| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
2024/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Бын Гт холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оюутолгой ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............аймгийн ............. сумын ............. баг ...................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овгийн Бын Г /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72 дугаар байрны 11-08 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Б.Отай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь зүүн зовхи, хоёр хацар, баруун бугалга, мөрний цус хуралт, зүүн зовхи, хацар, баруун дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72 дугаар байрны 11-08 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Б.Отай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь зүүн зовхи, хоёр хацар, баруун бугалга, мөрний
цус хуралт, зүүн зовхи, хацар, баруун дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Огийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хадам талын хамаатнууд гэрт ирж золгуут хийх гээд гэрийн ажил ихтэй мөн хүүхдүүдээ асрах ажил ихтэй байхад намайг удаан байна, өрөөгөө цэвэрлээгүй байна гээд уурлаад байсан. Тэгээд хамаатнууд ирж золгочхоод явсны дараа дахин маргалдсан. Маргалдсан шалтгаан нь гэвэл манай нөхөр хүмүүст бэлэг өгөх мөнгөө бэлдсэн байсан тэр мөнгөнөөс 20,000 төгрөг дутсан байна гэж уурлаад гичий, пизда гээд доромжлоод байхаар нь би хэлэхдээ чи өөрөө дутуу хийсэн байна гээд ойлгуулсан боловч хүлээж аваагүй. Тэгээд надаас хот явах юм уу? үгүй юу? гэж асуухад нь би явъя гэхэд хурдан юм аа бэлд гээд уурлаад байхаар нь би хүүхэд мөөм хөхөөд юм хийлгэхгүй байна. Чи цай хийгээд ир гэхэд чадахгүй тавгаа хураамаар байна энэ тавгийн идээг хүмүүст тарааж өгөх юм уу? гэж асуухаар нь би өгөх үедээ өгөөгүй байж хөгцрөөд хатсан хойно нь яах гэсэн юм гэж хэлэхэд чи миний тавгийн идээг хөгцөрсөн гэж хэлдэг юу юм бэ? гээд өвчүү аваад над руу шидчихээд араас нь ирээд намайг толгой, мөр, дагз хэсэг рүү маш их зодсон тэгээд намайг давраад байна гээд үглээд зодоод байсан. Тэгээд би хүүхдээ аваад явах гэсэн боловч чи өнөөдөр явахгүй гээд утас булааж авсан. Тэгээд би миний нүд өвдөөд байна эмнэлэг явъя гэж хэлээд утсаа аваад гэрээс гараад цагдаагийн газарт ирж дуудлага өгсөн. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, эрүү өвдөж байна, толгой өвдөж дотор муухай оргиж байна...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...Би өөрийн биед учирсан байсан гэмтлийг бүрэн эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/,
Гэрч Б.Оийн “...Би танина. Г нь миний хүү байгаа юм харин О миний бэр байгаа юм. Г, О нар 2019 онд гэр бүл болсон санагдаж байна. Заримдаа хоорондоо маргалдаж, зодолдсон талаар саяхан сонссон. Би нөхөр Бын хамт аймгийн төвд ирээд Гийн гэрт очоод байж байхад Г О нар хоорондоо маргалдаад байх шиг байсан удалгүй О өрөөнөөсөө гарч ирээд нөхөр бид хоёр руу уурлаад байсан. Тэгээд буцаад өрөөндөө орсон. Огийн биед гэмтэл учраагүй байсан. Хоорондоо зодолдоогүй хэрэлдээд байх шиг байсан. Хүүхдэдээ хэлж ярихад яадаг юм гээд уурлаад байсан бид хоёр өмнөөс нь юм дугараагүй. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Би хамт амьдардаггүй тусдаа амьдардаг болохоор мэдэхгүй байна, сая зодсон гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/,
Гэрч Б.Бын “...Г, О нар нь 2019 оноос хойш гэр бүл болон хамт амьдарч байгаа. Би муудалцдаг талаар мэдэхгүй байна. 2023 оны намар 10 сард байх би эхнэр н.Оийн хамт Гийн гэрт ирсэн байх үед О өрөөнөөсөө гарч ирээд уурлаад танай хүүхэд намайг зодлоо гээд уурлаад байсан. Тэгээд О уурлаж үглэж байгаад буцаад өрөөндөө орсон. Би хоорондоо хэрэлдсэн юм байна гэж бодсон. Огийн биед гэмтэл учраагүй байсан. Г нь Өмнөговь аймагт 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг ажил хийдэг юм. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг нь харж байгаагүй, Г нь түргэн ааштай цагаахан хүн байх миний ууган хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн хуу/,
Гэрч Ж.Эгийн “...О миний төрсөн охин, Г нь миний хүргэн байгаа юм. О, Г нар тусдаа гарч айл болж амьдраад 6 жил орчим болсон. Дундаасаа хоёр хүүхэдтэй О, Г нар хоорондоо их маргалддаг. Г нь миний нүдэн дээр зодож байгаагүй, харин О Г зодууллаа гээд ирэх, ярих, хааяа нуух үе гарч байдаг. Миний мэдэхээр энэ шалгагдаж байгаа хэрэг дээр зодсон. Мөн 2023 оны 10 сарын орчимд О Эрдэнэмандал суманд очиход уруул нь хавдсан байх шиг байхаар нь би Гт зодуулсан юм уу? гэж асуухад үгүй гээд нуугаад байсан, тэгээд хэд хоногийн дараа гэр рүүгээ явсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Би 2023 оны 8 сар болон 3 сард Эрдэнэмандал суманд байсан. Архангай аймгийн төвд ирээгүй болохоор мэдэхгүй байна. ...Г нь их түргэн ууртай, зан харилцаа муутай хүн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 79 дугаартай “...1. Б.Огийн биед зүүн зовхи, хоёр хацар, баруун бугалга, мөрний цус хуралт, зүүн зовхи, хацар, баруун дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр
үүсгэгджээ. З. Уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”
гэх дүгнэлт /хх-ийн 24-25 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “....Б.О нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 33,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100.................... тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18- 19 хуу/,
Яллагдагч Б.Гийн “...надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Отай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь зүүн зовхи, хоёр хацар, баруун бугалга, мөрний цус хуралт, зүүн зовхи, хацар, баруун дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Ог зодож эрүүл мэндэд нь зүүн зовхи, хоёр хацар, баруун бугалга, мөрний цус хуралт, зүүн зовхи, хацар, баруун дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...бид учир зүйгээ олсон...надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Г нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 33.000 төгрөгийн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд хохирогч Б.Огийн эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 33.000 төгрөгийг шүүгдэгч Б.Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ................ тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Гийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Бын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн
160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Гаас 33.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь .................. тоот дансанд олгосугай.
5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9
дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР