| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/66 |
| Огноо | 2024-03-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/66
2024/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Бд холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн. ............... сумын .............. баг ......................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Эын Б /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдсэн эмнэлгийн гадаах зогсоолд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Ө.Б нь өөрийн эзэмшлийн 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ай фоне 12 загварын гар утсаа хаясан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдсэн эмнэлгийн гадаах зогсоолд хохирогч Ө.Б өөрийн эзэмшлийн 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Ай фоне 12 загварын гар утсаа хаяж гээгдүүлсэн, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж нууц үгийг нь гаргуулж, Ай Ди хаяг шинээр нээлгүүлэх зэргээр тухайн гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ө.Б “...Би 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 08 цаг 50 минутын үед хүргэж өгөөд өөрийн ажил руу ганцаараа машинтай явсан. Тухайн үед би өөрийн гар утсаараа яриад, гар утсаа оролдоод явж байгаад 09:00 минутын үед эмнэлгийн хашааны машины зогсоолд өөрийн машинаа байрлуулж үлдээгээд ажил руугаа орсон. Ажлын хаалгаар орох үед 09:05 минут болж байсан. Тэгээд би шууд ажлынхаа өрөө рүү ороод хувцсаа солиод гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд сувилагчаараа өөрийн гар утас руу залгуулах үед миний гар утас холбогдохгүй байсан. Өөрийн гар утас руугаа 5 минутын дараа л залгахад холбогдохоо больчихсон байсан. Би гадаа байсан машин руугаа гараад машин дотроо үзэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд би өөрийн гар утсаа гээсэн гэдгээ мэдсэн. Би машинаасаа буух үедээ хувцасныхаа халааснаас өөрийн гар утсаа унагаасан байх гэж бодож байгаа. Мөн тухайн үйл явц ойролцоогоор 5 минутын хооронд л болсон байх. Миний гар утас Ай фоне 12 маркийн гар утас байсан. Цагаан өнгөтэй, сэв зураас багатай утас байгаа. Миний гар утасны доод хэсэг болон зүүн талаар бага зэрэг сэвтэй. Би өөрийн гар утсаа хараад танина. Би өөрийн гар утсаа 2022 онд Улаанбаатар хотын “Тэди” төвөөс 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар тал/, хохирогч Ө.Б дахин өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй. Би гээгдүүлсэн гар утсаа буцаан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/, яллагдагч Э.Бгийн өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сард хүүхдээ эмчлүүлээд Архангай аймгийн эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа эмийн сан орох гээд гарсан чинь нэгдсэн эмнэлгийн автомашины зогсоол хавьд цасанд дарагдаж бохирдсон гар утас байхаар нь аваад харахад хар өнгийн кейстэй, цагаан Ай фоне 12 маркийн гар утас байсныг авсан. Тэгээд хэд хоногийн дараа эмнэлгээс гараад утас засварын газар очиж код тайлуулж, өөрийн ..................дугаарын юнителийн сим карт хийж 20 орчим хоног ашиглаж байхад цагдаагаас утсаар холбогдсон. Тэгээд олоод ашиглаж байсан утсаа эзэнд нь буцаан өгсөн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хасу худалдааны төвөөс хойд замын зүүн талд байдаг утас засварын газарт 40.000 төгрөг өгч код гаргуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна би бусдын гээгдэл эд зүйлийг олсон бол ашиглаж болохгүй гэдгийг мэддэггүй байсан. Миний хийсэн үйлдлийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү....” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар тал/
Дамно ХХК-ийн АЦ-24-36 дугаартай 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2023 оны 12 дугаар сары зах зээлийн үнэлгээ нийт 1.000.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 35-39 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийдэггүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас эзэмшилд шилжсэний дараа завших, шамшигдуулах, захиран зарцуулах сэдэлтээр илэрдэг.
Шүүгдэгч Э.Бгийн гар утас бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж бусдын гар утсыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бг гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Иймд шүүгдэгч Э.Бг гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч О.Бд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Бг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР