| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0047/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/50 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд хохирогч Р.*******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр,
Бага насны хохирогч Ц.*******, иргэний нэхэмжлэгч С.******* нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч О.*******,
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн С.*******д холбогдох 2330003940320 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны ... дүгээр байрны .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт С-ийн Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.******* нь “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, мөн хүний амь нас хохирсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тоосон дунд юу ч харагдахгүй байсан. Сүүлд би бууж харахад жолооч талын эгнээнд голлоод орчихсон явж байсан. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирогчид одоо 28 сая төгрөг төлсөн байгаа. Цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлнө...гэв.
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд хохирогч Р.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид тэр өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “” гэх газраас гараад аймаг дамжаад гэр лүүгээ явж байсан. Тэгээд осолд орсон. Оршуулгын зардалд 19,992,986 төгрөг болсон. Эмчилгээний зардалд 2,842,774 төгрөг, машины засварт 11,855,000 төгрөг болсон. Би гэмтлийн эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Хөл минь бүдүүн гуянаас доош шагай хүртлээ хугарсан тул хадуулж эмчлүүлсэн, цээж бяцралтай гэсэн. Одоо хохирол барагдуулбал гомдолгүй. Хэрэг болох үед би өөрийн зорчих ёстой эгнээнд явж байсан. Хохирол нийт 32,690,261 төгрөг болж байгаа. Үүнээс 28,200,000 төгрөгийн машин өгсөн. Тиймээс үлдэгдэл зөрүү 4,490,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ...гэв.
- Бага насны хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч С.******* нарын хууль ёсны төлөөлөгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр зорчиж байсан зам харанхуйлснаас болоод энэ үйл явдал болсон. Хохирогч *******, *******, бид нарын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэв.
2330003940320 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
- Яллагдагч С.******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...Хохирогчид учруулсан хохирлыг өөрийнхөө боломж бололцоогоороо бүрэн төлж барагдуулна. Өөрийнхөө гэм буруутайг хүлээн зөвшөөрч байна...” гэх (2 хх 39-40 дүгээр хуудас),
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд хохирогч Р.******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “...сайжруулсан шороо нь зам руу ороод 4-5 километр явж байхад араас цагаан өнгөтэй “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл хурдтай явж байхаар нь тухайн машиныг урдаа гаргах гээд хурдаа хасаад 40-50 километр хурдтай явж байгаад тухайн машиныг урдаа гаргахад тус машин гүйцэж түрүүлэхэд урд талын зам тоосон дарагдаж үзэгдэх орчин хязгаарлагдаж юу ч харагдахгүй болохоор нь тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасахад урд талаас машин гэнэт гарч ирээд мөргөж зам тээврийн осолд орж эхнэр минь ослын улмаас нас барсан. Мөн би өөрийнхөө эгнээнд явж байхад эсрэг урсгалаас урсгал сөрж орж ирээд мөргөсний улмаас ийм нөхцөл байдал үүсээд байна. Би маш их гомдолтой байна. Манай эхнэр нэлээн том гэдэстэй байсан. Ямар ч байсан энэ оны 04 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Төрөх байсан. Оршуулгын бүх зардлыг нэхэмжилж байна. Би осолд орсны улмаас биедээ хүнд зэргийн гэмтэл авсан...гэх мэдүүлэг (1 хх 49-50 дугаар хуудас),
-Бага насны хохирогч Ц.*******, иргэний нэхэмжлэгч С.******* нарын хууль ёсны төлөөлөгч О.******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “Тухайн өдөр өдрийн 13 цагийн үед нөхөр С.*******, хадам аав, Ч.*******, охин Ц.*******, нөхрийн төрсөн дүү С.******* нарын хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас тус аймгийн төв рүү явахдаа нөхөр Тоёота Приус-20 маркийн ******* УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, жолоочийн хажуу талын суудалд хадам аав, жолоочийн арын суудалд нөхрийн дүү С.*******, голын суудалд охин Ц.*******, охины зүүн талд буюу жолоочийн эсрэг талын хойд талын суудалд би суугаад явсан. Ямар ч байсан шороо бужигнадаг замаар аймгийн төв рүү явдаг. Тухайн үед урд талын зам харагдахгүй шороо бужигнасан байсан. Тэгэхэд нөхөр тус замаар явж байгаад түс тас гэх чимээ гараад л бид нар зам тээврийн осолд орсон. Тэгэхэд манай нөхөр намайг дуудаж сэрээгээд машинаас өргөж гаргасан. Тухайн үед би хэсэг хугацаанд шокийн байдалтай байсан учраас юу болсныг нь санахгүй байна. Удалгүй нөхөр охиныг надад өгсөн. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд осолд орсон хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Манай машинаас арын суудалд сууж байсан хүмүүс, нөгөө машинаас жирэмсэн эгч, хоёр эрэгтэй жаахан хүүхдийн хамт эмнэлгийн машинд суугаад явж байхад жирэмсэн эгч “гэдэс өвдөөд байна” гээд орилж хашхираад байсан. Тэгээд аймаг руу явж байх замдаа тухайн жирэмсэн эгч нас барсан. Надад болон манай охины зүгээс одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх (1 хх 62-64 дүгээр хуудас),
- Хохирогч Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед том хүү С.*******гийн машины урд талын жолоочийн эсрэг талын суудалд суугаад явж байхдаа замдаа унтсан. Нэг сэрэхэд хоёр хөл хугарсан байсан. Эмч нар ирээд намайг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч яваад яаралтай Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирээд эмчилгээ хийгдэж байгаад гарсан. Тэгээд тус зам тээврийн осол ямар шалтгааны улмаас гарсан талаар том хүү С.*******гаас асуухад “Сүхбаатар аймгийн Халзан сумын 2-р баг “Дөхөм” гэх газарт байх сайжруулсан шороон засмал замаар бага зэргийн хурдтай явж байгаад урсгал сөрөөд буюу нөгөө талын эгнээнд ороод машин мөргөсөн, нөгөө талын машинд сууж явсан эмэгтэй хүн нь нас барсан” гэсэн. Иймд манай хүүгийн буруутай үйлдэл буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан байхад нь тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, урсгал сөрж явсны улмаас уг осол гарсан учраас одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх (1 хх 73-74 дүгээр хуудас),
- Иргэний нэхэмжлэгч Г.*******ийн: Би тус Цагдаагийн газарт нягтлан бодогчоор 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ажиллаж байна. Би ямар хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа ойлголоо. Хэрэг бүртгэлтийн 233000134 дугаартай хэрэгт Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн шинжээчдээр дүгнэлт гаргуулж мөрдөн шалгах ажиллагааны зардлаас 200,000 төгрөгийг байгууллагын 100120012001 тоот данснаас гаргасан тул буруутай этгээдээс тус мөрдөн шалгах ажиллагааны зардлыг нэхэмжилж байна...гэх (2 хх 22 дугаар хуудас),
- Иргэний нэхэмжлэгч Т.*******гийн “...Надад одоо тээврийн хэрэгсэлтэй холбоотой санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би *******гаас тээврийн хэрэгслийг нэхэмжлэхгүй..гэх (2 хх 72-73 дугаар хуудас),
- Гэрч М.ын: Уг зам нь “газрын тос дамжуулах хоолой”-н барилгын ажил хийж буй хүмүүс болон хяналт тавих хүмүүс тээврийн хэрэгсэлтэй зорчиход зориулагдан баригдаж буй шороон зам юм. Хэдийгээр уг зам нь Сүхбаатар аймгийн 4 сумын нутаг дэвсгэрийн дайран өнгөрч байгаа боловч тус аймгийн иргэд зорчиход зориулагдаагүй зам юм. Гэвч уг замаар орон нутгийн иргэд тээврийн хэрэгсэлтэйгээ зорчих асуудал гараад байсан. Одоо ч байгаа тул манай компанийн зүгээс анхаарал сэрэмжлүүлэг болгож замаар зорчиж буй хүмүүст зориулан тараах хуудас тарааж, аймаг сумдын байгаль орчны ажилчин, сумын удирдлагад хүсэлт хүргүүлж байсан...” гэх (1 хх 86-87 дугаар хуудас) мэдүүлгүүд,
- Хэргийн газрын үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “...Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс баруун урд зүгт 34 км Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар баг Дөхөм гэх газар Приус-20 маркийн ******* УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл филдер маркийн СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байв. Приус-20 маркийн ******* УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан, филдер маркийн СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр баруун зүгт харсан байдалтай байв. Тухайн тээврийн хэрэгслүүдийн зорчиж явсан замын өргөн 7.10 м, замын хөвөөтэй 8.10 м, уг зам нь ойр орчимд замын ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй. Замын үзэгдэх орчин чөлөөтэй байв. Тус сайжруулсан шороон зам нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй зам байв. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйл болох цас бороо ороогүй байв. Приус-20 маркийн ******* УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын тэнхлэгээс замын зорчих хэсэг хүртэл 3.65 м, хойд талын тэнхлэгээс 4.13 м, зүүн урд талын тэнхлэгээс замын зорчих хэсэг хүртэл 2.64 м, хойд талын тэнхлэгээс зорчих хэсэг хүртэл 1.96 м байв... Приус-20 маркийн ******* УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл филдер маркийн СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь урд хэсгээрээ мөргөлдсөн байв... Тухайн тээврийн хэрэгслүүдэд тормозны мөр гэх зүйл байхгүй байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 12-18 дугаар хуудас),
- Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл (1 хх 19-20 дугаар хуудас),
- “Toyota Prius” маркийн ******* УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Corolla Fielder” маркийн СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас (1 хх 23-28 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай албан тоот нэхэмжлэл, хавсралт (1 хх 29-44 дүгээр хуудас),
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний 15 дугаартай “1. Д.ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээж, хэвлий, бага аарцгийн хөндийн хавсарсан гэмтэл умайн урагдал, эхэс ховхрол, амьгүй ураг, бага аарцгийн болон хэвлийн хөндийн цус хуралдалт, /3000 мл/ сэмж чацархайн цус хуралт, элэгний урагдал, баруун талын 4,5,6, зүүн талын 3 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, баруун гарын шуунд зулгаралт, хэвлий, баруун гуя, 2 хөлийн шилбэ, өвдөг, зүүн гарын шуунд цус хуралт, няцралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна.
3. Д. нь гэмтлийн улмаас умай урагдаж эхэс ховхрон ураг амьгүй болж хурц цус алдалтаар нас барсан байна.
4. Д. нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.
5. Д. нь нас барах үедээ эрүүл байсан байна.
6. Д. нь нас барах үедээ 30-31 долоо хоногтой жирэмсэн байжээ.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 95-103 дугаар хуудас),
- Цогцост үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 106-109 дүгээр хуудас),
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “Р.******* цус” шинжилгээнд тэнцэнэ.2. Шинжилгээнд ирүүлсэн “Р.******* цус” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 хх 115-116 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “С.******* цус” шинжилгээнд тэнцэнэ.2. Шинжилгээнд ирүүлсэн “С.******* цус” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 хх 125-116 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай “1. Р.*******гийн биед зүүн талын 2, 3 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн уушгины шалчийлт, зүүн дунд чөмөгний гадна доод булуу болон шаант ясны дээд төгсгөлийг хамарч үе дайрсан ташуу мушгирсан ил хугарал, нүүр биеийн гадаргууд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний байдлаас хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 хх 132-133 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3727 дугаартай “1. Ч.*******ын биед баруун, зүүн талын дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэний шаант ясны далд хугарал, духны шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (1 хх 160-161 дүгээр хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3702 дугаартай “1. Ц.*******гийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (1 хх 168-169 дүгээр хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3703 дугаартай “1. С.*******ын биед хамрын таславчийн мурийлт, духанд сорви, дух, хамрын нуруу, зүүн доод зовхинд зулгарлын нөсөө, хэлэнд хазагдсан шарх гэмтлүүд тогтоогдоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт (1 хх 177-178 дугаар хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3705 дугаартай “1. С.*******гийн биед зүүн сарвуунд зулгаралтын нөсөө, хагас саран жийргэвч, урд чагтан холбоосны урагдал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт (1 хх 194-195 дугаар хуудас),
- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2302110 дугаартай “... СҮЭ улсын дугаартай Тоёота филдер маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээ 11,855,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (1 хх 202-223 дугаар хуудас),
- Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/110 дугаартай “1. Техникийн шинжээчдэд ирүүлсэн материалаас үзэхэд автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй байна. 2. СҮЭ улсын дугаартай Тоуоtа Feilder маркийн автомашины жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь шинжээчдэд ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. 3. ******* УНН улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч нь 11.6-р заалт буюу “Суурин газрын гаднах замд . . . тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад ... зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 4. Хавтаст хэрэгт авагдсан 18-р зургаас харахад хурдны хайрцагны хөшүүрэг байрлалд байгаагаас үзэхэд Тоуоtа Feilder маркийн автомашин зогсоогүй, явж байсан гэж үзэж байна. 5. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, схем зураг дээрх хэмжээсүүд, мөн фото зурагнууд зэргээс харахад Тоуоtа Feilder маркийн автомашин нь зорчих хэсэгт баруун гар талын эгнээнд байрлан явж байсан байна. Харин Тоёота приус- 20 маркийн автомашин нь эсрэг урсгалд явж байсан гэж үзэж байна. 6. ******* УНН улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч нь 11.6-р заалтыг баримтлан зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явна. 7. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, мөн фото зурагнууд зэргээс харахад Тоуоtа Feilder маркийн автомашин нь баруун урд хэсэг, Тоёота Приус-20 маркийн автомашин нь зүүн урд хэсгээрээ эхэлж мөргөлдсөн гэж үзэж байна. 8. СҮЭ улсын дугаартай Тоуоtа Feilder маркийн тээврийн хэрэгслийн жолооч тухайн нөхцөлд тулгарсан ослоос зайлсхийх хангалттай хугацаа байгаагүй гэж үзэж байна. 9. ******* УНН улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь 11 6-р заалт зөрчсөн нь зам тээврийн гарах шалтгаан болсон гэж үзэж байна.10. Уг хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно.” гэх дүгнэлт (2 хх 9-11 дүгээр хуудас),
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн зөвшөөрсөн маягт (2 хх 17 дугаар хуудас),
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт, нэхэмжлэл (2 хх 18-19 дүгээр хуудас),
- Шүүгдэгч С.*******гийн урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (2 хх 41-42 дугаар хуудас),
- Шүүгдэгч С.*******гийн “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа”, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” (2 хх 48-52 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч С.******* нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Халзан сумын .... дугаар баг “Д” гэх газарт ******* УНН улсын дугаартай Тояота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас тус замын эсрэг талын урсгалаар зорчиж явсан СҮЭ улсын дугаартай Тояота Филдер загварын тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Р.*******, Ч.*******, бага насны хүүхэд болох Ц.******* нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл, 7 сартай жирэмсэн эмэгтэй Д.ийн амь насыг хохироосон болох нь:
шүүгдэгч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлээ зөвшөөрч мэдүүлсэн “...Сүүлд би бууж харахад жолооч талын эгнээнд голлоод орчихсон явж байсан. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй.” гэх,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Р.*******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “...үзэгдэх орчин хязгаарлагдаж юу ч харагдахгүй болохоор нь тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасахад урд талаас машин гэнэт гарч ирээд мөргөж зам тээврийн осолд орж эхнэр минь ослын улмаас нас барсан. Мөн би өөрийнхөө эгнээнд явж байхад эсрэг урсгалаас урсгал сөрж орж ирээд мөргөсний улмаас ийм нөхцөл байдал үүсээд байна” гэх,
бага насны хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч С.******* нарын хууль ёсны төлөөлөгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “Тухайн өдөр зорчиж байсан зам харанхуйлснаас болоод энэ үйл явдал болсон. Тэгэхэд нөхөр тус замаар явж байгаад түс тас гэх чимээ гараад л бид нар зам тээврийн осолд орсон. Тэгэхэд манай нөхөр намайг дуудаж сэрээгээд машинаас өргөж гаргасан. Тухайн үед би хэсэг хугацаанд шокийн байдалтай байсан учраас юу болсныг нь санахгүй байна. Удалгүй нөхөр охиныг надад өгсөн. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд осолд орсон хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Манай машинаас арын суудалд сууж байсан хүмүүс, нөгөө машинаас жирэмсэн эгч, хоёр эрэгтэй жаахан хүүхдийн хамт эмнэлгийн машинд суугаад явж байхад жирэмсэн эгч “гэдэс өвдөөд байна” гээд орилж хашхираад байсан. Тэгээд аймаг руу явж байх замдаа тухайн жирэмсэн эгч нас барсан.” гэх,
хохирогч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...зам тээврийн осол ямар шалтгааны улмаас гарсан талаар том хүү С.*******гаас асуухад “Сүхбаатар аймгийн Халзан сумын 2-р баг “Дөхөм” гэх газарт байх сайжруулсан шороон засмал замаар бага зэргийн хурдтай явж байгаад урсгал сөрөөд буюу нөгөө талын эгнээнд ороод машин мөргөсөн, нөгөө талын машинд сууж явсан эмэгтэй хүн нь нас барсан” гэсэн.” гэх мэдүүлгүүд,
2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай” тэмдэглэл,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
цогцост үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3727 дугаартай гэх шинжээчийн дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3702 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3703 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3705 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/110 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган амь хохирогч Д.ийн үхлийн шалтгааныг тодорхойлох, хохирогч Р.*******, хохирогч Ч.*******, насанд хүрээгүй хохирогч Ц.*******, С.******* нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хуульд нийцжээ.
Шинжээчийн 66 дугаартай дүгнэлтээр хохирогч Р.*******гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг “хүнд”, 3727 дугаартай дүгнэлтээр хохирогч Ч.*******ын эрүүл мэндэд учирсан хохирлыг “хүнд” , 3702 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг “хүнд”, 3703 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч С.*******ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэг гэж тус тус тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг а. амь насанд аюултай гэмтэл; б. амь тэнссэн байдал; в. гэмтлээс үүссэн үлдэц уршиг; г.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр (35-100 хувь) тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Р.*******, Ч.*******, Ц.******* нарын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь амь насанд аюултай шинжээрээ хүнд гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
Харин насанд хүрээгүй хохирогч С.*******ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарах бөгөөд энэ нь дээрх журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдлаар тодорхойлогдоно.
3. Мөн уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгчөөс шүүгдэгч С.*******гийн холбогдсон авто ослын талаар 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр магадалгаа гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг прокурор хангаж, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн харьяа Механик тээврийн сургуулийн шинжээчид дүгнэлт гаргуулахаар даалгаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан бөгөөд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн харьяа Механик тээврийн сургуулийн шинжээчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 06/110 дугаартай нэмэлт дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба уг техникийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүйг дурдъя.
4. Прокуророос шүүгдэгч С.*******гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. “Зам тээврийн осол” гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.
Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч С.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас замын үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд байдалд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй, замын зорчих хэсгийн эсрэг тал руу орсны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан тээврийн хэрэгслийг мөргөж Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйгээс уг осол гарч хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирчээ.
5. Прокуророос шүүгдэгч С.*******гийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүн нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч С.*******гийн үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, гурван хүний эрүүл мэнд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн бүрэлдэхүүний шинжтэй байна.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч С.*******гийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Д.ийн амь нас хохирч, Р.*******, Ч.*******, Ц.******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
7. Шүүгдэгч С.*******гийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлаж, урьдчилан мэдэж байсан боловч тухайн цаг хугацаанд хөдөлгөөнд нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүй, хайхрамжгүй хандсаны улмаас зам тээврийн осол гарч хүний амь нас, эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Хохирлын талаар:
1. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба харин мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр тус тус зохицуулжээ.
2. Шүүх хуралдаанд амь хохирогч Д.ийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд хохирогч Р.*******гийн зүгээс “оршуулгын зардалд 17,992,986 төгрөг, эмчилгээний зардалд 2,842,274 төгрөг, машинд хохиролд 11,855,000 төгрөг, нийт 32,690,260 төгрөг нэхэмжилнэ” гэжээ.
3. Шүүгдэгч С.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, эмчилгээтэй холбоотой шууд болон бусад зардлууд гарсан нь хэргийн баримтаар нотлогдсон байх тул хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцэх юм.
4 Шүүгдэгч С.******* нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд хохирогч Р.*******д гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд ZVW301188815 арлын дугаартай, 18-39 УНД улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг 28,200,000 төгрөгт тооцон өгсөн бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн 32,690,260 төгрөгийн зөрүү 4,490,260 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.
Энэ хэргийн улмаас Р.******* 2,634,000 төгрөг, Д. 1,369,000 төгрөг, Д. 375,000 төгрөг, Д. 114,600 төгрөг, Ц.******* 2,558,000 төгрөг, О.******* 271,000 төгрөг, С.******* 2,551,000 төгрөг, Ч.******* 4,305,700 төгрөг, нийт 14,178,300 төгрөгийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 26/78, 26/79, 26/80, 26/81, 26/82, 26/83, 26/84 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-Цахим баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч С.*******гаас 14,178,300 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
6. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******, насанд хүрээгүй хохирогч Ц.******* нарын эрүүл мэндэд “хүнд” зэргийн, насанд хүрээгүй хохирогч С.*******ын эрүүл мэндэд “хөнгөн” зэргийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ч.******* болон насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн байна.
7. Хэрэгт мөрдөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “ Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-аар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд хохирогч Р.*******гийн гэмт хэргийн улмаас сэтгэц учирсан хохирлыг “Тавдугаар зэрэглэл” гэж тогтоосон хийгээд шүүх тухайн гэмт хэргийн улмаас Р.*******гийн сэтгэц учирсан хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь шүүх хэргийн үйл баримт, хохирол хор уршигтай холбоотой асуудлыг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан хууль, журамд үндэслэн тогтоох бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдэх 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулсан хууль, тогтоомж мөрдөгдөж эхлээгүй байсан байна.
Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заасан хийгээд “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар тус тус батлагджээ.
Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуульд энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсгийг буцаан хэрэглэх талаар дурдаагүй байна.
Иймд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдэлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, 2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно ” гэх зохицуулалтад хамааралтай.
8. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Иймд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ шүүх хуралдаанаар хангагдаагүй буюу нотлох баримт дутуу нэхэмжлэл, мөн тухайн гэмтэлтэй холбоотойгоор цаашид гарах хохирол, хор уршиг, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хохирогч Р.*******гоос хохирол мөнгөний зөрүүг төлсөн тохиолдолд гомдол саналгүй гэсэн, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс хохирол мөнгөний үлдэгдлийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Зорчих бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хэмжээнд тогтоох саналтай. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.*******д 4,490,261 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох саналтай, хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Хохирогч нар биед учирсан гэмтлийн улмаас эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 14,178,300 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон. Энэ төлбөрийг шүүгдэгч С.*******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгуулах саналтай. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг жолооны үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Техникийн нэмэлт шинжээчийн дүгнэлтэд зарцуулсан 200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус аймгийн цагдаагийн газрын дансанд төлүүлэх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагаас “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байгаа. Яагаад бэ? гэхээр үйлчлүүлэгч минь тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад хэлбэрээр боломжит байдлаараа хохирлыг барагдуулсан. Учруулсан хохирлыг 28 саяд тулах байх гэж тооцоолж машинаа өгсөн байгаа. Гэтэл шүүх хуралдаанд гаргаж ирсэн нотлох баримтаар 4 сая төгрөгийн зөрүү хохирол үлдсэн. Үүнийг шүүгдэгч болон миний зүгээс нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Мөн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч болон түүний хүүхэд, аав нь гэмтсэн тул эмчилгээний зардал хохирол мөнгө төлөх зэрэг асуудлууд их байгаа. Залуу хүмүүс тул хөдөлмөрлөж байж энэ төлбөрүүдийн ард гарах шаардлагатай байгаа. Мөн цаашид иргэний журмаар хохирол мөнгө нэхэмжилбэл төлөх шаардлагатай болно. Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирол мөнгийг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх гэж хуульчилсан байдаг тул улсын яллагчийн зүгээс санал болгосон зорчих эрх хязгаарлах ялын саналд өмгөөлөгчийн зүгээс саналгүй. Харин хязгаарлалтыг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,
хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр “ Улсын яллагчийн тавьсан ялын саналыг дэмжиж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа Улаанбаатар хотын хэмжээнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тойргийг дэмжиж байна. Яагаад бэ гэхээр цаашид хохирогчийн хохирол мөнгийг төлөх асуудал яригдана Иймд шүүгдэгч залуу хүн учир хөдөлмөрлөх харилцаа гарна. Хөдөлмөрлөж байж хохирол мөнгийг төлөх учир тойргийг Улаанбаатарын хэмжээнд тогтоож өгнө үү” гэх дүгнэлт, саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч С.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч С.*******гийн гэм буруугаа ухамсарлаж, гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд хамаарах, мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдал зэргийг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2 (хоёр жилийн) хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
С.******* нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 71 дүгээр байрны 3-11 тоотод оршин суудаг болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн түүний биеийн байцаалт, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт зэргээр тогтоогдох бөгөөд түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагаас гаргасан “ Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч болон түүний хүүхэд, аав нь гэмтсэн тул эмчилгээний зардал хохирол мөнгө төлөх зэрэг асуудлууд их байгаа. Залуу хүмүүс тул хөдөлмөрлөж байж энэ төлбөрүүдийн ард гарах шаардлагатай байгаа. Мөн цаашид иргэний журмаар хохирол мөнгө нэхэмжилбэл төлөх шаардлагатай болно. Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирол мөнгийг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх гэж хуульчилсан байдаг тул улсын яллагчийн зүгээс санал болгосон зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтыг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоож өгнө үү” гэх саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах...” хүний суурь эрхэд хориг, хязгаарлалт тогтоосон эрүүгийн хариуцлагын төрөл буюу гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт иргэний оршин суух газрын талаар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгоно гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.*******гийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хот, хэд хэдэн дүүргээр, хэт өргөн тогтоох нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна, уг ялын зорилгыг алдагдуулах үндэслэлтэй байна.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг түр өөрчлөх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан тул хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг дээрх хуулийн дагуу холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдъя.
Бусад:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5. “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба уг журмын 2.6.4. аудит, эдийн засаг, байгаль орчны хохирол тооцох, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардлыг тухайн үйл ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээгээр...тооцож олгохоор тус тус заажээ.
Энэ хэрэгт 06/110 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн Тээврийн салбарын багш И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Г.Удвал нар гаргасан хийгээд дээрх шинжээчийн зардалд тус аймгийн Цагдаагийн газраас 200,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь иргэний нэхэмжлэгч Г.*******ийн мэдүүлэг, шинжээч Н.Мөнхзулын нэхэмжлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт зэргээр нотлогдоно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******гаас 200,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.
2. Шүүгдэгч С.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялаар шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гийн “B” ангиллын 1478328 дугаартай Жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Шүүгдэгч С.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ийн Ц-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан С.******* нь түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалтайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч С.*******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гийн 1478328 дугаартай Жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гаас 14,178,300 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гаас 4,490,260 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд хохирогч Хэрээд овогт Раднаагийн ******* ()-д олгосугай.
9. Шүүгдэгч С.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бага насны хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч С.******* нарын хууль ёсны төлөөлөгч О.*******, хохирогч Ч.*******, иргэний нэхэмжлэгч Т.******* нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 200,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 100120012001 дансанд оруулсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН