Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/60

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч  Д.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-,

шүүгдэгч Т.К- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд элттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.х овогт Т-гийн К-т холбогдох эрүүгийн 2413000070071 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн .......... дугаар цэцэрлэгт .......... ажилтай, ам бүг 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн ............. сумын 02 дугаар /Саралахаз/ багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ....... дугаар багийн ............ тоотод амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.х овогт Т-гийн К-, регистрийн дугаар: БЖ..............;

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.К-ийг хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 6 удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Ш.С- нь бал, харандааны савыг шидэж биед гэмтэл учруулсан” гэж Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн худал мэдүүлэг өгч, худал мэдүүлэг өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ: “...Нотолбол зохих байдал нотлогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Ш.С- нь хуулийн дагуу шийдвэрлэж өгөх тухай дурдсан тул шүүгдэгч Т.К- нь бусдад төлөх төлбөргүй” гэв.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа. Объектив талын шинж нь “зориуд” гэсэн үг юм. Зориуд гэдэг нь урьдчилан бэлтгэж хэн нэгнийг худал гүтгэнэ гэсэн санааг агуулж байдаг. Т.К- нь Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдсэн. Хохирогчоор 6 удаа мэдүүлэг өгсөн ба тогтвортой мэдүүлэг өгч байсан. Хохирогчоор 6 удаа өгсөн мэдүүлгийг цагаатгах талын нотлох баримт гэж үзэж байна. Энэхүү хэргийн үнэн бодит байдал нь тогтоогдоогүй. Гэрч нар мэдүүлгүүдээ “Copy” хийсэн. х.М- зэрэг зарим хүмүүс нь тухайн газарт байгаагүй. Балын сав нь жинтэй байдаг. Олон хүний дунд хүн өөр өөрийнхөө толгойн тус газарт балын саваар цохих нь зохимжгүй асуудал. Хүний толгой нь эмзэг эрхтэн. Хүн ухаан алдаж магадгүй. Т.К- нь сэтгэцийн өөрчлөлттэй хүн биш. Өөрийгөө цохиж өөрийнхөө биед гэмтэл учруулахгүй. Шүүгдэгчийг цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэв.

3. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бие маань өвдөж Турк улсад эмчилгээ хийлгэхээр явсан. 1 жил гаруйн хугацаанд цалингүй чөлөө авч байсан. Би ажилд орсны дараа дарга маань намайг дарамталж эхэлсэн. Би урьд нь Авлигатай тэмцэх газарт хэд хэдэн удаа өргөдөл гаргаж байсан. Ш.С- нь чи Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан, миний үгэнд ороогүй, бид нартай хамтарч ажиллаагүй гэж дарамталсан. Ажилд орсны дараа 2-3 өдрийн дараа Ш.С- нь миний биед халдсан болохоор цагдаа дуудсан. Гэхдээ надад өөрөө цагдаагийн байгууллагад ирээрэй гэж хэлснээр би таксигаар цагдаагийн байгууллагад очсон. Миний биед хөнгөн гэмтэл учирсан гэх дүгнэлт гарсан. Би худал мэдүүлэг өгөөгүй. Худал хэлж байгаагүй. Хууль, шударга үнэн байгаа гэдэгт итгэсэн. Багш нар Ш.С-ыг хамгаалж мэдүүлэг өгсөн. Миний эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүс болох х.Р нь эмч, үйлчлэгчээр ажиллаж байсан хүн багш болсон. Дарга надад удаа дараа залгаж дарамталж байсан. Би одоо харамсаж байна. Ш.С-ы хууль бус шаардлагыг биелүүлсэн бол өнөөдөр шүүгдэгчээр татагдахгүй байх байсан. Шударга үнэний төлөө явсныхаа төлөө хохирогч болж байна. Би өөрийгөө цохиогүй. Сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй. Турк улсад суралцаж төгссөн. Дээд боловсролтой хүн. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Санаатайгаар худал мэдүүлэг өгч, хүнийг гүтгээгүй. Шударга шийдвэр гаргаж цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413000070071 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Прокурорын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /хавтаст хэргийн 02-09 дэх тал/,

5. Т.К- нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг егөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

6. Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

7. Т.К- нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

8. Т.К- нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

9. Т.К- нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/,

10. Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

11. Т.К- нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

12. Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

13. Т.К- нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,

14. Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

15. Т.К- нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 74 дэх тал/,

16. Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

17. Гэрч Х.С-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

18. Гэрч А.С-ын хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

19. Гэрч М.Н-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

20. Гэрч Б.Р-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

21. Гэрч С.Т-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

22. Хохирогч Ш.С-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

23. Гэрч С.М-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,

24. Гэрч Х.С-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

25. Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 36-06/1017 дугаартай албан бичгийн хавсралт /хавтаст хэргийн 136-137 дахь тал/ зэргийг,

 

26. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ээс:  CD бичлэг, эрх бүхий албан тушаалтны саналыг шинжлэн судлуулав.

 

27. Шүүгдэгч Т.К-ээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

28. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

29. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.К-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

30. Шүүгдэгч Т.К-ийг хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 6 удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Ш.С- нь бал, харандааны савыг шидэж биед гэмтэл учруулсан” гэж Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

31. Прокурорын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /хавтаст хэргийн 02-09 дэх тал/,

32. Т.К- нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг егөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

33. Т.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өглөө ажил дээр ирэхэд Ш.С- нь хэрүүл үүсгэж, миний эрх чөлөөнд халдаж, өмсөж явсан куртикний мөрнөөс барьж аваад татахаар нь би 15 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч ирээгүй. Ингээд би ажлын газраас арай гэж гараад явсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө ажилдаа очоод тайлангаа гаргаад байж байтал эрхлэгч Ш.С- нь миний дараа ирж өрөөндөө ороод ажилчдыг цуглуулж ёс зүйн хурал хийсэн. Хурлаар нярав Т.К-т сахилгын арга хэмжээ авч цалингийн 20-иар хасна гэхээр нь би сахилгын арга хэмжээ авахаар ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, би энэ хуралд суухгүй гээд хурлаас гарах гэхэд тэнд сууж байсан сав угаагч С-, багш Н- нар нь хаалгаа барьж аваад намайг гаргаагүй. Тэгж байтал эрхлэгч Ш.С- эхлээд над руу бал аваад шидэхээр нь би Ш.С-д хандаж “над руу бал шиддэг хэн бэ, намайг ингэж дарамтлах эрх чамд байхгүй” гээд хэлсэн чинь Ш.С- нь ширээн дээр байдаг бал, харандаа хийдэг модон савыг аваад над руу шидэхэд миний духны хэсэгт онож нэлээн цус гарсан. Тухайн үед би Ш.С-д “та яаж байгаа юм бэ” гэж хэлээд гадагшаа гарах гэхэд багш ажилчид намайг барьж, надтай зууралдахад миний куртикний хойд талын хэсэг урагдсан. Тэгээд зууралдаж байж гадагшаа арай гэж гарсан. С-, багш Н-, С-, манаач Т-, үйлчлэгч Д-, туслах багш Р-, С, Ш- нар байсан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл эмчийн магадлалаар хөдөлмөрийн чадвар түр алдагдсан буюу тархины гэмтэлтэй гэх оношоор ажлаас чөлөөлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

34. Т.К- нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дахь тал/,

35. Т.К- нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

36. Т.К- нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 20 дахь тал/,

37. Т.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хохирогчоор дахин өгсөн: “...Ш.С- миний эрх чөлөөнд халдаагүй байсан бол миний эрүүл мэнд хэвийн зүгээр байх байсан. Миний духны орчмын шалбарсан шарх эдгэрсэн харин сорвитой гоо сайхнаа алдаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

38. Т.К- нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

39. Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

40. Т.К- нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,

41. Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

42. Т.К- нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хавтаст хэргийн 74 дэх тал/,

43. Т.К-ийн хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

44. Гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн: “...Т.К- нь эрхлэгчийн ширээн дээр ил байсан модон дөрвөлжин хэлбэртэй бал харандааны савыг аваад доторх зүйлүүдийг ширээн дээр асгаж, байгаад уг саваар өөрийн толгой руу цохиод авсан. Тэгж байтал Р- эмч түүний гарнаас уг савыг булааж аваад ширээн дээр тавьсан. Тухайн үед тэнд байсан багш ажилчид “яаж байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ, чи өөрийгөө цохиод яах гэсэн юм бэ?” гэж бүгдээрээ хэлэхэд Т.К- нь та нарыг харна, та нар болоогүй, муу сайн юмнууд гэж уурлаж, бухимдаад өрөөнөөс гарахгүй байхаар нь тэнд сууж байсан манаач Т- ах Т.К-ийг дагуулаад гадагшаа гаргасан. Ш.С- Т.К-т гар хүрээгүй. Т.К- баруун гараараа бариад толгой, духны баруун хэсэг рүү цохих шиг болсон. Түүнийг гараад явж байхад нүүр лүү нь харахад хэвийн харагдсан. Ямар нэгэн байдлаар шалбарч гэмтсэн зүйл харагдаагүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

45. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн: “Тухайн үед би Т.К- нь өөрийнхөө толгой руу бал харандааны саваар цохисон болохоор толгой нь яасан бол гэж санаа зовоод харахад ямар нэгэн ил харагдахаар шарх сорви байгаагүй, духны хэсгээр батга гарсан байдалтай байсан. Т.К- нь үг даах чадваргүй, шаардлагыг хүлээж авдаггүй, харилцааны доголдолтой залуу юм шиг санагдаж байна. Би улсад 29 дэх жилдээ ажиллаж байна. Ийм залууг үзэж хараагүй. Ажлын байранд өөрийгөө цохиж байна гэж бодохоор аюултай үзэгдэл байна. Тэрээр хурлыг орхиж гараад, дахиж орж ирээд, улмаар эрхлэгч рүү дайрч, өөрөө өөрийгөө гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх тал/,

46. Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.К- нь гар утасныхаа дуу хураагуурыг асаагаад дотор талынхаа халаасанд хийсэн. Би түүнийг анзаарч харсан учраас “надад нэг санал байна, гар утаснуудаа бүгд хурааж, эрхлэгчийн ширээн дээр тавьсан нь дээр” гэж хэлэхэд бүгд дэмжсэн. ...Т.К- эрхлэгчийг гараараа цохих гэхэд М- багш Т.К-ийн гарыг бариад авсан. Тэгсэн Т.К- нь эрхлэгчийн ширээн дээр ил байсан модон дөрвөлжин хэлбэртэй бал, харандааны савыг аваад доторх зүйлүүдийг ширээн дээр асгаад, уг саваар өөрийн толгой руу цохиод авсан. Тэгэхээр нь бид нар яаж байгаа юм бэ? юу болоод байгаа бэ? чи өөрийгөө цохиод яах гэсэн юм бэ? гэж тэнд байсан багш нар хашхирахад Т.К- нь та нарыг харна, та нар болоогүй, муу сайн юмнууд гэж хэлж байхад, Б.Р- эмч Т.К-ийн гараас нь бал, харандааны савыг хүчээр булааж аваад ширээн дээр тавьсан. Ш.С- Т.К-т гар хүрээгүй, тэнд байсан бүх хүмүүс харж байсан. Уг савыг Т.К- баруун гараараа бариад толгой, духны баруун хэсэг рүү цохисон. Гэвч тухайн үед түүний духны хэсгээс цус гараагүй хэвийн харагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

47. Гэрч Б.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Уг савыг Т.К- нь баруун гараараа бариад толгой, духны баруун хэсэг рүү хүчтэй цохисон. Гэвч тухайн үед түүний духны хэсэгч цус гараагүй, хэвийн харагдсан бөгөөд миний баруун талын гарын гадна хэсгээр бага зэрэг цус болсон байсан. Тухайн үед би Т.К-ийн гараас нөгөө савыг арай гэж булааж авсан болохоор булааж авах үед үүссэн болов уу гэж бодсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

48. Гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Ш.С- нь Т.К-т гар хүрээгүй, бид нар хараад сууж байсан. Т.К- нь баруун гараараа савыг бариад толгой, духны баруун хэсэг рүү хүчтэй цохисон. Ил шарх сорви байгаагүй, тэндээс гараад Т.К- нь цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд цэцэрлэгийн багш нараас нэг нь бас дуудлага өгсөн. Тэгээд бид нар цагдаагийн газарт ирэхэд Т.К-ийн толгойн духны баруун хэсгээр цустай харагдсан. Би тэр зүйлд гайхаж байна. Цэцэрлэгээс гарч явах үед хэвийн, ямар нэгэн цус гараагүй байсан. Учир нь тухайн үед би түүний толгой хэсэг нь зүгээр юм болов уу? жинтэй модон бал, харандааны саваар өөрийгөө цохиход гэмтэж шалбарсан болов уу гэж харахад ямар нэгэн шалбарсан зүйл харагдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

49. Хохирогч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие урьд нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн бөгөөд одоо нэмж хэлэх зүйл алга. Миний зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна. Одоо ч гэсэн түүнтэй хамтран ажиллахад үнэндээ хүндрэлтэй байна. Хууль, эрх зүйн актад заасны дагуу арга хэмжээ авах гэхээр дахин ийм асуудал үүсгэх болов уу гэж санаа зовох юм, яг үнэнийг хэлэхэд яахаа мэдэхгүй л байна. Нэмж хэлэхэд миний үгээс Т.К-т хууль бус шаардлага тавьж байсан удаагүй, хэрэв зээ тухайн өдөр би ямар нэгэн байдлаар түүний биед халдсан асуудал гаргасан тохиолдолд маш олон ажилтан ирж мэдүүлэг өгсөн. Тэдгээрийн нэг ч гэсэн хэлэх байсан. Гэхдээ тухайн өдөр Т.К-ийн биед огт гар хүрээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

50. Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн нөхцөлд болсон асуудал гэвэл ажлын хамт олны хурлын үеэр Т.К- уурлаад эрхлэгчийн ширээн дээр байсан балын саваар өөрийнхөө толгойг цохисон асуудал гаргачхаад өөрийг нь эрхлэгч Ш.С-ы цохисон гэж өргөдөл гаргаж шалгуулсан. Тухайн үед Т.К- худлаа хэлсэн. Хэн ч түүний биед халдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,

51. Гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “Хугацааг нь нарийн сайн санахгүй байна ямар ч гэсэн 2023 онд цагдаагийн газарт ирж харгийн талаар өөрийнхөө мэдэх зүйлийг дэлгэрэнгүй, үнэн зөвөөр ярьж байсан. Тухайн нөхцөлд болсон асуудал гэвэл ажлын хамт олны хурлын үеэр Т.К- уурлаад эрхлэгчийн ширээн дээр байсан балын саваар өөрийнхөө толгойг цохисон асуудлыг гаргачхаад өөрийг нь эрхлэгч Ш.С- цохисон гэж өргөдөл гаргаж шалгуулсан. Тухайн үед Т.К- худлаа хэлсэн, хэн ч түүний биед халдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

52. Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 36-06/1017 дугаартай албан бичгийн хавсралт /хавтаст хэргийн 136-137 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

53. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ээс “Шүүгдэгчийг цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэх боловч шүүгдэгч Т.К- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөнгэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Ш.С- нь Т.К-т гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг бүртгэлтийн 231300029 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн: “Тухайн үед би Т.К- нь өөрийнхөө толгой руу бал харандааны саваар цохисон болохоор толгой нь яасан бол гэж санаа зовоод харахад ямар нэгэн ил харагдахаар шарх сорви байгаагүй, духны хэсгээр батга гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дэх тал/, гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ш.С- нь Т.К-т гар хүрээгүй, тэнд байсан бүх хүмүүс харж байсан. Уг савыг Т.К- баруун гараараа бариад толгой, духны баруун хэсэг рүү цохисон. Гэвч тухайн үед түүний духны хэсгээс цус гараагүй хэвийн харагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрч Б.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Уг савыг Т.К- нь баруун гараараа бариад толгой, духны баруун хэсэг рүү хүчтэй цохисон. Гэвч тухайн үед түүний духны хэсэгч цус гараагүй, хэвийн харагдсан бөгөөд миний баруун талын гарын гадна хэсгээр бага зэрэг цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Ш.С- нь Т.К-т гар хүрээгүй, бид нар хараад сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Т.К- худлаа хэлсэн. Хэн ч түүний биед халдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,  гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “....Тухайн үед Т.К- худлаа хэлсэн, хэн ч түүний биед халдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/, хохирогч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэхдээ тухайн өдөр Т.К-ийн биед огт гар хүрээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

54. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ээс шүүх хуралдаанд CD бичлэг гаргаж өгсөн ба энэхүү дуу бичлэгт зөвхөн хурал болж байсан талаар яриа гаргах ба энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт биш гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт.

55. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэмт хэргийн шинж нь гэмт хэрэг гараагүй байхад гарсан гэж, түүнийг тодорхой хэн нэгэн этгээд үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн шууд санаатай үйлдэл байдгаас гадна хууль, шүүхийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлэгдсэн, гүтгэгдсэн хүний хууль ёсны ашиг сонирхол, эрх, эрх чөлөө зэрэг давхар объектод халддаг нийгэмд аюултай, хор уршигтай тул хууль тогтоогч хэрэг шалган хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

56. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь санаатайгаар худал мэдээлэх, эсхүл зориуд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мөрдөгч урьдчилан тайлбарлаж, тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан.

57. Тухайн гэмт хэргийн улмаас хэн нэгэнд материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба бусдын эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл буюу хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн, гүтгэснээр “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинж хангагддаг тул шүүгдэгч Т.К-ийн үйлдэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулсан гэмт үйлдэл мөн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.К- нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн үйл баримт нь нотлох баримтуудаар нотлогдсон байна.

58. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийн тухайд авч үзвэл хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.К- нь хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө “Ш.С- нь бал, харандааны савыг шидэж биед гэмтэл учруулсан” гэж Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

59. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.К-ийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Т.К-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

60. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол хор уршиг зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдлээр илэрнэ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

61. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

 

62. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

 

63. Хохирогч Ш.С- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн ба хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохирол нэхэмжилж буй эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

64. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг,

65. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

66. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.К-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

67. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

68. Шүүгдэгч Т.К- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 99 дэх тал/-аар тогтоогдож байна.

69. Шүүхээс шүүгдэгч Т.К-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

70. Шүүгдэгч Т.К-т үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.К-т 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

71. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

72. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

73. Шүүгдэгч Т.К- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

74. 2413000070071 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, СД бичлэгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.х овогт Т-гийн К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К-ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К-т оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.К-т сануулсугай.

5. Шүүгдэгч Т.К- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Ш.С- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. 2413000070071 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, СД бичлэгийг хэргийн хамт хадгалсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 А.ДАУРЕНБЕК