| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/61 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/61
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
хохирогч бөгөөд шүүгдэгч А.А-, И.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт И-ын Ж-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А-ын А- нарт холбогдох эрүүгийн 2313001140343 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, БВ........ регистрийн дугаартай, С овогт А-ын А-, 1994 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Баян-Өлгий 2 аймгийн Баяннуур суманд төрсөн, Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ баг, 2 гудамж, 1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ял мөн хуулийн тусгайн ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-д зааснаар 15 /арван тав/ жилийн хорих ял дээр багтааж, биечлэн эдлэх ялыг 15 /арван тав/ жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.
2. Монгол Улсын иргэн, БЮ............. регистрийн дугаартай, Х овогт И-ын Ж-, 1993 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, Казах, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар /Ах хус тау/ баг, 25 гудамж, 13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/609 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн Уул/ багийн нутаг дэвсгэрт 2023 оны 2 дугаар сарын 16-ны шөнө 03 цагт иргэн И.Ж-тэй маргалдаж, улмаар түүний биед тархины доргилттой, духны зүүн талд 3 ширхэг оёдолтой язарсан шархтай, хавантай, зүүн нүдний дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хавдартай, зүүн нүдэнд хавдартай, зүүн талын шанаа нүүрийг хамарсан шалбарсан, хавдартай, зүүн чихний дэлбэнгийн урд хавдартай, зулгарсан, хавантай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун ба зүүн гарын алганы дээд гадаргууд хавдартай, хуруунуудын хөдөлгөөн хязгаарлагдсан, зүүн бугалгад хавдартай, цээжний зүүн талд хавантай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч И.Ж-тэй маргалдаж, улмаар түүний биед хөнгөн хохирол учруулах явцад түүний эзэмшлийн ...... УБЦ улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийн хойд шил, зүүн хаалганы шил, зүүн урд шанаа /крило/-г чулуу шидэж, гараараа цохин, хөлөөрөө өшиглөж хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас түүнд 750,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
Шүүгдэгч И.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн Уул/ багийн нутаг дэвсгэрт 2023 оны 2 дугаар сарын 16-ны шөнө 03 цагт иргэн А.А-тэй маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт чулуугаар цохиж зулай, дагз, зүүн чамархай, зүүн өвдгөнд шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч И.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна. И.Ж-ийн эд хөрөнгөд нь 750,000 төгрөг, мөнгөн гинжинд 250,000 төгрөг, нийтдээ 1,000,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд шүүгдэгч А.А-ээс 1,000,000 төгрөг гаргуулан И.Ж-т олгох саналыг гаргаж байна. Харин А.А- нь нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч И.Ж- нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэв.
2. Шүүгдэгч А.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
3. Шүүгдэгч И.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313001140343 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
5. Хохирогч И.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
6. Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
7. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 24, 30 дахь тал/,
8. Гэрч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 105 дахь тал/,
9. Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
10. Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
11. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-23-0058 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 86-89 дэх тал/,
12. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БӨА-23-0283 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 135-139 дэх тал/,
13. Яллагдагч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
14. Яллагдагч И.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 129-131 дэх тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
15. Шүүгдэгч А.А-, И.Ж- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
16.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
17. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.А-, И.Ж- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
18. Шүүгдэгч А.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн Уул/ багийн нутаг дэвсгэрт 2023 оны 2 дугаар сарын 16-ны шөнө 03 цагт иргэн И.Ж-тэй маргалдаж, улмаар түүний биед тархины доргилттой, духны зүүн талд 3 ширхэг оёдолтой язарсан шархтай, хавантай, зүүн нүдний дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хавдартай, зүүн нүдэнд хавдартай, зүүн талын шанаа нүүрийг хамарсан шалбарсан, хавдартай, зүүн чихний дэлбэнгийн урд хавдартай, зулгарсан, хавантай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун ба зүүн гарын алганы дээд гадаргууд хавдартай, хуруунуудын хөдөлгөөн хязгаарлагдсан, зүүн бугалгад хавдартай, цээжний зүүн талд хавантай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч И.Ж-тэй маргалдаж, улмаар түүний биед хөнгөн хохирол учруулах явцад түүний эзэмшлийн ...... УБЦ улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийн хойд шил, зүүн хаалганы шил, зүүн урд шанаа /крило/-г чулуу шидэж, гараараа цохин, хөлөөрөө өшиглөж хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас түүнд 750,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч И.Ж- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн Уул/ багийн нутаг дэвсгэрт 2023 оны 2 дугаар сарын 16-ны шөнө 03 цагт иргэн А.А-тэй маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт чулуугаар цохиж зулай, дагз, зүүн чамархай, зүүн өвдгөнд шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
19. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
20. Хохирогч И.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би А.А-ийн дуудсанаар гэрээсээ гарч ирэх үед гэрийн гадна А.А- нь өөрийнхөө саната-7 маркийн машинтай ганцаараа ирсэн байсан. Түүний дараа А.А- бид хоёр Женисбектэй уулзчихаад буцаж эргээд И.Ж- гэх залуугийн гэрийн гадна очиж И.Ж-, А.А- бид гурав хамт 0,5 литрийн “Аураг” нэртэй архинаас нэг шил архи аваад уусан бөгөөд энэ үеэр би архи сайн ууж чаддаггүй болохоор 2 ширхэг лааз пиво уусан юм. Тухайн архи ууж дуусгачхаад А.А- нь ахиж нэг шил архи авсан бөгөөд тухайн архийг И.Ж- бид гурав уусан юм. Түүний дараа А.А- нь жаахан согтоод ирсэн бөгөөд би гэр лүүгээ харья гэж бодоод дүүгээ миний машиныг аваад хүрээд ир гэж дуудахад манай дүү миний байсан газрыг надаар заалгуулаад хүрээд ирсэн. Тэгээд би харих гэсэн боловч А.А- намайг явуулахгүй байсан ба И.Ж- нь би гэртээ орж амарлаа гээд буугаад гэр лүүгээ орсон. И.Ж-ийн гэрийн хажууд ойрхон А.А-ийн гэр байдаг болохоор А.А- нь машинаа бариад гэрийнхээ үүдэнд ирсэн. Энэ үед би одоо би харилаа гэж хэлэхэд А.А- надад үг хаяж надтай хэрүүл маргаан хийж эхэлсэн. А.А- нь надад "...чи багадаа намайг их зоддог байсан, архи уухгүй их маяглаад байна...” гэх зэргээр надтай хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр үед А.А- нь миний цээж хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон бөгөөд энэ үед А.А- бид хоёр машинаас бууж ирээд шууд хоорондоо зодолдсон ба энэ үеэр А.А- нь гартаа чулуу барьчхаад миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би эргүүлээд А.А-ийн хувцаснаас доошоо дараад нүүр хэсэг рүү нь өшиглөх үед А.А-ийн эхнэр гарч ирээд салгаж авсан ба манай дүү бас гүйж ирээд намайг аваад шууд машинд хийгээд машинаа асаагаад зугтах үед А.А- нь машины араас чулуу шидэж миний машины арын цонхыг хаглахаар нь машинаа зогсоосон. Энэ үед А.А- нь ахиад гартаа барьсан чулуугаар машины туслах талын хаалганы цонхыг хагалж машины зүүн талын шанаа /крило/ хөлөөрөө өшиглөсөн ба энэ үед би машинаас бууж ирээд А.А- бид хоёр ахиад зодолдож А.А-ийн эхнэр цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн юм. А.А- чулуу бариад миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Мөн машин дотор сууж байхад цээж рүү минь нэг удаа цохисон. А.А- нь намайг дандаа чулуугаар цохисон юм. Хүүхэд байхдаа буюу 7 дугаар ангид байхдаа А.А- бид хоёр хорондоо зодолдож би түүнийг зодож байсан болохоор тэр үеийн асуудлыг сөхөж өширхөж надтай зөрүүд хэрүүл маргаан үүсгэж зодолдсон юм. Би А.А-т зодуулснаас болж миний духны хэсэгт 3 газар зүсэгдэж оёдол тавиулсан. Мөн миний тархи толгой бүгд доргилттой, одоо хүртэл толгой маань өвдөж хөндүүрлэж байгаа ба хоёр гар тохой хэсэг болон цээж хэсгээр байнга өвдөж зовуурилж хиймэл шүд маань бас унасан байсан. Цаашид би эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгүүлэх болно. Мөн миний өөрийн эзэмшлийн ......УБЦ улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийн хойд шил, зүүн хаалганы шил, зүүн урд шанаа /крило/ бүгд эвдэрч гэмтсэн. Түүнийг А.А- чулуугаар болон хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. Эдгээрийг А.А-ээр төлүүлж авахыг хүсэж байгаа юм..., ...миний зүүж байсан 450-500 орчим мг хэмжээтэй мөнгөн гинж тасраад А.А-ийн хашаан дотор унаж алга болсон юм. Тухайн гинж нь манай найз А-ийн гинж байсан ба манай найз тухайн үед Казакстанд байсан бөгөөд намайг эндээс гинжээ явуулаад өгөөч гэхээр нь би гинжийг аваад Казакстан руу явах унаанд хийх гэж зүүгээд явж байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
21. Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би фейсбүүк чатаар найз болох И.Ж- гэх хүнтэй видео калл хийж уулзъя гэж хэлээд би И.Ж-ийн гэрт өөрийнхөө машинтай очиж уулзсан юм. Тухайн үед И.Ж- бид хоёр дэлгүүр ороод 0,5 литрийн нэг шил архи аваад Бөхөн уулын хаяа руу машинтайгаа очиж зогсоход өмнө нь таньдаг Х.И.Ж- гэх залуугийн гэрийн гадна байсан болохоор тухайн найзыгаа дуудаж гаргаж ирээд бид гурав хамт архи уусан. Түүний дараа би нэлээн согтоод ирсэн болохоор И.Ж- нь миний машиныг жолоодоод дэлгүүрт очиж ахиж нэг 0,5 литрийн шил архи аваад манай гэрийн ойролцоо ирж зогсоод уусан юм. Түүний дараа би нэлээн согтсон болохоор зарим үйл явдлаа сайн санахгүй байна. Ямар ч байсан И.Ж- нь дүү рүүгээ утсаар залгаад хүрээд ир гээд дуудаж байсан ба И.Ж-ийн дүү нь ирэхдээ нэг 2 литрийн авч ирсэн санагдаж байна. Тэгээд би гэртээ яаж ирсэн, машинаа гэртээ яаж авч ирсэн асуудлаа сайн санахгүй байна. Ямар ч байсан И.Ж- намайг зодож байсан бөгөөд энэ үед И.Ж- намайг чулуугаар толгой руу цохиж, миний шүд өвдөж “шүд” гэж орилж байснаа санаж байна. Мөн тэр үеэр би газарт хэвтэж байхад эхнэр маань миний дээрээс дараад болиочээ гэж орилж байсныг санаж байна. Дараа нь миний толгой маш их өвдөж, толгойноос цус гарч байсан ба түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд би эмнэлэгт сэрээд миний толгой маш их өвдөж байсныг мэдэж байна. Тухайн үед би зогсож байх үед И.Ж- нь гартаа чулуу бариад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон бөгөөд энэ үед би доошоо тонгойх үед И.Ж- ахиад миний нүүр лүү доороос 2 удаа өшиглөсөн юм. Тухайн үед миний санаж байгаагаар И.Ж-ийн дүү нь байсан. Дараа нь гэр дотроос миний эхнэр гарч ирсэн, өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор яг юунаас болж хэрэлдэж маргалдсан асуудлыг санахгүй байна. Миний бодлоор хоёулаа согтуу байсан болохоор ямар нэгэн хараалын үг хэллэгээс болоод уурлаж зодолдсон байх гэж бодож байна. Миний хувьд найз И.Ж-т ямар нэгэн муу зүйл бодож, И.Ж-тэй уулзсан асуудал байхгүй. И.Ж- бид хоёр багаасаа нэг нэгийгээ таньдаг, багын найзууд болохоор И.Ж-тэй уулзаж ярилцаж сууя гэж бодоод очсон юм. Би И.Ж-т зодуулснаас болж миний тархи, толгой хөдөлсөн, толгойндоо 3 газар оёдол тавиулсан, нүдэнд цус хуралттай болсон. Тухайн үед нэлээн их цус гарсан болохоор даралт унасан гээд 4 өдөр эмнэлэгт хэвтсэн юм. Эмчилгээ хийлгүүлсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөх болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
22. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 24, 30 дахь тал/,
23. Гэрч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шөнийн 02 цагийн орчимд гаднаас найз болох И.Ж- гэх хүнтэй хамт нэлээн халамцуу архи, пиво уусан байдалтай ирсэн бөгөөд нөхөр маань намайг хоол халааж өг гэхэд нь би хоол халааж өгсөн юм. Энэ үеэр И.Ж- нь гараад явчихсан байсан ба удалгүй гаднаас И.Ж- ахиад ганцаараа орж ирээд манай нөхрийг И.Ж- нь ахиад нэг пиво байна гараад ирье гэж хэлэхээр нь би түүнд хандаж одоо болоо юм биш үү унтаж амралдаа гэж хэлэхэд И.Ж- нь зүгээрээ зүгээр гэж хэлээд ахиад манай нөхрийг дагуулаад гараад явсан юм. Түүний дараа цаг гаруй хугацааны дараа манай гэрийн гадна машинтай ирж зогсоод гэрийн гадна зогсож байгаад гэнэт хоорондоо зодолдох чимээ гарахаар нь би гэрээс гараад харахад манай нөхөр А.А- нь нэлээн согтуу газарт доошоо тонгойсон өвдөглөсөн байдалтай толгойгоо өргөж чадахгүй хэвтэж байсан. И.Ж- нь манай нөхрийг дээрээс нь хөлөөрөө толгой хэсэг рүү нь өшиглөж, гараараа цохиж, гартаа чулуу барьсан байдалтай цохиод байхаар нь би очоод И.Ж-т хандаж чи одоо болиочээ, манай нөхөр тасарсан байна шүү дээ, зодохоо болиоч гэж хэлэхэд И.Ж- нь хүч өгөхгүй, миний хэлсэн үгийг тоохгүй ахин дахин цохиж өшиглөөд байсан. Тухайн үед И.Ж-ийн хажууд бас нэг залуу байсан ба тухайн залуу анх салгах гээд оролдож байсан ба тухайн үед манай нөхөр уг залууд гар хүрсэн юм шиг байна лээ эргүүлээд манай нөхрийг бас бие рүү нь цохиж харагдсан. Тэр үед би өөрийг нь боль гэдгийг хэлээд цагдаад дуудлага өгсөн..., ...манай нөхөр И.Ж-т зодуулаад нүүр, толгой хэсэг нь дүүрэн цус болсон байсан. И.Ж-ийн духны хэсэгт шалбарсан бага зэрэг цус гарсан байдалтай байсан...”, “...манай нөхөр А.А- нь Улаанбаатар хотод барилгын компанид ажилладаг ба зуны улирал 8 дугаар сард амралтаараа Баян-Өлгий аймагт гэртээ ирж 1 сар амраад буцаад Улаанбаатар хот руу ажиллахаар яваад өгсөн юм. Одоо Улаанбаатар хотод, яг ямар байгууллага, компанид ажиллаж байгаа талаар надад хэлээгүй ямар ч байсан том эмнэлгийн шинэ барилга барьж байгаа, тухайн барилга дээр мужаанаар ажиллаж байгаа талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 105 дахь тал/,
24. Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаартай шинжээчийн “...А.А-ийн биед зулай, дагз, зүүн чамархай, зүүн өвдөгөнд шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэрэг болсон үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
25. Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн “...И.Ж-ийн биед тархины доргилттой, духны зүүн талд 3 ширхэг оёдолтой язарсан шархтай, хавантай, зүүн нүдний дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хавдартай, зүүн нүдэнд хавдартай, зүүн талын шанаа нүүрийг хамаарсан шалбарсан, хавдартай, зүүн чихний дэлбэнгийн урд хавдартай, зулгарсан, хавантай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун ба зүүн гарын алганы дээд гадаргууд хавдартай, хуруунуудын хөдөлгөөн хязгаарлагдсан, зүүн бугалгад хавдартай, цээжний зүүн талд хавантай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаатай тохирч байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
26. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-23-0058 дугаартай “...мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 2005 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2017 онд орж ирсэн “Honda civic” загварын тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэн солих шаардлагатай хойд болон зүүн урд хаалганы шил, засах шаардлагатай эд анги, материалын үнэ, ажлын хөлсийг нэг бүрчлэн хүснэгтэд оруулан тайлбартай үнэлгээг гаргав. Нийтдээ 750,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 86-89 дэх тал/,
27. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БӨА-23-0283 дугаартай “2023 оны 01-р сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 54,95 граммын мөнгөн хүзүүний зүүлт 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 135-139 дэх тал/,
28. Яллагдагч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх X.Ө-ий 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ...Миний бие өнөөдрийн байдлаар өмгөөлөгч сонгож аваагүй, прокурорын тогтоолтой танилцсан, болсон асуудлын талаар хохирогчийн мэдүүлэгт өгсөн, мөн тухайн үед би согтуу байсан, зарим зүйлийг одоо санахгүй байна, тийм болохоор мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
29. Яллагдагч И.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие прокурорын гаргасан тогтоолтой танилцлаа, уг тогтоолд иргэн А.А-ийг толгой хэсэгт нь чулуугаар цохисон гэж буруу бичигдсэн байна, тухайн үед би гараараа цохисон юм, энэ талаар мэдүүлэгтээ тодорхой тусгах болно..., ... Миний бие Баян-Өлгий аймагт хувиараа клубийн дасгалжуулагч ажилтай бөгөөд эхнэр хүүхдүүдийн хамт Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг юм..,, ...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би ажлаа тараад оройн 17 цаг өнгөрч байх үед миний утас руу фейсбүүк чат руу хуучны найз болох А.А- нь над руу ярьж уулзъя, би танай гэрийн гадна ирсэн байна гэж хэлсэн юм. Тэгээд би хоолоо идэж дуусаад гэрээс гараад очих үед А.А- нь өөрийнхөө машинтай ганцаараа ирсэн байсан ба бид хоёр хамтдаа 2 литрийн 2 ширхэг шар айраг авч Бөхөн уулын бэлд очиж юм ярилцаж уг шар айргийг хувааж уусан юм. Тэгээд цаг нэлээд оройтсон байсан ба А.А-ийн гэрийн хажууд ирээд би А.А-ийг машинаас нь буулгаад гэр лүү нь оруулаад, өөрийнхөө дүү рүүгээ утсаар ярьж намайг ирж аваарай гэж хэлсэн. Энэ хооронд ч манай дүү миний машиныг унаад ирсэн байсан ба би машиндаа орж суугаад явах гэхэд А.А- нь араас ирж надтай зууралдаж “...чи муу явах болоогүй, чи багадаа намайг зоддог байсан..” гэх зэргээр намайг явуулахгүй байхаар нь би арай хийж түүнийг аргалаад өөрийнхөө машинд ороод машин яг хөдлөөд явах үед А.А- нь машины араас ирээд миний машины арын цонхыг чулуугаар цохисон. Энэ үед манай дүү машинаа зогсоох үед А.А- нь машин тойроод миний сууж байсан талын хаалганы цонхыг ахиж чулуугаар цохиж хагалаад, машины урд шанаа /крило/-г хөлөөрөө өшиглөж, намайг машинаас хүчээр чирч гаргаж ирээд надтай зууралдсан. Тэгээд А.А- бид хоёр хоорондоо зодолдож эхлээд А.А- газарт унасан. Дараа нь би газарт унаад бид хоёр тухайн газарт нэлээд зодолдсон бөгөөд А.А-ийн эхнэр нь гэрээсээ гарч ирээд бид хоёрыг салгаж, цагдаа болон түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламжийн машин ирээд А.А-ийг эмнэлэг рүү авч явсан бөгөөд түүний араас нь цагдаагийн машин ирээд намайг аваад цагдаагийн газарт авч ирсэн юм..., ...Тухайн үед А.А- бид хоёр нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж, ээлжилж нэгнийхээ толгой хэсэг рүү нь гараараа цохисон. Тухайн үед бид нэлээд удаан зодолдсон..., ...Би тэр үед өөрийгөө маш сайн мэдэж байна, ямар ч байсан би А.А-ийг зодохдоо гартаа ямар нэгэн чулуу, зэвсгийн чанартай зүйл бариагүй, гараараа цохисон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-131 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт.
30. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
31. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
32. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
33. Шүүгдэгч А.А- нь хохирогч И.Ж-ийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зулай, дагз, зүүн чамархай, зүүн өвдөгөнд шарх, зүүн доод зовхинд цус хуралттай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
34. Шүүгдэгч И.Ж- нь хохирогч А.А-ийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед тархины доргилттой, духны зүүн талд 3 ширхэг оёдолтой язарсан шархтай, хавантай, зүүн нүдний дээд, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хавдартай, зүүн нүдэнд хавдартай, зүүн талын шанаа нүүрийг хамаарсан шалбарсан, хавдартай, зүүн чихний дэлбэнгийн урд хавдартай, зулгарсан, хавантай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун ба зүүн гарын алганы дээд гадаргууд хавдартай, хуруунуудын хөдөлгөөн хязгаарлагдсан, зүүн бугалгад хавдартай, цээжний зүүн талд хавантай гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
35. Шүүгдэгч А.А-, И.Ж- нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
36. Иймд шүүгдэгч А.А-, И.Ж- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
37. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3. “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заажээ.
38. Шүүгдэгч А.А- нь хохирогч И.Ж-тэй маргалдаж, улмаар түүний биед хөнгөн хохирол учруулах явцад түүний эзэмшлийн ...... УБЦ улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийн хойд шил, зүүн хаалганы шил, зүүн урд шанаа /крило/-г чулуу шидэж, гараараа цохин, хөлөөрөө өшиглөж хууль бусаар устгаж, гэмтээж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчиж, түүний эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.
39. Тодруулбал шүүгдэгч А.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн идэвхтэй үйлдлээр хохирогч И.Ж-ийн эзэмшлийн эзэмшлийн ...... УБЦ улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийн хойд шил, зүүн хаалганы шил, зүүн урд шанаа /крило/-г чулуу шидэж, гараараа цохин, хөлөөрөө өшиглөж хууль бусаар устгаж, гэмтээсэн нь тогтоогдож байх ба хохирогч И.Ж-т учирсан хохирол шүүгдэгч А.А-ийн гэм буруутай үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байна.
40. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгодог байна.
41. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.А-ийн эд хөрөнгөд 1000.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож байх ба энэ нь дээрх хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол юм.
42. Шүүгдэгч А.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.А-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
43. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, шүүгдэгч нарын таарамжгүй харилцаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал зэрэг нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
44. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
45. Шүүгдэгч А.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Ж-ийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөнд хохирол учирсан байх ба хохирогч И.Ж-ээс 1000.000 төгрөг нэхэмжилжээ.
46. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-23-0058 дугаартай “...мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 2005 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2017 онд орж ирсэн “Honda civic” загварын тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэн солих шаардлагатай хойд болон зүүн урд хаалганы шил, засах шаардлагатай эд анги, материалын үнэ, ажлын хөлсийг нэг бүрчлэн хүснэгтэд оруулан тайлбартай үнэлгээг гаргав. Нийтдээ 750,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 86-89 дэх тал/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БӨА-23-0283 дугаартай “2023 оны 01-р сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 54,95 граммын мөнгөн хүзүүний зүүлт 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 135-139 дэх тал/-ийг тус тус үндэслэн шүүгдэгч А.А-ээс 1000.000 төгрөг гаргуулан хохирогч И.Ж-т олгож шийдвэрлэв.
47. Харин хохирогч А.А- нь шүүгдэгч И.Ж-ээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч И.Ж-ийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
48.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч И.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгж буюу 650,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгж буюу 750,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 1400 нэгж буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
49. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч И.Ж-ээс “Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 3 хүүхэдтэй. Торгох ял хүнд байна” гэх хүсэлтийг,
50. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.А-ээс “Эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг гаргасан болно.
51. Шүүгдэгч И.Ж-, А.А- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
52. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
53. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Ж-, А.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
54.Шүүгдэгч А.А- нь хувийн байдлын хувьд урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 48-63 дахь талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар, шүүгдэгч И.Ж- нь хувийн байдлын хувьд урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 66-70 дахь талд авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар зэргээр тус тус тогтоогдож байна.
55. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ж-ийг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
56. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгж буюу 650000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 1400 нэгж буюу 1400.000 төгрөгөөр тогтоов.
57. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд, шүүгдэгч И.Ж-т оногдуулсан 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
58. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч И.Ж-, А.А- нарт сануулах нь зүйтэй.
59. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч И.Ж-, А.А- нар нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
60. Шүүгдэгч А.А-, И.Ж- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч А.А-т авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт И-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч С овогт А-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ж-ийг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 1400 нэгж буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 1400 нэгж буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, шүүгдэгч И.Ж-т оногдуулсан 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч И.Ж-, А.А- нарт сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А-ээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч И.Ж-т олгосугай.
7. Шүүгдэгч И.Ж- нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч А.А-, И.Ж- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч А.А-т авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК