчлэлтийн бүртгэл хууль бус” гэдэг үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзаж шийдвэрлэж, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 121 дүгээр албан бичгээр хариу өгсөн байгаа,  өөрөөр хэлбэл хариуцагч талаас хугацааны талаар маргаагүй болохыг  дурдах нь зүйтэй.

9. Иймд  дээрх үндэслэлүүдээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  А.Шд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос  татгалзсан  татгалзал нь хууль бус болохыг тогтоож, А.Шд  2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  даалгаж шийдвэрлэх   үндэслэлтэй байна.

Хэдийгээр  хуульд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн олгохоор зохицуулсан байгаа боловч нэхэмжлэгчээс  тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл гаргасан өдөр буюу 2021 оны 11  дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолгох шаардлага гаргасан тул  шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд   шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1, 15 дугаар зүйлийг тус тус баримтлан  нэхэмжлэгч  Х.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.Шд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ