Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0022

 

Иргэн Ш.Жанимханы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0038 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ш.Жанимханы нэхэмжлэлтэй, Буянт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны     10 дугаар сарын 24-ний өдрийн 0038 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Жанимханы “Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн Н.Хибатайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Жанимхан давж заалдах гомдолдоо: “... Шүүхэд гаргаж өгсөн бүхий л нотлох баримтаар миний төрсөн ах тухайн үед Монгол улсын иргэн байсан Ш.Сейтмурат нь 1991-2013 он хүртэл Буянт сумын 3 дугаар багийн нутаг, өмнө голын Шар нуурын “Хагийн улаан” гэдэг өвөлжөөний газрыг хууль ёсны дагуу эзэмших ашиглах байсан болохыг нотолдог. Гэтэл ам маань 2013 онд Монгол улсын харьяатаас гарч Казакстан улс руу нүүсэн. 1997 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 тоот захирамж, 191 тоот гэрчилгээгээр 0.07 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших, ашиглах эрхтэй болсон. Үүнийг хүчингүй болгох талаар бидэнтэй хэн ч маргаагүй. Энэ эрхийг Ш.Сейтмурат өөрөө өөртөө бичиж олгоогүй нь ойлгомжтой билээ.

2012 онд уг газрыг давхцуулан Н.Хибатайд олгосон хууль бус үйлдлийг илчлэн шүүхэд хандахад шүүх энэ шийдвэрээрээ миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргаа хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна. Тухайлбал шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д ...1994 оны Газрын тухай хуулийг барьсан байна. Үүнд иргэнд 0.05 га газрыг олгоно гэснийг Ш.Сейтмурат бол 0.07 га газрыг эзэмших эрхгүй харин Н.Хибатайд болох мэтээр тайлбарласан байна. Ш.Сейтмурат болон Ш.Жанимхан бид хүсэлт гаргаад өргөдлөө өгсөн байхад захирамж гаргахгүй байгаа нь бидний буруу биш. Захиргааны албан тушаалтны эс үйлдэхүйг бид тогтоохгүй. Ш.Сейтмурат нь газар эзэмших эрхгүй буюу эрх үүсээгүй байна гэж шүүх дүгнэсэнд гомдол гаргач би хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т нотлох баримтуудыг үнэлэхдээ Захиргаа хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-д нэгж талбарын дугаарын талаар... 1997 онд авсан гэрчилгээнд ийм дугаар тавих тухай зохицуулалт болон хууль байгаагүй болно. Шүүгч энэ тухай 2003 онд 163 дугаар тушаалаар батласан журам гэж бичсэн атлаа 1997 оны гэрчилгээнд байхгүй байна гэж байгаа нь ойлгомжгүй байна. Маргаан бүхий 22 дугаар захирамжийн 15 дахь хэсэгт заасан иргэн Н.Хибатайд олгосон 700 м.кв газрыг эзэмших эрх нь хуулийн дагуу олгогдсон байна гэж дүгнэхдээ Газрын тухай хуулийн 21.4.3-д заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батласан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон иргэдийн Хурлын протокол зэргийг нотлох баримтаар аваагүй нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Харин 3 дахь хэсэгт зааснаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг ноцтой зөрчиж газар эзэмших эрхийг Н.Хибатайд олгосон байна гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь миний ах Ш.Сейтмурат нь тухайн газарт он удаан жил буюу нийт 16 жил тасралтгүй амьдарч ирсэн байсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д зааснаар тогтоовол нийтэд илэрхий үйл баримт байсныг гэрчүүд тайлбарлаж нотолсныг шүүгч үнлэж дүгнээгүй хэт нэг талд шийдвэрийг гаргасан. Мөн шүүгч шийдвэртээ зөвхөн Газрын тухай хуулийг барьж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг миний бие зөвшөөрөхгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн       2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0038 дугаар шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг дахин бүхэлд нь хянаж, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн нь зөв байна.

“Баян-Өлгий аймгийг Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн Н.Хибатайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагаар иргэн Ш.Жанимхан нэхэмжлэл гаргажээ.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хагийн улаан” нэртэй газарт 700 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар ашиглуулахаар анх иргэн Ш.Сейтмуратад Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргаас олгосон 1997 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 191 дүгээр газар эзэмших гэрчилгээгээр олгосон байна.

Мөн 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Буянт сумын Засаг дарга “нэгж талбарын 030600273 дугаар бүхий 0.07 га газрыг 60 жилийн хугацаатай Ш.Сейтмуратад эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Нэхэмжлэгч Ш.Жанимхан нь 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр иргэн Ш.Сейтмуратын эзэмшиж байсан дээрх газрыг шилжүүлэн авч, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамж болон 000504295 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий 700 м.кв газрыг надад эзэмшүүлсэн гэж маргаж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хагийн улаан” нэртэй газарт 700 м.кв газрыг иргэн Ш.Сейтмуратаас иргэн Ш.Жанимханд шилжүүлсэн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамж, иргэн Ш.Жанимханд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Буянт сумын 3 дугаар баг, нэгж талбарын 030600484 дугаартай 700 м.кв газрын 45 жилийн хугацаатай эзэмшүүлсэн эзэмших эрхийн 000504295 дугаартай гэрчилгээ зэргийг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлжээ.

Гэтэл дээрх нэхэмжлэлийн үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамж, иргэн Ш.Жанимханд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Буянт сумын 3 дугаар баг, нэгж талбарын 030600484 дугаартай 700 м.кв газрын 45 жилийн хугацаатай эзэмшүүлсэн эзэмших эрхийн 000504295 дугаартай гэрчилгээ зэрэг нь хууль ёсны баримт биш болох нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/132 тоот албан бичгээр шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжийн хуулбар хувь болон гэрч Буянт сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал ажилтай Р.Төхөөний “...2015 оны 04 дүгээр сарын үед Өлгий суманд ажлаар явж байхдаа Ш.Жанимхантай уулзсан. Тэгээд гэрээ, гэрчилгээ дээр гарын үсэг зурж өгнө үү гэж гуйсан нь зурж өгсөн. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 08 дугаар захирамжаар Ш.Сейтмуратын газрыг Ш.Жанимханд шилжүүлсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон байна.

Тодруулбал, хариуцагчийн нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 9 дэх догол мөрт “3 дугаар багт байрлалтай 030600109 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Довчин Мөнхөөгийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг БЕ92092911 регистртэй Сад овогт Мөнхөөгийн Отгондалайд зориулалтаар нь             50 жилийн хугагцаатай” гэж бичсэн, уг захирамжийн 2 дахь хэсгийн 2 дахь мөрт “Д.Мөнхөөгийн 374” дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцов” гэсэн байна.

Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн 9 дэх догол мөрт “3 дугаар байгт байрлалтай 0306484 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Шахай Сейтмуратын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн БГ74073014 регистртэй Харахас овогт Шахагийн Жанимханд зориулалтаар нь 45 жилийн хугацаатай” гэж бичсэн бөгөөд харин уг захирамжийн 2 дахь хэсгийн 2 дахь догол мөрт “Д.Мөнхөөгийн 374” гэж бичсэн нь хариуцагчийн гаргаж өгсөн захирамжийн бичиглэлтэй ижил байгаагаас үзэхэд гэрч Буянт сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал ажилтай Р.Төхөөний “Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 08 дугаар захирамжаар Ш.Сейтмуратын газрыг Ш.Жанимханд шилжүүлсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг, “нэхэмжлэгч Ш.Жанимханд газар шилжүүлсэн эзэмшүүлсэн захирамж гараагүй” гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй гэж үзлээ.

 Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.3-д “хураамж төлсөн тухай баримт”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хагийн улаан” нэртэй газарт 700 м.кв газрыг иргэн Ш.Сейтмуратаас Ш.Жанимханд газар эзэмших эрх шилжүүлэх гэх 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ байгаа гэж нэхэмжлэгч маргаж байгаа боловч уг гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан нотариатчаар гэрчлүүлсэн байх гэсэн шаардлагыг ханаагүй болох нь баримтаар нотлогдсон, гэрээ байгуулснаас хойш Ш.Жанимхан нь холбогдох баримтыг бүрдүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хүсэлтээ албан ёсоор гаргаж байгаагүй. Түүнийг нь нотолсон баримт хэрэгт авагдаагүй зэргээс үзэхэд маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Ш.Жанимхан нь хууль ёсны дагуу шилжүүлэн аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хагийн улаан” нэртэй газарт    700 м.кв газрыг Н.Хибатайд эзэмшүүлэхээр гаргасан Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь нэхэмжлэгч Ш.Жанимханы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий газрыг хууль болон журамд заасны дагуу нэхэмжлэгч Ш.Жанимханд эзэмшүүлсэн гэх эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрчилгээ байхгүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн холбогдох хэсэг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч Ш.Жанимханы “миний ах Ш.Сейтмурат нь тухай газар он удаан жил буюу нийт 16 жил тасралтгүй амьдарч ирсэн байхыг тогтоовол нийтэд илэрхий үйл баримт байсныг гэрчүүд тайлбарлан нотолсныг шүүгч үнэлж дүгнээгүй хэт нэг талд шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй юм.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                 ШҮҮГЧ                                                                         Д.БАТБААТАР

                 ШҮҮГЧ                                                                         Э.ЗОРИГТБААТАР

                 ШҮҮГЧ                                                                        Э.ХАЛИУНБАЯР