| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/63 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/63
2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Нийн Бт холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт .................аймгийн ...............сумын ............... баг .................. гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 7/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг эдэлж дууссан, Х овогт Нийн Б /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Мөстийн ар гэх газар 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ц.Р нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болон 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Мөстийн ар гэх газар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Рыг баруун гараараа зүүн шанаа хэсэгт 3 удаа, гараа атгаж байгаад хамар хэсэгт нь 2 удаа мөн зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисны улмаас хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Рын “...Би Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрж өссөн хүн байгаа юм. Би 2021 оны 5 дугаар сард Архангай аймгийн төв болох Эрдэнэбулган суманд Алтарган гэх талхны цехэд талх шарагчаар ажилд орсон юм. Тус оны 11 дүгээр сард манай Алтарган талны цехэд Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Б талх шарагчаар ажилд ороод би Бтой танилцаж хамтран амьдарч эхэлсэн юм. Тэгээд Боос хүүхэдтэй болчихсон. 2022 оны 03 дугаар сард Б намайг жирэмсэн болсон учир намайг хаяаад Архангай аймгийн Өлзийт сум руугаа яваад өгсөн. Би тус оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрж охинтой болсон. Би Бт охинтой болсон талаараа хэлсэн гэхдээ хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. 2023 оны 02 дугаар сард цагаан сар болж байх үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арслан цохионы 01-03 тоотод байж байх үед над дээр Б хүрч ирсэн. Тэгээд буцаад Бтой хамтран амьдарч эхэлсэн. Тус оны 04 дүгээр сараар эхэлж Б намайг аймгийн төвийн Арслан цохионд байгаа хашаа байшингаа зарчих, хамтдаа манай Өлзийт суманд очиж мал маллаж амьдаръя гэж хэлсэн. Би эхэндээ зөвшөөрөөгүй, 2023 оны 05 дугаар сард Бын төрсөн дүү Баянжаргал гэх хүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 01-03 тоот хашаагаа 10.000.000 төгрөгөөр зараад 2023 оны 06 дугаар сард Быг дагаж Өлзийт сумын Байшир багийн Мөстийн ар гэх газар гэр бариад амьдарсан. Би өөрөө дагавар 2 хүүхэдтэй, Буян-Очрын нэг охинтой, одоо 9 сартай, Б нь дагавар 1 хүүхэдтэй, бид хоёр нийлээд 4 хүүхэдтэй Өлзийт суманд амьдарсан. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Мөстийн ар гэх газар жижиг гэртээ байж байх үед том гэрээс миний төрсөн охин С орж ирээд аав Б нь монгол архи ганцаараа уугаад байна гэж хэлсэн. 13 цагийн үед манай нутгийн Б гэж дууддаг ах манайд ирээд Бтой цуг гараад 15 цагийн үед ганцаараа маш их согтолттой гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байтал гар утас нь дуугарч Б нь нэг эмэгтэй хүнтэй ярьж байсан. Би хэнтэй ярьж байгааг асуутал хэн ч байсан чамд ямар хамаатай юм гэж хэлээд гэрээс гараад жижиг гэр рүү орсон. Төд удалгүй жижиг гэрээс С 9 сартай Н тэвэрчихсэн, Н уйлчихсан байдалтай гарч ирсэн. Би Сэс яагаад Н уйлсан талаар асуух үед аав Б нь Н хацар руу алгадсан гэж С надад хэлсэн. Би Б дээр очоод яагаад ийм үйлдэл гаргаад байгаа талаар асуух үед Б нь чамд ямар хамаатай юм. Чамайг ална, чи зайл гичий минь гэж хэлээд намайг баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт 3 удаа гараа атгаж байгаад цохисон, миний хамар тус газар 2 удаа цохиж, миний хамраас цус гарсан, намайг зайлаарай гэж хэлэхээр нь за би зайлаад өгье гэж хэлэхэд Б чамайг тийм амархан зайлуулахгүй гэж хэлээд хадаасны алхаар зүүн шанаа хэсэгт цохисон. Би тухайн үед цагдаа дуудах гээд Б ахынд очсон. Би юу болсон талаар Бд хэлэх үед Б сумын эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Төд удалгүй Б мотоциклтой согтуу хүрээд ирсэн. Тэгээд би цагдаа дуудаж чадаагүй юм. Б гэх хүнийг би жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй. Манай хамтран амьдрагч тэгж дуудаад байдаг. Тухайн өдөр намайг манай хамтран амьдрагч болох Б нь машин дотор өөрийн тохойгоор миний хамар хэсэг рүү хоёр удаа цохиход хамраас цус гарсан. Мөн амны баруун дээд хэсэг рүү тохойгоороо нэг удаа цохисон. Миний том охин болох С бага охин болох Н хоёрыг мөн зодож танхайрсан. Ер нь манай нөхөр байнга утас оролдлоо цагдаа дуудчихсан юм уу гээд дарамтлаад утас руу ойртуулдаггүй, зодох гээд байдаг болохоор би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 дугаар тал/, хохирогч Ц.Рын дахин “...Би тухайн үед уур хүрсэн байсан болохоор хадаасны алхаар цохисон гэж худал мэдүүлсэн. Тэрнээс бол намайг гараараа л цохисон. Бид хоёр эвлэрсэн бидний хооронд одоо ямар нэгэн маргаан байхгүй бид учир зүйгээ олсон. Би сэтгэцэд учирсан гэм хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 дүгээр тал/, гэрч Т.Жын “...намайг ирэхэд Рын ах дүү нар ирчихсэн гэрээ ачаад явж байсан. Намайг хот руу явахаас өмнө 6 сар Р гэрээ Өлзийт сумын Байшир багийн Мөстийн ар гэх газар ирж буусан юм. Би Бын дүү Ягаас Рыг яагаад нүүж байгаа талаар асуухад Я нь “Б 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 08 дугаар сарын 01-ний өдөр зодсон байна лээ, нүүр нь хавдаад ах дүү нар нь Рыг авч явж байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/, гэрч Ч.Бгийн “...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд би малдаа явчихаад гэртээ ороод ирсэн чинь Бын эхнэр болох Р гэх эмэгтэй манай гэрт 2 хүүхдийн хамт ирчихсэн байсан. Тэгээд ороод ирэхэд Рын нүүр нь хавдчихсан, айчихсан, уйлсан байдалтай байж байсан. Тэгээд “юу болов, яасан бэ” гэж асуухад намайг Б зодчихлоо гэсэн. Тэгээд Б төд удалгүй манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн ороод ирэхээр нь би эхнэрээ яаж байгаа юм гээд хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар тал/, гэрч Ч.Эгийн “...Р орж ирээд Б намайг зодоод байна, намайг алах гээд байна гэж маш их хөлс цувсан, сандралтайгаар хэлсэн. Тэгэхээр нь би “яагаад ингэсэн юм, нүүр ам чинь яагаад ийм аймаар болчихсон юм” гэж хэлсэн. Нүүр ам нь булдруу болчихсон, зүүн шанаанаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би гэртээ ажилтай байсан болохоор Б гэх айлд Рыг хоёр хүүхдийнх нь хамт үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дугаар тал/, яллагдагч Н.Бын “...Би прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би санал нийлж байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар тал/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 276 дугаартай “...Ц.Рын биед хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23- 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Рыг зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Н.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Рын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Нийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР