| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0016/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгч Т.Донойцэрэнгийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
Шүүгдэгч Т.Гончигравжаагийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарт холбогдох эрүүгийн 2330000000242 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, “...” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Т-ийн Д
Хоёр. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, “...” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Т-ийн Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нар нь нар нь бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Донойцэрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д.Чинбат ахынхаас 5 тооны хуц авахаа явсан. Намайг очиход Д.Чинбат гэртээ байхгүй байсан. Бид хоёр хуцаа ачаад явж байхад замд хоёр хонь байхаар нь ачаад аваад явсан. Би машинаа бариад явж байсан. Ах хонийг барьж авсан.” гэв.
Шүүгдэгч Т.Гончигравжаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Д.Чинбатын хонь гэдгийг мэдэж байсан. Би замд хонь таарахаар нь “аваад явчихъя” гэж хэлсэн. Дараа нь өгье гэж бодож байсан боловч Д.Чинбатын утас нь холбогдохгүй байсан. Д.Чинбатын утас нь холбогдохгүй болохоор хашаанд хийгээд аймаг руу яваад өгсөн.” гэв.
Эрүүгийн 2330000000242 дугаартай хэргээс:
Тухайн үед гэрийн гаднаас хуц, ухнаа ачаад хөдлөхөд манай 2 хонь байгаагүй. Би бодохдоо урагшаа хөдлөөд явахдаа манай 2 хонийг ачиж явж хөдөө буулгаад эргэж ирсэн гэж бодсон. Хонь тууж бариад ачаад хөдөлж байгаа харагдсан...” гэх (хх 12 дугаар хуудас),
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
1.2 Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Энэ зүйлд “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.
Машин механизм гэж: “Зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл”-ийг,
Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж ойлгохоор хуульчилжээ.
Тодруулбал, шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нь хохирогч Д.Чинбатын 2 тооны хонь буюу бог малыг бэлчээрээс нь авч явахдаа шүүгдэгч Т.Донойцэрэнгийн өмчлөлийн 18-87 СҮА улсын дугаартай “Bongo 3” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан нэг газраас нөгөө газар луу тээвэрлэснээр хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
1.2.2. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарыг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Шүүхээс шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарыг “бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2 Шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар талууд шүүхийн хэлэлцүүлэгт дараах санал, дүгнэлтийг гаргав.
2.2.1. Улсын яллагч: “Шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар хохирогчийн хохирлыг барагдуулсан. Хохирогч нарын хувийн байдал, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байгаа зэргийг харгалзан Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарт 3 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарыг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцох санал байхгүй. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 18-87 СҮА улсын дугаартай “Bongo 3” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чинбатад 376,250 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг нөхөн төлсөн. Шийтгэх тогтоол хүчин болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх.” гэх санал, дүгнэлтийг,
2.2.2. Шүүгдэгч Т.Донойцэрэнгийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн: “Т.Донойцэрэнгийн хувьд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн төрсөн ах Т.Гончигравжаагийн хамт Д.Чинбат гэх айлд тавьсан хуцаа аваад, буцаж явахдаа Д.Чинбатын хониноос тасарсан 2 тооны хонийг авсан гэмт хэрэгт холбогдсон. Т.Донойцэрэн нь “би тухайн үед байгаагүй манай ахтай Д.Чинбатын хүү нь утсаар ярихад ах буруу, зөрүү ярьсан” гэдгийг хэллээ. Т.Донойцэрэн нь тухайн үед эрэлд явж ирээд, хонийг нь ачаад очиход цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Т.Донойцэрэнгийн хувьд гэм буруугаа ухамсарлаж, хохирогчоос уучлалт гуйсан байдаг. Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчилсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байгаа. Иймд ял шийтгэл оногдуулахдаа дээрх хуулийн заалтыг хэрэглэж өгөхийг хүсье. Мөн Т.Донойцэрэн нь 1-2 насны хоёр нялх хүүхэдтэй, ээж нь элэгний хорт хавдартай байгаа учир ар гэрийн байдлыг харгалзан үзэж ял, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх санал, дүгнэлтийг,
2.2.3. Шүүгдэгч Т.Гончигравжаагийн өмгөөлөгч Г.Амарсайхан: “Миний үйлчлүүлэгч Т.Гончигравжаа нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн дүү Т.Донойцэрэнгийн хамт Д.Чинбатын 2 тооны хонийг зам дээрээс ачиж аваад явсан гэмт хэрэгт холбогдсон. Т.Гончигравжаа өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргаагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Т.Гончигравжаагийн ээж элэгний хор хавдартай эмнэлэгт хэвтэж байгаа. Хохирогчийн хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нь гомдолгүй гэсэн байгаа. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү.” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.
2.3 Шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар буюу буцаан өгсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 жил, 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нар нь хохирогч Д.Чинбатын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогч нь хулгайд алдсан хонио биет байдлаар буцаан авсан, тэрээр нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар
4.1. Шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолох нь зүйтэй гэж үзэв.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,
Мөн хуулийн 2 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ Т.Донойцэрэнгийн өмчлөлийн 18-87 СҮА улсын дугаартай “Bongo 3” маркийн автомашиныг ашиглаж үйлджээ.
4.3. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашин буюу тээврийн хэрэгслийн үнэлгээг “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2402057 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 3,950,000 (гурван сая есөн зуун тавин мянга) төгрөг гэж тогтоосон бөгөөд прокурорын тогтоолоор уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх тул Т.Донойцэрэнгийн өмчлөлийн 18-87 СҮА улсын дугаартай “Bongo 3” маркийн автомашиныг хураан авч, төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иймд 18-87 СҮА улсын дугаартай “Bongo 3” маркийн автомашиныг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг уг тээврийн хэрэгслийг төсвийн орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Д, Б овогт Т-ийн Г нарыг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарыг тус бүр 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарт оногдуулсан 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нарт шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Т.Донойцэрэн, Т.Гончигравжаа нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Чинбатад учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Т.Донойцэрэнгийн өмчлөлийн 18-87 СҮА улсын дугаартай “Bongo 3” маркийн тээврийн хэрэгслийг төсвийн орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хураан авсан шүүгдэгч Т.Донойцэрэнгийн өмчлөлийн 18-87 СҮА улсын дугаартай “KIA Bongo 3” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ