| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/02647/И |
| Дугаар | 102/ШШ2021/00066 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2021/00066
2021 01 11 102/ШШ2021/00066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо,******* тауэр 701 тоотод оршин байрлах************** ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн бүс,*******,******* центр 7 дугаар давхарт оршин байрлах******* ХХК /РД:5817145/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 313,897,410 төгрөгийг гаргуулж, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:************** ХХК нь Мэнзн-Агро ХХК-тай 2019 оны 4 дүгэзр сарын 29-ний өдөр дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, энэ гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцөлүүдийг хавсралтаар баталгаажуулсан.
Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон мөн өдөр******* ХХК,************** ХХК-ийн хооронд, 02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, иргэн С.Нэргүй /РД:МБ58030122/-н өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг гудамж, Шийрийн хөндийд байрлалтай 415,3 м.кв гахайн аж ахуйн зориулалттай /УБГ/ үл хөдлөх хөрөнгө, 2326 м.кв хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалттай газар /ГЭГ/, Майшан ХХК-ийн зөвшөөрснөөр тус компанийн нэр дээр бүртгэлтэй ҮТО маркийн 42-19 УН улсын дугаартай трактор, НОWО маркийн улсын дугаартай ачааны өөрөө буулгагч автомашин, SНАNGDONG маркийн улсын дугаартай автоачигч, КАТ маркийн дугаартай тракторыг тус тус************** ХХК барьцаанд авч, үл хөддөх эд хөрөнгийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн.
Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу хариуцагч******* ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрүүдэд нийт 219,264,940.00 төгрөгийн үнэ бүхий 99,485.00 литр дизель түлшийг худалдаж авсанаас 10,000.000.00 төгрөгийг барагдуулж, 209,264,940.0 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.
Гэрээний үүргийн гүйцэтгэлийг ханган биелүүлж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа утсаар шаардахад удахгүй төлж барагдуулна гэсэн амлалтыг өгч байсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлэхэд******* ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн дугаартай албан бичгээр төлбөрийг 3 сараар хойшлуулах хүсэлт гаргаж, чингэхдээ үндсэн төлбөрийг барагдуулах бичиг ирүүлсэн.
Талуудын хооронд байгуулсан дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-д Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг Худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 45 хоногийн дотор бүрэн буюу 100% төлж барагдуулсан байна гэж, мөн гэрээний 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тус тус заасан байдаг.
Ийнхүү******* ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ ёсоор гүйцэтгэх төлбөрийг 351-363 хоногоор хэтрүүлсэн байх бөгөөд алдангийн дүнг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцвол 104,632,470.00 төгрөгийн алдангийг төлж барагдуулах тооцоо гарч байна.
Иймд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 209,264,940.00 төгрөг болон төлбөрийн хугацаа хэгрүүлсний алданги 104,632,470.00 төгрөг, нийт 313,897,410.0 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас гаргуулж************** ХХК-д олгуулж, барьцааны зүйлээр гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч******* ХХК-ийн эрхлэх үндсэн үйл ажиллагаа нь газар тариалангийн бизнес юм. 2019 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд 390 га талбайд үр тариа тариалсан. Газар тариалангийн компаниуд ган гачиг, аадар бороо, хүчтэй салхи, хортон шавж, мэрэгч амьтдын хор нөлөө, бусад давагдашгүй, объектив хүчин зүйлийн улмаас ургацаа алддаг. Урьд жил хур бороо багатай, хэт халсны улмаас тариалангийн талбайд хортон шавьж олширч үржсэнээр ургацад муугаар нөлөөлж санхүүгийн хүндрэлд ороход хүргэсэн. Үүний улмаас нийлүүлэгч талд худалдан авсан дизель түлшнийхээ төлбөрийг төлж чадалгүй өдийг хүрлээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар гэрээнд алдангийн талаар зохицуулсан ч талуудад бий болсон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж гэрээний хариуцлагаас чөлөөлөх тухай ч мөн зохицуулсан. Гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д Давагдашгүй хүчин зүйл - Байгалийн гамшиг, үер ус, гал түймэр, газар хөдлөлт болон эдгээртэй адилтгах бусад нөхцлийг давагдашгүй хүчин зүйлст тооцно, 9.3-д Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлс, хүнд нөхцөл байдлын улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биелүүлээгүй улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхгүй гэж заажээ. Иймд гэрээнд ийнхүү заасны дагуу нэхэмжлэлд дурдсан 104,632,470 төгрөгийн алдэнгиас чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч******* ХХК нь 2020 оны ургацын орлогоос гэрээний үндсэн төлбөрийг төлөх боломжтой бөгөөд манай компанид бий болсон давагдашгүй хүчин зүйлийн үйчлэл, гэрээний 9 дүгээр зүйлд заасныг харгалзан нэхэмжлэгч тал алдангиасаа татгалзсан тохиолдолд гэрээний үндсэн төлбөр болох 209,264,940 төгрөгийг график гарган 2020 онд багтаан бүрэн төлж барагдуулах, эвлэрлийн журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч************** ХХК нь хариуцагч******* ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 313,897,410 төгрөг гаргуулж, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодруулжээ. /хэргийн 156 тал/
Хариуцагч гэрээний гүйцэтгээгүй үүргийн талаар маргаагүй боловч гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж чадаагүй явдалд гэм буруугүй гэж тайлбарлаж, алданги гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч************** ХХК нь хариуцагч******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ,, дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулжээ.
Уг гэрээнд зааснаар нэхэмжлэгч************** ХХК нь 100,000 литр дизель түлш нийлүүлэх, хариуцагч******* ХХК нь 50,000 литр дизель түлшний 1 литр түлшний үнийг 2193 төгрөгөөр тооцож 109,650,000 төгрөг, үлдэгдэл 50,000 литр дизель түлшний 1 литр түлшний үнийг 2204 төгрөгөөр тооцож 110,200,000 төгрөг, нийт 219,850,000 төгрөг төлөх, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авагч тал болох******* ХХК нь С.Нэргүйн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг Шийрийн хөндийд оршин байрлах, нэгж талбарын 4502000795 дугаарт бүртгэлтэй, 2326 м.кв талбайтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор газар, уг газарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000659 дугаарт бүртгэлтэй 415,3 м.кв талбайтай гахайн аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Howo загварын арлын, УНЦ улсын дугаартай ачааны өөрөө буулгагч автомашин, YTOX804 загварын Ү13028064 арлын, УН улсын дугаартай трактор, загварын арлын, УН улсын дугаартай авто ачигч, загварын арлын,УН улсын дугаартай трактор зэргийг тус тус барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд барьцааны гэрээг 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хөдлөх эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т эд хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн өмчлөх эрх үүснэ гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдах-худалдан авах гэрээний зүйлийг худалдагчаас худалдан авагчид нийлүүлсэн үйл баримтыг нотлох************** ХХК-ийн зарлагын падаанаар 2019.05.04-ны өдөр 50,295 литр, 27,590 литр, 2019.05.16-ны өдөр 21,600 литр, нийт 99,485 литр дизель түлшийг худалдан авагч тал болох******* ХХК-нд хүлээлгэн өгсөн байна. (хэргийн 24-25 тал)
Худалдах-худалдан авах гэрээний 5.2.1-т худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 45 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна гэж зааснаар хариуцагч Мэнэн-Арго ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан түлшний үнийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дотор, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан түлшний үнийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөх үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч******* ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг худалдагч тал болох************** ХХК-нд төлж, үлдэгдэл төлбөр 209,264,940 төгрөгийг төлөөгүй болох нь төлбөр төлсөн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч тал болох******* ХХК нь худалдан авсан түлшний үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч************** ХХК нь түлшний үнэ 209,264,940 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Харин алданги 104,632,470 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, хариуцагч талаас худалдан авсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаанд нь төлж чадаагүй гэж тайлбарлаж, тайлбараа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлож байна.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/492 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг******* ХХК-д олгохдоо Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай******* ХХК-нд холбогдох тодорхойлолт, Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 373, 227 дугаартай албан бичиг зэргийг үндэслэж, байгалийн гамшгийн улмаас талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж гэрчилгээ олгосон гэж тодорхойлжээ. /хэргийн 126-127 тал/
Хариуцагч******* ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар суманд 1500 га газар эзэмшиж, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 96 тал/-гээр тогтоогдож байх бөгөөд Мэнэн******* ХХК-ийн Дашбалбар бригадын тариалан гурвалжин будаа, рапс, буудайн талбайд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс тухайн бүс нутагт нугын бор эрвээхэй гэнэтийн олшрол явагдаж******* ХХК-ийн 350 га-д /210 га бүрэн устсан/ тархаж хөнөөл учруулсан. Дашбалбар бригад нь 7 дугаар сарын 14-20-ны хооронд Фаскорд химийн бэлдмэлийг 0,3 л/га, Каратэ 5 хувь химийн бэлдмэлийг тус 0,3 л/га тунгаар хэрэглэж хөнөөлт эрвээхэйн хүрэнцэрийн тархалтыг хязгаарлаж чадсан боловч хугацаа оройтож арга хэмжээ явуулсан тул ургац алдсан, 115,000,000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис худалдан авсан болох нь мөн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай албан бичиг, бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр тогтоогдож байна. /хэргийн 106-107/
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхээр заасан бөгөөд хариуцагч******* ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдан авсан түлшний үнийг төлөх үүрэгтэй байсан боловч******* ХХК-ийн Дашбалбар бригадын тариалан гурвалжин будаа, рапс, буудайн талбайд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс тухайн бүс нутагт нугын бор эрвээхэй гэнэтийн олшрол явагдаж******* ХХК-ийн 350 га-д /210 га бүрэн устсан/ тархаж хөнөөл учруулсан, улмаар ургамал хамгаалах бодис худалдах авах шаардлага үүссэн зэрэг нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зааснаар хариуцагч******* ХХК-ийг төлбөрийн үлдэгдлийг төлж чадаагүй хугацаа хожимдуулсан явдалд хариуцагчийг гэм буруугүй гэж үзэж, алданги төлөх хариуцлагаас чөлөөлөх нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч************** ХХК нь барьцааны зүйл болох Howo загварын арлын, УНЦ улсын дугаартай ачааны өөрөө буулгагч автомашин, YTOX804 загварын Ү13028064 арлын, УН улсын дугаартай трактор, загварын арлын, УН улсын дугаартай авто ачигч, загварын арлын,УН улсын дугаартай трактор зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох С.Нэргүйн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг Шийрийн хөндийд оршин байрлах, нэгж талбарын 4502000795 дугаарт бүртгэлтэй, 2326 м.кв талбайтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор газар, уг газарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000659 дугаарт бүртгэлтэй 415,3 м.кв талбайтай гахайн аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна
Дээрх үндэслэлээр******* ХХК-аас 209,264,940 /хоёр зуун есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөг гаргуулж************** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 104,632,470 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 209,264,940 /хоёр зуун есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөг гаргуулж************** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 104,632,470 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох С.Нэргүйн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг Шийрийн хөндийд оршин байрлах, нэгж талбарын 4502000795 дугаарт бүртгэлтэй, 2326 м.кв талбайтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор газар, уг газарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000659 дугаарт бүртгэлтэй 415,3 м.кв талбайтай гахайн аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Howo загварын арлын, УНЦ улсын дугаартай ачааны өөрөө буулгагч автомашин, YTOX804 загварын Ү13028064 арлын, УН улсын дугаартай трактор, загварын арлын, УН улсын дугаартай авто ачигч, загварын арлын,УН улсын дугаартай трактор зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,797,637 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,274,474 төгрөг гаргуулж нэхэмжлэгч************** ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ