Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2021/00535

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.416.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Э нь 2019 оны 04 сарын 04-ний өдөр Т ХХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож 97-55 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг хавсралтаар баталсан боловч зээлдэгч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 750.000 төгрөг, хүү 291.000 төгрөг, алданги 375.000 төгрөг, нийт 1.416.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч үүрэг гүйцэтгэх хугацааг 216 хоног хэтрүүлж ноцтой зөрчсөн. Зээлдэгч 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 3 сарын 29-нд дууссан.Фидуцийн гэрээгээр хөрөнгийг зээлдэгчид ашиглуулахаар тохиролцсоны дагуу Б.Э эзэмшиж байсан боловч авто машиныг устгаж, хаана байгаа нь тодорхойгүй болсон. Иймд Б.Э-оос үндсэн зээл 750.000 төгрөг, хүү 291.000 төгрөг, алданги 375.000 төгрөг, нийт 1.416.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бадамын Э би Т ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Уг машин 2019 оны 11 сард эвдэрсэн. 2020 оны 5 сараас хойш өдийг хүртэл би зээлийн мэргэжилтэнтэй уулзаж, өгч чадахгүй, үлдэгдэл 750.000 төгрөг дээр 2 сарын хүү төлье гэж хэлснээр маргаан үүссэн. Үндсэн зээл 750.000 төгрөг дээр 2 сарын хүү төлөх боломжтой. Учир нь өөр бусад 2 зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа. Удаа дараа нэхэмжлэгчид хүүгээ зогсоож өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд 950.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь зээлийн төлбөрт 750.000 төгрөг, хүүгийн төлбөрт 291.000 төгрөг, алдангийн төлбөрт 375.000 төгрөг, нийт 1.416.000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч Б.Э зээл, хүүгийн төлбөрт 950.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хүүгийн төлбөр болон алдангийн төлбөрийг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Талуудын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Б.Э нь зээлдүүлэгч Т ХХК-иас 3.000.000 төгрөгийг 30 хоногийн 4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 6-7 дугаар тал/

Зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Т ХХК-д зээлийн төлбөрт 3.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.440.000 төгрөг, нийт 4.440.000 төгрөг буцаан төлөх үүрэгтэй байжээ.

Зээлдэгч буюу хариуцагч Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрөөс 750.000 төгрөг төлөөгүй, үлдэх төлбөрийг төлж барагдуулсан талаар зохигчид маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талууд тухайн үйл баримтын талаар маргаагүй бол тогтоогдсон гэж үздэг.

Нэхэмжлэгч Тайгын булаг авто ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд болох нь тус компанийн №000043636 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зохицуулсан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд хамаардаггүй тул Б.Э болон Т  ХХК-ийн хооронд үүссэн зээлийн харилцаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан журмаар зохицуулагдах юм. /хх 4 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дуусах тул зээлийн гэрээний хугацааг цааш сунгах бол талууд харилцан тохиролцож энэ хугацаанаас өмнө сунгах ёстой. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг цааш сунгах хууль зүйн үндэслэлгүй тул зээлдүүлэгч Т ХХК нь зээлдэгч Б.Э-оос 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 90 хоногийн хүү 90.000 төгрөг /2019 оны 12 сарын 30-ны байдлаар 750.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан ба энэ хүртэл хугацааны зээлийн хүүг төлсөн. 750.000*4%*90 хоног/-ийг шаардан авах эрхтэй байна.

Түүнчлэн, зээлдэгч зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутам төлөх ёстой үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги төлөхөөр талууд гэрээний 2.3-т тохиролцжээ. Нэхэмжлэгч нь төлөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн нь буруу байна. Учир нь, барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байдаг. Тухайлбал, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдүүлэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх үүрэг хүлээсэн ба ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан байна.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг эрх бүхий этгээд нь барьцаа хөрөнгийг барьцаалуулагчид ашиглуулахаар тохиролцож болдог ба энэ нь талуудын өөрсдийн тохиролцоо юм. Үүнээс бусад тохиолдолд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд нь барьцаа хөрөнгийг өөрийн эзэмшилд бодитоор авсны үндсэн дээр зээл олгодгоороо давуу байдал бүхий эрх зүйн харилцааны оролцогчид тооцогддог.

Дээр дурдсан Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан зохицуулалт нь давуу байдал бүхий барьцаалан зээлдүүлэгчид үүрэг хүлээлгэсэн зохицуулалт бөгөөд зээлдэгчийг 10 хоног хүлээх, улмаар энэ хугацаанд зээлдэгч төлбөрөө төлөөгүй бол өөрийн эзэмшилд байгаа барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн үүргийг дуусгавар болгох ёстойг хуульчилсан байна. Зээлдэгч буюу барьцаалагч энэ үүргээ гүйцэтгээгүйн бурууг зээлдүүлэгчид хүлээлгэх боломжгүй тул 10 хоногоос илүү хугацааны алдангийн төлбөрийг зээлдэгч хариуцах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хариуцагчаас 10 хоногийн алдангийн төлбөр 42.000 төгрөг /750.000+90.000=840.000*0.5%*10 хоног/, зээлийн төлбөр 750.000 төгрөг, хүүгийн төлбөр 90.000 төгрөг, нийт 882.000 төгрөг гаргуулах боломжтой. Гэвч хариуцагч Б.Э 950.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар шүүх талуудын тайлбар, зөвшөөрлийн хэмжээнд маргааныг шийдвэрлэх үүрэгтэй юм.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, зээлийн төлбөрийг буцаан шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул хариуцагч Б.Э-с 950.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь фидуцын гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасныг тус тус баримтлан Б.Э-оос 950.000 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 466.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-оос 27.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР