Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат  

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч Ж.Давааням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жигжидсүрэнгийн Даваанямд холбогдох 201619000830 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат-2 дугаар баг, Уушгийн 6-158 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Давааням /РД:УС81062918/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.Давааням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдад зодуулсан гэх шалтгаанаар 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын төв Асгат 2 дугаар баг, Уушгийн 6-194 тоот хашаанд байсан 60-24 УНМ улсын дугаартай Тоёота Саксийд тээврийн хэрэгсэл болон 57-30 УНӨ улсын дугаартай Хюьндай Гресс маркийн тэврийн хэрэгслийн эд зүйлийг санаатайгаар эвдэн гэмтээж иргэн Г.Нямаад 420.000 төгрөгний хохирол, иргэн Л.Атаржаргалд 190.000 төгрөгний хохирол тус тус учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Давааням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Авто тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12, 115-120, 121-123 дугаар хуудас/

 

Хохирогч Г.Нямаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай нагац эгч Бадамсүрэн нь “Алтангадас” одон авсан гээд найр хийсэн. Би Бадамсүрэн эгчийндээ очиж цай ууж сууж байгаад 21 цагийн үед гаднаас Давааням гэх залуу орж ирээд сууж байснаа “та нар юу юм,  та нар дуугүй байцгаа” гээд ширээ нүдээд ширээн дээр байсан халуун сав унагаагаад босоод ирсэн. Тэгэхээр нь би Даваанямыг гэрээс авч гаргаад одоо яв гэж хэлтэл Давааням явахгүй гэхээр нь цааш түлхсэн чинь довжоон дээр тээглээд уначихсан. Давааням босч ирээд намайг нэг удаа хацар руу цохиод зугтаачихсан. Би удалгүй машинтайгаа соёлын төв орчихоод явж байтал Даваанямын машин халуун усны доод талд зогсож байхаар нь очиход баруун талаас Энхбаатар машинтайгаа ирсэн. Би Энхбаатарт хандан танай найз чинь намайг зодчихоод зугтаагаад явчихсан гэж хэлэх үед Давааням машинаас гарч ирсэн. Энхбаатар Давааням руу уурлаад чи яагаад манай ахыг зодсон юм бэ гээд маргалдаад үлдсэн. Би буцаад эгчийнхээ гэрт очоод сууж байтал удалгүй Энхбаатар, Давааням, Батмөнх нар орж ирээд Давааням нь хувцасаа тайлаад над руу салаавч өгөөд гэрээс гараад явсан. Би унтах гээд машин дотор ор засаад хэвтэж байтал баруун талаас нэг машин ирээд хашааны урд зогсож байснаа миний машин дээр ирээд эхлээд зүүн талын толийг гараараа хуга дараад дараа нь баруун гар талын толийг татаад миний машины баруун талд байсан микроны урд талын шил арчигчийг хуга татаад хойд талын цонхыг хагалаад эргэж миний машин дээр ирээд урд салхины шилийг хагалчихаад гарахдаа хойд талын шилийг хага цохичихоод гараад явсан. Давааням миний машины болон микро машины шилийг хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

Хохирогч Л.Атаржаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай найз Баярмагнай нь миний машинаар хөдөө юм ачиж, зөөчихөөд аваад ирье гэж гуйж явсан. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирэхдээ машины урд хойд салхины шилийг хагалчихсан байсан. Ирсэн өдрөө Баярмагнай машины салхины шилийг янзлуулж өгсөн. Машины салхины шилнүүд нийтдээ 190.000 төгрөг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Баярмагнай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай ээж Алтангадас одон аваад тэр өдөр одонгийн найр хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой өөрийн танил Атаржаргал гэх хүнээс 57-30 УНӨ улсын дугаартай Микро автобусыг хөдөө юм зөөж унаж байгаад ирье гэж гуйж аваад Төв аймгийн Угтаалцайдам сум руу явсан. Угтаалцайдам суманд ирээд манай дүү Энхбаатар Мөнхжавхлан нар ойр зуур унаж юм зөөж байсан юм. Би тэр орой яг юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш өглөө нь ирсэн чинь миний унаж ирсэн микроны урд салхины шилийг хагалчихсан, манай ах Нямаагийн машины урд талын салхины шил, толь зэргийг Энхбаатарын найз Давааням хагалсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/

 

Гэрч Р.Бадамсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой би соёлын төв дээр цайллага дуусаад юмаа хураагаад байж байхад манай дүү Нямаа ирээд Жигжидсүрэнгийн хүүхэд ирээд гэрт чинь агсам тавиад намайг зодчихлоо гэж хэлсэн. Унтахаар болж Нямаа машиндаа унтаж гээд гарсан. Унтаж байхад манай байшингийн хаалгыг хүн балбаад байгаа юм байхдаа гэж бодоод хаалгаа тайлсан чинь манай дүү Нямаа агсам тавьсан залуу чинь машины цонх хагалчихлаа гэхээр нь би гараад хартал  Нямаагийн машины толь, шил болон микроны цонхыг хагалсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-37 дугаар хуудас/

 

Гэрч Т.Дашням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Маргааш өдөр нь Энхбаатар над руу залгаад урд шөнө Давааням хашаанд байсан машины цонх, шил хагалчихаад явчихсан байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/

 

Вендо ХХК-ний үнэлгээний тайлан, Тэнцвэр Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 45-47, 50-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Давааням нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдад зодуулсан гэх шалтгаанаар 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам сумын төв Асгат 2 дугаар баг, Уушгийн 6-194 тоот хашаанд байсан 60-24 УНМ улсын дугаартай Тоёота Саксийд тээврийн хэрэгсэл болон 57-30 УНӨ улсын дугаартай Хюьндай Гресс маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийг санаатайгаар эвдэн гэмтээж иргэн Г.Нямаад 420.000 төгрөгний хохирол, иргэн Л.Атаржаргалд 190.000 төгрөгний хохирол тус тус учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,

хохирогч Г.Нямаагийн... Би унтах гээд машин дотор ор засаад хэвтэж байтал баруун талаас нэг машин ирээд хашааны урд зогсож байснаа миний машин дээр ирээд эхлээд зүүн талын толийг гараараа хуга дараад дараа нь баруун гар талын толийг татаад миний машины баруун талд байсан микроны урд талын шил арчигчийг хуга татаад хойд талын цонхыг хагалаад эргэж миний машин дээр ирээд урд салхины шилийг хагалчихаад гарахдаа хойд талын шилийг хага цохичихоод гараад явсан. Давааням нь миний машины болон микро машины шилийг хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

хохирогч Л.Атаржаргалын... “Баярмагнай нь миний машинаар хөдөө юм ачиж, зөөчихөөд аваад ирье гэж гуйж явсан. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирэхдээ машины урд хойд салхины шилийг хагалчихсан байсан. Ирсэн өдрөө Баярмагнай машины салхины шилийг янзлуулж өгсөн”...гэх мэдүүлэг /хх-ийн 126/

иргэний нэхэмжлэгч Г.Баярмагнайгийн... “Атаржаргал гэх хүнээс 57-30 УНӨ улсын дугаартай Микро автобусыг хөдөө юм зөөж унаж байгаад ирье гэж гуйж аваад Төв аймгийн Угтаалцайдам сум руу явсан. Угтаалцайдам суманд ирээд манай дүү Энхбаатар Мөнхжавхлан нар ойр зуур унаж юм зөөж байсан юм. Би тэр орой яг юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш өглөө нь ирсэн чинь миний унаж ирсэн микроны урд салхины шилийг хагалчихсан мөн манай ах Нямаагийн

 

машины урд талын салхины шил, толь зэргийг Энхбаатарын найз Давааням хагалсан байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/

гэрч Р.Бадамсүрэнгийн... “унтаж байхад манай байшингийн хаалгыг хүн балбаад байгаа юм байхдаа гэж бодоод хаалгаа тайлсан чинь манай дүү Нямаа агсам тавьсан залуу чинь машины цонх хагалчихлаа гэхээр нь би гараад хартал  Нямаагийн машины толь, шил болон микроны цонхыг хагалсан байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/ болон мөрдөн байцаалтын шатанд Ж.Давааням нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бусад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Ж.Даваанямд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

       

Шүүгдэгч Ж.Даваанямд холбогдох гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Ж.Даваанямд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирлын талаар: Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн брюкен өмд 1 ширхэг, тээврийн хэрэгсэл салхины шил арчигч 2 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Давааням нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Нямаа, Л.Атаржаргал нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жигжидсүрэнгийн Даваанямыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Даваанямыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Ж.Даваанямд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Даваанямд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Даваанямд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Угтаалцайдам  сумын цагдаагийн хэсэгт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Ж.Даваанямд тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Даваанямд урьд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн брюкен өмд 1 ширхэг, тээврийн хэрэгсэл салхины шил арчигч 2 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Ж.Давааням нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ж.Даваанямд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ