Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 826

 

                  

 

 

 

2020            6              25                                          2020/ДШМ/826            

Ц.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, Ш.Бадмаараг

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/872 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С болон түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Мөнхцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Ст холбогдох 2010001700722 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Ц.С, 1988 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Хишиг арвин” ХХК-нд зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байрны 198 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧП88031575/;

            Ц.С нь 2019 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Офицер таун” хотхоны 2-705 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Учралыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Боржигин овогт Ц.Сыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ст оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хохирогч нь гэм хорын хохирол, түүнтэй холбогдох бусад зардлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө эхнэр М.Учралыг хоорондын таарамжгүй харьцааны улмаас зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Шүүх надад 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Харин дээрх торгуулийн мөнгийг төлөхөд хүндрэлтэй байна. Учир нь, “Корона” вирус тархсанаас ажил хийж цалин тогтмол авах боломжгүй, эхнэр М.Учрал дахин эмчилгээнд орох шаардлагатай учир түүний зардлыг төлөх, эхнэр М.Учрал 2 хүүхдээ төрүүлснээс хойш өсгөн хүмүүжүүлдэг учир ажил хийдэггүй. Иймд өрхийн орлого зөвхөн миний цалингаас бүрддэг. Иймээс надад оногдуулсан торгуулийн ялыг өөрчилж, тэнсэж өгөхийг хүсэж байна. Би дахин ямар ч хэрэг үйлдэхгүй байж чадна. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Торгуулийн ялыг зээл аваад төлж болох хэдий ч цалин маань цаашид хүрэлцэхгүй болоод байна. Торгуулийн ялыг төлөхөд хүндрэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Сын өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Мөнхцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад зааснаар гэм буруутайд тооцож, түүнийг 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Гэвч Ц.С нь тус 2.700.000 төгрөгийг төлөх боломжгүй.

Үүнд: 1. “Корона” вирус өвчин дэлхийд тархсаны улмаас Ц.С нь тогтмол цалин авахад нөлөөлж байгаа;

2. Ц.Сын гэр бүл нь түүний цалингаас өөр орлогогүй;

3. Эхнэр М.Учрал нь 8-аас 10 насны 2 хүүхдээ асарч хүмүүжүүлдэг учраас ажил хийх боломжгүй;

4. Хоёр хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг тул хүүхдүүдийнхээ сургуулийн бэлтгэлийг Ц.С хангах;

5. Хохирогч М.Учрал нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай улмаас түүний эмчилгээний зардлыг Ц.С төлөх;

Эдгээр байдлуудыг харгалзан үзэж Ц.Ст оногдуулсан торгуулийн ялыг тэнсэж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Сын өмгөөлөгч Д.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй боловч  анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Сарын цалин нь 500.000 төгрөг бөгөөд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлөх боломжгүй байна. Торгуулийн ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж торгуулийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ц.С нь 2019 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Офицер таун” хотхоны 2-705 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Учралыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Учралын “...Тухайн өдөр бид ялихгүй зүйлээс болж маргасан байсан. ...Унтах гээд ариун цэврийн өрөөнд суутал хаалга онгойлгож орж ирээд үгийн зөрүүгүй шууд нүүр рүү цохиж, татаж унагаагаад дахин нүүр рүү цохисон. Би орилсон чинь дүү Урангоо сэрээд ороод ирсэн. ...Би гомдолтой байна. ...” /хх4-8/,

гэрч М.Урангоогийн “...Үүрээр 5 цагийн орчимд эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь би сэрээд хартал Сүхбаатар ах Учрал эгчийг заамдсан байдалтай байсан. Эгчийн нүүр нь цус болоод хавдсан байсан. Тэгэхээр би салгаад эгчээс юу болсон талаар асуухад юм ярихгүй чичрээд байсан. Сүхбаатар ах гэнэт “чи эгчийгээ зодчихлоо, би арай ингэж зоддоггүй” гээд чарлаад байсан. Би гайхаад “та юу яриад байгаа юм бэ, би сая унтаж байгаад эгчийг дуугарахаар нь сэрлээ” гэхэд “би гар хүрээгүй шүү” гээд байсан. Харин эгч “Сүхээ чи сая намайг зодсон биз дээ, дандаа ингэж худал хэлж байх юм” гэж хэлсэн. Тухайн үед манай хөрш айл цагдаад дуудлага өгч цагдаа ирсэн. ...” /хх10-11/,

гэрч С.Эрдэнэсувдын “...Ер нь урьд нь бас эгчийг зодож байсан. Хагалгаанд орж байхад нь “би зодоогүй, өөрөө унасан” гээд байсан. Оны өмнө эгчийг зодоод нүүрэнд нь гэмтэл учруулж, эгч хагалгаанд орж байсан. ...” /хх14-15, 54-55/,

гэрч С.Цэцэгмаагийн “...Урьд нь 2019 оны 10 дугаар сарын дундуур Сүхбаатар миний охиныг зодоод нүүрэнд нь гэмтэл учруулсан байсан. ...Сүхбаатар миний охиныг зодчихоод “би зодоогүй, өөрөө унасан” гэж дандаа худал хэлдэг. ...” /хх16-17, 52-53/,  

Ц.Сын яллагдагчаар өгсөн “...М.Учралын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр Учрал, Урангоо хоёр юу болсон талаар санахгүй байна гэж байсан атлаа одоо худлаа мэдүүлэг өгөөд байгаад гайхаж байна. Учралын 2 удаагийн хагалгаанд орсон эмчилгээний зардал болох 2.000.000 гаруй төгрөгийг би төлсөн. Нүдний хагалгаанд ороход нь би эмчид нь 900.000 төгрөг өгсөн. Мөн 7 хоногийн дараа хамрын хагалгаанд ороход нь 400.000 төгрөгийг төлсөн. Тухайн өдөр Учрал өөрийн төрсөн дүү Урангоотой маргалдаж, зодолдсон байсан. Би Учралыг зодоогүй. ...” /хх63-64/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Учралын биед зүүн гайморын хөндийн урд хана, гадна хана, зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” 1732 дугаартай /хх20-24/ гэх дүгнэлт,

Аюулын зэргийн үнэлгээ /хх37-38, 95-98/, шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хх74/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх108-109/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх34/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж,

5 дугаар зүйлийн 5.1.1-т “....“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” гэж,

6 дугаар зүйлийн 6.2-т “....Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж тус тус заасан ба Ц.С нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд М.Учралд гэмтэл учруулсан нь дээрх хуулийн заалтуудад хамаарч байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.С нь өөрийн эхнэр М.Учралыг удаа дараа зодож байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч М.Учралын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Сын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Учралыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Сыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байна.

Шүүгдэгч Ц.С болон түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Мөнхцэцэг нарын хамтран гаргасан “...Торгуулийн ялыг өөрчлөн, тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.   

Учир нь, хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг /хх4-8/, хүндэвтэр гэмтэл учруулсан талаарх шинжээчийн дүгнэлт /хх20-24/, аюулын зэргийн үнэлгээ /хх37-38, 95-98/ болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Ц.С нь М.Учралын биед гэмтэл учруулсан нь тогтоогдсон, эдгээр нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс оногдуулсан ял шийтгэл Ц.Сын гэм бурууд тохирсон, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Сыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах зэрэг чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Сын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/872 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Ц.С болон  түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Мөнхцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/872 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С болон түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Мөнхцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ