Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар    2024/ШЦТ/244

 

 

 

 

 

 

 

 

   2024        03           28                                 2024/ШЦТ/244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч О.Багшбаяр, шүүгдэгч Н.М /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Мт холбогдох эрүүгийн “2411000000356”  дугаартай, 186/2024/0246/Э индекстэй хэргийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх,

-урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлд зааснаар 1 /нэг/ сар баривчлах ялаар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар  12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Н.М, 

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Н.М нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Даш номт” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд гарах үедээ Д.Гийн гээгдүүлсэн “Хаан банк”     “5026889628” тоот дансны картыг олж аваад бусдын гээгдэл эд зүйл гэдгийг мэдсээр байж нийт 9 удаагийн гүйлгээгээр хүнсний дэлгүүрээс эд зүйл худалдан авч 314.550 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Н.М нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Даш номт” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд гарах үедээ Д.Гийн гээгдүүлсэн “Хаан банк” “5026889628” тоот дансны картыг олж аваад бусдын гээгдэл эд зүйл гэдгийг мэдсээр байж нийт 9 удаагийн гүйлгээгээр хүнсний дэлгүүрээс эд зүйл худалдан авч 314.550 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар тал/, хохирогч Б.Гн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/, гэрч Д.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/, гэрч Н.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30л-2б/812 тоот албан бичгээр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/96 дугаар тогтоолоор  тус тус дуусгавар болсон баримт  /хх-ийн 78 дугаар тал/ болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 86-87 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

  Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

  Шүүгдэгч Н.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Хохирогч Б.Г нь миний картнаас 314.050 төгрөгийг авсан боловч надаас  уйчлалт гуйж, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шатанд бичгээр гараж өгсөн хүсэлт, шүүгдэгч Н.М нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

 Шүүгдэгч Н.Мт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд  хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар тооцохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар  тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ