Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 824

 

 

 

 

 

 

 2020          6               25                                           2020/ДШМ/824

 

 

М.Пид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч М.Пийн өмгөөлөгч И.Чимэдбадам,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/1662 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай прокурорын эсэргүүцлээр М.Пид холбогдох 1906066940684 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Жалайр овгийн М.П, 1981 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 12 дугаар гудамжны 202 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ДЮ81052914/;

М.П нь 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хотхоны 12-1212 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр В.Эрдэнэтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд энэхүү хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзсэн.

Энэхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.6-д  заасан нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдоогүй байна. Үүнд:

1. Гэмт хэрэг гарсан байдал; /хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтлийг хэн учруулсныг тогтоогоогүй/,

2. Гэмт хэргийг хэн үйлдсэн; /хэний буруутай үйлдэл байсныг нарийвчлан тогтоогоогүй/,

3. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал,

4. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нөхцөл байдлуудыг тогтоох,

5. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “...Тухайн гэмтэл нь цээжний баруун дунд хэсэгт, хөхний түвшинд эхэлж доош чиглэж, цээжний хөндийд нэвтэрч, өрцийг нэвтлэн, элэгний 8 дугаар сегментэд хүрч төгссөн дээрээс доош хавж хатгагдсан шарх байна. Иймээс тухайн гэмтлийг өөрөө өөртөө ч учруулах боломжтой, мөн өөр хэн нэгэн ч түүнд учруулах боломжтой, хэдэн градусын өнцгөөр нэвт хатгасан болохыг шүүх эмнэлгийн үзлэгээр тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэгт үндэслэн туршилт хийх, мэдүүлгийн зөрүүг арилгах,

6. Хохирогч В.Эрдэнэтуяад аюулгүйн зэргийн үнэлгээ хийлгэх,

7. Шүүгдэгч М.Пийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр В.Эрдэнэтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх эрүүгийн хэргээс өмнөх гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг нарийвчлан тогтоох, /тухайлбал: 2018 оны 7 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий эхнэрээ зодож, уруулыг нь сэтэлж оёдол тавиулсан гэх үйлдэл, мөн жирэмсэн байхад толгойг нь хагалж, хамрыг нь хугалсан/ гэх мэт хохирогч болон гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан үйлдлүүдийг шалгаж тогтоох;

8. Цагдаагийн Ерөнхий газрын АСАП сангаас хувийн байдалтай холбоотой мэдээллийг олж, нотлох баримтаар бэхжүүлэх зэрэг болно.

Шүүхээс хавтас хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул М.Пид холбогдох хэргийг прокурорт буцааж, дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгэсний эцэст яллах дүгнэлтийг дахин үйлдэж ирүүлбэл зохино.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт М.Пид холбогдох эрүүгийн 1906066940684 дугаартай хэргийг прокурорт буцааж, яллагдагч М.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг авч үзвэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үед хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалт болох нь тодорхой, ойлгомжтой байтал яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж гарсны дараа товлогдсон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас дээрх хуулийн зүйл, хэсгийг дахин баримталж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хурлаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс гаргах шийдвэр нь зөвхөн шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байх ёстойг хоёрдмол утгагүй, бүрэн тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт хэрэглэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн “хууль ёсны байх” үндсэн зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт нотлох баримттай холбогдох асуудлыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.6 дахь заалтад. ...” заасан ажиллагаа хийгдээгүй байгаа нь гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Гэтэл тухайн хэрэгт анх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд хавтас хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч П.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх45-46/, хохирогч В.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /хх39-40/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг /хх89-90/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13686 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад байдлаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч хохирогч В.Эрдэнэтуяагийн “баруун хөхөнд цээжний хөндий рүү хавж нэвтрэн өрцийг нэвтэлж элэгний 8 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж хэвлийн хөндийд цус алдалт” бүхий хүнд гэмтлийг яллагдагч М.П нь учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу эргэлзээтэй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг баримтлан хүнд хохирол учруулсан үйл баримтад гэм буруутайд тооцох боломжгүй гэж дүгнэн харин эрүүл мэндэд нь учирсан хөнгөн хохирлыг учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан туршилт хийх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахын тулд ямар нэг үйл явдал, үйлдэл, бусад байдлыг сэргээн дүрслэх шаардлагатай байвал шүүх талуудын хүсэлтээр туршилт хийж болно” гэж шүүхэд хуулиар олгогдсон байтал тэрхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр өөрт олгогдсон эрх хэмжээгээ үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хохирогч В.Эрдэнэтуяад аюулын зэргийн үнэлгээ хийлгэх тухай заалтын тухайд, хэрэгт В.Эрдэнэтуяаг гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эсэхийг тогтоолгохоор гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээг хийлгүүлэхээр 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргад албан тоот хүргүүлж, үүний дагуу Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтыг гаргуулж хавтас хэрэгт тусгасан учир “Аюулын зэргийн үнэлгээ хийлгэх” ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгдэгч М.Пийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс өмнөх гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг нарийвчлан тогтоох гэх ажиллагааны тухайд өмнөх үйлдлүүдийг тодруулахаар хэрэгт гэрч Ц.Хандмаагаас мэдүүлэг авсан, Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү 2010 оноос 2017 онд В.Эрдэнэтуяа эмчлүүлж байсан эсэхийг тодруулахаар албан тоот, Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны мэдээлэл, шуурхай удирдлагын төв рүү албан тоот тус тус хүргүүлсэн. Мөн М.Пийн урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаарх лавлагааг Цагдаагийн АСАП сангаас гаргуулан авч, хавтас хэрэгт тусгасан байхад шүүхээс хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж буй нь үндэслэлгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/1662 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч М.Пийн өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах нь зүйтэй. Тухайлбал, яллах дүгнэлтэд зөрүүтэй бичигдсэн зүйлүүд харагддаг. Хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь баруун гараар цохьсон гэдэг нь ч мөн үгүйсгэгддэг. Анхан шатны шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч М.Пид холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр М.Пид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн нотлогдвол зохих зүйлүүдийн зарим хэсэг болох гэмт хэрэг гарсан байдал /хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтлийг хэн учруулсныг тогтоогоогүй/, гэмт хэргийг хэн үйлдсэн /хэний буруутай үйлдэл байсныг нарийвчлан тогтоогүй/ гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж ирүүлбэл зохино.

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, хохирогч өөртөө хүнд гэмтэл учруулсан эсэх, эсвэл бусдын үйлдлийн улмаас хүнд гэмтэл учирсан эсэх, яагаад М.П хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэж зүйлчилж ирүүлсэн зэрэгт прокурор хууль зүйн дүгнэлт хийж ирүүлэх нь зүйтэй гэж үзнэ.

Прокуророос хохирогч В.Эрдэнэтуяаг өөртөө хүнд хохирол учруулсан гэж үзсэн бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн зохих хэсэг, заалтаар яллагдагчаар татаагүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах болсон үндэслэлээ тодорхой зааж, прокурор хохирогчид учирсан хүнд, хөнгөн гэмтлүүдийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт хийх нь М.Пид холбогдох хэргийн хүрээг тодорхой болгох ач холбогдолтой болно.

Харин шүүгчийн захирамжид дурдсан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, туршилт хийх, мэдүүлгийн зөрүүг арилгах, аюулгүйн зэргийн үнэлгээ, хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан үйлдлүүдийг шалгаж тогтоох, АСАП сангийн лавлагаа зэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн хэсгийг хүлээн авав.

Иймд М.Пид холбогдох хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/1662 дугаартай шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалтуудаар мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцаасан хэсгийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/1662 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Түмэн-Өлзийгийн “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” бичсэн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ