Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/56

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Б.*******, А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.*******, А.******* нарт холбогдох эрүүгийн 2330003230294 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Нэг. Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг “....”-ны ... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2017/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, Х овогт Б-ы Ч

Хоёр. Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг “...” гэх газарт нутаглах,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Х овогт А-ын Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт  холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хонийг нь эзэнд нь буцаагаад өгсөн. ******* гэдэг хүн энэ хонь *******гийн хонь байна гэсэн. Тэгээд бид хоёр тухайн хонийг орхиод гараад явсан. Хонь авах санааг би анх гаргасан...”  гэв.

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёр хоорондоо яриад нэг хонь аваад явъя гээд хонь авсан. Архи уух гэж байсан. Тухайн үед унаад явж байсан миний мотоциклын мотор нь эвдэрсэн учраас тоноод дууссан...”  гэв.

Эрүүгийн 2330003230294 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр саахалт айлын Бат-Эрдэнийн хамт сумын төв рүү бензин хийхээр орсон. Бид хоёр мотоциклдоо бензин хийгээд буцаад 17 цагийн үед гэр лүүгээ явж байхад сумын төвөөс зүүн хойш 4 орчим километрт *******гийн хонь таарахаар нь “*******э хоёулаа эдний хониноос 1 хонь авъя” гээд бид хоёр ярилцаж, зөвшөөрцгөөгөөд хонин дундаас нь хундан цагаан зүстэй эр хонийг хониноос нь ганцааранг нь ялгаж мотоциклоороо араас нь хөөж, тууж богшоосныхоо дараа барьж аваад мотоциклынхоо голд сундлаад сумын төв рүү авч ороод ******* гээд хоолны газар ажиллуулдаг эмэгтэй мөнгөөр нь авч магадгүй гэж бодоод тэдний хашаа руу хонио дүүрээд ороход бид хоёрын араас манай сумын танил ах ******* бид хоёрыг дагаж орж ирээд авч явсан хонины зургийг нь дараад яваад өгсөн.” гэх (хх 117-118 дугаар хуудас),
  • Шүүгдэгч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр саахалт айлын *******ийн хамт миний эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн “Dayun” маркийн мотоциклтой сумын төв рүү орж мотоциклдоо бензин хийхээр яваад сумын төв орж бензинээ хийгээд буцаад 17 цагийн үед гэр лүүгээ явж байхад сумын төвөөс зүүн хойш 4-5 орчим километрт айлын хонь таарахаар нь хажууд нь мотоциклоо зогсоогоод хониноос нь цагаан зүсмийн 1 эр хонийг салгаж тууж байгаад богшоогоод ******* барьж аваад мотоцикл дээрээ дүүрээд буцаж ******* сумын төв рүү ороод “Nice” гэх баар ажиллуулдаг *******д хонио өгөхөөр нь очиход танил ах ******* бид хоёрыг дагаж орж ирээд бид хоёрын авч явсан хонины зургийг дарчихаад яваад өгсөн. Тэгэхээр нь бид хоёр ******* гэх хүнийг мэдчихлээ гэж бодоод хонийг *******гийн хашаанд үлдээгээд мөнгийг нь авахгүй яваад өгсөн.” (хх 120-121 дүгээр хуудас)

   - Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Өнөөдөр буюу 08 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн үед манай хонь “Шар овоо”-ны хойд талд бэлчээртэй байж байхад мотоциклтой, сундлаатай хоёр хүн манай хонийг бэлчээрт байсан газраас баруун тал руу тууж байгаа харагдсан. Тэгээд би санаанд ороогүй айлын хонь манай хоньтой ойрхон байгаад хонио авч байгаа юм байх гэж бодсон. Би уяж байгаа мориндоо ажил хийхээс өмнө хонио харахаар хонио бэлчиж байсан газар очиход манай хонь “Шар овоо”-ны арын өндөр лүү гарсан байхаар нь яваад очиход хонь үргээд бэлчээртэй тогтохгүй байсан. Тэгэхээр нь хонио гэрийн зүг эргүүлж орхиод гэртээ ирээд байж байхад манай саахалт айлын залуу ******* эхнэрийн чат руу хонины зураг явуулсан. Эхнэр ******* луу утсаар залгаад “юу хонины зураг явуулж байгаа юм” гэхэд “танай хонь мөн үү сая хоёр залуу сумын төвд ******* гэх эмэгтэйд өгөөд явлаа. Танай хонины имтэй ижил болохоор нь зургийг дарсан юм” гэж ярихаар нь би эхнэртэйгээ сумын төв орж ирээд ******* гэх айлд очиход хашаан дотор цэнхэр дээвэртэй ногоон өнгийн амбаар дотор манай хундан зүсмийн нас нийлсэн эр хонь байсан. Би ******* гэх эмэгтэйгээс “энэ хонийг ямар хүмүүс авчирч өгсөн” талаар асуухад “Чогсом, *******ын ******* нар авчирч өгсөн” гэхээр нь “энэ хонь манай хонь байна” гэхэд ******* надад “би мөнгийг нь өгөөгүй байгаа, чи хонио аваад яв” гэж хэлэхээр нь би “цагдаад мэдэгдэж байгаад авна” гээд танай байгууллагад хандсан юм...” гэх (хх 8-9 дүгээр хуудас),

- Гэрч Н.*******гийн “...Намайг гэртээ байхад ******* сумын иргэн *******ын ******* ганцаараа манайд орж ирээд “та хонь, ямаа авч байгаа юм уу” гэхээр нь “авч байгаа” гэхэд “тэгвэл аваад ирье” гээд гарч яваад орой 18 цагийн үед *******, Чогсом хоёр нэрийг мэдэхгүй улаан өнгийн мотоциклтой соёолон эр хонь гээд хундан цагаан зүсмийн хонь авч ирж өгсөн. Тухайн үед *******, Чогсом хоёрын надад зарж байсан хонины зургийг Алдарбатын Ганбаа гэх залуу манай хашаанд орж ирээд зургийг нь авахаар нь би “яасан юм” гэж асуухад миний урдаас дугарахгүй машиндаа суугаад яваад өгсөн. А.*******, Чогсом нар “та мөнгийг нь данс руу хийчхээрэй” гээд явсан. Тэгсэн удалгүй ******* сумын 7 дугаар багийн иргэн Б.******* ирээд “танд хүн хонь зарсан юм уу” гэж асуухаар нь “А.*******, Чогсом хоёр надад хонь авчирч өгсөн” гээд авсан хонио Б.*******д үзүүлэхэд “манай хонь байна” гэхээр нь “хонины мөнгийг өгөөгүй байгаа чи хонио аваад яв” гэж хэлэхэд “цагдаад мэдэгдэж байж авъя” гээд ******* манайхаас явсан. Намайг ажилд явсан хойгуур ******* хонио манайхаас авсан байсан...” гэх (хх 20-21 дүгээр хуудас),

- Гэрч Ч.*******ийн өгсөн “...08 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад саахалт айлын Алдарбатын Ганбаа над руу утсаар залгаад “чиний facebook чат руу чинь хонины зураг явуулсан. Танай хонины имтэй ижилхэн байна. *******, ******* хоёр сумын төвд *******д өгч байна” гэж хэлсэн. Тэгээд би facebook чат руугаа орж үзэхэд манай хонь мөн байсан. Нөхөр бид хоёр сумын төв ороод *******гийнд очиход манай хонийг цэнхэр дээвэртэй ногоон өнгийн амбаар дотор хийсэн байсан. Тэгсэн ******* “би мөнгийг нь өгөөгүй байгаа, танай хонь юм бол та хоёр аваад яв” гэж хэлэхээр нь “цагдаад мэдэгдэж байж авна” гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэх (хх 28-29 дүгээр хуудас),

  • Гэрч А.*******ын өгсөн “...08 сарын 04-ний өдрийн 15 цагийн үед би машинаараа малдаа гэрийн зүүн тийш явж байхад миний хажуугаар А.*******, Б.******* нар мотоциклтой хонь дүүрсэн миний хажуугаар хурдаараа гараад сумын төв чигтэй явахаар нь би араас нь дагаад явсан. Сумын төв ороод ******* гэх айлд өгч байхаар нь би *******гийн хашаанд ороход ******* хонин дээр суучихсан байхаар нь би *******оос “хэнээс авсан хонь юм” гэхэд надад “хамаагүй” гээд байсан. Уг хонь Б.*******гийн хонины имтэй ижил байхаар нь хонины зургийг дараад Б.*******гийн эхнэрийн чат руу явуулаад “энэ танай хонь мөн үү” гэхэд “мөн байна хаана юм” гэхээр нь “сумын төвд *******гийнд Чогсом, ******* нар өгөөд байж байна” гэж хэлсэн...” гэх (хх 55-56 дугаар хуудас) мэдүүлэг,
  • Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад барим/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, facebook чатны гэрэл зураг (хх 30-33 дугаар хуудас),
  • “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2303392 дугаартай “2018 онд авсан “Dayun” маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ 1,143,750 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 60-69 дүгээр хуудас),
  • “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2302210 дугаартай “...2023 оны 08-р сарын байдлаар нас гүйцсэн эр хонь төсөөтэй байдлаарх үнэ 228,250 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 77-85 дугаар хуудас),
  • Б.*******д мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар  (хх 122, 127, 144-148 дугаар хуудас),
  • А.*******д мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, А.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хх 123, 135, 143, 149-151 дүгээр хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.*******, А.******* нь нар нь бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар баг “Шар овоо” гэх газраас хохирогч Б.*******гийн 1 тооны хонь буюу 1 тооны бог малыг ногоон өнгийн “Dayun” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 228,250 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.*******, гэрч Н.*******, Ч.*******, А.******* нарын мэдүүлэг, мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад барим/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, facebook чатны гэрэл зураг,  “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2302210 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

1.2 Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.

Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг,

Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч Б.*******, А.******* нь санаатайгаар нэгдэж, хохирогч Б.*******гийн 1 тооны хонийг бэлчээрээс нь авч сумын төв рүү тээвэрлэхдээ шүүгдэгч А.....-ийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Dayun” маркийн мотоциклыг ашиглан зөөвөрлөж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдад худалдан борлуулах зорилгоор бусад шилжүүлснээр хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

1.2.2. Шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Б.*******, А.******* нарыг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Шүүхээс шүүгдэгч Б.*******, А.******* нарыг “бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******, А.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          2.2  Шүүгдэгч Б.*******, А.******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар талууд шүүхийн хэлэлцүүлэгт дараах санал, дүгнэлтийг гаргав.

  2.2.1. Улсын яллагчаас: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, мөн урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарыг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгч нараас гаргуулах зардал байхгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эд хөрөнгөд 228,250 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.******* нь өөрийн алдсан гэх хонийг буцаан биет байдлаар авсан тул хохирол төлөгдсөн болно. Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх улсын дугааргүй мотоциклын үнийг хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” гэх санал, дүгнэлтийг,

2.2.2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг “Үйлчлүүлэгч нар минь эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруу дээр маргахгүй. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа саналыг сонслоо. Шүүгдэгч нарыг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэж байгаад санал хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон. Энэ нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэсэн үзэл баримтлал зохицуулалт байдаг. Шүүгдэгч А.******* нь 2019 онд, шүүгдэгч Б.******* 2017 онд гэмт хэрэг үйлдээд эдлэх ялаа эдлээд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул үйлчлүүлэгч нарын минь эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тал дээр анхаарч өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэх байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тухайн гэмт хэргийн хор уршиг, хохирлын талаар зохицуулсан зохицуулалт байдаг. Иймд хохирогч хохиролгүй тул ял оногдуулахдаа мөн анхаарч өгнө үү. Шүүгдэгч нар минь нас залуу, боловсролгүй, мөн хувийн байдал зэргээс шалтгаалан энэ хэрэг гарах нөхцөл байдал бий болсон. Хохирогч гомдол саналгүй гэсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялын доод хэмжээ буюу 2/1-ээс багагүй хэмжээ буюу тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгоход татгалзах зүйлгүй байна.” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.

2.3 Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар буюу буцаан өгсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар  тус бүр 2 жил, 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.*******, А.******* нар нь хохирогч Б.*******гийн эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогч нь хулгайд алдсан хонио биет байдлаар буцаан авсан, тэрээр нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар

4.1. Шүүгдэгч Б.*******, А.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолох нь зүйтэй гэж үзэв.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

Мөн хуулийн 2 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ А.Бат-Эрдэнийн эзэмшлийн улсын дугааргүй “Dayun” маркийн мотоциклыг ашиглаж үйлджээ.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюу тээврийн хэрэгслийг битүүмжлээгүй, уг тээврийн хэрэгсэл устаж үгүй болсон бөгөөд тухай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2303392 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  1,143,750 төгрөг гэж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 1,143,750 төгрөгийг шүүгдэгч Б.*******, А.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ы Ч, Х овогт А-ын Б нарыг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,   2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нарыг тус бүр 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, А.******* нарт оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, А.******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.*******, А.******* нарт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.*******, А.*******  нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.******* нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Dayun” маркийн мотоциклын үнэлгээ 1,143,750 (нэг сая нэг зуун дөчин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг шүүгдэгч Б.*******, А.******* нараас 571,875 (таван зуун далан нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг хувь тэнцүүлэн  гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ