Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1207

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00724 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Д-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Д-д холбогдох

 

1 910 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д- нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Н.Д-д барилгын тоног төхөөрөмж болох дүүжин шат /люлик/-ыг нэг өдрийн 100 000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 2 ширхэг дүүжин шат түрээслүүлсэн. Энэ хугацааны төлбөр болох 700 000 төгрөгийг хариуцагчаас авсан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж хариуцагчийн хүсэлтийн дагуу нэг шатаа буцаан авч үлдэх нэг дүүжин шатаа үргэлжлүүлэн түрээслэсэн. Хэдийгээр хариуцагч миний дүүжин шатыг гэмтэлтэй, ажиллахгүй байсан гэж байгаа боловч тэрээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ашигласан. Дүүжин шатанд ганц нэг удаа доголдол, эвдрэл гарсан. Гэвч энэ нь надаас шалтгаалаагүй. Хариуцагчийн ажиллуулж байсан, мэргэжлийн бус хүмүүс нь уг шатыг эвдэлж, гэмтээж байсан. Ийм ч учраас би 2017 оны 10 дугаар сарын 12, 14, 19-ний өдрүүдэд очиж дүүжин шатыг янзалж өгч байсан. Би дүүжин шатыг 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиж өөрийн биеэр хүлээн авсан. Н.Д- 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүүжин шатыг 2 өдер ашигласан гэж үзэн 100 000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг бол нэхэмжлэлээс хасч тооцоогүй. Учир нь намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шилжүүлж өгсөн. Иймд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 29-ний өдрийг хуртэл хугацааны буюу 25 хоногийн 1 ширхэг дүүжин шат /люлик/-ны түрээсийн төлбөрт 1 250 000 /25 x 50 000/ төгрөг, дүүжин шат /люлик/-ны 1 ширхэг чиглүүлэгчийн үнэ буюу 20 000 төгрөг, тус бүр нь 300 000 төгрөгийн үнэтэй дүүжин шат /люлик/-ны 2 ширхэг троссын үнэ 600 000 төгрөг, тус бүр нь 30 000 төгрөгийн үнэтэй дүүжин шат /люлик/-ны 2 ширхэг тросс үл давхцуулагчийн үнэ 60 000 төгрөгийг шаардаж байна. Нэхэмжилж буй үнийн дүн 1 930 000  төгрөг болж  байгаа  боловч  би  хариуцагчаас  1 910 000  төгрөгийн нэхэмжилж байна. Учир нь би анхнаасаа тооцоогоо буруу бодсон байна. Хариуцагч 25 хоногийн хугацаанд дүүжин шатыг ашигласан атлаа түрээсийн төлбөрөө төлөөгүй, шатыг ашиглах хугацаандаа миний дүүжин шатны эд ангийг нь эвдэлсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааннд гаргасан тайлбартаа: Н.Д- нь Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн ханыг будах ажилтай байсан бөгөөд уг ажилдаа зориулж Д.Д-ы дүүжин шатыг түрээслэхээр гэрээг бичгээр байгуулж 2 ширхэг дүүжин шатыг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд ашигласан. Энэ хугацааны түрээсийн төлбөрт 700 000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч дүүжин шатыг ашиглаж эхэлсэн өдрөөс л шатнууд нь гацаж, доголдож байсан. 7 хоногийн түрээсээ төлж дуусгаад цаашид дахин түрээслэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Д.Д- нь “...1 шатаа бүрэн ажиллагаатай болгож засаад дахин ашигла” гэж хариуцагчид санал болгосны дагуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тодорхой хоног, хугацаа тохиролгүйгээр ажиллуулж үзсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд л доголдол гарч эхэлсэн. Иймд ажилчид тухайн шатанд ахиж ажиллахгүй гэх болсон бөгөөд энэ тухайгаа Д.Д-д мэдэгдсний дагуу тэрээр засаж өгөөд ажиллуулж үзсэн. Гэвч ажиллахгүй байсан тул түүнд мэдэгдсэн. Дахин дуудахад түүний утас нь холбогдохгүй болж, хөдөө явсан гэсэн тул гэрээг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Бид өөрсдөө ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай байсан тул бусадтай гэрээ байгуулан өргөгч сагстай машиныг түрээслэсэн. Бид сагстай машиныг ажиллуулж байх хугацаанд Д.Д-ы дүүжин шатыг дахин ашиглаагүй. Хариуцагч нь Д.Д-ы шатыг 2 өдөр ажиллуулсан гэж үзээд 100 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч Д.Д- нь 2017 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрийн аль нэгэнд нь дүүжин шатаа ирж авсан. Нэгэнт шатыг ашиглаагүй, тухайн шат нь ашиглах боломжгүй эвдрэл, гэмтэлтэй байсан тул түрээсийн төлбөр, эвдрэл гэмтлийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Д-гээс 1 050 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 860 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэпийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-гээс 29 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/00724 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрийн тодорхойлох хэсэг нь тодорхойгүй буюу зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлыг тусгаад шүүх хуралдааны явцад зохигчдын гаргасан тайлбар, гэрч оролцуулах хүсэлт, гэрчийн мэдүүлгийг дурдаагүй. Нэхэмжлэгч өөрөө шат эвдэрсэн, гэрч н.Эрдэнэчулуун шат эвдэрсэн, бид 2 удаа засварласан, 9-10 сард засварласан, гэрч н.Даваажаргал 2 удаа засварласан, гэрч н.Энхцог нь би өөрөө хувийн сагстай машинтай очиж ажилласан, намайг дуудахдаа ажиллаж байсан төхөөрөмж болохгүй байна гээд дуудсан гэх мэт зүйлийг тусгаж, боловсруулалт, тайлбар хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчиж зохигчдын агуулгыг бүрэн илэрхийлээгүй байна. Хураангуйлан бичиж байгаа бол хэргийн чухал нөхцөл буюу шат ашигласан эсэх талаар мэдэж байгаа гэрчүүдийн мэдүүлгийг тусгаж тайлбарласан байх ёстой.

2. Анхан шатны шүүх зохигчдын маргаанд хамааралгүй зүйлийг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, зохигчид гэрээ байгуулсан эсэх тал дээр маргаан байхгүй ба гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгө буюу дүүжин шат нь эвдэрлийн улмаас ашигласан, ашиглаагүй гэж маргаж байгаа. Энэ нь гэрчийн мэдүүлгээр эвдэрсэн, ашиглагдаагүй ба үүний оронд сагстай машин хөлслөн ажилласан гэдэг нь нотлогдсон. Ийнхүү дүүжин шатыг эвдэрлийн улмаас ашиглаж чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.2.1 дэх хэсэгт зааснаар хөлс төлөх үүрэг үүсээгүй байхад уг зохицуулалтыг хэрэглээгүй өөр заалтыг үндэслэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн хангасан хэсэг болох 1 050 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д- хариуцагч Н.Д-д холбогдуулж 1 910 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, дүүжин шат нь эвдрэлтэй байсны улмаас бид ашиглаж чадаагүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 01 тоот “Дүүжин шат /люлик/ түрээслүүлэх гэрээ” нэртэй гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь тус бүр нь 6 метр тавцан, 6 метр хашлага, 2 ширхэг хөтлөгч редуктор, 200 метр тросс, 50 метр холбох хэрэгсэл, 2 ширхэг мотор, 2 ширхэг гар бүхий 2 дүүжин шат /люлик/-ыг хариуцагчид тус бүрийг нь өдрийн 50 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон бөгөөд шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ. /хэргийн 4-5 дугаар тал/

 

Хариуцагч Н.Д- 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд хоёр ширхэг дүүжин шат /люлик/-ыг ашигласан ба түрээсийн төлбөрт 700 000 төгрөгийг төлсөн талаар болон хариуцагч нь нэг дүүжин шат /люлик/-ыг буцаан өгч, үлдсэн 1 дүүжин шат /люлик/-ыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ашиглахаар нэхэмжлэгч өөрийн эзэмшилд авч үлдэн улмаар 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буцаан өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Н.Д-гээс дүүжин шат /люлик/-ыг ашигласны хөлсийг шаардах эрхтэй.

 

Харин эд хөрөнгө хөлслөх гэрээнд хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 12, 14, 19-ний өдрүүдэд дүүжин шатыг очиж янзалсан нь зохигчдын тайлбар, гэрч А.Эрдэнэчулууны “эвдэрсэн байна гэж дуудаад бид очиж завсарлаж байсан, 2 удаа очиж засаж янзалсан”, гэрч Б.Даваажаргалын “тухайн үед люликийг эвдэрлээ гэж бид 2 удаа очиж завсарлаж байсан” гэх мэдүүлгээр тогтоогджээ. /хэргийн 32 дугаар тал/

 

Иймд хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл буюу 24 хоногийн хугацаанд дүүжин шат /люлик/-ыг ашигласан хугацааны төлбөр 1 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч 12, 14, 19-ний өдрүүдэд дүүжин шатыг засварласан гэх үйл баримтын талаар маргаагүй тул дээрх өдрүүдийн төлбөр 150 000 төгрөгийг хасч тооцсон нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-т нийцэх тул хариуцагчаас 1 050 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс дүүжин шатыг ажиллуулахад доголдол гарсан тул хэрэглээгүй ба ирж авахыг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/00724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                        С.ЭНХТӨР