Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр баг “...” хороололд  оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн,

Х овогт Э-ын У

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр багийн “...” гэх газарт хохирогч Э.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Н.******* эхлээд аав хүүхдүүдийг минь загнаад байсан. ******* манай охиныг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Би тэр үед уурласандаа дүү *******г нэг цохисон. Би уучлалт гуйсан. Би маргааш нь эмнэлэг  рүү хүргэж өгсөн. Одоо бид хоёр сайндсан. Бид хоёр цагаан сараар нэг уулзсан. Хадмынх нь Сүхбаатар сумаас зүүн тийшээ байдаг тул тэнд байгаа...гэв.

Эрүүгийн 2430000000010 дугаартай хэргээс:   

   - Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:******* буцаж гэрт орж ирээд надтай хэрүүл хийж байгаад гараад явсны дараа Э.******* над руу уурлаад байхаар нь гараараа нэг удаа нүүр лүү нь цохиход хамрыг нь цохиж хамар нь далийж цус гарсан...гэх (34-36 дугаар хуудас),

  • Хохирогч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ******* эгч дахин ахтай хэрэлдэж маргалдаж муудсан бөгөөд удалгүй гэрээс гараад явсны дараа ах Э.******* “чи муу дандаа миний өөдөөс олон долоон юм ярьж байдаг, чамайг ална шүү” гэхээр нь “тэгээд алаач дээ” гэхэд ах гараа атгаж байгаад миний хамар луу цохиход хамраас цус гарсан. Цусаа тогтоогоод толинд хамраа харахад миний хамар баруун тийшээ далийсан байсан. Ах намайг цохиход аав, ах бид гурав л гэртээ байсан.” гэх (хх 6-7 дугаар хуудас),

“Ах надаас уучлалт гуйсан учраас бид хоёр эвлэрсэн. Одоо болон цаашид гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх (хх 9-10 дугаар хуудас),

  • Гэрч Н.*******ийн: ******* манайхаас гараад явсны дараа хэсэг хугацааны дараа гэрт нь ороход Э.******* уйлчихсан, хамар нь далийсан байхаар нь “яасан, юу болсон юм” гээд Э.*******гаас асуухад надад хэлэхдээ “ах гараараа нүүр лүү цохиод хамар далийлгаад хаячихлаа” гээд байж байсан. Намайг ******* ахын гэрт ороход ******* ах, *******, ******* гурав байсан. *******гийн хамраас цус гарсан, хамар нь миний санаж байгаагаар баруун тийш далийсан байсан шиг санаж байна...гэх (хх 12-13 дугаар хуудас),
  • Гэрч Я.*******ын: 2023 оны 12 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед шиг санаж байна тус тоотод байх гэртээ би хүү, охиныхоо хамт байж байхад Э.******* гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа Э.******* нэлээн ууртай орж ирээд надад “танаас болоод Н.*******тай маргалдаж муудаад ирлээ” гээд над руу уурласан. Тэгэхээр нь би “яах гээд хүмүүстэй маргалдаж муудаад байдаг юм” гэхэд Э.******* нь “би хэнтэй маргалдаж муудах нь хамаа байхгүй” гээд надад уурлахад охин Э.******* нь “та яагаад аав руу дайраад уурлаад байгаа юм” гэхэд “чамд ямар хамаатай юм, ална шүү” гэсэн. Тэгсэн Э.******* “тэгээд алаач” гэхэд Э.******* нүүр лүү гараараа цохиход хамар нь баруун тийш далийж хавдаж хамраас нь цус гарсан. Тэр үед гаднаас Н.******* орж ирээд Э.*******ыг “чи яагаад дүүгээ зодож байгаа юм, цагдаагийн байгууллагад дуудлага өгнө” гэж хэлээд гараад явсан...” гэх (хх 15-16 дугаар хуудас) мэдүүлэг,
  • Хохирогч Э.*******гийн хамрын зургийг авсан рентген зураг (хх 20 дугаар хуудас),
  • Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай “1.Э.*******гийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх шинжээчийн дүгнэлт (хх 21-22 дугаар хуудас),
  • Шүүгдэгч Э.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх 42-45 дугаар хуудас),
  • Шүүгдэгч Э.*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар (хх 46-56 дугаар хуудас),
  • Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/176 дугаартай лавлагаа (хх 58 дугаар хуудас) зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний оройн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр багийн “Малтай” байрны задгай тоот дахь гэртээ хохирогч Э.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Э.******* над руу уурлаад байхаар нь гараараа нэг удаа нүүр лүү нь цохиход хамрыг нь цохиж хамар нь далийж цус гарсан” гэх,

хохирогч Э.*******гийн “...ах гараа атгаж байгаад миний хамар луу цохиход хамраас цус гарсан. Цусаа тогтоогоод толинд хамраа харахад миний хамар баруун тийшээ далийсан байсан.” гэх,

гэрч Н.*******ийн “...Э.*******гаас асуухад надад хэлэхдээ “ах гараараа нүүр лүү цохиод хамар далийлгаад хаячихлаа” гээд байж байсан.” гэх,

гэрч Я.*******ын “...Э.******* “тэгээд алаач” гэхэд Э.******* нүүр лүү гараараа цохиход хамар нь баруун тийш далийж хавдаж хамраас нь цус гарсан.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Э.*******гийн хамрын зургийг авсан рентген зураг,

шинжээчийн 21 дугаартай “1.Э.*******гийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Э.*******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 21 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх хэсэгт Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, 2.4.2-т ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр (5-10хувь) тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Э.*******гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

3. Прокуророос шүүгдэгч Э.*******ын, хохирогч Э.*******гийн хамарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

Хэргийн баримтаар, шүүгдэгч Э.******* нь хүүхдийн асуудлаас бусадтай маргалдан, улмаар өөрийн төрсөн дүү болох Э.*******г “ өөртэй нь маргалдлаа, үг сөрлөө” гэх шалтгаанаар түүний хамарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Э.*******ын түүнийг цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

5. Шүүх шүүгдэгч Э.*******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг хүнийг цохиж зодсоноор хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж “дүүгээ өөдөөс үг сөрлөө” гэх шалтгаанаар хохирогч Э.*******гийн хамарт зориуд цохиж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

Гэмт хэргийн хохирлын талаар:

            Шүүгдэгч Э.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаагүй бөгөөд Ах надаас уучлалт гуйсан учраас бид хоёр эвлэрсэн. Одоо болон цаашид гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй”, мөн “миний сэтгэл санаанд учирсан хор уршиг, хохирол байхгүй. Ямар ч шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

Хохирогч Э.******* нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.         

           Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Жамъяндоржоос “Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.

Э.******* нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэр бүлийн байдлыг харгалзан үзэж ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзэж байнагэх дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигээс “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг гэмт хэрэг. Энэ хэрэг нь шүүгдэгчийн гэр бүлийн хувийн асуудал, ах, дүү нарын хоорондын маргаанаас болсон. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа торгуулийн ялыг дэмжиж оролцож байна. Энэ хүний амьдралын нөхцөл байдал нь гэвэл түрээсийн байранд 3 настай охины хамт амьдарч байгаа. Амьдралаа авч явахын тулд хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ажилд орсон зэрэг байдлаас харахад миний үйлчлүүлэгч өөрийн зан байдалдаа анхаарч байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж 500,000 төгрөгөөр торгож өгнө үү. Иймд үйлчлүүлэгчийн минь хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн ялыг тусад нь эдлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Э.*******ын гэм буруугаа ухамсарлаж, гэм буруугийн талаар маргаагүй, тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн бага насны хүүхдийн асуудлаас тухайн гэр бүлд үүссэн маргаанаас улбаатай, тэрээр бага насны хүүхэдтэй өрх толгойлон амьдардаг, хохирогч Э.*******гаас “Ах надаас уучлалт гуйсан учраас бид хоёр эвлэрсэн. Миний сэтгэл санаанд учирсан хор уршиг, хохирол байхгүй. Одоо болон цаашид гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний цалин хөлсний байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

Э.*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.  

Шүүгдэгч Э.******* нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн бөгөөд уг ялыг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эдэлж дуусах нь Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/176 тоот лавлагаа, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай Шийтгэх тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ГХ/444 дугаартай Гүйцэтгэх хуудас зэргээр нотлогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно ” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Э.*******ын бага насны хүүхэдтэй ганц бие эцэг, тогтмол ажил төрөл эрхэлж байгаа хувийн байдлыг үндэслэн түүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг,  Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр  шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э-ын У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Э.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.*******т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.*******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Э.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.******* нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН