Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2330002550295 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн ******* сумын ... дугаар баг “...”-ын ... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №2020/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Т овогт Б-ын Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.******* нь бусдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ хонинууд 05 дугаар сард шуурга болсноос хойш манай хонинд ирсэн. 06 дугаар сарын эхээр имийг нь өөрчилсөн. Би саяхан малчин болсон учир зарим малаа ялгахгүй манайх л байх гээд имийг нь өөрчилсөн. Өөрийнхөө малыг гэж бодоод андуураад имнэсэн. Бусдынх гэдгийг мэдээгүй байсан. Бүгдийг нь ялгахад амар гээд ижил будгаар будсан. Тэр хүн хонь хайгаад явж байна гэсэн. Би “та манай хониор ороод хонио үзчих” гэхэд тэр хүн хониор ороод өөрийн хонио аваад явсан.”  гэв.     

Эрүүгийн 2330002550295 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “2023 оны 05 дугаар сарын 19-нд болдог шороон шуурганаар манай хонинд Р.******* гэх хүний эзэмшлийн 21 тооны бог мал (хонь) уруудаж манай хонинд нийлсэн. Тухайн хонинууд нь баруун чих нь зүрх имтэй, зоон дээрээ хул өнгийн будагтай, хонинууд байсан. Хальт харвал догол имтэй юм шиг харагдаж байсан. Шороон шуурганаас хойш хэд хоногийн дараа би өөрийнхөө бүх хонины имийг өөрчилж жигд болгож зүүн, баруун чихийг нь дундуур нь тайрч им хийсэн. Би манай хонинд нийлсэн Р.*******ын эзэмшлийн 21 тооны эзэмшлийн хонийг мөн адил зүүн, баруун чихийг нь тайрч им хийж имнэсэн.” гэх (хх 113-115 дугаар хуудас),

“Манай малд өөр айлын 23 тооны бог мал ирж нийлснийг нь сумынхаа багийн Засаг дарга, сумын цагдаад мэдэгдээгүй имнэсэн нь  миний буруу болжээ. Би үнэхээр харамсаж, гэмшиж байна.” гэх (хх 165 дугаар хуудас),

- Хохирогч Р.*******ын: “******* гэдэг айлаас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 19 хонь, 2 хурга имнэсэн байсныг авсан.” (хх 22-23 дугаар хуудас),

“Харин 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болсон цасан болон шороон шуурганаар алга болсон 21 тооны хонь баруун чих зүрх имтэй байсныг хайчилж тайрсан байсныг би ******* гэх залуугийн гэрээс өөрийнхөө имнэгдсэн хонинуудаа авсан. Надад ******* нь хэлэхдээ “би им хийж улаан ногоон өнгөөр будсан нь үнэн, уучлаарай гэж хэлсэн.” гэх .” (хх 29-30 дугаар хуудас),

  • Хохирогч Т.*******ын: “*******ын хониноос 2 хонь, 1 ямаагаа очиж авахад манай 2 хонийг зүүн чихийг нь үзүүрээс нь тайрсан байсан. Тухайн үед би *******аас “чи яагаад манай хонийг дур мэдэн имнэж, чихийг нь тайрч тасдсан” талаар асуухад дуугарахгүй байсан. Тэгээд би хонь, ямаагаа хөөгөөд гэр лүүгээ явсан.” гэх  (хх 34-35 дугаар хуудас),

- Гэрч Т.*******ын: “Тэгээд манай эхнэр *******ад хандан “манайх бас хэдэн хонио тасдаж алдаад байна. Манай 2-3 хонь тэр хэдтэй салаад явсан юм шиг байна. Чи манайхаас баруун хойно нутаглах ******* гэх залуугаас асуу” гэж хэлээд явуулсан. Тэгээд сураг сонсоход ******* нь ******* гэх залуугаас 20 гаруй тооны хонь аваад явсан байсан. Би сүүлд Оюунсүхтэй уулзаж ярилцахад “******* гэх залуугийн дээрээс 20 гаруй тооны хонь авсан бүгдийг нь баруун зүрх имийг мухардаад им хийсэн байсан” гэж ярьж байсан.” (хх 45-47 дугаар хуудас) мэдүүлэг,

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2302294 дугаартай “нас гүйцсэн эм хонь 134,400 төгрөг, төлөг 105,600 төгрөг, шүдлэн ямаа 59,360 төгрөг,  нийт 299,360 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 69-81 дүгээр хуудас),

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2302171 дугаартай “нас гүйцсэн эм хонь 149,333.3х9=1,344,000 төгрөг, төлөг 96,666.7х10=966,666.7 төгрөг, хурга 20,666.7х2=41,333.3 төгрөг, нийт 2,352,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх 88-98 дугаар хуудас),

  • Шүүгдэгч Б.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар (хх 116-118, 126-128 дугаар хуудас),
  • Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх 120-123 дугаар хуудас),
  • Яллагдагч Б.*******т холбогдох 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 251 дугаартай яллах дүгнэлт (хх 133-135 дугаар хуудас),
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай “яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол (хх 161-162 дугаар хуудас),
  • Яллагдагч Б.*******т холбогдох 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 251А дугаартай яллах дүгнэлт (хх 133-135 дугаар хуудас) зэрэг болно.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлснийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган тогтоох нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, шүүхээс тогтоосон хугацаанд хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр прокурорт хүргүүлсэн бөгөөд Б.*******т холбогдох хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг дарга М.Хүрэлтогоод (хх 159) албан бичиг хүргүүлж, хариуг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн (хх 160) албан бичиг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг танилцуулсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоол (хх 163), яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа (хх 164), яллагдагч Бадамын *******аас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (хх 165) зэргээс өөр нэмэлт ажиллагаа хийгээгүй, мал хулгайлсан гэх үйлдлийг бүрэн дүүрэн шалгаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг цуглуулж, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг бүрэн тогтоогоогүй атлаа Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2. дахь хэсгийн 2.1-т зааснаар ялыг өөрчлөн сонсгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн дүүрэн ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

1.2. Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: 

1.2.2. Улсын яллагч “Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын “Хөшөөт” гэх газар Р.*******ын өмчлөлийн 2 хурга, 19 хонь, мөн Т.*******ын өмчлөлийн 2 хонь буюу нийт 23 хонь болох олон тооны хонийг бусдын өмчлөл байгааг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хууль бусаар авч малын имийг өөрчлөн өөрийн өмчийн адил авч, бусдад нийт 2,592,000 төгрөгийн хохирол учруулсан. Гэмт хэргийн улмаас Р.*******ад 2,352,000 төгрөгийн хохирол, Т.*******т 240,000 төгрөгийн хохирол учирсан хохирогч нарын хохирлыг биет байдлаар буцааж өгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.  Шүүгдэгч Б.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Учир нь өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн асуултад хариулж байгаа нөхцөл байдлыг харахад хохирогч нарын мал өөрийнх нь малд нийлсэн байсныг мэдэж байсан, мэдсээр байж бусдын малыг имнэсэн, будгийг өөрчилсөн үйлдэл хийсэн. Мөн хохирогч Р.******* түүний хониноос 21 ширхэг хонь авч явж байхад эсэргүүцэл үзүүлэхгүй өгөөд явуулсан зэрэг нөхцөл байдлаас харахад эдгээр малуудыг бусдын мал гэдгийг мэдэж байсан. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны явцад мөрдөн шалгах ажиллагааны явцад огт дурдаж байгаагүй зүйлийг дурддаг. Энэ нь би олон тооны хонь ажлын хөлсөнд тооцож авсан гэдэг. Мөн 4-5 хүнээс мал авсан гэдэг атлаа хэдэн мал авсан талаараа хэлдэггүй, ганцхан хэлдэг зүйл нь 16 тооны ямаа гэж хэлдэг. Ингээд шүүгдэгч Б.******* нь өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр өгсөн мэдүүлэг, шүүгчийн асуулт болон улсын яллагчийн асуултад хариулсан зэрэг байдал болон хавтаст хэрэгт дурдагдсан нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* нь олон тооны хонийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад нийт 2,592,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй буюу хохирогчийн малыг авч хохирол учруулсан, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн. Мөн тухайн гэмт хэрэг нь бусдын малыг хулгайлснаар илэрдэг болно.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн өмчлөлийн олон тооны малыг авч хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн хувьд тухайн хулгайлсан малыг ямар нэгэн байдлаар заавал захиран зарцуулсан буюу идэж уух, зарж үрэх зэрэг үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг биш. Харин бусдын малыг имнэж өөрийн өмчийн адил захиран зарцуулахдаа авч байгаа нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангалттай хангасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Энэ нь шүүхийн практикт ч бас тогтсон ойлголт байгаа.  Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, хохирогчид хохирол учрахыг мэдсээр байж ухамсарлаж зориуд эд хөрөнгөнд нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд 2,592,000 төгрөгийн хохирол учирч хохирол хор уршигт хүргэсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэх шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр зүйлчлэл дээр маргаантай, гэм буруугийн хувьд хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно гэсэн. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээс харахад Б.*******ын дээрх үйлдлийг зүйлчлэлийн хувьд маргаантай  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дахь хэсэгт заасан алдуул мал байсан. Энэ нь өөрөө цаашид хэрхэн захиран зарцуулах байснаас шалтгаалж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөнө. Энэ нь хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж хэлж байгаа нь буруу юм. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийг хэрхэн яаж ашиглах талаар Улсын дээд шүүхийн практик тогтоогдсон, мөн энэ шүүхийн практикт тогтсон ойлголт байгаа. Иймд зүйлчлэлийн хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй. Энэ нь мал хулгайлах гэмт хэрэг. Харин санаа зорилгын хувьд тухайн малыг имнэсэн нь шунахайн сэдэлттэй. Шүүгдэгч айлын малыг өөрийн өмчлөлийн хувьд  тухайн малыг имнэсэн нь шунахайн сэдэлттэй, өөрийн өмч болгон захиран зарцуулж авч байгаа хэлбэр байна. Түүний зүгээс эдгээр малыг түр маллаж байгаад эзэн нь ирэхээр өгье гэсэн байр суурь бол хандлага харагдахгүй байна” гэж,

1.2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн байр суурийг сонслоо. Энэ хэрэг өмнө нь нэг удаа хуралдаж шүүгчийн захирамж гараад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үү, эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “алдуул мал завших” гэмт хэрэг үү гэдгийг ялгаж, салгаж тогтоо гэж 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна гэж хавтаст хэргийн материалаас харсан. Гэтэл өнөөдөр улсын яллагч миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар яллах дүгнэлтээ гаргасан. Гэтэл 60 хоногийн хугацаанд ямар нэмэлт ажиллагаа хийсэн бэ? ял өөрчилж сонсгосон нэг өгүүлбэр буюу хохирогчийн мэдүүлэг байгаа. Үндсэндээ хулгай мөн гэж яллаж байгаа бол яаж нотолсон нэмэлт ажиллагаа хийсэн гэдгийг хэлмээр байна.  Өмнө нь алдуул маш ашигласан гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлээд орж ирсэн байсан. Гэтэл таны яллах дүгнэлтийг гуравдугаар хуудаст имийг нь өөрчилж үнэ төлбөргүй захиран зарцуулжээ гэсэн байна. Захиран зарцуулна гэдэг нь надад байсан зүйлийг бусдад зарах, бэлэглэх гэх зэргээр захиран зарцуулахыг ойлгож байна. Миний хувьд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна гэж бодохгүй байна. Яагаад бэ гэхээр Дээд шүүхийн тогтоолд заасан гэж яриад байна. Иргэний хуулийн 117.1 дүгээр зүйлд “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргаа буюу цагдаагийн байгууллагад малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргаа болон цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэсэн байна. Миний үйлчлүүлэгч *******ынхтай 500 метр орчим зайд нутаглаж байсан. Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Манайх нүүх гэж байгаа тул манайхыг нүүхээс өмнө манай  хоёр айлын мал нийлсэн тул өөрийн малаа манай малд байгаа эсэхийг үзээд аваарай” гэж хэлж байсан. Гэтэл ******* ирж аваагүй. Энэ айлыг нүүснээс хойш очиж авсан. Түүнийг очиход малыг нь имнэсэн байсан. Хоёрдугаарт ******* гэх хүн утсаар яриад очсон. Тэгээд “танай малд миний мал байж магадгүй очиж үзье” гэсэн. Тэгээд очиж үзэхэд түүний имтэй хонинууд байсныг аваад явсан. Миний үйлчлүүлэгч тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Харин нэг хургыг нь зассан байсан. Ингээд хохирогч нар өөрсдийн малаа аваад явсан. Өөр зүйл болоогүй. Иргэний хуульд “эзнийг нь олтол маллах буюу төр захиргааны байгууллагад мэдэгдэх ёстой” гэж иргэний хуульд заасан байгаа. Үүнийг Улсын Дээд Шүүхийн тайлбараар бататгасан байдаг. Иймд би өөрийн үйлчлүүлэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин тоо ёсоор нь хадгалсан эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Өөрөөр  хэлбэл улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан “өөрийн өмчийн адил захиран зарцуулж” гэж тодотгож оруулж ирсэн нь үндэслэлгүй байх тул зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж мэтгэлцсэн.          

          1.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх учиртай.         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ыг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын “Хөшөөт” гэх газар Р.*******ын 2 хурга, 19 хонь, Т.*******ын 2 хонь нийт 23 хонийг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулж, 2,592,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй, харин 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сум “Хөшөөт” гэх газар Р.*******ын өмчлөлийн алдуул мал болох 2 хурга, 19 хонь буюу нийт 21 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 2,352,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Р.*******, гэрч Т.*******, “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2302171 дугаартай шинжээчийн дүгнэлт,  яллагдагч Б.*******т холбогдох 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 251 дугаартай яллах дүгнэлт зэргээр нотлогдож байна.  

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1 Алдуул мал завших гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсныг ойлгох бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй, хөнгөн гэмт хэрэг юм.

Бага хэмжээний хохирол гэдэгт: гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг тус тус ойлгохоор хуульчилсан.

Тодруулбал, шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг урдаас төлөвлөж тооцоолон хууль бус аргаар бус, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу шуурганд уруудаж ирж өөрийнх нь эзэмшилд шилжиж ирсний дараа бусдын өмчлөлийн буюу хохирогч Р.*******ын 2 хурга, 19 хонь буюу нийт 21 тооны хонийг имийг нь өөрчилж, нуруу зоог нь улаан болон ногоон будгаар будаж харагдах байдлыг нь санаатайгаар өөрчилснөөр завших гэмт хэрэг төгссөн гэж үзэхээр байна.

 2.2. Иймд шүүгдэгч Б.*******ын алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн  үйлдэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.3. Харин иргэн Т.*******ын 2 тооны хонийг “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2302294 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 240,000 төгрөг гэж тогтоосон бөгөөд уг хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол” болох 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгийн хохирлын хэмжээнд хүрээгүй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

3.1 Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг алдуул малыг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу биет байдлаар буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилжээ.

3.2. Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:

3.2.1. Улсын яллагч “Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогч нарын малыг буцааж өгсөн. Мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай. Зорчих бүсийг Сүхбаатар аймгийн ******* сумаар хязгаарлах саналтай байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас баривчлагдаагүй цагдан хоригдоогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх.” гэх санал, дүгнэлтийг,

3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Б.******* нь Сүхбаатар аймгийн ******* сумын төвөөс гадагш 500 метр зайд хөдөө гэртээ мал маллаад амьдардаг. Эхнэр нь хүүхдүүдээ хараад *******  сумын төвд байдаг.  Б.******* нь ******* сумын төвөөс гарч чадахгүй бол малаа харж чадахгүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь торгох санкц  байгаа. Иймд түүнд 450,000 төгрөгөөр торгож өгнө үү. Б.******* нь 4 сараас 10 нас хүртэлх 4 хүүхэдтэй, хохирлоо нөхөн төлсөн. Ар гэрийн байдал орлогогүй, хүүхдүүдийнхээ мөнгөөр амьдардаг, нэг хүүхдийнхээ мөнгийг хадгаламжид хийдэг түүнийгээ зээлсэн байгаа гэсэн. Эхнэр нь асрах эхийн 50,000 төгрөг авдаг. Өөр орлогогүй тул түүнийг 450,000 нэгжээр торгож өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна” гэх санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

3.3. Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний амьжиргааны түвшин, орлогын эх үүсвэр зэргийг харгалзан түүнд торгох шийтгэл оногдуулах боломжгүй байна.

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, уг ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн ******* сум болон Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

4. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогч Р.*******ын эд хөрөнгөд хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт хураагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т овогт Б-ын Б-ыг бусдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.*******ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн ******* сум, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.*******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Р.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ