Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.*******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000220021 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто гагнуурчин мэргэжилтэй, .... туслах ажилтан ажилтай, Сүхбаатар аймгийн ******* сумын .... дүгээр баг, “....”-н ... дугаар гудамж... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Х овогт Т-ийн Т

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Яллагдагч Т.******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг “....” хорооллын ... тоотод хамтран амьдрагч болох П.*******т агсам тавьж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүрэн тус газар нь гараараа цохих, гар луу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Би үнэхээр муухай үйлдэл хийсэн. Миний буруу. Би жирэмсэн гэдгийг нь мэдэж байсан. Би яасан талаар мэдэхгүй байна. Маш их согтолттой байсан. Би уучлалт гуйсан. Одоо бид хоёр хамт амьдарч байгаа.” гэв.

Эрүүгийн 2430000220021 дугаартай хэргээс:   

   - Шүүгдэгч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “Тухайн үед дөрвүүлээ нийт 3 шил 0.75 литрийн архи уусан байсан учраас уусан архиндаа нэлээн согтсон байсан. Гэртээ ороод ямар ч байсан *******ийг “хоол хийгээд өг” гэж хэлснээ санаж байна. Мөн баруун гараараа нүүр лүү цохисноо санаж байгаа юм. Тэгэхэд ******* гэрээсээ зугтаад явсныг санаж байна.” гэх (64-66 дугаар хуудас),

  • Хохирогч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгээд Т.******* “өлсөөд байна” гэхээр нь хоол хийж өгөхөд идээгүй, тэгснээ “танай аав, ээжийн гэрт би агсам тавихад яадаг юм” гэхээр нь “чи согтуу байна хоолоо идээд унтчих” гэхэд Т.******* “чи миний дууг хорьдог хэн юм” гээд шууд алгадахад миний амнаас цус гарсан. Тухайн үед Т.******* нэлээн согтуу байсан учраас өөрийнхөө гаргаж байгаа үйлдлийг хянах чадваргүй юм чинь тайвшруулж байгаад унтуулах санаа бодол төрсөн. Тиймээс өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэх юм бол улам зодуулж магадгүй гэж бодсондоо Т.*******гийн хоёр гарыг би гараараа бариад “миний хайр согтуу байна, одоо тайвшир” гээд тайвшруулахад улам над руу дайрч намайг “янхан, гичий, пизда минь” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Эхлээд баруун гараараа зүүн нүд рүү, дараа зүүн гараа атгаж байгаад баруун нүд рүү цохисны дараа хоёр нүд эвгүй болоод юм сайн харж чадахгүй нулимс гарахаар нь доошоо тонгойсон. Тэгсэн гэдэс рүү өшиглөх гэхээр нь хойшоо болоод гараа өшиглүүлээд гэрээс би зугтаад гарсан.” гэх (хх 33-35 дугаар хуудас),

“Т.Түмнээгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин цохиж зодуулсан учраас гомдолтой байна. Мөн уг хэргийн шүүх хуралд суухгүй.” гэх (хх 37 дугаар хуудас),

  • Гэрч Г.*******ын “...2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* сумын 7 дугаар баг Боловсролын 619 тоотод байх гэртээ эхнэрийнхээ хамт байхад хүн хаалга тогшихоор нь хаалга нээхэд 20 орчим насны, танихгүй эмэгтэй “ахаа туслаарай, манай найз залуу намайг зодчихлоо” гээд уйлсан, даарч чичирсэн байдалтай байхаар нь гэртээ оруулсан. Гэртээ оруулаад тухайн танихгүй эмэгтэйг харахад баруун хөмсөгний дээд тал нь овойж хавдсан, зүүн гарын шуу хэсэг нь хөхөрсөн харагдаж байсан. Зарим гэмтлүүдийн талаар мартсан байна. Мөн тухайн эмэгтэй хүүхэд гэрийн нимгэн хувцастай дээгүүрээ нимгэн улаан өнгийн фудволктой, даарсан чичирсэн айсан байдалтай байсан. Тэгэхээр би “танай гэр хаана юм” гэж асуухад “Боловсролын 529 тоотод байдаг” талаар хэлээд, миний утсыг аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө “би найз залуу *******дээ зодуулчихлаа, би хүний утсаар дуудлага өгч байна” гээд манай гэрийн хаягийг асуугаад цагдаад хэлсэн. Удалгүй 2 цагдаагийн алба хаагч манай гэрт ирээд Т.*******д зодуулсан талаар хэлэхэд “*******ы мөн үү” гэхэд “мөн” гээд тухайн хүмүүс нь гэрээс гараад явсан.” гэх (хх 41-42 дугаар хуудас),
  • Гэрч Г.*******ийн “Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 20 цагаас шөнийн 02 цаг хүртэлх хугацаанд олон нийтийн цагдаа Б.Цэрэндоржийн хамт 153 дуудлагатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 2023 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байсан шиг санаж байна жижүүрийн шуурхай албаны станцаар “Боловсролын 529 тоотод П.******* гэх эмэгтэй хамтран амьдрагч Т.******* гэх залууд зодууллаа гээд 99516054 дугаарын утсаар гомдол гаргалаа” гэж мэдэгдсэн. Тэгээд би 99516054 дугаарын утас руу залгаж “хаана байгаа” талаар асуухад “Боловсролын 619 тоотод байна” гэхээр нь тус тоотын гадаа очсон. Очоод “юу болсон, *******ы ******* мөн үү” гэж асуухад ******* нь надад хэлэхдээ “архи ууж гэртээ ирээд хоол хийгээд өг гэхээр нь хоол хийж өгөхөд хоол идэхгүй гэнэт уурлаад цохиж зодоод ийм болгочихлоо” гээд зүүн нүдээ харуулсан. Тухайн үед П.*******ийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан, нүд нь улайсан байсан. Мөн ******* нь гэртээ хоёулхнаа байж байгаад найз залуу Т.*******д зодуулсан гэсэн бөгөөд гэрээсээ арай гэж зугтаад Боловсролын 619 тоотод ороод тухайн хүний утаснаас дуудлага өгсөн юм байна лээ. Иймд П.*******ийг аваад гэрт нь очоод Т.*******г авч яваад эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн.” гэх (хх 44-45 дугаар хуудас),
  • “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт”, “Эмэгтэйчүүдийн эхо оношилгоо (хх 20-29 дүгээр хуудас), 
  • Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай “1. П.*******ийн биед 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хх 50-51 дүгээр хуудас),
  • Шүүгдэгч Т.*******гийн “иргэний үнэмлэхийн лавлагаа”, “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа”, “автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа)”, “жолоочийн лавлагаа, мэдээлэл”, “иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа”, (хх 68-74 дүгээр хуудас),
  • Шүүгдэгч Т.*******д мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар (хх 75-83 дугаар хуудас) зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар баг “Боловсрол” хорооллын 529 тоотод хамтран амьдрагч П.*******т агсам тавьж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүрэн тус газар нь гараараа цохих, гар луу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “ 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун хацарт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “уусан архиндаа нэлээн согтсон байсан. Гэртээ ороод ямар ч байсан *******ийг “хоол хийгээд өг” гэж хэлснээ санаж байна. Мөн баруун гараараа нүүр лүү цохисноо санаж байгаа юм. Тэгэхэд ******* гэрээсээ зугтаад явсныг санаж байна ” гэх,

хохирогч П.*******ийн “Эхлээд баруун гараараа зүүн нүд рүү, дараа зүүн гараа атгаж байгаад баруун нүд рүү цохисны дараа хоёр нүд эвгүй болоод юм сайн харж чадахгүй нулимс гарахаар нь доошоо тонгойсон. Тэгсэн гэдэс рүү өшиглөх гэхээр нь хойшоо болоод гараа өшиглүүлээд гэрээс би зугтаад гарсан ” гэх,

гэрч Г.*******ын “хүн хаалга тогшихоор нь хаалга нээхэд 20 орчим насны танихгүй эмэгтэй “ахаа туслаарай, манай найз залуу намайг зодчихлоо” гээд уйлсан, даарч чичирсэн байдалтай байхаар нь гэртээ оруулсан. Гэртээ оруулаад тухайн эмэгтэйг харахад баруун хөмсөгний дээд тал нь овойж хавдсан, зүүн гарын шуу хэсэг нь хөхөрсөн харагдаж байсан ” гэх,

гэрч Г.*******ийн “Очоод “юу болсон, *******ы ******* мөн үү” гэж асуухад ******* нь надад хэлэхдээ “архи ууж гэртээ ирээд хоол хийгээд өг гэхээр нь хоол хийж өгөхөд хоол идэхгүй гэнэт уурлаад цохиж зодоод ийм болгочихлоо” гээд зүүн нүдээ харуулсан.” гэх,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай “1. П.*******ийн биед 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун хацарт цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт,

“Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт” “Эмэгтэйчүүдийн эхо оношилгоо зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч П.*******т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 30 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дэх хэсэгт Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан, 2.4.2-т ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр (5-10хувь) тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч П.*******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

3. Прокуророос шүүгдэгч Т.*******гийн, хохирогч П.*******ийн нүүр лүү гараараа цохиж эрүүл мэндэд нь “2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун хацарт цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд тухайн  хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж” гэх шинжээр тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн тайлбарт “жирэмсэн болохыг мэдсээр байж” гэж жирэмсэн болохыг түүний гадаад төрх байдал, хоорондын харилцаа, бусад эх сурвалжаас мэдсэн байх бөгөөд энэ  хэргийн хохирогч П.******* нь гэмт халдлагад өртөх үедээ жирэмсэн байсан нь түүний “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт” “Эмэгтэйчүүдийн эхо оношилгоо зэргээр, шүүгдэгч Т.*******гийн  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “би түүнийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдоно.

4. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

Хэргийн баримтаар, шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч, хохирогч П.*******т шалтгаангүйгээр агсам тавьж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүр лүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.******* дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Т.*******гийн түүнийг цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

5. Шүүх шүүгдэгч Т.*******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг хүнийг цохиж зодсоноор эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр агсам тавьж хохирогч П.*******ийн биед зориуд цохиж хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

Гэмт хэргийн хохирлын талаар:

            1. Шүүгдэгч Т.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаагүй бөгөөд “ Т.Түмнээгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин цохиж зодуулсан учраас гомдолтой байна” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

            2Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

3. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

4. Хохирогч П.******* нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.*******г хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Б.Жамъяндоржоос “Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Т.******* нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байсан түүний хувийн байдал, мөн хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай ” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчээс улсын яллагчаас түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй, тайлбар гаргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

   Шүүгдэгч Т.*******гийн гэм буруугаа ухамсарлаж, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч П.*******ийн “Т.Түмнээгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч согтуурсан үедээ тодорхой шалтаг шалтгаангүйгээр жирэмсэн хүний эсрэг уг гэмт хэргийг үйлдсэн, мөн өмнө энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал зэргийг үндэслэвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Т-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 420 (дөрвөн зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Т.******* түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалтайг анхааруулсугай.

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.*******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Т.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт эх хувиараа авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.******* нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.******* тухайн гэмт хэргийн улмаас өөрт  учирсан хохирол, гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН