Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох эрүүгийн 2430000000007 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн ... сумын ... дүгээр баг “...” гэх газарт нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч овогт А-ын Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.******* нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед согтсон байсан. Хохирогч бид хоёр 10 жилийн найзууд. Хамт архи уухаараа мууддаг. Гэхдээ өс хонзонгийн зүйл байхгүй. ******* хөдөөнөөс ирээд бид хоёр тааралдаад архи уусан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэв.

Эрүүгийн 2430000000007 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч А.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Ж.******* бид хоёр юунаас болж маргалдаж муудсан гэдгээ мэдэхгүй байгаа ч гэсэн Ж.******* бид хоёр орой мах идэж байгаад орон дээр үлдээсэн байсан модон иштэй хутгыг орноос аваад зүүн талын дал руу хутгалсан гэдгээ мэдэж байгаа юм. Тэгэхэд Ж.******* “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гээд өмсөж байсан цамцаа тайлахад зүүн далнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь цусыг нь тогтоох гээд нойлын цаасаар дараад тогтохгүй байхаар нь уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх (хх 57-59 дүгээр хуудас),
  • Хохирогч Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд бид 4 пиво хувааж уусны дараа 0.75 литрийн “Соёрхол” нэртэй 1 шил архи задлах гэсэн чинь А.******* уурлаад бид гурвыг “наад архиа аваад зайл” гэж гэрээсээ хөөсөн. Тэгээд би А.*******д “өөрөө эхэлж архи ууя гэж уруу татчихаад өөрөө ханаад ирэхээр яагаад ингээд байгаа юм” гэж хэлэхэд А.******* хутга ханцуйндаа нууж ирээд миний хажуугаар зөрөхдөө миний зүүн дал руу хутгалсан. Тэгээд би цус алдаж эмнэлэг, цагдаад утсаар мэдэгдсэн. Би тухайн үед А.*******г “гэрээсээ хөөлөө” гэж хэлсний төлөө намайг хутгалсан.” гэх (хх 13-14 дүгээр хуудас),
  • Гэрч Б.*******ын “...А.*******гийн гэрт *******, ******* нарын хамт “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пиво дөрвүүлээ хувааж уугаад 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи задлах гэхэд ******* гэртээ архи уух дургүй, дурамжхан байсан. Тэгээд *******, ******* хоёр хоорондоо юм ярьж байгаад ******* *******ын зүүн дал руу хутгалах шиг болсон. Тэгээд ******* цус алдаж эмнэлэг, цагдаад мэдэгдсэн...” гэх (хх 19-20 дугаар хуудас),
  • Гэрч Ө.*******гийн “...*******, ******* 2 хоорондоо юм ярьж байгаад *******, *******ын зүүн дал руу хутгалах шиг болсон. Тэгээд ******* цус алдаж, эмнэлэг цагдаад мэдэгдсэн...” гэх (хх 23-24 дүгээр хуудас) мэдүүлэш,
  • Хохирогч Ж.*******ад үзлэг хийсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл (хх 29 дүгээр хуудас),
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай “1. Ж.*******ын биед зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх 30-31 дүгээр хуудас),

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 007 дугаартай “1. Шинжлэгдэж буй хар өнгийн биеийн тамирын цамцны ар хэсэгт зүүн суганы залгаас оёдлоос баруун тийш 10 см, зүүн  мөрний залгаас оёдлоос эгч доош 19 см-т 1.5 см урттай зүсэгдэлт байна.

          2. Шинжлэгдэж буй хар өнгийн биеийн тамирын цамцанд үүссэн зүсэгдэлт нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн.

          3. Уг зүсэгдэлт нь шинэ зүсэгдэлт байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх 37-39 дүгээр хуудас),

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 006 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс гарын мөр илэрсэнгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх 44-46 дүгээр хуудас),
  • А.*******д холбогдох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх 60-61,  дүгээр хуудас) зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:
  • Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ... сумын ... дугаар баг “...”-ны ... тоотод 2023 оны 12 дугаар сарын 16-ны өглөөний 05 цагийн орчим иргэн Ж.*******тай “гэрт архи уулаа” гэх шалтгаанаар, таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдан зүүн дал хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “зүүн даланд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ж.*******, гэрч Б.*******, Ө.******* нарын мэдүүлэг, хохирогч Ж.*******ад үзлэг хийсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч А.******* нь зэвсгийн шинжтэй зүйл буюу хутгаар хохирогч Ж.*******ын зүүн даланд хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

2.2. Шүүгдэгч А.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ж.*******ын биед халдаж эрүүл мэндэд нь “зүүн даланд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3. Прокуророос шүүгдэгч А.*******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

3.1. Шүүхээс шүүгдэгч А.*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.2. Шүүгдэгч А.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:

“Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа боловч нөгөө талаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хүний амь насыг хохироож болохуйц, хүнд гэмтэл учруулж болохуйц зэвсэг болох хутга хэрэглэсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хандаж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын цамц зэргийг устгах саналтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

3.3. Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэрэгт холбогдсон, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,  түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, “надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол, гэм хор учраагүй...” (хх 14) гэснийг дурдах нь зүйтэй.

Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

  1. Бусад асуудлаар:

5.1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтыг эх хувиараа нь хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

5.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “модон иштэй хутга 1 ширхэг, NBA гэсэн бичиглэлтэй биеийн тамирын цамц 1 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт А-ын Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.*******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч А.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

7. Хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “модон иштэй хутга 1 ширхэг, NBA гэсэн бичиглэлтэй биеийн тамирын цамц 1 ширхэг” зэргийг устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ