| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2020/03411/И |
| Дугаар | 184/ШШ2021/00437 |
| Огноо | 2021-02-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2021/00437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо-нд холбогдох,
Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай Бүх гишүүдийн хурлын тогтоол-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Т миний бие 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл Геологийн төв лаборатори ТӨҮГ-т ажиллаж, 2013 оноос эхлэн тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар ажилласан билээ. Өмнө Геологийн төв лабораторийн захиргаа болон хэсэг ажилтнууд хууль тогтоомжийг зөрчиж удаа дараа хууль бус хуралдаан зохион байгуулж байсан ба үүнийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлж байсан болно. Мөн тамга тэмдэг байсаар байтал үйлдвэрчний эвлэлийн тамга тэмдгийг хууль бусаар авсан байсныг эрх бүхий байгууллагад хандаж шинээр тамга авч байсан. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор Геологийн төв лабораторийн захирлаар томилогдон ажиллах болсонтой холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн тамга тэмдгийг тэргүүлэгч гишүүдээр хамт ажиллаж байсан Т, О, Г нарт өгч үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж дүрмийн дагуу тайлан сонгуулийн хурал хийж тамга тэмдгээ өгөхөөр төлөвлөж байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр намайг удирдлагын академи дээр хичээлтэй байхад ажлын цагаар 14.00 цагт хурал зарлан, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгчдийг сонгосон нь хууль бус юм. Мөн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүх гишүүд хуралдахдаа Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хороодын тайлан, сонгуулийн хурал зохион байгуулах журам-ын 2 болон 3 дугаар зүйлд заасныг зөрчиж, 10-аас доошгүй хоногийн өмнө хэлэлцэх асуудал, хурлын товыг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж зарлаагүй, хуралд бэлтгэх, сонгууль явуулах комиссыг тэргүүлэгчдийн хурлаар урьдчилан хэлэлцэж батлаагүй, журмын 7 дугаар зүйлд заасны дагуу Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлын тайлан, Хяналтын хорооны тайланг сонсолгүй шууд сонгууль явуулж хууль тогтоомжийг зөрчсөн. Миний бие үйлдвэрчний эвлэлийн гишүүний хувьд үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсны хувьд хууль дүрмийн дагуу хурлаа зохион байгуулж, ажилчдын төлөө ажиллах үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, сонгуультныг хуулийн дагуу сонгох хүсэлтэй байна. Иймд үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь 60 жилийн түүхтэй, үйл ажиллагаа нь төлөвшсөн мэргэжлийн байгууллага юм. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрээр Э.Т-ыг захирлаар томилсноос хойш хамт олны эрх ашиг ихээхэн хохирч, ажилчдын үндэслэлгүйгээр халж солих, мөн үйлдвэрчний эвлэлийн хороог үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгосон юм. Олон улсын хүний эрхийн конвенци, Монгол Улсын Үндсэн хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд ...аливаа зөвшөөрөлгүйгээр эвлэлдэн нэгдэх эрхтэй ...-г тунхаглан, хамт олны ажлын цагаар хуралдан үйлдвэрчний эвлэлийн хороогоо эмхлэн байгуулахыг ямар ч хуулиар хязгаарлаагүй. Тэр тусмаа Геологийн төв лабораторийн хөдөлмөрийн дотоод журмаар хориглоогүй байхад Э.Т нь 81 инженер техникийн ажилчид хуралдаж эмхлэн байгуулсан тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороог Би хүлээн зөвшөөрөхгүй, хамтран ажиллах боломжгүй намайг хичээлтэй байхад ажлын цагаар хуралдаж дарга, тэргүүлэгчдийг сонгосон хэмээн хамт олны эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж байна. Э.Т нь ажлын цагаар хурал зохион байгуулсан гэх үндэслэлээр 5 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсныг ба шүүхийн шийдвэрээр шийтгэлийг хүчингүй болгосон. Э.Т нь үйлдвэрчний эвлэлийн хороог хүлээн зөвшөөрөхгүй, өөрт таалагдсан хороотой байх хүсэлт-ээ илэрхийлсэн нэхэмжлэлийг 2020 оны 05 сарын 19-нд шүүхэд гаргасныг хэрэг үүсгэхээс татгалзсан боловч дахин 2020 оны 6 сарын 15-ны өдөр, 2020 оны 8 сарын 26-ны өдрүүдэд хурлын тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байна. Эрх бүхий этгээдээс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 417 дугаартай тогтоол гаргаж, Э.Т-ыг ажлаас чөлөөлж шүүхийн шийдвэрийн дагуу өмнө ажиллаж байсан Ө.О-ыг захирлаар томилсон. Э.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү. Мөн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай тогтоол хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Т нь Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай Бүх гишүүдийн хурлын тогтоол-ыг хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
Хариуцагч Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 80 гишүүн буюу нийт гишүүдийн 70-аас дээш хувийн ирцтэйгээр хуралдаж, хурлаар тус хорооны тэргүүлэгч гишүүд болох Э.Т, М.А, Г.Г, Б.О, Б.Т, Б.Б, О.Б нарыг чөлөөлж, С.Б-г хорооны даргаар, Б.М, Б.М, Ж.О, Т.Б, Э.Э, Л.Э нарыг хорооны тэргүүлэгчээр сонгох тухай 1 дугаартай тогтоол гаргажээ. /хх 154 дүгээр тал/
Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Э.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын даргаар томилогдож, захиргаа буюу ажил олгогчийг төлөөлөх болсон, мөн тэргүүлэгч гишүүдээс 2 гишүүн ажлаас гарч тэргүүлэгчдийн тоо дутсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Энэ нөхцөл байдал нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болон тэргүүлэгчийг сонгох зайлшгүй тохиолдол мөн юм. /хх 156-161 дүгээр тал/
Нэхэмжлэгч Э.Т 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааныг хууль бус гэж үзэхдээ, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хороодын тайлан, сонгуулийн хурал зохион байгуулах журам-ын 2 болон 3 дугаар зүйлд заасныг зөрчиж, 10-аас доошгүй хоногийн өмнө хэлэлцэх асуудал, хурлын товыг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж зарлаагүй, хуралд бэлтгэх, сонгууль явуулах комиссыг тэргүүлэгчдийн хурлаар урьдчилан хэлэлцэж батлаагүй, журмын 7 дугаар зүйлд заасны дагуу Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлын тайлан, Хяналтын хорооны тайланг сонсолгүй шууд сонгууль явуулсан нь үндэслэлгүй гэж үзсэн байна.
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 6.10-т: ... зайлшгүй тохиолдолд буюу хорооны дарга өөрийн хүсэлтээр, эрүүл мэндийн шалтгаанаар, нас барсан, удирдах албан тушаалд дэвшсэн, ажлаас халагдсан, эсхүл гишүүдийн олонх сонгууль явуулахыг шаардсан нөхцөлд хугацаа харгалзахгүй зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх эрхтэй ... гэж заажээ. Энэ зохицуулалтын дагуу бүх гишүүд хуралдаж, дарга болон тэргүүлэгчдийг сонгосныг буруутгах боломжгүй байна.
Нөгөө талаас, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаас үзвэл хариуцагч Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн буюу төлөөлөгчдийн хурал байна. Эрх барих дээд байгууллага буюу тэргүүлэгчдээс илүү өргөн эрхийг хэрэгжүүлж буй бүх гишүүд 70 хувийн ирцтэй хуралдаж, тулгарсан асуудлыг шийдвэрлэсэн байхад түүнээс хязгаарлагдмал эрхийг хэрэгжүүлж байгаа тэргүүлэгчид зөвшөөрөөгүй, тэргүүлэгчид урьдчилан хурал товлоогүй гэж үзэж, энэ үндэслэлээр бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм. Энэ бүх гишүүдийн хуралдаанд мөн тэргүүлэгч гишүүд оролцсон байна. / хх 156-161 дүгээр тал/
Түүнчлэн, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хороодын тайлан, сонгуулийн хурал зохион байгуулах журам-ийн 2, 3, 6, 7, 8, 9 дүгээр зүйлд зааснаас үзвэл тайлан болон сонгуулийг хамтатган хийх, ийнхүү хийхдээ 10-аас доошгүй хоногийн өмнө тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж зарлах, тайлан хэлэлцэж дууссаны дараа сонгууль явуулах, улмаар нэр дэвшигчдийн анкет мөрийн хөтөлбөрийг урьдчилан хүлээн авах, материал хүлээн авах хугацааг хурал болохоос 24 цагийн өмнө дуусгавар болгох талаар зохицуулжээ.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенци-ийн 2 дугаар зүйлд: Ажилчид, ажил олгогчдын ямар ч ялгаагүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүй өөрийн саналаар байгууллага байгуулах, түүнчлэн тэдгээр байгууллагад гагцхүү дүрэмд нь захирагдах нөхцөлтэйгөөр элсэн орох эрхтэй, 3 дугаар зүйлд: Ажилчид, ажил олгогчдын байгууллагын дүрэм, захиргааны дотоод журмаа боловсруулах, төлөөлөгчдөө чөлөөтэй сонгох, дотоод захиргаа байгуулах, үйл ажиллагаагаа зохион байгуулах, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй байх эрхтэй. гэж тус тус заажээ.
Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын ажилчид нь тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дүрэмд захирагдах нөхцөлөөр, сайн дураар үйлдвэрчний эвлэлийн хороонд нэгдэн орсон тул тэдний талаар эцсийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь гагцхүү Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны нийт гишүүдийн хурал, эсхүл нийт ажилчдын хурал байх ёстой.
Өөрөөр хэлбэл, Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны нийт гишүүд хуралдаж, өөрсдийн удирдлагаа сонгосон нь Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хороодын тайлан, сонгуулийн хурал зохион байгуулах журам-ийн 2, 3, 6, 7, 8, 9 дүгээр зүйлд заасантай нийцээгүй гэх үндэслэлээр бүх гишүүдэд олгосон бүрэн эрхийг хязгаарлах ёсгүй.
Мөн нэхэмжлэгч Э.Т нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Удирдлагын академи дээр хичээлтэй байхад намайг оролцуулалгүй хурлыг хийсэн, мөн ажлын цагаар хурал зарласан нь хууль тогтоомжийн зөрчил гэж үзжээ.
Нэхэмжлэгч Э.Т нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 467 дугаар тогтоолоор Геологийн төв лаборатори ТӨҮГазрын захирлаар томилогдсон байна. Ийнхүү нэхэмжлэгч нь ажил олгогчийг төлөөлөх болсноор ажил олгогч, ажилтан гэсэн эсрэг сонирхол бүхий этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэгэн зэрэг хамгаалах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, захирлаар томилогдсон үеэс нэхэмжлэгч Э.Т-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болон тэргүүлэгч гишүүний эрх дуусгавар болно. /хх 136 дугаар тал/
Ажилчид ажлын цагаар хуралдсан эсэх нь ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн хөдөлмөрлөхтэй холбоотой харилцаанд хамаатай боловч тэдний эвлэлдэн нэгдэх, удирдлагаа сонгохтой холбоотой харилцаанд хамаагүй юм.
Ийнхүү хариуцагч Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай тогтоол нь нэхэмжлэгч Э.Т-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй тул Геологийн төв лабораторийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай Бүх гишүүдийн хурлын тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай Э.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР