Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/338

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

            Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг,

            Улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Д.Даваа,

гэрч С.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ө-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн ************ дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын ****-ний өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, ********* боловсролтой, ********** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл * *********** хамт ************* дүүргийн ***** дүгээр хороо **** гудамжны **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх,

Б овгийн Э-ын Ө (РД:*************).

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Э.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй цэцэрлэгийн орчимд иргэн Г.Н-ын толгой, хэвлийн тус газруудад гараараа цохих, өшиглөх зэрэг үйлдлээр түүний биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний язарсан шарх, цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12 дугаар хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний шарх, дух, эрүү, хүзүү, зүүн гарын эрхий хуруу, сарвуу, зүүн шилбэ, хэвлийн зулгаралт гэмтлүүдийг учруулж, улмаар хэвлийн хөндийн битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлахаар танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Улсын яллагчаас хавтаст хэргээс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1330 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг хавтаст хэргээс: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 4-8 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 32-35 дахь тал), гэрч Т.Н-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал), гэрч Б.Л-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал),  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2440 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 167-171 дэх тал),  камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 80-85 дахь тал), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон мөрдөгчийн тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 192 дахь төл) болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 24 ширхэг фото зураг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа хавтаст хэргээс: гэрч Л.Ө-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь тал), насанд хүрээгүй гэрч Ө.Д-ий мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4633 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь), шүүгдэгч Э.Өгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал), оршин суух газрын лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 102 дахь тал), Шүүгдэгч Э.Өгийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрт 18,300,000 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлав.

 

   Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

   1.1 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бөгөөд иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Э.Ө-г гэм буруутай гэж дүгнэсэн болно.

            Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 16:00-19:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32, **дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Н-ын толгой болон хэвлийн тус газруудад нь гараараа цохиж, хөлөөрөө хоёр, түүнээс дээш удаа өшиглөх зэргээр зодож, хохирогч Т.Н-ын эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний язарсан шарх, цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний шарх, дух, эрүү, хүзүү, зүүн гарын эрхий хуруу, сарвуу, зүүн шилбэ, хэвлийн зулгаралт, улмаар хэвлийн хөндийн битүү гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулж, түүнийг алсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Тодруулбал, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32, **дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16:00-19:00 цагийн хооронд шүүгдэгч Э.Ө нь гэрч Б.Л-ийн тээврийн хэрэгсэлд болон гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэрч Лийг дэлгүүр явах үед амь хохирогчтой “хүүхэд доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, гараараа толгой руу нь цохих, хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь хоёр, түүнээс дээш удаа өшиглөх зэргээр зодсон, үүний дараа насанд хүрээгүй гэрч Ө.Дийг дуудаж, гэртээ харьж унтсан,

            Харин амь хохирогч шүүгдэгчид зодуулж, хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний язарсан шарх, цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний шарх, дух, эрүү, хүзүү, зүүн гарын эрхий хуруу, сарвуу, зүүн шилбэ, хэвлийн зулгаралт гэмтэл авсан ба улмаар Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй цэцэрлэгийн орчимд нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Тухайлбал, улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. 

- Шүүгдэгч Э.Ө-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр согтууруулах ундааны зүйлийг нэлээн их тасарч унатлаа уусан байсан. Талийгаачтай молдокноос болж муудсан. Өмнө нь машин дотор архи уугаад ахархаад янз бүрийн юм яриад байсан, би тэр үед нь чимээгүй ганц нэг хэрэлдээд яваад байсан. Машинд байхдаа эргэж хараад 1 цохисон, МТ колонкийн гадаа байхдаа талийгаачийн хэвлийн тус газарт нь 2 удаа өшиглөж, нэг удаа цохисон. Л-аар хүргүүлээд цэцэрлэг орчимд очоод талийгаачийн биед нь ямар байдлаар халдсанаа санахгүй байна, бид 3 архиа уух гээд дээшээ явж байснаа санаж байна. Лийн хувьд талийгаачтай хэрэлдэж биед нь халдсан зүйл байхгүй. Хохирол төлбөрт баримтаар гаргаж өгсөн 18.300.000 төгрөгийг төлсөн. Би талийгаачийн биед учирсан гэмтлийг учруулсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хэрэг 14-ний шөнө болсон байсан. Тухайн үед манай гэр бүлийн хүн бид хоёр амралтад явсан байсан. Шөнийн 12:00 цаг арай болоогүй байхад цагдаагийн газраас залгаад болсон зүйлийн талаар хэлээд та Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Бид хоёр цагдаагийн газарт очиход “ажлын хэсэг ирээгүй байна, та 2 09 цаг дөхүүлээд хүрээд ир” гэж хэлсэн. 09 цаг дөхүүлээд очиход цагдаа бид хоёрт юу болсон талаар тодорхой хэлээгүй. Тэгээд бид хоёр яараад талийгаачийн гэрт ирээд ойр хавын хүмүүсээс юу болсон талаар асуухад хажуу айлын хүн нь талийгаачийг цэнхэр машинтай хүн ирээд дагуулаад явсан гэж хэлсэн. Дараа нь манай эхнэр талийгаачийн найз Лаас нь асуухад “найзтайгаа үлдсэн, би мэдэхгүй” гэж хэлсэн байсан. Шүүх дээр хэрэг ирээд бид хоёрт хэргийн материал танилцуулсан. Мөрдөгч Шинэбаяр “манай эхнэрийг хэргийн материалтай танилц, намайг та гарын үсэг зур, энэ бичлэгийг үз” гэж хэлсэн. Тухайн бичлэгт 3 хүн байсан. Манай талийгаачийг машинаас гаргаж ирээд цохиод байсан, шүүгдэгч 2 удаа өшиглөсөн гэж байна. Тухайн бичлэгт маш олон удаа өшиглөж, цохиж байгаа нь харагдсан. Хажууд нь Л хараад зогсож байсан. Тэгээд цохиж, зодож байгаад манай талийгаачийг машины ар талын суудал руу хүчээр чихээд суулгаж байгаа бичлэг байсан. Дараа нь бичлэг үзэх гэтэл үзүүлэхгүй хэргийг шүүх рүү явуулсан гэж хэлсэн. Бид хойноос нь хөөцөлдөж байж 3 өдрийн дараа прокурор дээр очсон. Бид хоёр бичлэг үзээд “сайн ойлгохгүй байна, өмгөөлөгч авна” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа өмгөөлөгч аваад бид хоёр бичлэгийг үзэж, хэргийн материалтай дэлгэрэнгүй танилцаж, прокурорт 2 удаа гомдол гаргасан. Эхний гомдлыг би өөрийн гараар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж бичиж өгсөн. 2 дахь гомдлыг манай өмгөөлөгч онлайнаар гаргасан. Харамсалтай нь 2 дахь удаа хэргийн материалтай танилцахад Шинэбаяр мөрдөгч “та сүүлийн хэдэн хуудсыг уншчих, эхний хуудсыг уншихгүй шүү” гээд нугалаад тавьсан байсан. Сүүлд өгсөн мэдүүлэг нь өмнө нь өгсөн мэдүүлэгтэй яг адилхан байсан. 3 дахь мэдүүлэгт Л-ийн мэдүүлэг эхний мэдүүлгээс шал өөр болсон байсан. Би Шинэбаярт бид хэргийн үнэн зөвийг олох зорилготой байгаа талаараа хэлсэн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Гэрч С.М-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач бид хоёр багын найзууд, Лийг 2021 оноос хойш таньдаг болсон, Л-тай дотно харилцаа байхгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Талийгаач гарын дүйтэй, сэтгэлгээний чадвар сайтай, байгальд явж аялах дуртай, сэтгэл сайтай, цайлган сэтгэлтэй, даруухан, бусдыг хайрладаг, бусдад байнга тусалж явдаг хүнлэг зантай хүн байсан. Амь хохирогчийн оршуулгын зардалд нийт хэдэн төгрөг зарцуулсан талаар нарийн гаргасан зүйл байхгүй байна. Ямар ч байсан нийт 18 сая орчим төгрөг болсон. Баримтуудыг хэрэгт хавсаргуулж нэхэмжилнэ. Миний данснаас 5 сая төгрөг гарсан, эхнэр Ж-ийн данснаас 4 сая төгрөг гарсан үлдэгдэл мөнгө манай хүү Г.Н-ын дансаар болон бэлнээр гарсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал),

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Цогцост үзлэг хийх ажиллагааг 03 цаг 30 минутанд эхлүүлэв. Цогцос нь 176 см урттай, 86 кг жинтэй толгойдоо 27 см хар өнгийн үстэй, биеийн хөгжил зөв, булчин өөхөн эдийн хөгжил дунд, биедээ таарсан мөчдийн яс хуруунууд бүрэн, гадна бэлэн эрхтний хөгжил зөв, 48 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Нүд аниастай, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, эвэрлэг тунгалаг, салст цайвар ягаан өнгөтэй, хамрын яс мөгөөрс чихний дэлбэн бүтэн, гарсан зүйлгүй, уруул хөхөлбөр өнгөтэй, ам хаалттай, дээд доод үзэгдэх шүд бүрэн гарсан зүйлгүй, хэвлий хавирганы нумны түвшинд байрлалтай. Цогцос хөрсөн, хөшилт хүзүү, эрүү мөчдөд тод үүссэн, цогцосын толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр тод үүссэн. Баруун чихний дэлбээнд 3см, 1см зах ирмэг тэгш бус ил шархтай, духны зүүн дээд хэсэгт 1x1.5 баруун чихний дэлбээнд 3х0.5, эрүүний зүүн доод хэсэгт 1х0.3, хүзүүний баруун дунд хэсэгт 2х0.5, 1x0.5, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 1.5х1, хүрэн ягаан өнгийн шинэ зулгаралттай, хүзүүний дунд хэсэгт 2.5х3, баруун мөрөнд 3х3, баруун эгэмний доор 2.5х2, баруун шууны гадна дээд хэсэгт 2х1.5, доод хэсэгт 1х1, сарвууны эрхий хурууны доор 4х3, зүүн сарвууны ар талд 3х5, эрүүний зүүн дунд хэсэгт 2.5x1.5 хөхөлбөр өнгийн цус хуралттай хэвлийн баруун доод хажуу хэсэгт 2.5х0.5, зүүн сарвууны ар хэсэгт 2.6x2, 1x1.1, 0.1x0.2, 0.1х0.1 ягаан өнгийн зураасан хэлбэртэй зулгаралттай биед өөр ил харагдах гэмтэлгүй, биеийн хэм 01:05 цагт 29.5 градус, нас бараад 6-8 цаг орчим хугацаа өнгөрсөн байлаа...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 32-35 дахь тал),

            - Насанд хүрээгүй гэрч Э.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө миний бие 08 цагийн орчимд сэрсэн ба манай аав Ө тухайн үед сэрчихсэн байсан. Би өглөө 09 цаг 30 минутад бэлтгэлд явдаг бөгөөд намайг гарахаас өмнө аав маань эвдэрсэн машин руугаа явна. Машин нь Буман-Ө хорооллын урд талын гудамжинд эвдэрсэн гэж ярьж байсан. Ингээд би аавыг гэрээс гарсны дараагаар удалгүй гэрээс гарч автобусанд сууж Цамбагаравт байрлах таеквондогийн бэлтгэл хийсэн. Бэлтгэл маань 11 цаг 30 минутад тарж улмаар гэртээ автобусаар ирсэн ба Орбит 2 нэртэй автобусны буудал дээр 12 цаг өнгөрч байхад буугаад гэртээ ирэх гэтэл аав маань цэнхэр өнгийн алион маркийн машинд автобусны буудал дээд талд машины жолоочтой хамт хоёулаа архи уугаад сууж байсан. Би тэгээд аав дээр очиж уулзахад бага зэрэг халамцуу найзтайгаа юм яриад сууж байсан. Аав тухайн үед найзыгаа Л гэж дуудаад байсан. Тэгээд ааваас найз Н-ынх руу явчхаад ирье болох уу аав гэж асуухад аав маань зөвшөөрсөн. Улмаар би гэртээ очиж бэлтгэлийн хувцсаа тавьж, хувцсаа сольчхоод найз Н-ын гэр буюу манайхаас 1 орчим км зайд улаан дэлгүүрийн ойролцоох гэрт нь очиж найзтайгаа хамт зурагт үзэж утсаар тоглосон. Найз Нэргүйбаатарын гэрт очиход бол цаг ер нь 14 цаг болж байсан. Би тэдний гэрт ойролцоогоор 2-3 цаг болсон. Тэгтэл аав маань ******** гэсэн өөрийнхөө дугаараас над руу хэд хэдэн удаа залгасан байсан. Ингээд би утсаа аваад ярихад аав Ө "Утсаа авахгүй юу хийгээд байгаа юм бэ" гэж асуухаар нь би “Тоглож байгаад анзаарсангүй" гэж хэлсэн. Тэгтэл аав бид 2-г ярьж байхад намайг найз Нэргүйбаатар дуудаж унадаг дугуйгаа янзалъя гэж хэлсэн. Тэгтэл аав надаас "чиний дугуй хаана байгаа юм бэ? наад дугуй чинь хэний дугуй юм бэ" гэж асуухаар нь "энэ дугуй найзын дугуй миний дугуй гэрт байгаа" гэж хэлсэн. Аав өөдөөс "чи өөрийнхөө дугуйг янзлаач" гэж хэлсэн. Хариуд нь "би янзалж чадахгүй шүү дээ" гэж хэлэхэд аав надад "дугуйг маань янзалж өгье" гэж хэлсэн ба би 2-уулаа янзалж чадахгүй засварт өгье гэж хэлсэн. Гэтэл цаанаас нь нэг эрэгтэй хүн "наадах чинь ямар арчаагүй пизда бэ" гэж намайг хараасан ба аав маань өөдөөс нь "чи юу хуцаад байгаа юм бэ" гэж хэрэлдсэн. Тэгтэл цаанаас намайг хараасан хүн өөр аавд хандаж "наадахаа хая хая "гэж хэлсэн. Тэр үед аав маань намайг хараасан хүнд хандаж "пизда минь машинаасаа буугаад ир" гээд тэр хоёр хоорондоо ноцолдоод байх шиг байсан. Тухайн үедээ утсаа таслаагүй. Би тэр үед "байна уу? аав" гээд олон удаа орилсон боловч утсаа сонсоогүй. Тэгтэл аав нэг утсаа авснаа аав нь "дараа ярья” гэж хэлэхээр нь "би за за болгоомжтой байгаарай" гэж хэлээд салгасан. Ингээд аавыг хүнтэй маргалдаж байхыг нь сонссон учир эмээ Энхбатад хэлж аавыг асуухад эмээ аав чинь энд байхгүй гэж хариулсан. Эмээ тэр үед намайг гэртээ хурдан ир гэж хэлэхээр найзынхаас нь гараад шууд 18 цаг өнгөрч байхад ирсэн. Гэртээ ирчхээд галаа түлчхээд аав руу ахин залгахад шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн хажуу талд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гүйгээд очиход аав маань ба нэлээн халамцуу миний өөдөөс алхаж байсан. Тэгээд ааваас юу болсон талаар асуухад МТ колонк дээр чамтай утсаар ярьж байхад хажуу талаас чамайг доромжлоод байсан хунийг аав нь ганц 2 цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би аавыг гэр лүүгээ оруулж хэвтүүлсэн. Гэртээ оруулахад бага зэрэг харанхуй болсон байсан ба цаг 20 цаг болж байх шиг байсан. Ингээд тэр оройноо гэрээсээ гараагүй ба маргааш өглөө нь буюу 2023.09.15-ний өглөө 09 цаг өнгөрч байхад ажилдаа явсан ба шууд хөдөө явсан байсан... Намайг харааж байгаад аавтай маргалдсан хүний хоолой Лгэх хүний хоолойноос өөр хүний хоолой байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дэх тал),

            - Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хороо ****** тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн үед намайг гэртээ байж байхад зүс таних сахал Л ах миний ******** гэсэн дугаар луу залгаад би Х-н гэрт байна намайг ирээд аваадах гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би гэрээсээ 10 өнгөрч байх үед өөрийн **-** *** улсын дугаартай цагаан цэнхэр өнгийн аллион маркийн машинаа жолоодоод гэрээсээ гараад МТ колонкын дэлгүүрээс 0.33 граммын Хараа нэртэй архи аваад Хангайгийн гэрийн үүднээс сахал Лахыг авсан. Тэр үед сахал Лхаламцуу байсан бид хоёр хоорондоо ярилцаж байгаад талийгаач Нын хашаанд очтол хашаан дотор Батболд, талийгаач хоёр хашаандаа жорлон ухаж байна, жижиг молдок эвдэрчихлээ гээд янзлаад хашаан дотроо байж байсан. Тэгээд сахал Л ах бид хоёр хашаан дотор нь ороод мэнд ус мэдчихээд би дэлгүүрээс авсан 0,33 граммын архиа задлаад 4 үүлээ тухайн архийг хувааж уусны дараагаар дахиад би 12 цагийн үед дэлгүүр ороод 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад буцаад талийгаачийн гэрт ирээд бид дөрөв тухайн архийг хувааж ууцгаасан юм. Тэгээд манай ойролцоо байдаг найз Ө-гийн ***** гэсэн дугаар луу залгаад молдок асуутал урдаас том молдок байгаа Буман-Өлзийгийн урд талд байрлах хашаан дотор портероо янзалж байна гэхээр нь би өөрөө машинаа жолоодоод талийгаач Н, сахал Лах бид гурав Ө дээр очсон юм. Тэгээд Өг машин янзалж байх хооронд бид дөрөв нийлж байгаад 0,5 литрийн Хараа, дараа нь экс нэртэй 0,75 литрийн архи зэргийг Буман-Өлзий хорооллын дэлгүүрээс аваад бид дөрөв тухайн архинуудыг хувааж уусан юм. Тэгээд ууж байтал 15-16 цагийн үед Л ах би согтоод байна намайг гэрт хүргээд өгчих гэхээр нь талийгаач миний машиныг бариад Ө, Л ах бид дөрөв Л ахыг гэрт нь хүргэж өгчхөөд буцаж Ө-гийн гэрийн гадаа ирээд бид гурав үлдсэн архиа миний машин болон хашааны гадаа хувааж уусан юм. Тухайн үед талийгаач, Ө хоёр хоорондоо молдокноос болоод маргалдаад байх шиг байхаар нь би согтчихсон байна одоо явлаа гэж хэлээд 18-19 цагийн орчимд өөрийн машинаа бариад гэр лүүгээ явсан юм. Харин Ө-гийн гэрийн гадаа талийгаач Н тэр хоёр үлдсэн... Намайг салаад явах үед талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...би машин бариад колонк дээр очсон юм байна лээ. Хэн нь хэнийхээ хаана нь хэдэн удаа юугаар цохисон гэдгийг би санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 195-196 дахь тал),

            - Шүүгдэгч Э.Ө-гийн сэжигтнээр өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний 08 цагийн үед гэрээсээ Өгөөмөр орж машиныхаа апартур сэлбэгийг авах гээд гарсан юм. Тэгээд өгөөмөр дээр 10 цагт очиж сэлбэгээ аваа 11 цагийн үед Өгөөмрөөс гараад Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хороо Орбитын нутаг дэвсгэрт байрлах Буман-Ө хорооллын урд талд байрлах Туул гэх таксинд явдаг ах хүүгийн хашаанд очиж өөрийн эзэмшлийн *****  улсын дугаартай цагаан өнгийн ачаатай портероо янзлаад байж байтал миний ****** гэсэн дугаар луу зүс таних найз Л над руу залгаад молдокоо хоёр хоног хэрэглүүлээч гэхээр нь “тэг тэг, би Туулын ахын хашаанд машинаа янзалж байна, хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй 13-14 цагийн үед Л, сахал Л ах болон нэг үл таних залуугийн /Н/ хамт над дээр ирсэн юм. Тэгээд уулзаад үл таних залуутай танилцсан чинь өөрийн нэрээ М гэж надад танилцуулсан. Тэгээд Буман- Өлзий хорооллын дэлгүүрээс Л 0,5 литрийн Хараа нэртэй архи авчирсан юм. Тэгээд тухайн архийг бид дөрөв хувааж уусан юм. Тэр үед сахал Л ах гэр лүүгээ явлаа гэхэд нь М, Л нар Лахыг хүргэж өгчхөөд ирье гээд 30-40 минутын дараа тэр гурав машинтай хөдөлсөн юм. Тэгээд Туул ах бид хоёр ирсэн хүмүүсийг явсны дараагаар машинаа асаачхаад байж байтал М, Л нар машинтайгаа 1 ширхэг 0.75 литрийн Экс нэртэй архи барьчихсан буцаад над дээр хүрээд ирсэн. Тэгээд бид 3 гурав тухайн архийг хувааж уучхаад Туул ахаар өөрийн машинаа бариулаад гэртээ хүргүүлсэн. Харин М, Л нар бид хоёрын араас газар ухдаг молдок авахын тулд дагаж ирсэн юм. Тэгээд би Туул ахын хамт машинаа хашаан дотроо тавьчхаад би маргааш өглөө нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах ажилдаа явах байсан учир М, Л нараар туслуулаад дугуйнуудаа портер дээр аччихсан юм. Тэр үед би хүү Дийг байшингаас молдок гаргаад өгчих гэж хэлтэл хажуунаас нь ээж Энхбат наад согтуу хүмүүстээ багажаа өгч явуулж яах гээд байгаа юм бэ? чамайг хөдөө явсны дараа авчирч өгөх ч юм уу? танихгүй хүмүүст өгч яах гээд байгаа юм бэ? гэж хэлэх үед М ээжийн би одоо л авч явна маргааш би ирж амжихгүй гэхээр нь би за өгчих өгчих гэх үед хүү Д байшингаас молдок гаргаж өгөхөөр нь би Лийн машинд тавьж өгсөн. Тэр үед М. Л нар суучих доошоо уруудаад ганц шил архи уучихъя гэхээр нь  архи уучихъя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд машинд нь суусан юм. Тэгээд бид гурав доошоо гудамжаар уруудаад дэлгүүрээс Л 0,75 литрийн Хараа нэртэй архи авсан бөгөөд тухайн архийг бид гурав манай гэрийн гадаа хувааж уунгаа юм яриад байж байтал миний молдокыг Л биш М нь авч байгаа гэдгийг мэдээд Мыг сайн танихгүй болохоор нь Лид хандаж чамайг би молдок авч байгаа гэж бодсон шүү дээ, танихгүй хүнд молдокоо өгөхгүй гэж хэлтэл М урдаас чи юун сүртэй писда вэ хоёрхон хоног хэрэглэчхээд өгчих юман дээр гэхээр нь миний уур хүрээд би та хоёрт өгөх албатай юм уу гээд хүүхдээ дуудаад буцаагаад багажаа хүүхдэдээ өгөөд буцаад оруулчих гэж хэлтэл хүү Д багажийг аваад гэртээ оруулсан юм. Тэр үед М чи юун сүртэй юм бэ гээд үг хаяад байхаар нь би танихгүй хүнд өгөхгүй, гэтэл урдаас чамд буцаагаад өгөхгүй байсан ч яадаг юм бэ ахын дүү гээд надад ахархаад байсан. Тэгээд тухайн архийг ууж дуусаад 16-17 цагийн орчимд би буулаа гээд машинаас буутал Л одоо ганц уучихъя гээд байхаар нь би зөвшөөрөөд бид гурав Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ колонк дээр ирж зогсоод Л машинаас буугаад МТ колонкын дэлгүүр орсон. Тэр үед М бид хоёр машинд үлдсэн бөгөөд би урд талын жолоочийн эсрэг талын сандал дээр харин М хойд сандал дээр сууж байсан. Тэгсэн Лийг машинд орж ирэхээс өмнө нь хүү Д-тэй утсаар ярьж байтал М урдаас чи хэнтэй яриад байгаа юм бэ гэхээр нь би хүүхэдтэйгээ ярьж байна гэхэд хүүхдээ хаяач писда минь гэхээр нь би урдаас нь би хэнтэй ярих нь чамд хамаа байхгүй шүү чи миний хүүхдийг ингэж хэлэх болоогүй шүү гэж хэлээд баруун гараараа толгой хэсэг рүү нэг удаа цохиж аваад машинаас буугаад сууж байсан хаалгыг нь гаднаас нь онгойлгоод зүүн гараараа татаж гаргаж ирж байгаад тонгойлгож байгаад нэг удаа зүүн хөлөөрөө хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн чинь М гэх хүн ухаан алдаад уначихсан юм. Тэр үед Л дэлгүүрээс 0,5 литрийн хараа нэртэй архи аваад гараад ирсэн. Тэгээд Л бид хоёр М гэх залууг хоёр талаас нь өргөөд Л-ийн машины хойд хэсгийн жолооч талд суулгасан чинь М гэх залуу сэрээд юу ч дугарахгүй байсан бөгөөд Л хажуунаас та хоёр боль юундаа маргалдаад байдаг юм бэ гэхээр нь би урдаас нь наад нөхөр чинь миний хүүхдийг хэл амаар доромжлоод байна, би энэ залуугаар хүүхдээ доромжлуулж чадахгүй гэж хэлсэн юм. Тэгээд бид гурав гэр лүүгээ дөхөж уух санаатай ямар ч байсан дээшээ өгсөөд гудмаар явж байгаад нэг газарт зогсоод Л-ийн авсан архийг гурвуулаа хувааж уугаад юм яриад сууж байсан. Тэгээд би архиндаа согтоод 18-19 цагийн үед хүү Даргалагчаас-ий ******** гэсэн дугаар луу залгаад аавыгаа ирж аваарай, аав нь эндээс алхаад очиж байя гэж хэлж байснаа санаж байна тэрнээс хойш би архиндаа согтоод тасарчихсан байсан ба нэг сэрсэн чинь хүү Дий хамт гэр лүүгээ орох гээд гудамжаараа дээшээ алхаад явж байснаа санаж байна. Тэрнээс хойш би гэртээ орж яаж унтсанаа хүртэл санахгүй байна. Тэгээд би 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өглөөний 08 цаг гэхэд сэрээд засуулсан дугуйгаа аваад өөрийн портертойгоо Улаанбаатар хотоос 11 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажил руугаа явсан юм... Бид 3 нийт 4 шил архи уусан юм. Тухайн өдөр бид гурав л нийлж архи уусан өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дахь тал),

            - Гэрч С.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр талийгаачийн гэрт нойлын нүх ухаж байгаад оройны 17 цагийн үед тэдний гэрээс гарсан ба тэр өдрөөс хойш уулзаагүй. Намайг талийгаачтай 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр уулзахад биеийн байдал нь хэвийн эрүүл саруул байсан. Талийгаачийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шинэ гэмтэл шархгүй байсан. Тэр өдөр халуун байсан учир талийгаач цээж хэсгээрээ нүцгэн байсан юм. Талийгаач нь надтай, мөн Л, Н, Д нартай нийлдэг, өөрөөр хэнтэй нийлж нөхөрлөдгийг сайн мэдэхгүй... Сүүлд надтай 2023 оны 09 сарын 13-ны өдөр уулзахад талийгаач биеийн байдал нь эв эрүүл байсан... Би талийгаачтай 2023 оны 08 дугаар сарын 25-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр хүртэл хамт ажил хийдэг байхад хүнтэй маргалдаж ам зөрсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал),

            - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Зураг.9 Ө.Д аавтайгаа уулзсан гэх газрыг харуулав...зураг.11 Ө-гийн ирж байсан газрыг заалгуулж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...18-19 цагийн орчимд өөрийн машинаа бариад гэр лүүгээ явсан юм гэж хэлсэн бөгөөд талийгаачийн нас барсан гэх газраас баруун хойд зүгт 27 орчим метр зайд Н, Ө нарын хамт архи ууж байсан газрыг өөрөө заасныг ойроос гэрэл зургийн аргаар бэхжүүлэн тэмдэглэлд тусгав...(1 дүгээр хавтаст хэргийн 136-154 дэх тал),

            - Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2440 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.2.10. Талийгаачийн цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний язарсан шарх, цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний шарх, дух, эрүү, хүзүү, зүүн гарын эрхий хуруу, сарвуу, зүүн шилбэ, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.4.5. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.8.11. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. 9. Талийгаач дээрхи хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас баржээ. 10. Талийгаачид гадна үзлэг 2023.09.15-ны өдрийн 03 цаг 30 мин хийхэд нас бараад 6-8 цаг болсон байжээ. 12. Талийгаач О/I/ бүлгийн цустай байна. 13.14. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 167-171 дэх тал),

            - Шүүх сэтгэц эмгэг судлалын 777 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Э.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Ө нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Ө нь хэл ярианы хөгжил болон сэтгэн бодох чадвар нь хэвийн байна. Э.Ө нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлтөнд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. Э.Ө нь хэрэг үйлдэгдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Э.Ө нь хэрэг хариуцах чадвартай байна. Э.Ө нь гэмт хэргийн үйлдлийн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дахь тал),

- СД-нд хуулсан бичлэгт үзлэг хийсэн “...яллагдагч Э.Ө жолоочийн хойд талын хаалгыг онгойлгож улаан өнгийн цамцтай хүнийг буулгах үед улаан өнгийн цамцтай амь хохирогч Т.Н дээшээ хараад унаж байгаа харагдах байх ба цагаан эрээн өнгийн хувцастай яллагдагч Э.Ө нь 1 минут 39 секундэд дахин баруун хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөж байв...” тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал),  гэснийг дурдав.

 

1.2 Эрх зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Ө нь “хүүхэд доромжиллоо” гэх шалтгаанаар, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр хохирогч Т.Н-ын биеийн хэвлийн хөндийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний язарсан шарх, цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт, цээжний зүүн талын 12-р хавирганы булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун чихний шарх, дух, эрүү, хүзүү, зүүн гарын эрхий хуруу, сарвуу, зүүн шилбэ, хэвлийн зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулж, түүнийг алсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд улсын яллагчаас хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон.

Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байна.

Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Тодруулбал, шүүгдэгч Э.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар амь хохирогчийн биед халдсан үйлдэл,  уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдох бөгөөд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Э.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлтэй маргаагүй, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн “...гэрч Б.Л-ийн 3 удаагийн мэдүүлэг зөрүүтэй...” гэсэн дүгнэлтийг гаргав.

Тухайлбал, Прокуророос Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, гэрч Ө.Д-ий мэдүүлэг, цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хэргийн үйл баримт тогтоогдсон тул шүүх хохирогчийн хууль ёсны өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Э.Ө-г гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авсныг дурдав.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- шүүгдэгч Э.Ө-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал), оршин суух газрын лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 102 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал),  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 106-108 дахь тал) шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрт 18,300,000 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.

 

            Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн  байдал

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-ын амь нас хохирсон бөгөөд гэм хорын хохиролд шүүгдэгч Э.Ө-гээс 18.300.000 төгрөг ( баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн) төлж барагдуулсан, хохиролд 18.300.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэх шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хохирол төлөгдсөн гэж үзэв.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар сэтгэл санааны хохиролд хэрэг учрал гарсан цаг хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 82.500.000 төгрөгийг шүүгдэгч Э.Ө-гээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-эд олгохоор шийдвэрлэлээ.

 

   Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Ө нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Э.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваагаасминий үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бодит хохирол төлбөрт 18,300,000 төгрөгийг төлж барагдуулсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 8 жилээс хэтрүүлэхгүйгээр хорих ялаар шийтгэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгээсялын санал дээр хэлэх зүйл байхгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ялын талаар санал, хүсэлт хэлэх байх” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гээс “улсын яллагчийг бага ял оногдуулах санал гаргаж байна гэж үзэж байна. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү. Бидний зүгээс гомдолтой байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

   Шүүх шүүгдэгч Э.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний амь нас хохирсон, баримттай хохирлыг төлсөн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-гийн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 184 хоног эдлэх ялаас нь хасаж тооцов.

   Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Э-ын Ө-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 (есөн) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Өгийн эдлэх 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Өгийн цагдан хоригдсон 184 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Эд мөрийн баримтаар хураагдсан диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Ө, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ө-гээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,500,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-эд олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.БУЛГАНТАМИР

 

                                   

      ШҮҮГЧИД                                  М.МӨНХБААТАР                    

                                                                          

                                                                     

                                                                         Б.НАРАНЖАРГАЛ