| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0056/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/59 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/59
2024/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.А
Иргэний нэхэмжлэгч: М.С /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.А
Шүүгдэгч: Г.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Гын От холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............... аймгийн ............... сумын ..................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Гын О /РД........................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Цэнхэр сумын 3 дугаар багийн нутаг, Шийрт гэх газарт 2023 оны 09 дүгээр сарын 20-ноос 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд иргэн Г.О нь хууль бусаар газрын хэвлийд халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж байгаль орчинд 13.736.637 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ноос 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын 3 дугаар багийн нутаг, Шийрт гэх газарт хууль бусаар газрын хэвлийд халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 13.736.637 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тийн “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн ..................тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан экологи эдийн засгийн хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн ................ тоот дансанд тушаах ёстой байдаг. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Б.Чийн “...О нь Бгээр дамжуулж миний техник хэрэгслийг түрээслэсэн хүн байгаа юм. Болсон асуудлын хувьд гэвэл миний бие уул уурхайн техник төхөөрөмж болох өөрийн эзэмшлийн 30-49 ӨВР улсын дугаартай Дейво маркийн тээврийн хэрэгсэл, 05-40 ӨВЕ улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслүүдийг түрээсэлдэг юм. 2023 оны 09 дүгээр сарын дундуур миний нутгийн танил дүү Б над руу залгаад “1 экскаватор, 2 хүнд даацын машин механизм хэрэгтэй байна, та олж өгөөч, түрээслэх гэсэн юм” гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би тодруулж асуухад Бгийн найз О нь хорт хавдартай болохоор хүнд тусалж ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй газар нь ашигт малтмал олборлох гэж байгаа юм гэсэн. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын дундуур Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гэртээ байхад Б ирж миний техникээ байрлуулдаг хашаанаас миний эзэмшлийн 30-49 ӨВР улсын дугаартай Дайво маркийн тээврийн хэрэгсэл, 05-40 ӨВЕ улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслүүдийг түрээслэхээр авч явсан байдаг. Мөн би Өвөрхангай суманд байх танил ах Д рүү очиж түүний эзэмшлийн экскаваторыг нь 1 сарын 16.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж дараа нь мөнгийг нь өгөхөөр тохирч аваад Архангай аймгийн Цэнхэр сум Шийрт гэх газар руу ачааны машинд ачуулаад өгч явуулсан. Би Бгээр дамжуулан От Дейво маркийн ачааны машиныг 18.000.000 төгрөгөөр, Синотрак маркийн ачааны машиныг 25.000.000 төгрөгөөр, Дийн экскаваторыг 20.000.000 төгрөгөөр түрээсэлсэн. Гэхдээ О нь ажлаа хийж ашгаа олоод мөнгийг нь өгнө гэж тохирсон боловч одоогоор надад түрээсийн мөнгө огт өгөөгүй байгаа. Учир нь ашигт малтмал олборлоод ашиг олоогүй байж байгаад цагдаад баригдсан юм байна лээ. Надад мөнгөний хэрэг гараад 2021 оны зун өөрийн 05-40 ӨВЕ улсын дугаартай Синотрак маркийн ачааны машиныг Тбанк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад зээл авчихсан юм. Би Оаас одоогоор өөрийн эзэмшилд байгаа Дейво маркийн ачааны машиныг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/, Иргэний нэхэмжлэгч М.Сийн өгсөн: “...манай байгууллагын өмч болох 05-40 ӨВЕ улсын дугаартай Синотрак маркийн автомашиныг иргэн Ч нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагын Өвөрхангай аймаг дахь салбараас 300.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний дагалдан гэрээ болох фидуцийн гэрээний дагуу дээрх автомашиныг Ч нь ашиглаж, захиран зарцуулах эрхтэй боловч автомашины эзэмшигч нь Тбанк бус санхүүгийн байгууллага юм. Иймд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгө биш тул хууль ёсны эзэмшигчид автомашиныг өгч, улсын орлого болгохгүй байхыг хүсч байна. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сард дуусах тул үндсэн зээлдэгч болох Ч нь гэрээнд заасан графикийн дагуу сар бүр төлөлт хийх үүрэгтэй байгаа. Иймээс барьцаа хөрөнгийг эзэмшигч болох Тбанк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж өгөхийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ч нь зээлээ төлж барагдуулсаны дараа бол автомашины хууль ёсны эзэмшигч болох ба одоогоор 150.400.000 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй байгаа. Тухайн автомашинтай хамт өөр эд хөрөнгө барьцаалсан байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/, Гэрч Г.Бгийн өгсөн:... Би өөрөө хувиараа Уул уурхайн техник хэрэгсэл болох Экскаватор, Хово, Квош зэрэг түрээслэх ажил хийдэг юм. Миний найз болох О нь Архангай аймгийн Цэнхэр сумын харъяатай боловч одоо Өвөрхангай аймагт ажиллаж амьдардаг. Нэг өдөр миний найз болох О над руу залгаад найз нь хорт хавдар тусаад хүн амьтнаас мөнгө олдохгүй хэцүү байна. Тэгээд Өвөрхангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн орон нутгийн газар дээр “Нөхөрлөлийн Д” гэх төрийн бус байгууллагад материалаа өгсөн байгаа, удахгүй шийднэ ирчих байх. Тэгэхээр техниктэй хүн хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн хуурай ах болох Чтой холбож өгсөн. Би яагаад Чтой холбож өгсөн гэвэл би тухайн хүнээс мөнгө авах байсан юм, тэгээд нэг талдаа найздаа тус болоод нөгөө талаараа өөрөө Ч ахаас мөнгө авчих санаатай тухайн газар 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр бид нар бөөндөө цуг ирсэн. Бид нар нэг өдөр нэг шөнө дээж үзсэн юм гарч ирэхгүй болохоор нь буцаад явах гэж байгаад техникүүдээ эвдээд хот руу сэлбэг захиалаад хүлээж байсан юм. Би яг энэ хугацаанд бол ирж буцаад л байж байсан намайг байхгүй байхад бол ажиллаагүй аймаг, сумаас нь байнга шалгалттай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/, гэрч Б.Тын өгсөн “..нийт 20 гаруй хоноход 7 орчим хоног олборлолт хийсэн. Би энд техник хэрэгслийг болон түлш хариуцан ажилладаг учир өөр зүйлийн талаар мэдэхгүй. Би энэ газарт нэг сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажилдаг. Энэ газарт ажиллаж эхэлснээс хойш 9 тонн орчим түлш ашигласан. Энэ нөхөрлөлийг хариуцагч нь О гэх хүн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/, Гэрч П.Бгийн өгсөн:..би энэ газарт 2 хоногийн өмнө тогооч хийхээр ирсэн юм. Намайг ирснээс хойш олборлолт хийгээгүй. Энэ газарт О гэх залуу бүх ажилчдыг хариуцан ажиллуулдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/, Гэрч Г.Дийн өгсөн: “...ирсэн өдрийнхөө маргааш нь 2 удаа шороо зөөж угаасан. Тэгээд Хова эвдрээд нэг хоног засаад өнөөдөр ажилд орсон. Тэгээд өдөр бид нарыг хариуцаж байгаа Улаанаа ах өглөө хойноос буугаа гаргаж авъя гэж хэлэхээр нь би техникээ асаагаад ирсэн. Өөр алт угаасан зүйл байхгүй. Би яг том захирлыг нь мэдэхгүй байна, зарын дагуу утсаар ярьж байгаад ажилд орсон. Би ажлын эхний өдөр асуухад ямар ч асуудал байхгүй, бүх зөвшөөрөл нь байгаа гэж хэлж байсан. Би яг зөвшөөрөл энэ тэрийг нь нүдээр үзэж хараагүй..гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/, Гэрч А.Тын “...Би 09 сарын сүүлээр тухайн газарт очоод байж байгаад 10 дугаар сарын эхээр нэг л өдөр тухайн кемп байрлаж байсан газраас зүйн хойд зүгт байх газраас шороо ачиж тухайн газарт байсан алт угаах төхөөрөмж рүү миний санаж байгаагаар 10 орчим удаа зөөвөрлөсөн юм. Тухайн газарт шороо зөөвөрлөх болон бусад үйл ажиллагааг тэнд байсан О гэх залуу удирдан зохион байгуулж ажиллаж байсан юм. Тухайн газарт миний барьж байсан Хово маркийн тээврийн хэрэгслээс гадна ачааны тээврийн хэрэгсэл байсныг манай Өвөрхангайн Д гэх залуу жолоодож байсан, шороо ачиж байсан экскаваторыг тэнд байсан Ч жолоодож байсан тэрнээс өөр Б, О нар байсан тэрнээс өөр хүн техник хэрэгсэл байгаагүй. Миний мэдэж байгаагаар тухайн газраас алт олборлосон эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн газар урьд өмнө нь шороо зөөвөрлөж ажиллаж байсан зүйл байхгүй. Тухайн үед миний жолоодож шороо зөөвөрлөсөн Хово маркийн тээврийн хэрэгсэл 05-40 ӨВЕ улсын дугаартай байсан. Тухайн үед Б тухайн газар ямар үйл ажиллагаа явуулах талаар мэдэгдээгүй, шороо зөөвөрлөх талаар л хэлсэн. Зөвшөөрөлтэй эсхүл зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан талаар хэлж ярьж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 58-59 дүгээр тал/, Гэрч Х.Дн өгсөн: “...Архангай аймгийн Цэнхэр сумын Шийрт гэх нэртэй газарт 09 дүгээр сарын 20-ны үед Б холбогдож жолоочийн ажил байна та жолооч хийгээд өгөөч гэж дуудаад тэр газарт жолооч хийхээр очиж миний санаж байгаагаар тэр газарт 20 орчим хоносон юм. Би тухайн газарт байх хугацаандаа нэг л өдөр тухайн байрлаж байсан газрын ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт байх газраас шороо зөөх ажлыг тухайн газарт байсан ачааны автомашинаар миний санаж байгаагаар зүүн хойд талаас хэдэн метр орчим зайд байсан экскаваторын хажуу талд сул асгасан юм. Тэрнээс өөр ажил үүрэг хийж гүйцэтгээгүй. Тухайн үед шороо зөөж асгах талаар үүрэг чиглэлийг тухайн газарт байсан О гэх хүн үүрэгч чиглэл өгч зөөлгүүлсэн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/, Г.Оын яллагдагчаар мэдүүлсэн “...Би эхнэр А, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9-8-87 тоотод оршин суудаг. Миний эхнэр А нь аймгийнхаа их сургуульд багш мэргэжлээр ажилладаг, харин би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт байх өөрийн малыг төрсөн дүүгээрээ маллуулдаг ба зундаа өөрөө очиж малладаг. Учир нь би Архангай аймгийн уугуул иргэн ба эхнэр А маань Өвөрхангай аймгийн уугуул болохоор эхнэрийнхээ нутагт амьдардаг юм. Болсон асуудал гэвэл би 2018 онд улаан хоолойн хорт хавдартай гэж оношлогдож 2019 онд Хөх хотод очиж хагалгаанд орж эмчлүүлж байсан ба 2023 оны 03 дугаар сард дахин улаан хоолойгоо үзүүлэхэд хавдар дахин ургасан тул Солонгос улс руу 350.000.000 төгрөгийн зардалтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон байдаг. Ингээд 2023 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Цэнхэр сум Шийрт гэх газарт малаа маллахаар очсон байсан ба тухайн үед “Д” төрийн бус байгууллага нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл авах сонирхолтой нутгийн иргэдийг цуглуулж сургалт орж, зөвшөөрлийг нь өмнөөс нь хөөцөлдөнө гэж байсан. Тухайн үед нь би хамаатны дүү нарынхаа хамт тухайн сургалтанд суусан ба манай хамаатны дүү нар нөхөрлөл байгуулаад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл авахаар бичиг баримтаа “Д” төрийн бус байгууллагад өгсөн. Ингээд зөвшөөрөл гарчих юм бол би дүү хамаатны дүү нартайгаа хамтарч туслаад ашигт малтмал олборлоно гэсэн бодолтой байсан боловч зөвшөөрөл гараагүй. Ингээд байж байтал 2023 оны 09 дүгээр сард нутгийн найз болох Б манай гэрт ирэхээр би түүнд нь хагалгааны зардал олох хэрэгтэй болсон тул Цэнхэр сумын “Шийрт” гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гээд зөвшөөрөл хөөцөлдөж байгаа удахгүй гарчих байх уул уурхайн техник хэрэгсэл болох экскаватор, хово, хүнд машин механизм зэргийг түрээслээч гэж гуйсан. Үүний дагуу Б намайг Ч гэх уул уурхайн техник хэрэгсэлтэй хүнтэй холбож өгсөн байдаг. Тухайн үед би түрээсийн мөнгөгүй байсан тул найз Бгээр дамжуулж ашиг олохоор техникийн түрээсийн мөнгийг өгөхөөр болж Чид хэлүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын дундуур Б 1 ширхэг Хово маркийн тээврийн хэрэгсэл, 1 ширхэг Дайво маркийн тээврийн хэрэгсэл, 1 ширхэг Хьюндай робекс 3000 экскаватор зэргийг 2 жолоочийн хамт авчирч ирсэн. Мөн сумын иргэн Дгаас китаран усан бууг нь гуйж авсан. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд миний удирдлаганд тухайн газарт урьд өмнө нь байсан эвдэгдсэн талбайгаас ухаад гаргачихсан байсан овоолготой шогооноос экскавтороор авч китаран усан буу руу зөөвөрлөж угааж үзэхэд алт олборлож чадаагүй. Ямар ч алт гарч ирээгүй. Экскаватороор овоолго шорооноос 20 орчим удаа хово маркийн тээврийн хэрэгсэлд 20 орчим удаа ачиж угаасан байдаг. Гэхдээ алт олборлож чадаагүй. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Китаран усан бууны эзэн Д ирээд усан буугаа аваад явсан. Учир нь алт гарахгүй байхаар нь би өгчихсөн ба явах бодолтой байсан. Надад ашигт малтмал олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл байгаагүй. Би зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох ажил хийсэн гэм буруугаа бол хүлээн зөвшөөрч байна. Тогооч П.Б, экскаваторын жолооч Ч, Хово болон Дайво маркийн тээврийн хэрэгслийн жолоочоор Т, Д, Д, нярав Т нар ажилласан. Тухайн үед Б нь ирэн очин байсан. Эдгээр хүмүүст би бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл гарч байгаа гээд хэлчихсэн юм. Ашигт малтмал олборлох ажлыг би зохион байгуулж ажиллуулсан. Эдгээр хүмүүс бол зөвшөөрөлгүй гэдгийг мэдээгүй юм. Тухайн газарт шороо ухаж зөөсөн техник хэрэгслүүд болох нэг экскавтор, нэг Хово, нэг Дейвоо нь Чийнх, харин алт олборлоогүй болохоор китаран усан буугаа эзэнд нь өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 187-189 дүгээр тал/, Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Э” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд “...Архангай аймгийн Цэнхэр сумын 3 дугаар багийн нутаг, Шийрт гэх газарт Г.О нь хууль бусаар газрын хэвлийд халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэх талбайд хэмжилт хийхэд 3823.61 м2 буюу 0.38га талбайг хамарсан байх ба эзэлхүүн нь 5690.05м3 байна. Иргэн Г.Оын үйл ажиллагаа явуулсан талбай нь ойн сан бүхий болон усан сан бүхий газарт хамаарахгүй ба голын голдирол өөрчлөөгүй байна. Дээрх талбай нь урьд өмнө олборлолт явуулж байсан байх ба ямар нэгэн зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй байна. Иргэн Г.Оын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын хэмжээ нь нийт 13.736.637 төгрөг байна. Уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал нь 6.419.831 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар тал/, Архангай аймгийн Цэнхэр сумын 3 дугаар багийн нутаг, Шийрт гэх газарт хууль бусаар эвдсэн 0.38га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцооллын нэгдсэн дүгнэлтэд “Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Бгийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн томилж, шинжилгээ хийлгэх тогтоолд үндэслэн, гомдол мэдээллийн Г-467 хэрэг болох Архангай аймгийн Цэнхэр сумын 3 дугаар багийн нутаг, Шийрт гэх газарт иргэн Г.Оын үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргав. Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар, усан орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан "Усны нөөцөд учирсан хохирлыг нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал"-аар тус тус тооцсон болно. Нийт эвдэгдсэн 0.38га талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь нийт 13.736.637 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 6.419.831 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 71-92 дугаар тал/, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-ийн 823/8247 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 169-171 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн хууль бусаар газрын хэвлийд халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Оыг хууль бусаар газрын хэвлийд халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Г.Оыг хууль бусаар газрын хэвлийд халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 13,736,637 /арван гурван сая долоон зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин долоо/ төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5 дахь хэсэгт газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /13,736,637 *3=41,209,911 /дөчин нэгэн сая хоёр зуун есөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Г.Оын мөрдөн байцаалтын шатанд хохиролд төлсөн 7,000,000 /долоон сая/ төгрөгийг хасч тооцлоо. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгч Г.Оаас байгаль орчин учруулсан хохирол 34.209.911 /гучин дөрвөн сая хоёр зуун есөн мянга есөн зуун арван нэг/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 6.419.831 /зургаан сая дөрвөн зуун арван есөн мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.О нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.Оын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 30-49 ӨВР улсын дугаартай Дайво маркийн маркийн тээврийн хэрэгсэл нь Ж овогтой Б /РД:/, 05-40 ӨВЕ улсын дугаартай ................./, 56-77 УН улсын дугаартай Хьюндай робекс 3000 ЛС-7А экскаватор нь Дн Д /РД:/ нарын зэмшлийнх, болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 169-171 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул эзэмшигч нарт шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Оаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 30-49 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 23.000.000 /хорин гурван сая/ төгрөг, 05-40 ӨВЕ улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөг, 56-77 УН улсын дугаартай Хьюндай робекс 3000 ЛС-7А экскаваторын үнэ болох 30.000.000 /гучин сая/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.От Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд, прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Гын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар газрын хэвлийд халдаж, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, Засгийн газар тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Оаас байгаль орчин учруулсан хохирол 34.209.911 /гучин дөрвөн сая хоёр зуун есөн мянга есөн зуун арван нэг/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 6.419.831 /зургаан сая дөрвөн зуун арван есөн мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оаас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн техникийн үнэ болох 30-49 ӨВР улсын дугаартай Дайво маркийн маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 23.000.000 /хорин гурван сая/ төгрөг, 05-40 ӨВЕ улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөг, 56-77 УН улсын дугаартай Хьюндай робекс 3000 ЛС-7А экскаваторын үнэ болох 30.000.000 /гучин сая/ төгрөг нийт 100.000.000 төгрөгийн гаргуулан улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 30-49 ӨВР улсын дугаартай Дайво маркийн автомашиныг эзэмшигч Ж овогтой Б /РД:/-д, 05-40 ӨВЕ улсын дугаартай улаан өнгийн Хово маркийн автомашиныг эзэмшигч Тбанк бус санхүүгийн байгууллага /26262090028/-д, шар өнгийн Хьюндай робекс 3000ЛС-7А гэсэн бичиглэлтэй экскаваторыг эзэмшигч Д Д /РД:/ нарт буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР