Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

Хохирогчийн өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А-

Шүүгдэгч К.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт К-ы Б-д холбогдох эрүүгийн 2413000010036 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны ...... дүгээр сарын ........-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 3.......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Баян- Өлгий аймгийн ...........сумын ерөнхий боловсролын ......... дугаар сургуульд ............ ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн ....... сумын ...... дугаар багийн .... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт К-ы Б-, регистрийн дугаар БЮ...........,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Б- нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн .......... сумын ....... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Т-ий өвлийн байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Н-ийн нүүрэн хэсэгт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны хаван хавдар, дээд уруулын зулгаралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс 2,000,000 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эмчилгээнд 600,000 төгрөг гарсан. Мөн 3,000,000 төгрөг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн. Хор уршигтай холбоотой хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримт байхгүй. Эмчилгээ хийсэн эмчлэгч эмчээс нь мэдүүлэг авахад өөр бусад өвчний улмаас эмчилгээ хийлгэсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээ хийлгээгүй. Эмчлүүлэх явцад хохирогчийн зүгээс эмчилгээнд төлбөр төлөөгүй талаар баримт авагдсан. Өвчтөний түүхээс үзэхэд архаг цус багадалттай, бөөрний нөхцөл байдлаас үүдээлтэй эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдсон. Хохирол, хор уршигтай холбоотой баримтыг шүүхийн хэлэлцүүлэг хүртэл гаргаж өгөөгүй учраас шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол төлбөр байхгүй. Эмчилгээний төлбөр, цаашид гарах эмчлүүлэх эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

2. Шүүгдэгч К.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Х.А- болон М.Н- нар маргалдсан. Хэрүүл маргаан гарах үед тэр хоёрыг салгасан маань үнэн. Би М.Н-ийг цохиогүй. Хохирогчийг танихгүй. Гар маань санамсаргүй цонхонд хүрэх үед цонх хагарсан”  гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч К.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн  хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсан. Яллах дүгнэлтийг шүүгдэгч хүлээн зөвшөөрөөгүй. Хохирогчийг зодоогүй, гар хүрээгүй гэм буруугүй гэж байгаа. Гэм буруугийн маргаантай тул шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг тогтоож өгөхийг хүсэж байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй”  гэв.

 

4. Хохирогч М.Н-ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч намайг танихгүй. Хэдэн эмэгтэй хүмүүстэй хамт ирсэн. Хамраас маань цохих үед ухаан алдсан. Одоо хамар маань янгинаж, хатгаж өвддөг. Гэмтэл авсан. Заримдаа нүд маань харангуйлдаг. Эмчилгээний төлбөрт 600,000 төгрөг гарсан. Шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд 3,740,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна”  гэв.

 

5.Хохирогчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсье. Сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолоор хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгаж, нөхөн төлүүлж шийдвэрлүүлэх талаар заасан. Төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 606,000 төгрөг. Тухайн үед буюу 2023 оны 11 дүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 550,000 төгрөг байсан. Хөдөлмөрийн хөлсний дунд шатаар тооцож, 550,000 төгрөгийг 6,8 хувьд үржүүлж 3,740,000 төгрөгийг сэтгэл санаанд учирсан хохирлоор тооцож шүүгдэгчээс гаргуулж өгөхийг хүсэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлд заасныг баримтлан сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжилж байна”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413000010036 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

6. Иргэн М.Н-ээс зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

7. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,

8. Хохирогч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-59 дэх тал/,

9. Гэрч Т.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

10. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,

11. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 753 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэргийг,

 

12. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 67-68 дахь талд авагдсан гэрч Б.М-ын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

13. Шүүгдэгч К.Б-, хохирогч М.Н-, хохирогчийн өмгөөлөгч С.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

14.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч К.Б-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Хэргийн үйл баримт:

16. Шүүгдэгч К.Б- нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн ........... сумын ......... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Т-ий өвлийн байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Н-ийн нүүрэн хэсэгт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны хаван хавдар, дээд уруулын зулгаралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

17. Иргэн М.Н-ээс зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

 

18. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч К.Б-ын согтуурлын хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 05 цаг 27 минутад шалгахад согтуурал шалгах багажийн заалт 1,72 хувь болохыг заасан тухай согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,

 

19. Хохирогч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө эмнэлэгт явж байгаад 03 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт Х.А- гэх хүн хажуудаа К.Б- гэх залуу болон бас нэг үл таних эмэгтэй хүмүүс манай гэрт сууж байсан.  Тэдний хажууд нөхөр маань бас сууж байсан. Нөхөр маань тухайн үед надад хэлэхдээ сая хүмүүс хаалга тогшихоор нь хаалга онгойлгосон чинь энэ хүмүүс гэрт орж ирээд суучихлаа гэж хэлсэн. Тэгээд би тэд нарт хандаад та нар шөнийн цагаар юу хийгээд явж байгаа хүмүүс юм бэ, манай гэрээс гарцгаа гэж хэлээд уурлахад тэд бид гэрээс гарахгүй гэж хэлээд сууж байснаа босоод явахаар болсон. Тэгээд тэд нар гурвуулаа босоод хаалгаар гарах гэж байхад К.Б- гэх залуу эргэж хараад миний хамар тус газарт гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд нөхөр болон Х.А- нар түүнийг барьж аваад салгасан. Тэгэхэд К.Б- нь намайг хэл амаар доромжилж надаас мөнгө авах гээд байгаа юм уу, чамд мөнгө хэрэгтэй юм уу гэх мэт олон юм ярьсан, ...К.Б- нь миний хамар тус газарт гараараа нэг удаа хүчтэй цохиод авсан. Би энд тэнд очоод цагийн ажлууд хийдэг байсан боловч энэ хэргийн улмаас хамар нүд маань хавдсан байсан тул 15 хоног орчим ямар нэгэн ажил хийхгүй, ямар ч орлогогүй гэртээ байсан. Мөн нэгдсэн эмнэлэгт очиж компьютер томографын зураг авхуулж бусад шинжилгээнүүд өгөхөд 150,000 орчим төгрөг төлсөн. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш Өлгий сумын 5 дугаар багт байдаг “Б-Ш” хувийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа болно. Би К.Б-оос 2,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-59 дэх тал/,

 

20. Гэрч Т.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тус шөнө 03 цэгийн орчимд байсан байх би хүүхдүүдийнхээ хамт гэртээ амарч байхад гадаа хүмүүс ирээд хаалга тогшоод байсан тул би миний таньдаг Х.А- гэх эмэгтэй хажуудаа К.Б- болон үл таних бас нэг эмэгтэй хүнийг дагуулсан гурвуулаа согтуу байсан. Тэгээд би тэд нарыг гэртээ оруулаад нэг цай хийж өгөөд байж байхад К.Б- гэх залуу нь шөнө дунд болж байхад эхнэр чинь гэртээ байхгүй гадуур тэнээд явж байгаа юм уу, эхнэртээ эзэн болж чадахгүй байгаа юм уу гэх мэтээр хэлж намайг хэл амаар доромжлоод суугаад байсан. Тэгээд сууж байхад эхнэр маань гаднаас ороод ирсэн, ...эхнэр маань нэлээд уурлаад чи юун согтуу хүмүүсийг оруулсан байгаа юм бэ, гэрээс гаргаач дээ гэхэд К.Б- нь миний эхнэрт хандаад чи өөрөө шөнө дунд согтуу явж явж ирчхээд яах гээд байгаа юм бэ гэж хэлээд миний эхнэрийн хамар тус газарт нь гараараа нэг удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

 

21. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн шөнө найз охин Д-ийн төрсөн өдөр нь болсон тул найз К.Б-, Б-, Д- бид дөрвүүлээ Б-гийн найз нь гэх нэг залуутай хамт тухайн хүний машинтай явж байгаад пиво уусан. Тэгээд дээр нь Д-, К.Б- бид гурвуулаа найз М.Н-ийн гэрт нь очсон. Бид нэр М.Н-ийн гэрт нь очиход М.Н- байхгүй байсан. Тэгээд М.Н-ийн нөхөр буюу миний хамаатны дүү Тилеген нь бид нэрт цай хийж өгсөн тул цай уугаад сууж байхад М.Н- гаднаас ирсэн. Ингээд М.Н- нь бид нарт уурлаад та нар шөнийн цагаар юу хийж явж байгаа юм бэ гээд хэрүүл гаргасан тул М.Н- бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Гэхдээ К.Б- болон Тилеген нар М.Н- бид хоёрыг салгаад гадаа гаргасан тул К.Б-, Д- бид харихаар болоод явж байхад М.Н- нь цонхоор орилоод байсан тул К.Б- гэрээрээ цонхыг цохих үед М.Н-, К.Б- нарын байшингийн цонхны 1 давхар шилийн нэг давхар нь хагарчихсан. Тэгээд М.Н-, К.Б- нар цагдаа дуудсан тул цагдаа нар бид нарыг цагдаагийн газарт авч ирсэн. Тухайн үед болсон асуудал энэ юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,

 

22. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 753 дугаартай “...М.Н-ийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны хаван хавдар, дээд уруулын зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна, ...дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

23. Шүүгдэгч К.Б- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч Т.Т-, хохирогч М.Н- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

24. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

25. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

26. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

27. Шүүгдэгч К.Б- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

28. Шүүгдэгч К.Б-ын үйлдлийн улмаас хохирогч М.Н-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

29. Шүүгдэгч К.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

30. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

31. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

32. Шүүгдэгч К.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эмчилгээнд 600,000 төгрөг, мөн сэтгэл санааны хохиролд 3,740,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний зардал болох 600,000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол болох 3,740,000 төгрөгийн талаар нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

33. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч К.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах” дүгнэлтийг,

34. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

35. Хохирогчийн өмгөөлөгчөөс “Ямар нэгэн санал байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

36. Шүүгдэгч К.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

38. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

39. Шүүгдэгч К.Б- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

40. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

43. Шүүгдэгч К.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хохирогч М.Н-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна. 

44. Шүүгдэгч К.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт К-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч К.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч М.Н- нь эмчилгээний зардал болох 600.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол болох 3.740.000 төгрөгийн талаар нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК