| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0072/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/71 |
| Огноо | 2024-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/71
2024/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Ц
Шүүгдэгч: С.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Сийн Э холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ............. хот, ................дүүрэг, .............. хороо, ................гудамж, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, .................. аймаг, ............ сум, ............. баг, ................гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Я овгийн Сийн Э /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 02 дугаар сарын 22-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Жаргалант гэх газарт байрлах Б.Оын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “маший зам, малын бэлчээр хааж өвөлжөөний хашаа барьж буусан, машин зам дээр малын баасаа овоолсон, хонь хойшоо бэлчихээ болилоо, та хонь туугаад байна” гэх шалтгаанаар агсам тавьж, улмаар хохирогч Б.Оын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний биед зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.Э нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Жаргалант гэх газарт байрлах Б.Оын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “маший зам, малын бэлчээр хааж өвөлжөөний хашаа барьж буусан, машин зам дээр малын баасаа овоолсон, хонь хойшоо бэлчихээ болилоо, та хонь туугаад байна” гэх шалтгаанаар агсам тавьж, улмаар хохирогч Б.Оын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний биед зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Оын “...2024 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн үед би гэртээ нөхөр, хүүгийн хамт унтаж байтал манай нутгийн У гэдэг хүн архи уучихсан согтуу орж ирээд гэрлээ асаа гээд байхаар нь би хүүгээ гэрлээ асаа гээд гэрлээ асаах гэж байсан чинь гаднаас С.Э, Б 2 бас архи уучихсан согтуу орж ирсэн. ...Э танайх надаас зөвшөөрөл аваагүй. Машин зам, малын бэлчээр хааж өвөлжөөний хашаа барьж буусан гээд машин зам дээр малын баасаа овоолсон гээд дахин дахин яриад байсан. ...Б нь аваад гарах гэсэн чинь гарахгүй гэж зууралдаж, унинаас зуурч байгаад миний нүүрлүү гараа атгаж байгаад цохисон. Тэгээд унинаас тавихгүй байсаар байгаад нөгөө унь нь хугараад миний гар дээр цохиод зүүн гарын шууны ясан дээр цохисон аймагт эмнэлэгт үзүүлээд зураг авхуулсан чинь яс нь цуурсан байна гэж эмч хэлсэн. ...Э гэдэг хүнд зодуулснаас миний биед зүүн нүд хөхөрч хавдсан, унинаас зуураад тавихгүй байсан чинь унь нь хугараад миний зүүн гарын шууны ясан дээр цохиод удаагүй цохисон газар нь хавдаад өвдөөд эхэлсэн өглөө аймаг орж зургийг нь авхуулсан чинь шууны яс цуурсан байна гэж мэс заслын эмч хэлсэн....” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 хуу/,
Гэрч О.Рийн “...Э, У, Б 3 араас орж ирээд Э манай пийшинг өшиглөсөн тэгсэн Б нь барьж аваад гарах гэсэн чинь гарахгүй гэж унинаас зуурсан байхад нь ээж очсон удалгүй энэ Э чинь намайг цохичихлоо гээд ёолоод байсан. Удаа ч үгүй Эын барьж байсан унь хугараад гар дээр цохичихлоо гэж байсан. ...Ээжийн зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан байсан зүүн гараа дээш нь өргөж чадахгүй өвдөөд байна гээд байсан чинь удаа ч үгүй зүүн гар нь шууныхаа ар, тохойны урд хэсгээр хавдаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 хуу/,
Гэрч Б.Оын “...2024 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг өнгөрч байхад гэртээ би эхнэр, хүүхдийн хамт унтаж байсан чинь манайхтай саахалт өвөлжиж байгаа У манайд орж ирээд алив гэрлээ асаа, намайг бос гээд би гар чийдэнгийн гэрэл асаачихсан байж байсан чинь Угийн араас Э Б нар орж ирсэн. ...Э би танд юм бодож, юм санаж явдаг та малын бэлчээр хааж хашаа барьсан, зам хааж хашаа барьсан, малынхаа баасыг зам хааж асгадаг гэж байснаа манай мал энэ хажуугаар яваад буцаад ирдэг байсан одоо ирэхээ болилоо таныг мал хөөдөг гэж байна гэхээр нь хэн тэгж байна хэнийг нь хэлчих гэсэн чинь хүн тэгж байна гээд байсан. ...Б аваад гарах гэсэн чинь гарахгүй гээд унинаас зуурч байхад нь манай эхнэр очоод цагдаа дуудчихсан чи яах гээд байгаа юм бэ гэсэн чинь намайг харж байхад нүүр рүу нь цохичихсон тэгсэн манай эхнэр ёолоод хойшоо ухарсан чинь Б нь Эыг чи яаж байгаа юм бэ эмэгтэй хүн зодоод гээд хойш нь татсан чинь унь хугараад хугарсан унь нь манай эхнэрийн гар дээр цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 хуу/,
Гэрч М.Огийн “...О ахын эхнэр О эгч уйлчихсан зүүн нүд хавдсан, зүүн гараа дээш нь өргөөд барьчихсан гар өвдөөд байна гэж байсан. Пийшингийн ам нь гэрийн зүүн хойд руу болчихсон, түлээний төмөр хайрцгийн 2 тал нь дотогшоо нугарсан байсан. Тэгэхээр нь би яасан юм бэ гэсэн чинь О эгч Э, Б, У 3 орж ирээд унтаж байсан хүмүүсийг унтуулахгүй амгалан тайван байдал алдагдуулаад Э нь мал идээ хөөгөөд. малын бэлчээр хааж хашаа барьсан гээд агсам тавиад, муу хүүрүүд дээрэлхээд байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан 367.550 төгрөгийг нэхэмжилж байна. С.Э гэдэг хүн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 367.550 төгрөгийг төлчихвөл надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын гаргасан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 97 дугаартай “...1. Б.Оын биед зүүн шуу ясны доод хэсгийн цууралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн шуу ясны доод хэсгийн цууралт, зүүн зовхи, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Э нь хохирогч Б.Оын эрүүл мэндэд зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч нь хэрэгт авагдсан баримтаар 130.500 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирол нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч С.Эаас 130.500 төгрөг гаргуулан хохирогч О олгохоор шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.Э нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 367.550 төгрөг төлөхөө илэрхийлсэн болно.
Хохирогч Б.О нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй яаралтай тусламж авч, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 367.550 төгрөгийг шүүгдэгч С.Эаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ............... тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Эаас 367.550 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ................. тоот дансанд олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овгийн Сийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Эаас 130.500 /нэг зуун гучин мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Бн овогт Б О /РД:1/-т олгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Эаас 367.550 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ...................... тоот дансанд олгосугай.
6. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР