| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0058/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/61 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 25.4.1., 25.5.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/61
2024/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Р.Ц
Шүүгдэгч: Н.Ц, Э.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Нийн Ц, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эийн Г нарт холбогдох эрүүгийн ........................ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Цахилгааны инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, .................. аймгийн ................ сум, ............... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Эийн Г /РД:................./,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ...........аймгийн ............... сум, ..................... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Нийн Ц /РД:...................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ц нь 2023 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрт орших “Г” гэх газарт малаа хариулж явахдаа хууль бусаар археологи палентлогийн малтлага хийж, Хүннүгийн үед буюу Нийтийн тооллын өмнөх 209 оноос Нийтийн тооллын 93 оны үед хамаарах 1 ширхэг шавар ваарыг хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 09 дүгээр сард нөхөр Н.Цын малаа хариулж явахдаа Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрт орших “Гол мод-1” гэх газарт хууль бусаар археологи, палентлогийн малтлага хийж Хүннүгийн үед буюу Нийтийн тооллын өмнөх 209 оноос нийтийн тооллын 93 оны үед хамаарах 1 ширхэг шавар ваарыг олж гэртээ авч ирснийг бусдад худалдаалахаар өөрийн “Г” гэх фейсбүүк хаягаар ваарны зургийг тавьж, “Ийм зүйл байна” гэж сэтгэгдэл бичсэн, худалдан авагч хайсан, мөн Архангай аймгийн Хайрхан сумын төвд хүнд худалдахаар тохиролцож худалдахыг завдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ц нь 2023 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрт орших “Г” гэх газарт малаа хариулж явахдаа хууль бусаар археологи палентлогийн малтлага хийж, Хүннүгийн үед буюу Нийтийн тооллын өмнөх 209 оноос Нийтийн тооллын 93 оны үед хамаарах 1 ширхэг шавар ваарыг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 09 дүгээр сард нөхөр Н.Цын малаа хариулж явахдаа Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрт орших “Г” гэх газарт хууль бусаар археологи, палентлогийн малтлага хийж Хүннүгийн үед буюу Нийтийн тооллын өмнөх 209 оноос нийтийн тооллын 93 оны үед хамаарах 1 ширхэг шавар ваарыг олж гэртээ авч ирснийг бусдад худалдаалахаар өөрийн “Г” гэх фейсбүүк хаягаар ваарны зургийг тавьж, “Ийм зүйл байна” гэж сэтгэгдэл бичсэн, худалдан авагч хайсан, мөн Архангай аймгийн Хайрхан сумын төвд хүнд худалдахаар тохиролцож худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ан “...Археологич мэргэжлээрээ ШУА-ийн Археологийн хүрээлэнд 10 орчим жил ажиллаж байсан бөгөөд одоо Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт Түүх, соёлын үл хөдлөх дурсгал, соёлын аялал жуулчлал, шашны өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжитнээр мөн тус яамны дэргэдэх палентологи болон археологийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 4 дэх жилдээ ажиллаж байна. Товчхондоо бол палентологи болон археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл болон дурсгалт газар, дурсгалт зүйлийн талаар нарийн мэдээлэлтэй, энэ чиглэлээр судалгаа хийдэг гэж ойлгож байна. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд археологийн олдвор нь Түүх, соёлын хөдлөх дурсгал зүйл буюу соёлын биет өвд хамаарна. Мөн хуулинд олдвор гэдэг нь түүх, соёл шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн гэж заасан байдаг. Хуулиар археологийн олдворыг худалдаж, борлуулахыг хориглодог. Учир нь Монгол Улсын түүхийн гэрч болж газрын хөрсөнд он удаан жил хадгалагдсан археологийн олдворыг иргэн хүн өмчлөх ёсгүй, төрийн өмч байж шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд, музейн үзмэрт ашиглагдаж байх ёстой.
...Археологийн олдворыг худалдаж, борлуулахыг завдсан, цаашлаад энэхүү одлворыг хууль бусаар ухаж гаргасан дурсгалыг тонож, сүйтгэсэн нь тухайн дурсгалыг шинжлэх ухааны талаас нь судлах, эргэн сэргээх ямар ч боломжгүй болгож байгаа нь соёлын өвд маш ноцгой хохирол учруулж байна гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл бидний өвөг дээдэс болох Хүннү гүрний үед холбогдох одоо бидэнд мэдэгдэхгүй байгаа маш чухал баримтыг үгүй хийсэн, нээж олох боломжийг устгасан байхыг үгүйсгэхгүй юм. Иймээс буруутай этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, хураан авсан соёлын биет өвийг зохих байгууллагад шилжүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/,
Гэрч Д.Эийн “...Манай охин Г өнөөдөр намаиг гэрт байхад сумын төв орох гэсэн юм та машинтайгаа хүргээд өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би өөрийн 84-44 ОРХ улсын дугаартай машинаа аваад охиноо аваад хөдөлсөн. Манай охин нэг ваар байгаа юм түүнийг зарах гээд байна гэж хэлсэн. ...Бор өнгийн бөөрөнхий ваар байсан. Манай хүргэн болох Ц нь 2023 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Хайрхан сумын гол модны ойролцоох газраас элсэн дунд байхаар нь ухаж гаргаж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-11 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-26 хуу/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх- ийн 14-15 хуу/,
Э.Гын фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 хуу/,
Шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл /хх-ийн 47-57/,
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Цын хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Э.Гын соёлын биет өвийн хууль бус худалдааг явуулахаар завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Цыг хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Э.Гыг соёлын биет өвийн хууль бус худалдааг явуулахаар завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Н.Цыг хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн, шүүгдэгч Э.Гыг соёлын биет өвийн хууль бус худалдааг явуулахаар завдсан гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шавар ваар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнд хадгалагдаж байгаа бөгөөд шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Ц, Э.Г нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Цыг хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага хийсэн, шүүгдэгч Э.Гыг соёлын биет өвийн хууль бус худалдааг явуулахаар завдсан гэм буруутайд тус тус тооцон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шавар ваарыг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнд хадгалж байгаа, эд мөрийн баримтаар хураагдсан шавар ваарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулахаар Соёлын яаманд шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ц, Э.Г нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд, гэмт хэргийн шинж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ц Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Цыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Э.Гыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар архелоги, патентологийн хайгуул, малтлага хийх, шүүгдэгч Б овогт Эийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан соёлын биет өвийг хууль бус худалдааг зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ц, Э.Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/төгрөгөөр торгох ял оногдуулсан ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шавар ваарыг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнд хадгалж байгааг дурьдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шавар ваарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулахаар Соёлын яаманд шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Н.Ц, Э.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ц, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР